Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2016/00644

 

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2016/00644

                         Төв аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа би  Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт 34 дүгээр байрны 11 тоотод оршин суух Д.Баянбаатарт холбогдох,

зээлийн төлбөр, хүү 869 413 төгрөг гаргуулах тухай,  “Зуун дэлгэрэх” ББСБ, захирал Ч.Алтанчимэгийн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 13 өдөр хүлээн авч, 2016 оны 06 сарын 20 өдөр үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Д.Баянбаатар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

““Зуун дэлгэрэх” ББСБ, захирал Ч.Алтанчимэгээс 2014 оны 09 сарын 01 өдөр зээлийн гэрээ хийж газрын гэрчилгээ барьцаалан 600 000 төгрөг зээлж авсан.  Улмаар зээлийн хугацаа дуусаж төлж чадахаа больсон гэдгээ очиж хэлсэн.

Тэгэхэд худалдах худалдан авах гэрээ хийнэ гэж нотариатын газар очиход цайны цаг нь болсон байсан. Би хотод ажилтай байсан учир та миний газрыг зараад зээлийн мөнгөө ав, үлдсэн мөнгийг минь өгөөрэй гэж хэлсэн. Тэгж тохирсон шүү дээ. Одоо газрыг минь зарж болно. Тиймд энэ хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлгосон болно” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Зуун дэлгэрэх” ББСБ, захирал Ч.Алтанчимэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ:

“”Зуун дэлгэрэх” ББСБ, захирал Ч.Алтанчимэг би Баянбаатараас 869 413 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан. Хариуцагч Д.Баянбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч барьцааны хөрөнгө болох газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрчээ. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлгосон болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Зуун дэлгэрэх” ББСБ, захирал Ч.Алтанчимэг нь,  хариуцагч Д.Баянбаатараас зээлийн төлбөр, хүү 869 413 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Д.Баянбаатар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа /хх 21/ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, “Зуун дэлгэрэх” ББСБ, захирал Ч.Алтанчимэгийн нэхэмжилж буй зээлийн төлбөр, хүү 869 413 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, барьцааны хөрөнгө болох газрыг зарж болно гэжээ.

 Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

1. “Зуун дэлгэрэх” ББСБ-ын зээлийн төлбөр, хүү 869 413 төгрөгийг хариуцагч Д.Баянбаатар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25 416 төгрөгийн 50 хувь болох 12 708 төгрөгийг улсын төсвөөс, 12 708 төгрөгийг хариуцагч Д.Баянбаатараас гаргуулж нэхэмжлэгч “Зуун дэлгэрэх” ББСБ, захирал Ч.Алтанчимэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                    Э.АРИУНАА