Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01339

 

 

 

 

 

 

 

 

2024  07  01   210/МА2024/01339

 

 

 

Ш.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/01565 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Бд холбогдох,

 

2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, 108,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Хариуцагч Ч.Б нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр .......... ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулан, .......... дүүрэг, ...... хороо, .......... үйлчилгээтэй орон сууцны 1-р орц, 2 давхар Е загвар, 62,61 м.кв орон сууцны захиалан авсан гэдэг. Хариуцагч Ч.Б нь нэхэмжлэгч Ш.Бтай 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээ байгуулж, .......... дүүрэг, ...... хороо, .......... үйлчилгээтэй орон сууцны Е загвар, 63.8 м.кв орон сууцны Орон сууц захиалгын гэрээ-г шилжүүлсэн байдаг.

Эрх шилжүүлэх гэрээ-ний 2-т Төлбөр авагч нь уг орон сууц захиалгын гэрээг бусдад шилжүүлэх эрхтэй, төлбөрийг өөрсдийн дансанд шилжүүлэн авах эрхтэй гэж заасан байх боловч гэрээ байгуулах тухайн цаг мөчид Ч.Бд .......... дүүрэг, 5- р хороо, .......... үйлчилгээтэй орон сууцны Е загвар, 63.8 м.кв орон сууцуудыг өмчлөх эрх буюу тухай орон сууцтай холбоотой шаардах эрх байгаагүй.

Учир нь, хариуцагч Ч.Б нь ..... айл үйлчилгээний төвтэй орон сууцны төслийг барьж гүйцэтгэгч .......... ХХК-тай гэрээ байгуулж, ажил гүйцэтгэн, ажлын төлбөрт .......... дүүрэг, ...... хороо, .......... үйлчилгээтэй орон сууцны 2 давхарт Е загвар, 62,61 м.кв орон сууцыг тооцон авсан гэх боловч, гэрээгээр тохирсон ажлыг бүрэн дуусгаж, төлбөр тооцоо бүрэн дууссан эсэх нь тодорхойгүй байдаг.

Мөн хариуцагч Ч.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр .......... ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэн ажлын төлбөрт 3 ширхэг орон сууц авахаар тохиролцсон боловч гэрээний хавсралтад .......... дүүрэг, ...... хороо, .......... хойд талд .......... үйлчилгээтэй орон сууцны байрны 5 давхар 65.59 м.кв 2 өрөө 29 тоот, 9 давхар 64.62 м.кв 2 өрөө 63 тоот, 10 давхар 81.02 м.кв 3 өрөө 70 тоот байруудыг бартераар өгнө гэж заасан байна. Нэхэмжлэлд дурдагдсан .......... дүүрэг, ...... хороо, .......... үйлчилгээтэй орон сууцны 1-р орц, 2 давхар Е загвар, 62,61 м.кв орон сууц нь Ч.Бд бартераар өгөх байрнуудын тоонд ороогүй байна. Үүнээс үзэхэд хариуцагч Ч.Б нь .......... дүүрэг, ...... хороо, .......... үйлчилгээтэй орон сууцны 1-р орц, 2 давхар Е загвар, 62,61 м.кв орон сууцыг бартераар авсан гэж хууран мэхэлж, 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ гэх гэрээг нэхэмжлэгч Ш.Бт үзүүлэн, захиалгын эрхтэй гэх ойлголтыг төрүүлж, 108,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан байна.

Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт зааснаар Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй байдаг.

Гэвч хариуцагч Ч.Бгийн .......... дүүрэг, ...... хороо, .......... үйлчилгээтэй орон сууцны 2 давхарт Е загвар, 62,61 м.кв орон сууцыг захиалан авах эрх нь анхнаасаа эрхийн доголдолтой байсан бөгөөд гуравдагч этгээд болох .......... ХХК нь хууран мэхэлсэн болохыг хариуцагч Ч.Б мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан гэж үзэж байна.

.......... ХХК нь Некко бийлдинг ХХК-тай байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №01/20 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ-ний төлбөрт .......... дүүрэг, ...... хороо, .......... үйлчилгээтэй орон сууцны 2 давхарт Е загвар, 56.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тооцон өгсөн. Энэ талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байдаг. Тодруулбал,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/02191 дугаартай шийдвэрээр .......... ХХК нь Некко бийлдинг ХХК-д ажлын хөлсөнд .......... дүүрэг, ...... хороо, Өлгий 29, 27-р гудамж, Кино үйлдвэр 88 айлын үйлчилгээтэй орон сууцны 2 давхрын Е загварын 56.77м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь гэрээний хуулбар, 2020 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн №27 Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хуулбараар тогтоогдож байна гэж дүгнэж, уг орон сууцыг Некко бийлдинг ХХК-д олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байдаг.

2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ-ний 2-т Төлбөр авагч нь уг орон сууц захиалгын гэрээ-г бусдад шилжүүлэх эрхтэй, төлбөрийг өөрсдийн дансанд шилжүүлэн авах эрхтэй гэж заасан байх боловч шаардах Эрх шилжүүлэх гэрээ байгуулах тухайн мөчид Ч.Бд .......... дүүрэг, ...... хороо, .......... үйлчилгээтэй орон сууцны Е загвар, 63.8 м.кв орон сууцтай холбоотой шаардах эрх, эрхийн доголдолгүй захиалгын эрх байгаагүй, захиалгын эрхийг анхнаасаа олж аваагүй гэж нэхэмжлэгч тал үзэж байна.

Иймд, хариуцагч Ч.Б нь нэхэмжлэгч Ш.Быг хууран мэхэлж, гэрээ байгуулан 108,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан байх тул 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу үндэслэлгүйгээр шилжүүлсэн 108,000,000 төгрөгийг хариуцагч Ч.Бгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч Ш.Бтай 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан бөгөөд тус гэрээний 3-д Төлбөр авагч нь Орон сууц захиалгын гэрээг төлбөр төлөгчид 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор шилжүүлнэ. Энэ тохиолдолд төлбөр төлөгч болон .......... үйлчилгээний төвтэй орон сууц төслийн хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч 6047726 регистрийн дугаартай .......... ХХК, иргэн Ш.Б нарын хооронд 2021.08.26-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсанаар гэрээ шилжүүлсэнд тооцно гэж заасны дагуу захиалагчийн эрх үүрэг бүрэн шилжиж дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Мөнхцэцэгтэй Эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж тус гэрээг үндэслэн Өргөө хийж констракшн ХХК иргэн Б.Мөнхцэцэг нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж Б.Мөнхцэцэг нь тухайн байрандаа 1 жил амьдарч байсан дээрхээс нөхцөл байдлаас харахад хариуцагч нь хууран мэхэлсэн зүйл огт байхгүй байна.

Мөн нэхэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага тодорхой бус байх тул нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодорхой болгосны үндсэн дээр хууль зүйн үндэслэл бүхий тайлбар гаргах боломжтой байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ч.Бд холбогдох 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Ш.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Ч.Бгөөс 108,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Бт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,326,215 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бгөөс 697,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Бт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх би Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дугаар сарын 16-ны өдрийн 01565 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасныг удирдлага болгон давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Шийдвэрийн 4.2-д ... Хариуцагч Ч.Бг нэхэмжлэгч Ш.Бт орон сууцыг эрхийн доголдолгүй шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй гэжээ гэтэл Ч.Б нь эрх шилжүүлэх гэрээний дагуу Ш.Б руу Орон сууц захиалгын гэрээг шилжүүлж өгсөн Ш.Бын хүсэлт болон эрх шилжүүлэх гэрээ, орон сууц захиалгын гэрээний дагуу Б.Мөнхцэцэг нь тухайн маргаан бүхий байранд амьдарч байсан талаараа мэдүүлэг өгсөн бөгөөд дээрхээс харахад талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг дуусгавар болсон бөгөөд гэрээний нэг тал болох Өргөө хийц констрашкн ХХК-иас шаардаагүй байхад анхан шатны шүүхээс дуусгавар болсон гэрээнд дүгнэлт хийж байгаа шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй юм.

2. Шийдвэрийн 4.1-д ... Б.Мөнхцэцэг нь эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж Ш.Б нь Б.Мөнхцэцэгт өөр орон сууц шилжүүлэн өгч төлбөрийг барагдуулсан болох нь гэрч Б.Мөнхцэцэгийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна гэжээ гэтэл шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь гэрч гэх Б.Мөнхцэцэгт мөнгийг нь эргүүлэн өгсөн хэмээн тайлбар хэлдэг бөгөөд гэрч нь өөр давхарт адил хэмжээтэй байх авсан хэмээн мэдүүлдэг боловч энэ талаарх баримт хэрэгт огт байхгүй бөгөөд зөрүүтэй буюу ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй нь Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

3. Шийдвэрийн 4.4-д ... хариуцагч Ч.Б нь мэдэж байсан, мэдэх боломжтой байсан болох нь... тогтоогдож байна гэжээ. Гэтэл гэрч Б.Мөнхбат нь Некко бьюлдинг ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж хариуцагч Ч.Бтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулж гэрээний төлбөрт өгсөн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нь анхнаасаа мэдэж байсан бөгөөд Б.Мөнхцэцэгт худалдан борлуулж өнөөдрийг хүртэл Б.Мөнхцэцэг болон .......... ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр байхад шүүх зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэж байгаа нь илт үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнсорын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Ч.Бтэй 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ доголдлын улмаас хэрэгжүүлэх боломжгүй болсны улмаас Ш.Б нь Б.Мөнхцэцэгтэй байгуулсан гэрээнээсээ татгалзаж, авсан мөнгөнийхөө оронд өөр байр буюу .......... орон сууцны 4 давхарт 20 тоот ижил м.кв талбайтай орон сууцыг Б.Мөнхцэцэгт өгсөн. Одоо Б.Мөнхцэцэг тухайн байрандаа амьдарч байгаа. Энэ талаар 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гэрч Б.Мөнхцэцэгийн мэдүүлгээр нотлогдож байна. Некко бийлдинг ХХК нь ажлаа бүрэн хийгээгүй тул Некко бийлдинг ХХК-д нэг ч байр өгөхгүй гэдгийг Ч.Б, Болортуяа, Б.Мөнхбат нар ярилцаж шийдсэн. ..Болортуяа, Ч.Б нар хөрөнгийг гаргаж буй, гүйцэтгэж байгаа хүн хөрөнгөө гаргаж тул давуу эрх эдэлнэ биз дээ гэж гэрч Б.Мөнхбат мэдүүлсэн. Ч.Б, Б.Мөнхбат нар маргааг бүхий байр эрхийн доголдолтой гэдгийг анхнаасаа мэдэж байсан тул нэхэмжлэгч Ш.Бт зарж, борлуулсан. ............. төслийг .......... ХХК болон иргэн Ч.Б нар хамтарч хийсэн. Тухайн үед Ч.Б оруулсан хөрөнгө оруулалтдаа авсан 25, 26 байр байсан байх, түүнээсээ нэгийг Ш.Б гэх хүнд байр худалдан борлуулж, эрхээ шилжүүлж өгсөн. Би гэрээг нь байгуулж өгсөн. Тус гэрээг авч ирэхээр нь би гэж гэрч Б.Мөнхбат мэдүүлэгтээ дурдсан. Манай зүгээс гэрээнээсээ татгалзсан. Мөн Б.Мөнхцэцэгтэй байгуулсан гэрээнээс татгалзаж Б.Мөнхцэцэгийн хохиролгүй болгосон. Ш.Бын байрыг Некко бийлдинг ХХК хурааж авсан. Ш.Б Б.Мөнхцэцэгийн хохирлыг барагдуулсан тул байргүй, мөнгөгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Ч.Бд холбогдуулан 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, 108,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс хүлээн зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд;

 

3.1. Нэхэмжлэгч Ш.Б нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Ч.Бтэй эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж хариуцагчийн .......... ХХК-иас авах .......... дүүрэг, 5 дугаар хороонд байрлах ..... хотхоны 11 дүгээр давхар, Е загвар 63.8 м.кв талбайтай орон сууцны шаардах эрхийг 108,130,000 төгрөгөөр шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон байна.

 

3.2. Хэдийгээр талууд уг гэрээний зүйлийг 11 дүгээр давхар гэж тодорхойлсон боловч 2 дугаар давхар, 5 тоот хаягт байрлах Е загварын 63.59 м.кв талбайтай 2 өрөө орон сууц гэсэнтэй маргаагүй ба нэхэмжлэгч Ш.Б нь энэхүү гэрээг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр .......... ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд үүний дараа тэрээр 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б.Мөнхцэцэгт эрх шилжүүлэх гэрээгээр тухайн орон сууцны шаардах эрхийг түүнд 128,000,000 төгрөгөөр худалдсан байна.

 

Анхан шатны энэхүү үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан эрх худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4. Гэвч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/02191 дугаартай шийдвэрээр .......... дүүрэг, 5 дугаар хороо, Өлгий 29, 27 дугаар гудамж, Кино үйлдвэр 88 айлын үйлчилгээний зориулалт бүхий орон сууцны 2 дугаар давхарт байрлах Е загварын 57.77 м.кв талбайтай орон сууцыг .......... ХХК-иас гаргуулж Некко бийлдинг ХХК-нд олгосон учир нэхэмжлэгч Ш.Б нь Б.Мөнхцэцэгт өөр орон сууц өгсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Ш.Б болон хариуцагч Ч.Б нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууц нь шүүхийн шийдвэрээр бусдын өмчлөлд шилжсэн.

 

5. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Ч.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр .......... ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт хэд, хэдэн орон сууцыг авахаар тохирсон боловч тэрхүү гэрээнд .......... дүүрэг, 5 дугаар хороонд байрлах ..... хотхоны 2 дугаар давхар, 5 тоот хаягт байрлах Е загварын 63.59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны талаар тусгаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т Эрх буюу шаардах эрх эзэмшигч нь уул эрхийг эзэмшиж байсан хэмжээгээрээ өөр этгээдийн өмчлөлд шилжүүлж болно гэж зааснаар хариуцагч нь гагцхүү өөрт байгаа эрхийг бусдад шилжүүлэх боломжтой юм.

 

6. Мөн хариуцагч Ч.Б нь дээрх ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн хожим .......... ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж .......... дүүрэг, 5 дугаар хороонд байрлах ..... хотхон, 1 дүгээр орц, 2 дугаар давхар, 5 тоот хаягт байрлах Е загварын 62.61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцож авахаар тохирсон боловч энэхүү орон сууц нь бусдын эрхээр хязгаарлагдсан буюу Некко бийлдинг ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын төлбөрт тооцогдох эд хөрөнгө байсан гэдгийг анхнаасаа .......... ХХК болон хариуцагч Ч.Б нар мэдэж байсан байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлгийг тус тус үндэслэн зохигчдын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйл нь эрхийн доголдолтой байсан болохыг тогтоож, улмаар Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Тодруулбал, тус хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д тус тус зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах эрхтэй бөгөөд тийнхүү гэрээ цуцлагдсанаар талууд өгсөн, авсан зүйлийг харилцах буцаах үүрэг хүлээнэ.

 

7. Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 108,000,000 төгрөг гаргуулах тухай гэж тодорхойлсон боловч анхан шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд зохигчдын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг доголдолтой гэсэн үндэслэлээр цуцалж, гэрээ цуцалсны үр дагаврыг шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/01565 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Б.МАНДАЛБАЯР