Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
Хэргийн индекс | 181/2024/00092/И |
Дугаар | 210/МА2024/01332 |
Огноо | 2024-07-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2024/01332
2024 07 01 210/МА2024/01332
М ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
..... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/01663 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э, Д.У нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 298,695,479 төгрөг, хүүгийн төлбөр 642,354,440 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 108,071,673 төгрөг буюу нийт 1,049121,592 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Иргэн Б.Э, Д.У нар нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр №18/15 тоот Зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 300,000,000 төгрөгийг сарын 3.3%-н хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлж Улаанбаатар хот ..... дүүрэг 1-р хороо .... тоот 70 м.кв оффис үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн .............. тоот дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн ..... дүүрэг 1-р хороо ..... тоот 106.23 м.кв оффис үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн .............. тоот дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчид нь зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт нийт 17,718,000 төгрөг төлсөн бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй байна. 2023 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар зээлдэгчдийн зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 298,695,479 төгрөг, хүүгийн төлбөр 642,354,440 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 108,071,673 төгрөг буюу нийт 1,049121,592 төгрөг болсон.
Бид зээлдэгчийг гэрээний үүргээ биелүүлж зээлийн хүүгийн хуримтлагдсан төлөлтөө хийхийг удаа дараа шаардсан ч одоо болтол төлөлт хийхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гээд мөн хуулийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасан бол мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.
Зээлдэгч Б.Э, Д.У нар 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 18/15 тоот 300,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 298,695,479 төгрөг, хүүгийн төлбөр 642,354,440 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 108,071,673 төгрөг буюу нийт 1,049,121,592 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Мөн зээлдэгчдээс зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулж зээлдүүлэгчид олгох шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот ..... дүүрэг 1-р хороо .... тоот 70 м.кв оффис үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн ............... тоот дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн ..... дүүрэг 1-р хороо ..... тоот 106.23 м.кв оффис үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн .............. тоот дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шүүхийн шийдвэрт дурдаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Б.Э, Д.У нар нь М-тай 2018 оны 04 сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 300,000,000 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэж, зээлийн барьцаанд Улсын бүртгэлийн .............. дугаартай ..... дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж 14 дүгээр байр 10 тоот 70 м.кв талбай бүхий оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Улсын бүртгэлийн .............. дугаартай ..... дүүргийн 1 дүгээр хороо, ................ тоот 106.23 м.кв оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж барьцааны гэрээ байгуулсан.
...М-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын хувьд маргах зүйлгүй. Зээлийн гэрээний хугацаанд 17,718,000 төгрөгийг төлсөн. Гэтэл 2019 онд буюу зээл авсны дараа дэлхий нийтийг хамарсан цар тахал /Ковид-19/-ын гарснаар манай улсад хорио цээр, хөл хорио тавигдсан нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдож зогсонги байдалд орсон. Энэ байдал нь 2022 оны 1 сар хүртэл үргэлжилсэн нь зээлийн гэрээгээр тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу буцаан төлөх боломжгүй болсон. Дээрх зээлийг бид ..... дүүргийн 1 дүгээр хороонд баригдах Хүүхэд хөгжлийн төв-ийн барилгын санхүүжилтэд зарцуулсан ба улмаар /Ковид-19/ цар тахал давхцаж барилга барих ажил зогсонги байдалд орсон төдийгүй, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/679 дугаар захирамжаар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилга угсралтын ажил явуулах зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0731 дүгээр шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон ба 3 шатны шүүхээр дээрх шийдвэр хэвээр батлагдсан. Ингээд барилгын ажлаа 2023 оны хавар эхэлтэл оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарснаар Нийслэлийн Засаг дарга өмнөх захирамжийн үндэслэлээрээ дахин 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/512 дугаар захирамж гаргасныг мөн Нийслэлийн энэ захирамжийг хүчингүй болгохоор Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0230 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын захирамжийг дахин хүчингүй болгож шийдвэрлэсэн.
...Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээр дараах байдлаар тайлбарлан мэтгэлцэж байна. Үүнд:
1. Үндсэн зээлийн хувьд 298,695,479 төгрөгийг, үндсэн хүүгийн хамт зөвшөөрч байна.
2. Хүүгийн төлбөрт 642,354,440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,071,673 төгрөг, нийт 750,426,113 төгрөг нэхэмжилж байгаа нь зээлийн тооцоолол тодорхой бус ойлгомжгүй байх тул зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл зээлийн хүүд 642,354,440 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй хүү болон хэтэрсэн хугацааны хүү тус тус хэд болохыг ялгамжтай тодорхойлоогүй байна. Зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэгт, хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт тус тус хамаардаг тул эдгээрийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэл нь өөр өөр байдаг. ...Нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүүд хэдэн төгрөг нэхэмжилж байгаагаа тооцоолоогүй нийт зээлийн хүү гэж нэхэмжилсэн нь хуулийн дээр заалтыг зөрчсөн байх тул хэтэрсэн хугацааны хүү төлөхийг зөвшөөрөхгүй.
3. Нэмэгдүүлсэн хүүд 108,071,673 төгрөг нэхэмжилж байгаа шаардлагын хувьд:
...Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл 300,000,000 төгрөг, үндсэн хүүд 120,427,397 төгрөг, нийт 420,427,397 төгрөг төлөх үүрэг хүлээсэн ба үүнээс гэрээний хугацаанд 17,718,000 төгрөгийг төлсөн.
Төлөлт хийсэн 17,718,000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1. 216.4-т зааснаар үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу тооцож хасалт хийсэн эсэх нь тодорхой бус байна.
Иймд үндсэн зээл 298,695,475 төгрөг, үндсэн хүү /120,427,397- 17,718,000=102,709,397/ 102,709,397 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,541,879 төгрөг, нийт 421,946,755 төгрөгийг төлөх тооцоолол гарч байна. Энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ба хэтэрсэн хугацааны хүүг хэдэн хувиар төлөх тухай гэрээндээ тусгаагүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э, Д.У нараас 961,852,702 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 87,268,890 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175. дэх хэсэгт зааснаар ..... дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж 14 дүгээр байр 10 тоот 70 м.кв талбай бүхий оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Улсын бүртгэлийн .............. дугаартай ..... дүүргийн 1 дүгээр хороо, ................ тоот 106.23 м.кв оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5473,757 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э, Д.У нараас 4,967,135 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-нд олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн Хуульч, Өмгөөлөгч Б.Түвшинтөгс миний бие М-ийн нэхэмжлэлтэй Б.Э, Д.У нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нарын өмгөөлөгчөөр 2024 оны 5 сарын 20-с хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дахь хэсэгт заасны дагуу ..... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 23-ны өдрийн /ШШШ2024/01663 тоот шийдвэрийг бүхэлд эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
1. Талуудын хооронд байгуулагдсан гэх 2018.04.13-ны өдрийн №18/15 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тухайд:
Талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээ хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байж нэхэмжлэгч байгууллага уг зээлийн гэрээний дагуух үүргийн гүйцэтгэл шаардах буюу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах хууль зүйн үндэслэл бүрдэх юм.
...хавтаст хэргийн 8-9 дахь талд авагдсан дээрх зээлийн гэрээ, гэрээний хавсралт зэргийг нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж эдийн засагч А.Баттүвшин гэх хүн байгуулсан нь гэрээ хүчингүй байх үндэслэл юм. Өөрөөр хэлбэл А.Баттүвшин нь тус байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт гэрээний талууд гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлийг нарийвчлан тусгасан Энэхүү гэрээ нь талуудын бүрэн эрхт төлөөлөгч нар гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хучин төгөлдөр болно байна. Компанийн тухай хуулийн 84.1 Иргэний хуулийн 25.1 мөн хуулийн 56.1.8 гэрээний 10.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж гэрээ байгуулсан А.Баттүвшин нь тус байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд болох хууль зүйн хувьд тогтоогдож байна.
Хавтас хэрэгт авагдсан болон нэхэмжлэгч байгууллагаас гаргаж өгсөн баримтад А.Баттүвшин нь тус байгууллагад ажилдаг, ажиллаж байсан эсэх үйл баримт тогтоогдохгүй нь дээр тус байгууллагыг төлөөлж гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах эрх /итгэмжлэл/ олгосон эсэх үйл баримт тогтоогдохгүй. Хэдий хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний хүчин төгөлдөр эсэх үйл баримтад маргахгүй байна гэх боловч тайлбар дангаар нотлох баримт болохгүй төдийгүй хуульд заасан, хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага зөрчиж хийгдсэн гэрээний хүчин төгөлдөр бус байдлыг зөвтгөх үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд уг гэрээний дагуу дээрх үндэслэлээр нэхэмжлэгч байгууллага бүхэлдээ хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах хууль зүйн үндэслэлгүй байна. Хэдий тус гэрээний нүүр хэсэгт батлав хэмээн тамга дарсан байх боловч тус үйл баримт нь гэрээ байгуулж гэрээнд гарын үсэг зурсан үйл баримтад хамаарахгүй юм. ХХ-н 8-9 дахь тал
2. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчинтэй эсэх үйл баримтын тухайд:
Зээлийн үйл ажиллагаа нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл шаардах үйл ажиллагаа бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1.5 Зээлдүүлэгч гэж энэхүү гэрээгээр зээл олгож байгаа санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-н үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй Микро Финанс Монголиа ББСБ ХХК гэж тодорхойлж. Харин зөвшөөрлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-т. Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгоно. Мөн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2-т Зөвшөөрлийг хүчингүй болгосон нь тухайн зөвшөөрөл эзэмшигчээс зөвшөөрлийн дагуу эрхлэх үйл ажиллагаатай холбогдуулан бусадтай байгуулсан гэрээг цуцлах үндэслэл болно гэж хуульчилсан байна. Гэвч хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд тус байгууллагын зээл үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчинтэй эсэх үйл баримт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж буй тохиолдолд зээл үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, тус хугацаа дуусгавар болоогүй эсэх үйл баримтыг нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 мөн хуулийн 38.1 дахь хэсэгт зааснаар хүлээх юм. Гэвч тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр болоод хугацаа дуусгавар болоогүй эсэх үйл баримт тогтоогдохгүй байгаа нь тус зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй болох гол нотолгоо юм.
3 . Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тухайд:
Талуудын хооронд 2018 оны 04 сарын 13-ны өдөр №18/15 зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг зээлийн гэрээний хугацааг талууд 2019.04.13 буюу 1 жилийн хугацаатай байхаар тохиролцсон. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж хуульчилсан тул нэхэмжлэгч байгууллагын шаардах эрх буюу хөөн хэлэлцэх хугацаа 2019.04.14-ны өдрөөс тоологдохоор байна. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1. гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаас үзвэл хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 04 сарын 14-ны өдөр дуусгавар болсон байна. Хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 79.3 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үйл баримт тогтоогдохгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны үр дагавар нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах үр дагавартай юм.
4. Хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр зээлийн хүүд 642,354,440 төгрөг шаардсаныг шүүх үндэслэлтэй хэмээн дүгнэж бүхэлд хангаж шийдвэрлэсэн /Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6/ нь үндэслэлгүй буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж байна. тодруулбал
Онолын хувьд: Зарчим гэдэг бол эрх зүйн харилцаанд оролцогч талууд үйл ажиллагаандаа дагаж мөрдвөл зохих хэм хэмжээний нийлбэр цогц байдаг. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 Банк, эрх бүхий хуулийн этгээд нь иргэн, хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээд /цаашид харилцагч гэх/-д үзүүлэх мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална гэж мөн хуулийн 4.1.4 Банк, эрх бүхий хуулийн этгээд нь хувийн ашиг сонирхлоо харилцагчийн ашиг сонирхлоос дээгүүр тавихгүй байх зарчим баримталж ажиллах ёстойг хуульд хуульчилсан гэвч нэхэмжлэгч байгууллага зээлийн үйл ажиллагаа явуулах нэрийн доор үндэслэлгүйгээр урт хугацааны хүү шаардаж буй нь дээрх зарчмаа зөрчиж буй үйлдэл юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллага зээл олгосон 2018 оны 04 сарын 13-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2023 оны 12 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 5 жил 8 сарын хугацааны хүүнд 642,354,440 төгрөгийг шаардсан. Гэвч хариуцагч нарын зүгээс авсан зээлээ орон сууц барих төсөлд зарцуулж төслийг НЗД-н зүгээс зогсоосонтой холбоотойгоор санхүүгийн чадамжгүй болж 2018.12.16-ны өдөр 5,000,000 төгрөг төлснөөс хойш төлбөр хийж чадаагүй байдаг. Өөрөөр хэлбэл зээлийн эргэн төлөлт буюу график нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 5 жил буюу 1825 хоног зөрчигдсөн. Энэ хооронд хариуцагч нарын зүгээс барилгын төсөл хөтөлбөрт бүх санхүүжилтээ зарцуулж төлбөрийн чадваргүй болсон талаараа хэлж байсан байдаг ч нэхэмжлэгч байгууллага зээлийн хүүг тултал явуулж явуулж үндсэн зээл болон хүүгийн хэмжээг 1 тэрбум давуулж үүний дараагаар шүүхийн байгууллагад хандсан нь барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн үнэ ханшнаас зээлийн нийт үнийн дүнг давуулж барьцаа хөрөнгийг бүхэлд нь авах төдийгүй урт хугацааны хүү шаардаж санхүүгийн давуу байдал өөртөө үүсгэх гэсэн үйлдэл, санаа зорилго юм. Дээрх үйлдлүүд нь 4.1.4-т заасан үндсэн зарчмаас гадна Шударга байх, үнэнч байх, хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан үйлдэл болохыг дурдах нь зүйтэй. Зарчим баримталж ажиллаагүй үйлдэл бүхэн хууль бус юм. Өөрөөр хэлбэл урт хугацааны хүү шаардаж буй нь үндэслэлгүй.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж хуульчилсан байх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээг гомдлын 1 дэх хэсэгт дурдсан үндэслэлд хамаарахгүй гэж үзэх тохиолдолд талууд гэрээгээр дараах зүйлсийг 189.1-т нийцүүлж тохиролцсон байна. Гэрээний 4.8-д зээлдэгч тухайн саруудын хүүг сар бүр эсвэл өдөр өдөрт нь төлнө. Хэрэв зээлдэгч зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд уг зээлийг эрсдэлтэйд тооцож 30 хоногийн дотор зээл, хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулахыг зээлдүүлэгч шаардана мөн гэрээний 5.1.11-д ...Энэхүү гэрээнд заасан хугацаа бол нэн чухал зүйл бөгөөд зээлдэгч түүнийг зөрчсөн тохиолдолд энэхүү гэрээний 5.1.10-р зүйлийн дагуу гэрээг зөрчсөнд тооцох болно гэдгийг талууд бүрэн зөвшөөрч байна мөн 7.1.3 зээлдүүлэгчийн үзэж байгаагаар зээлдэгч нь өөрийн санхүүгийн чадавхад сөрөг нөлөө үзүүлэхүйц бөгөөд зээлийг эргүүлэн төлөхөд сөрөг нөлөө үзүүлэхүйцээр үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд зээлдүүлэгч зээлийг буцаан төлөхийг шаардах мөн 10.2 зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдлуудад зээлдүүлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн үндсэн өр, хүүг хугацаанаас нь өмнө төлөх болон хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг давхар төлөхийг шаардах эрхтэй 10.2.2.2 зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн гэж тус тус гэрээний нөхцөлийг чөлөөт байдлын зарчимд тулгуурлан тохиролцож. Дээрхээс дүгнэн үзвэл зээлдэгч буюу хариуцагч нар төлбөрийн чадваргүй болж зээлийн эргэн төлөлт хийх график зөрчсөн тохиолдолд 1-рт ноцтой зөрчил гэж үзэхээр, 2-рт 30 хоног зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч байгууллага энэ үеэс шаардах эрхээ хэрэгжүүлж эхлэхээр тохиролцож гэрээ байгуулсан байна. Гэвч гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэх нөхцөл байдал 2019.01.16-ны өдөр үүссэн байхад үүнээс хойш 4 жил 11 сар буюу 1795 хоногийн турш ямар нэг шалтаг шалтгаангүйгээр урт хугацааны хүү авах үүднээс гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ. Мөн хуулийн 206.1 Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж тус тус хуульчилсан байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нэхэмжлэгч өөрийн үзэмжээр шаардах эрхээ хэрэгжүүлэх талаар тусгаагүй болохыг дурдах нь зүйтэй.
5. Шунахайн сэдэлтэй хууль бус үйлдлээс үүдэлтэй үүсэж буй сөрөг үр дагаврын тухайд:
Анхан шатны шүүхийн хэргийг шийдвэрлэсэн нөхцөл байдлын хувьд хариуцагч нар оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээ алдахаас гадна энэ амьдралынхаа турш төлж барахгүй төлбөрт унах нөхцөл байдал үүссэн.
Хариуцагч нараас гаргаж нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэсэн 961,852,702 төгрөг бол дундаж амьдралтай гэр бүлийн бүх насаараа хөдөлмөрлөж үл олж шатах хэмжээний мөнгө юм.
Иймд ..... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 01663 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч М ХХК-аас хариуцагч хариуцагч: Б.Э, Д.У нарт холбогдуулан 1,049121,592 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. М ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б.Э, Д.У нартай зээлийн гэрээ байгуулж 300,000,000 төгрөгийг сарын 3.3 хувь, жилийн 39.6 хувийн хүүтэй 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна.
3.2. Түүнчлэн зохигчид тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Б.Э, Д.У нарын өмчлөлийн ..... дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж, 14 дүгээр байр, 4 дүгээр давхар, 11 тоот хаягт байрлах 106.23 м.кв талбайтай улсын бүртгэлийн .............. тоот дугаартай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягийн 3 дугаар давхар, 10 тоот хаягт байрлах 70 м.кв талбайтай улсын бүртгэлийн .............. тоот дугаартай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалжээ.
Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгохтой холбоотой харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно гэж заасантай нийцсэн ба талууд барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.
4. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.3-т Зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр М ХХК-нд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон ба тус байгууллагын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 533 тоот тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгосон байх тул нэхэмжлэгчийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй гэсэн хариуцагч нарын өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
Түүнчлэн талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг тус банк бус санхүүгийн байгууллагыг төлөөлж зээлийн эдийн засагч А.Баттүвшин байгуулсныг тухайн компанийг төлөөлөх эрхгүй гэж үзэхгүй, уг компанийн зүгээс энэ талаар маргаагүй ба эдгээр гэрээг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал А.Золзаяа нь баталсан байх тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн гэсэн хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.
5. Зохигчид зээлдэгч Б.Э, Д.У нарыг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 300,000,000 төгрөгийг хүлээн авч, үндсэн зээлд 1,304,521 төгрөг, зээлийн хүүнд 16,413,479 төгрөг төлсөн эсэх талаар маргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нар 300,000,000 төгрөгийг хугацааны эцэст буюу 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл бүрэн ашиглаж, энэ хүртэлх хугацаанд сар бүрийн 18-ны өдөр зээлийн хүү төлөх үүрэг хүлээсэн бөгөөд нийт 120,427,397 төгрөгийн хүү төлөх ёстой байжээ.
Гэвч зээлдэгч нар энэхүү үүргээ биелүүлээгүйтэй холбоотой зохигчид 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бодогдсон зээлийн хүү 642,354,440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,071,673 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээх эсэх талаар маргасан байна.
6. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй бол тухайн биелэгдээгүй үүргийг, мөн хэтэрсэн хугацааны хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцож төлөхөөс гадна гэрээгээр тохирсон бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээнэ.
6.1 Зохигчдын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хүчин төгөлдөр үргэлжилнэ. Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж, 4.9-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх хугацааны эцсийн өдрийн дараах ажлын өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн өрийн үлдэгдлээс үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү авна гэж тус тус заажээ.
6.2 Гэрээний энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасантай нийцсэн байна.
7. Хэрэгт цугларсан баримтаар М ХХК-иас 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Д.Уд, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б.Эт, мөн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус тус зээлийг төлөх талаар мэдэгдэл хүргүүлж байснаас гадна зээлдэгч нар 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зээл болон зээлийн хүүг 2023 оны 09 дүгээр сард багтаан төлж барагдуулах тухай хүсэлт өгч байжээ.
Үүнээс үзвэл хариуцагч нар зээл, зээлийн хүүг төлөх тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, мөн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг санаатайгаар удаашруулсан гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д ............үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол. гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 1,000,000 төгрөгийг төлснөөр тасалдсанд тооцох тул хариуцагч нарын өмгөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэнэ.
8. Харин анхан шатны шүүх зээлийн хүү болон улсын тэмдэгтийн хураамжийг тооцохдоо тооцооллын алдаа гаргасан байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
8.1. 300,000,000x39.6%=118,800,000 /жилийн хүү/:365=325,480 /өдрийн хүү/, 2018.04.13-ны өдрөөс үндсэн зээлд 325,149 төгрөгийг төлсөн 2018.06.11-ний өдөр хүртэл 59 өдрөөр үржүүлэхэд 19,203,320 төгрөг,
8.2. 299,695,479x39.6%=118,679,400 /жилийн хүү/:365=325,149 /өдрийн хүү/, 2018.06.12-ны өдрөөс үндсэн зээлд 1,000,000 төгрөгийг төлсөн 2022.11.29-ний өдөр хүртэл 1,631 өдрөөр үржүүлэхэд 530,318,019 төгрөг,
8.3. 298,695,479x39.6%=118,283,400 /жилийн хүү/:365=324,064 /өдрийн хүү/, 2022.11.30-ны өдрөөс нэхэмжлэгчийн тооцож нэхэмжилсэн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 335 өдрөөр үржүүлэхэд 108,561,440.00 төгрөг, нийт зээлийн хүү 658,082,779 төгрөг бодогдсон ба үүнээс хариуцагч нарын төлсөн 16,413,479 төгрөгийг хасвал 641,667,300 төгрөг болж байна.
8.4. Нэмэгдүүлсэн хүүгийн хувьд 298,695,479x7.9%=23,596,942 /жил/:365=64,649 /өдрийн/, 2019.04.19-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1,656 өдрөөр үржүүлэхэд 107,058,744 төгрөг болж байна.
Гэвч нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн нэмэгдүүлсэн хүүнд 20,802,783 төгрөг гаргуулсан хэсэгт гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 298,695,479 төгрөг, зээлийн хүү 641,667,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,802,783 төгрөг, нийт 961,165,562 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэнэ.
9. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хугацаа нь дууссан зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхэнд хамааралгүйгээс гадна 2 дахь заалтад техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд засна.
Анхан шатны шүүх барьцааны шаардлагын талаар зөв дүгнэж, улмаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн бөгөөд энэ талаар хариуцагч нар гомдол гаргаагүй.
10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ..... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/01663 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад 452 дугаар зүйлийн 452.1 гэснийг хасаж, 961,852,702 гэснийг 961,165,562 гэж, 87,268,980 гэснийг 87,956,030 гэж,
2. дахь заалтад 175. гэснийг 175.1 гэж,
3 дахь заалтад 4,967,135 гэснийг 5,033,978 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,037,635 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.МАНДАЛБАЯР