| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0108/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/112 |
| Огноо | 2019-04-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2019/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Хохирогч Б.Пүрэвдаш,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Х.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.От холбогдох эрүүгийн 1838002490046 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Х.О нь 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашаанаас хохирогч Ю.Агийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлсан,
2018 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Цагаан-Уул сумын Шарга багийн “Баянхөндий” гэх газраас Г.Нийн улбар шар өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлсан,
2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод иргэн Б.П-ийг зодож хөлийг нь хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Оийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би хийсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 24-25, 34-36, 39-40, 42 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 26-28, 44-46, 47-49 дүгээр хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 29-30 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 32 дугаар хуудас/,
Хохирогч Ю.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашаанаас хятад улсад үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклио алдсан ...Шагай өөрийнхөө ягаан өнгийн мотоциклиор бид хоёрыг салахгүй дагаад байсан. Нэг мэдэхэд Шагайгийн дүү гэсэн нэг залуу ирчихсэн байсан ...Шагай, түүний дүү хоёр надаас мотоциклийнхоо түлхүүрийг өгчих юманд яваад ирье гэхээр нь би өгөөгүй...Би тэр шөнөө эрүүлжүүлэхэд хоноод маргааш нь гарсан. Мөрөн сумын ... тоот хашаанд үлдээсэн миний мотоцикль тэр шөнөө алга болсон. Надад өмнөх мэдүүлэг дээрээ нэмж ярихад би өөрийн алдсан ягаан хүрэн өнгийн мотоциклио өнөөдөр Бадарчийн Мөнхтөр гэдэг хүнээс хүлээн авсан. Миний мотоциклийг Мөнхтөр гэдэг хүн танихгүй хүнээс худалдаж авсан гэж надад хэлсэн. Надад нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 56-60 дугаар хуудас/,
Хохирогч Б.Пмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн үед гаднаас 2 залуу орж ирээд намайг гараад ир гэхээр нь би араас нь гарсан чинь хашааны гадаа гаргаад нэг залуу нь чи яахаараа манай эхнэртэй архи ууж байгаа юм бэ? гээд намайг эхнэртэйгээ хардаад миний нүүр лүү мөргөхөөр нь би гараараа хамгаалсан чинь намайг хойш нь түлхээд унагаасан. Намайг газарт унасан байхад /дараа нь сонсоход Долгор гэх манай найз Нямдэлгэрийн дүүгийн нөхөр болох гэж байгаа залуу нэр нь Х.О гэсэн/ дээрээс хөлөн дээр нэг удаа дэвссэн. Гэтэл энэ үед гэрээс Тулга эгчтэйгээ гарч ирээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирэхээс өмнө тэр 2 залуу зугтаасан ...ингээд цагдаа ирсэний дараа эмнэлэгт үзүүлтэл миний хөл хугарсан байсан...Миний эмчилгээний зардал 500.000 төгрөг болсон. Энэ мөнгийг нэхэмжлээд авчихвал өөр санал хүсэлт алга...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 61-63 дугаар хуудас/,
Хохирогч Г.Нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 04-ний өглөө хөдөө гэртээ хоносон хүү маань аав руугаа утасдаад мотоцикль алга болсон байна гэхээр нь би цагдаагийн хэсэгт тэмдэглүүлэхээр нөхөр маань хөдөө гэртээ очиж хүүтэйгээ хамт мотоциклио хайхаар гарсан. 2018 оны 12 дугаар сарын 08-ны орой хэсгийн төлөөлөгч миний утас руу залгаад Мөрөн суманд ирж мотоциклио хүлээж ав гэж дуудсан. Мотоциклио арал болон хөдөлгүүрийн дугаарыг нь тулгаж бүрэн бүтэн хүлээж авлаа. Өөрт учирсан хохирлоо барагдуулж авсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 68-70 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Ю-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Амарсанаагийн алдсан гэх тэр мотоцикль нь миний мотоцикль байсан юм. Би тэр алдсан мотоциклийг захын Мустанг дэлгүүрээс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн хүү Амарсанаатай явж байгаад 1.785.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Миний тэр мотоциклийг Амарсанаа унаж яваад алдсан байсан. Би тэр мотоциклийг урьдчилгаа 350.000 төгрөг Хаан банкинд тушаагаад сар бүр 200.000 төгрөг найман сарын турш төлсөн...Би мотоциклийн үнэлгээнээс гадна 450.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 96-97 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.М-рийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хүрэн ягаан өнгийн Мустанг-5 маркийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн улсын дугаар, номергүй мотоцикльтой. Би тэр мотоциклио 2018 оны 04 дүгээр сарын эхээр санагдаж байна, нэг танихгүй хүнээс 1.050.000 төгрөгөөр худалдаж авсан...Тэр мотоцикль нь хулгайн мотоцикль байсан юм байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 103-105 дугаар хуудас/,
Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Амарсанаад яг муудаад байна мотоциклийнхоо түлхүүрийг өгчих гээд авсан. Би түлхүүрийг нь аваад гэрлүүгээ явсан...Маргааш өглөө нь нэг хүүхэн, залуу хоёр мотоциклио авий гээд ирэхээр нь би манай дүүгийнд байгаа гээд түлхүүрийг нь гаргаж өгөхөд алга болсон байна гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 72-75 дугаар хуудас/,
Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цагдаа ирээд агсам тавиад байсан залууг аваад явсан ...Эрүүлжүүлэхэд орсон залуугийн мотоцикль манай байшингийн урд байсан. Бид нарыг буцаад ирэхэд Эрдэнэнямтай ирсэн хоёр залууг гадуур эргэлдээд байна. Нэг нь хашаан дотор яваад байна гэж манайхан яриад байсан. Эрдэнэбаатар ах гэртээ орсны дараа би араас нь гэрт нь ороход Эрдэнэбаатар ах бие засахаар зөрж гараад орж ирэхдээ “хашаан дотор хүн яваад байна ш дээ энэ хүмүүсийн чинь мотоцикль нь байгаа юм уу” гэхээр нь би гарсан. Би хашаанаас гарч харахад манай урд талын гудамжинд байдаг халуун усны үзүүрээс гэрэлгүй мотоцикль уруудаад явчихсан...Тэгээд би буцаж гэртээ ороод унтаж байхад ойролцоогоор 1 цагийн дараа нохой хуцаад байхаар нь цонхоор харахад байшингийн урд байсан хоёр мотоциклийн улаан нь байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 76-78 дугаар хуудас/,
Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...мотоциклио алдсан залуу нь дүү Отгонбаяртай маргалдаад ...цагдаа ирээд маргалдаад байсан залууг аваад явсан ...хамт ирсэн хоёр залуу нь мотоциклио унаад явчихсан...Цагдаа нарыг явснаас хойш мотоциклио унаад явсан хоёр залуу манай хашааны гадуур эргэлдээд байсан. Орой бие засахаар гарахад хашааны үүдэнд нэг нь байснаа намайг хараад цаашаа зугтаасан...Тэгээд өглөө босоход хашаан дотор байсан хоёр мотоциклийн нэг нь алга болсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 79-82 дугаар хуудас/,
Гэрч Х.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нар жаргахын үед өөрийн ах Х.О, Амарсанаа гэх танихгүй залуу, Амарсанаагийн ах бололтой нэг залуу гуравтай таарсан...Х.О ах өөрийнхөө ягаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой, Амарсанаа бас улсын дугааргүй, ягаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой явсан. Тэгээд архи ууж байгаад Амарсанаа, Х.О ах хоёр юунаас болсон нь мэдэхгүй байна, маргалдаад барилцаж аваад зодолдох гээд салсан...Цагдаа ирж байхаар нь Х.О ахын мотоциклийг унаад тэр айлын хашаанаас зүүн тийшээ яваад урд талын гудманд очиж зогссон...2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 12:00 цагийн үед Х.О ахтай 13-р хороонд явж байгаад тааралдсан. Тэгэхэд Х.О ах улсын дугааргүй, хүрэн ягаан өнгөтэй гэмээр өнгөтэй, суудлын бүрээсний гялгар цаасыг нь ч аваагүй мотоцикль унаж явсан. Миний ах Х.Охүмүүс Алтаншагай, Шагай гэж дуудаад байдаг...Х.О ах тэр хөлөө хуга дэвсүүлдэг залууг хашааны булан руу аваачаад зодоод байсан. Тэгээд тэр залуу газарт унахаар нь хөлөн дээр нь Х.О ах 2 удаа дэвсээд зугтаачихсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 87-92, 106-108 дугаар хуудас/,
Гэрч П.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Х.Отэй би анх танилцахдаа Х.О гэдэг жинхэнэ нэрийг нь мэддэггүй байсан бөгөөд надтай танилцахдаа өөрийгөө Шагай гэдэг гэж танилцуулж байсан. Тэгээд би Х.Оийн жинхэнэ нэрийг саяхан мэдсэн. Ах эгч нар нь Х.О“Шагай” гэж дууддаг юм байна лээ...Х.О анх надтай танилцахдаа хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой байсан. Тэр мотоциклио манай ах Батхуягаас хөргөгч, хивс авах болоод 2018 оны 03 дугаар сард хүнд зарсан юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 98-99 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Х.Оээс өнгөрсөн хавар гаалийн бичигтэй хүрэн өнгийн хуучин мустанг-5 маркийн мотоциклийг 1.100.000 төгрөгөөр худалж авч байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 100 дугаар хуудас/,
Гэрч Х.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Отгонбилэг, Х.О хоёр 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манайд ирээгүй. Би гэртээ нөхөр хүүхэдтэйгээ байсан. Манайхан мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 101 дүгээр хуудас/,
Гэрч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний ах Мөнхтөр нь 2018 оны 04 дүгээр сарын эхээр л санагдаж байна. 160 см орчим өндөртэй, махлагдуу залуугаас хүрэн ягаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль 1 сая 500 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Мөнхтөр ах надад хэлэхдээ манай энд ягаан хүрэн өнгийн шинэвтэр мотоцикльтой нэг танихгүй залуу ирлээ. Мөнгөний хэрэг болоод мотоциклио зарах гэсэн юм та авчихаач гээд гуйгаад байхаар нь авахаар боллоо гэж ярьж байсан. Би тэр хүнийг тухайн үед харж байсан болохоор одоо харвал нүүр царайны төрхөөр нь танина...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 102 дугаар хуудас/,
Гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гарахад хөлөө хугалуулдаг залуутай Х.О юм яриад зогсож байсан. Отгонбилэг хажууд нь зогсож байсан. Тэд нар дээр яваад очиход Х.О хөлөө хугалуулдаг залууг дагуулаад хажуу талын эзэнгүй хашаа руу орсон. Отгонбилэгтэй юм яриад зогсож байхад ёоё хөл хугарчихлаа ш дээ гэж хүн орилсон. Тэгэхэд Х.О хашаанаас гараад гүйсэн. Хашаан дотор яваад ороход хөлөө хугалуулдаг залуу газарт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 112-113 дугаар хуудас/,
Гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Шарга Баянхөндий гэх газарт байх гэртээ ганцаараа байсан. Орой 00 цаг гээд орондоо ороод унтсан. Тэрнээс өмнө орой нохой хуцаад байхаар нь 2 удаа гарч гэрэл тусгаж хархад ямар нэгэн юм анзаарагдаагүй. Өглөө 6 цагт босоход гэрийн үүдийг гаднаас нь уяагаар уясан байхаар нь хатавчаараа гараа гаргаж байгаад үүдээ онгойлгоод гарч иртэл гэрийн үүдэнд байсан улаан шаргал өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль маань байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 116-118 дугаар хуудас/,
Гэрч Э.П-мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би идэшээ хийх зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хойд аав болох Ганцоожийн болон түүний таньдаг Шагай гэж дууддаг залууг мал гаргуулахаар Мөрөнгийн төвөөс дагуулж гарч ирсэн. Мал гаргадаггүй гээд 3 хоносон. Шагай гарч шээе гэхээр нь дагаад гарсан. Зоригоо ахынд очьё гэсэн. Тэгээд хамт алхаж байтал замд байдаг Нэргүй гэдэг айлын гадаа явж байхад би явлаа шүү гэхээр нь би ядаргаатай юм гэсэн чинь Нэргүй ахынх руу чиглээд алхсан. Би дагаад алхтал нохой нь хуцаад байсан. Нэргүй ахынхаас нилээн доохон очоод намайг зогсчихсон чинь гэрийнх нь тэнд очиж хэсэг байж байгаад мотоцикль унаж ирээд хажууд зогссоноо одоо зайл гэчихээд сумын төв рүү чигтэй яваад өгөхөөр нь би Төмөрчөдөрийнд ороод унтчихсан...Шагайтай хамт хэд хонох хугацаанд нэг удаа халааснаасаа иргэний үнэмлэхээ унагахаар нь аваад хартал Х.О гэдэг нэртэй байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 119-123 дугаар хуудас/,
Гэрч Л.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Пүрэв-Очирыг авах гээд очтол Төмөрчөдөр Шагай мотоцикль хулгайлаад явчихсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 124-125 дугаар хуудас/,
Гэрч О.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...нэг мэдэхэд Пүрэв-Очир намайг сэрээгээд Шагай ах мотоцикль аваад явчихлаа гэхээр нь би арай үгүй байлгүй дээ. Авсан байсан ч хар хүйтэнд хаа холдхов гээд унтаад өгсөн. Шагай гэдэг хүнийг өмнө нь таньдаггүй байсан. Одоо харвал танина....” гэх мэдүүлэг /ХХ-ийн 126-129 дүгээр хуудас/,
Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Х.О нь миний 3 дахь хүү байгаа юм. Эхнэр хүүхдээсээ салаад бид нарын үгэнд ордоггүй учраас сүүлийн 2 жилд уулзаагүй. Одоо хаана юу хийдэг, ямар дугаартай утас барьж байгааг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 130-131 дүгээр хуудас/,
Гэрч Л.Ганцоожийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...П.г авах гээд очтол Тө Шагай мотоцикль хулгайлаад явчихсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 124-125 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 137, 145 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 571 дугаартай:
1.2 Б.Пбиед зүүн шилбэ ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.
4. Б.Пбиед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /ХХ- ийн 141-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх талаарх тодорхойлолт, байнга оршин суух газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 185-187, 189, 191-200 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Мнь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ, хохирогч Б.Пүрэвдашид 200.000 төгрөгний хохирол төлсөн тухай Хаан банкны орлогын баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1838002490046 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн
судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Х.О нь 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашаанаас хохирогч Ю.Агийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлсан,
2018 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Цагаан-Уул сумын Шарга багийн “Баянхөндий” гэх газраас Г.Нийн улбар шар өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлсан,
2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод иргэн Б.П.йг зодож хөлийг нь хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Х.Оийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Б.Пмөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Ю.Агийн /ХХ-ийн 56-60-р хуудас/, хохирогч Г.Нийн /ХХ-ийн 68-70 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Юндэндоржийн /ХХ-ийн 96-97 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхтөрийн /ХХ-ийн 103-105 дугаар хуудас/, гэрч Б.Эрдэнэнямын /ХХ-ийн 72-75 дугаар хуудас/, гэрч Б.Эрдэнэбаатарын /ХХ-ийн 79-82 дугаар хуудас/, гэрч Х.Отгонбилэгийн /ХХ-ийн 87-92, 106-108 дугаар хуудас/, гэрч П.Жавзандолгорын /ХХ-ийн 98-99 дүгээр хуудас/, гэрч Х.Оюунгэрэлийн /ХХ-ийн 101 дүгээр хуудас/, гэрч Б.Мөнхсайханы /ХХ-ийн 102 дугаар хуудас/, гэрч А.Бадмаагийн /ХХ-ийн 112-113 дугаар хуудас/, гэрч Н.Адъасүрэнгийн /ХХ-ийн 116-118 дугаар хуудас/, гэрч Э.Пүрэв-Очирын /ХХ-ийн 119-123 дугаар хуудас/, гэрч Л.Ганцоожийн /ХХ-ийн 124-125 дугаар хуудас/, гэрч О.Төмөрчөдөрийн /ХХ-ийн 126-129 дүгээр хуудас/, гэрч Л.Ганцоожийн /ХХ-ийн 124-125 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 24-25, 34-36, 39-40, 42 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 26-28, 44-46, 47-49 дүгээр хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 29-30 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 32 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 137, 145 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 571 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 141-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Мнь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ,
Хохирогч Б.П.д 200.000 төгрөгний хохирол төлсөн тухай Хаан банкны орлогын баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Оийг хулгайлах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Хохирогч Г.Н, Ю.А, иргэний нэхэмжлэгч Б.Мнар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Б.Пнь эмчилгээний зардал 500.000 төгрөг нэхэмжилж байх боловч шүүгдэгч нь 200.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан ба үлдэх 300.000 төгрөгний хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Х.Оээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний нэхэмжлэгч Д.Юнь мотоциклийн үнэлгээнээс гадна шүүгдэгчээс 450.000 төгрөг нэхэмжилж байх боловч ямар гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул 450.000 төгрөгний хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Х.Оээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Шүүгдэгч Х.О нь урьд 2014 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2015 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 189, 191-200 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.О нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь ам бүл 1, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.Оийн цагдан хоригдсон 53 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 424 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээнээс хасах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Оийн барьцааны мөнгө 500.000 төгрөгийг шийтгэх тогтоол
хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.От буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 1838002490046 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Охулгайлах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Х.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай буюу 424 /дөрвөн зуун хорин дөрөв/ цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
6. Эрүүгийн 1838002490046 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Пнь 300.000 төгрөгийн хохирлоо, иргэний нэхэмжлэгч Д.Юнь 450.000 төгрөгний хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Х.Оээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол,
эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.От урьд авсан барьцаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц төрийн сангийн 100170005350 тоот данснаас барьцааны мөнгө 500.000 төгрөгийг гаргуулж шүүгдэгч Х.От буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуули0йн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР