| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 151/2016/00527/и |
| Дугаар | 151/ШШ2016/00646 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 151/ШШ2016/00646
| 2016 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 151/ШШ2016/00646 | Төв аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа би Төв аймаг, Угтаалцайдам сум, 2 дугаар баг, Асгат 3 дугаар гудамжны 15 тоотод оршин суух Их Уул овогт Загдсүрэнгийн Туяа, Отчигин овогт Энхтайваны Энхбаатар нарт холбогдох,
зээл, зээлийн хүү 2 242 597.61 төгрөг гаргуулах тухай
Төв аймаг, Угтаалцайдам сум, 2 дугаар багт үйл ажиллагаа эрхлэх Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюундалайгийн гаргасан нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 12 өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 19 өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч З.Туяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Загдсүрэн овогтой Туяа миний бие нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Төрийн банкнаас 2013 оны 1 дүгээр сарын 31 өдөр Энхбаатартай хамт зээл авсан болох нь үнэн учраас үлдсэн зээлээ өөрийн биеэр сар бүр хувиарын дагуу төлж барагдуулна.
Үүний дараа Э.Энхбаатараас тусд нь шүүхэд нэхэмжлэл гарган үндсэн зээлээ авах хүсэлтэй байна. Туяа миний бие 2016 оны 07 сарын 15 өдрөөс эхлэн сар бүрийн 15 өдөр 150 000 төгрөгөөр эргэн төлөлтөө хийж байх болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлгосон учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Э.Энхбаатар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Иймээс зээл олгосноороо Төрийн банк, зээл авсанаараа зээлдэгч З.Туяа нарын буруутай үйл ажиллагаанаас болж миний ээж Б.Сэржмядагийн нар дээрх хашаа байшин, бусад хөрөнгийг авахаар төрийн банкны нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...
...миний бие нэхэмжилсэн зээлийн төлбөрийг зээлдэгч З.Туяагаас гаргуулах, хууль бус үйл ажиллагаа хийж, хуурамч гарын үсэг зурсан, зуруулсан банкны албан тушаалтнууд хариуцах ёстой гэж үзэж байна. Миний бие үүнээс хойш тухайн зээлд хамааралгүй гэж үзэж байна...” гэжээ.
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюундалай нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ:
“...Хариуцагчид нь одоогоор 2 242 597, 61 төгрөгийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй. Хариуцагч Энхбаатар, Туяа нарын гаргасан тайлбартай танилцлаа. Зээлийн төлбөрийг хариуцагч Энхбаатараас гаргуулахгүйгээр З.Туяагаас гаргуулахыг зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлгосон болно. ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч З.Туяа, Э.Энхбаатар нараас зээл, зээлийн хүү 2 242 597.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч З.Туяа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа /хх 40/ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Төрийн банкны нэхэмжилж буй зээл, зээлийн хүү 2 242 597.61 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюундалай нь хариуцагч нарын хариу тайлбартай танилцаж, хариуцагч Э.Энхбаатараас зээлийн төлбөрийг гаргуулахгүйгээр хариуцагч З.Туяагаас зээлийн төлбөрийг гаргуулна гэсэн байна.
Иргэний Хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Э.Энхбаатарыг хариуцагчаас чөлөөлж, З.Туяагаас зээлийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.
Хариуцагч З.Туяагийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага зээл, зээлийн хүү 2 242 597.61 төгрөгийг хариуцагч З.Туяа төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 832 төгрөгийн 50 хувь болох 25 416 төгрөгийг улсын төсвөөс, 25 416 төгрөгийг хариуцагч З.Туяагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АРИУНАА