| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0129/э |
| Дугаар | 227 |
| Огноо | 2019-03-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | X |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 227
2019 03 07 227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Улсын яллагч: Х.Еркубулан /томилолт/
Нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,
Шүүгдэгч: Ч.Г /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1809038360973 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хороо, 58-2-42 тоотод оршин суух,
урьд Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 301 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ял,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12 240 000 төгрөгөөр торгох ял,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 532 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Яллагдагч Ч.Г нь 20018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрэн плаза” төвийн ногооны лангуу түрээслэгч Б.Долгорсүрэнгийн “ай поне -6” эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 472 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.мэдүүлэг /хх-21-22/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-14-15/, эд зүйлийн үнэлгээ /хх-32-33/, яллагдагчаар Ч.Гийн өгсөн /хх-37-40/ мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Г нь 20018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “бүрэн плаза” төвийн ногооны лангуу түрээслэгч Б.Долгорсүрэнгийн ай поне -6 эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 472 000 төгрөгийн хохирол учруулсан гэж прокуороос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: .
Хохирогч Б. “...Би СБД-н 14 дүгээр хоро, 7 буудалд байрладаг “Бүрэн плаза” төвийн 1 дүгээр давхарт байрлах ногооны лангуун дээр ажилладаг юм. 2018.08.26-ны өглөө 09.00 цагийн үед ирээд байж байгаад өөрийн гар утсыг цахилгаан жингийн хажууд байрлах залгуурт цэнэглээд орхисон юм. Цэнэгдэж байгаад нэг харсан утас маань байхгүй болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм ...” /хх-21-22/,
“Дамно” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн СБ-18-596 дугаартай “...үнэлгээний дүн 472 000 төгрөг ...” гэх үнэлгээний тайлан /хх32-33/,
Яллагдагчаар Ч.Гийн “... Би сонгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 20108.08.25-ны өдрөөс эхлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд 2018.08.26-ны өдөр 10 цагийн орчим ганцаараа “Бүрэн плаза” ороод лангуу дээр байсан хохирогч Б.Долгорсүрэнгийн гар утсыг хулгайлан авсан би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би уусан үедээ хулгай хийгээд байдаг юм...” /хх-37-40/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 14-15 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго нөлөөлсөн гэж үзнэ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.Г нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Ч.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 1 жил 8 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 37 хоногоор тооцож, нэмж нэгтгэх санал гаргасныг шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан хугацаатай хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гыг хуульд заасан 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ялыг оногдуулахаас хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Ч.Г нь урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 532 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, уг ялаа биелүүлээгүй болох Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 4/4605 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Гийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 532 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх 8 цагийг цагдан хоригдсон 1 хоногоор тооцож 37 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож, уг ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Г нь 13 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 532 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 37 хоногийн нэмж нэгтгэн эдлэх ялыг нийт 7 сар 7 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Гийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гийн цагдан хоригдсон 13 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч Ч.Г бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ