Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
Хэргийн индекс | 181/2023/05705/И |
Дугаар | 210/МА2024/01363 |
Огноо | 2024-07-03 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2024/01363
2024 07 03 210/МА2024/01363
Д.Эгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/01563 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.Эгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “..........” -д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Миний бие .......... Өрхийн эрүүл мэндийн төвд 2000 оноос хойш 23 жил нягтлан бодогчоор ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаагүй.
Би, 2023.08.01-нээс ээлжийн амралттай байсан бөгөөд 2023.08.11-ний өдрөөс 2023.08.20-ны өдрийг хүртэл, мөн 2023.09.12-ны өдрөөс 2023.09.21-ны өдрийг хүртэл ажиллаж, цалингаа бодон тавьж, мэдээ тайлангаа гаргаж өгсөн. Ингээд ажилласан хугацаагаа нөхөж амраад 2023.10.12-ны өдөр амралт дуусах байсан. 2023 оны 10 сарын 05-ны өдөр Г.Б дарга утсаар эмнэлгийн дарга болсон тухайгаа мэдэгдэж, дуудсан бөгөөд би ээлжийн амралтаа эдлээд хөдөө амарч байгаа тухайгаа хэлсэн. Гэтэл 10 сарын 06-ны өдөр хаана байгаа газраас чинь очиж авъя, та ажилдаа яаралтай ир гэхээр нь би яваад очъё гээд хагас бүтэн таараад 10 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа очсон. 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус эмнэлгийн даргад шинээр томилогдсон Г.Б гэх хүн надад дахин ажиллуулахгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгаж байгаа тухай мэдэгдсэн.
Маргааш буюу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа очиход Г.Б нь миний ажлын өрөөний цоожны голыг сольж ажлын байрны болон сэтгэл зүйн дарамт үзүүлсэн бөгөөд миний бие одоог хүртэл ажил руу орж чадахгүй, өөрийн баримт бичиг эд зүйлийг авч чадахгүй байгаа. Ямар үндэслэл, шалтгаанаар ажлаас халж буйг надад мэдэгдээгүй, ажлаас халагдсан тушаал гардуулж өгөхгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь заалтыг зөрчиж байна.
Иймд, миний ажил үүрэг гүйцэтгэх эрхийг минь хязгаарлаж, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна.
Би, 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан ба тус хорооны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар №105 тоот шийдвэр гарч талууд харилцан тохиролцоогүй болно.
Иймд, .......... -ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг .......... -д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Нэхэмжлэгч Д.Э нь .......... -д хөдөлмөрийн гэрээний дагуу нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш ажлаа хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Өрхийн эмнэлгийн зүгээс хэд хэдэн удаа ажилдаа ирэхийг сануулж, мэдэгдэл, шаардлагуудыг түүнд хүргүүлж байсан боловч хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ ирж, гүйцэтгээгүй юм. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Д.Э нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ........... ББН-д ажиллаж байх үедээ тэтгэвэрт гарсан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс нягтлан бодогчоор үргэлжлүүлэн ...........ийн эмнэлэгт ажилласан.
Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу Д.Э нь Даваа- Баасан гарагт 8.30-17.00 цагт Өрхийн эмнэлэгт ирж ажиллах үүрэгтэй. Гэтэл тэрээр 2023 оны 09 сарын 20-ны өдөр ээлжийн амралт нь дуусаж ажил үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэж эхлэх ёстой байсан ч ажилдаа ирээгүй.
Иймд ажил олгогчийн зүгээс дараах байдлаар зохих шаардлагыг тавьж, ажилдаа ирэхийг сануулсан. Үүнд: 2023 10.05-2023.10.09 хооронд 6 удаа утсаар, 2023.10.09-2023.10.11 хооронд 2 удаа биечлэн, 2023.10.18-2023.11.07 хооронд 10 орчим удаа мессежээр, 2023.10.19-2023.10.30 хооронд удаа дараа и-мэйлээр, 2023.10.25-2024.01.05 хооронд 3 удаа албан бичгээр.
Гэвч тэрээр энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзаж ирсэн бөгөөд байгууллагын зохих тайланг холбогдох газруудад өнөөдрийг хүртэл өгөөгүй, зохих гүйлгээнүүд хийгдээгүй гэх зэргээр Өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа ноцтой доголдсон.
...Тиймээс .......... -ийн даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар Д.Эгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Д.Эг хүндэтгэх шалтгаангүйгээр 2 өдөр ажилдаа ирээгүй буюу ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. Бидний зүгээс Д.Эг 2023.10.10-наас 2024.01.05-ны өдрийг хүртэл ажлаа хийхийг шаардсан. 2023.10.05-наас 2024.02.02-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй.
Ажлаас чөлөөлсөн тушаалыг Д.Э нь хүлээн аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д 30 хоногийн хугацаанд татгалзлаа илэрхийлэх ёстой. Гэтэл илэрхийлээгүй тул тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.
Д.Эгийн ажил тасалсан, 2023.09.21-ны өдрөөс 2024.02.02-ны өдрийг хүртэл 168 хоног ажил тасалсан тул ажлаас халсан. Тэрээр нягтлан бодогчийн зөөврийн компьютерыг болон байгууллагын бусад өмч хөрөнгө, тайлан баланс зэргийг бүрэн бүтэн хадгалж байгаа гэж найдаж байгаа бөгөөд ажил хүлээлцэхдээ хүлээлгэн өгнө гэж итгэж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Эг хариуцагч .......... -ийн нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоож, .......... -өөс 9,280,286 төгрөгийг гаргуулж Д.Эд олгож, Д.Эгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, төлснийг баталгаажуулахыг .......... -д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Эгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар .......... -өөс 233,634 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Д.Эгийн нэхэмжлэлтэй .......... ББН ("Өрхийн эмнэлэг")-д холбогдох иргэний хэрэг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2024 оны 4 сарын 16-ны өдөр хянан шийдвэрлэгдэж 181/ШШШ2024/01563 тоот шүүхийн ...Шийдвэрийг ИХШХШТХ-н дагуу бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Нэг. Д.Эг 2024.2.2-ны өдөр ажлаас халсан талаар товч
Өрхийн эмнэлэгт нягтлан бодогчоор ажилласан байсан Д.Э нь өрхийн эмнэлгийн даргын тушаалын дагуу 2023 оны 9 сарын 20-ний өдөр ээлжийн амралт нь дуусаж ажилдаа орох үүрэг хүлээсэн...
Д.Э нь хөдөлмөрийн гэрээний дагуу 8.30-17.00 цагт эмнэлгийн эмч, ажилчдын цалинг олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн газарт холбогдох тайланг тухай бүр гаргах, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, худалдан авалтын гүйлгээ хийх зэрэг үүргийг гүйцэтгэдэг. Гэвч ээлжийн амралт нь дууссаны дараа ажилдаа ирэхийг сануулсан ч ажил үүргээ гүйцэтгээгүй.
2023.10-2024.2 сар хүртэл нийт 30 орчим удаа утсаар, мессежээр, и-мэйлээр, албан бичгээр мэдэгдэж, зохих ёсны шаардлагыг хүргүүлсэн. Ажлын компьютер, тайлангийн системийн нууц үг гээд бүх хэрэгсэл нь өөрт нь байсан, түүнчлэн ажлын өрөөнд нь нярав хамт суудаг бөгөөд сандал ширээ нь ч байрандаа одоо ч байгаа...
Энэ хугацаанд 2023.10.9-нд ажлаа өгөх гэж очсон, ир гээд залгаад байсан гэж ирээд гарсан, 2023.10.11-нд зариг.мн дуудаж хууль бус дарга гэж маргаж байгаад явсан, 2023.10.12-нд ирэх үеэр нярав эзгүй байсан тул өрөөгөө онгойлгож чадахгүй байна гээд нээлгүүлж аваад явсан. Тэр үеэс хойш дахиж ажлын байрандаа ирээгүй, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан.
Тиймээс өөрт нь зохих журмын дагуу мэдэгдэж 2024.2.2-ны өдөр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон болно.
Хоёр. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн
Анхан шатны шүүх ажил олгогч нэхэмжлэгчийг 2 удаа ажлаас халсан мэтээр дүгнэсэн. Тодруулбал, 2023.10.10-ны өдөр болон 2024.2.2-ны өдөр.
Эдгээр өдрүүдэд 2 удаа үндэслэлгүйгээр халсан гэж буруутгасан хууль үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.3-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид ажлын байраар хангах, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.6-д ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн.
Мөн тус хуулийн 123.3-г хэрэгжүүлээгүй буюу ажил тасалсан гэх зөрчлийг шалгаж тогтоосон баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж үзсэн.
Гэвч ажил олгогч нийтдээ 30 орчим удаа ажилдаа ирэхийг л сануулж, гуйж, шаардаж байсан. Хамгийн сүүлд 2023.10.12-ны өдрөөс хойш өөрөө нэг ч удаа ирээгүй байхад ажлын байраар хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн ажлын багаж хэрэгсэл нь өөрт нь байхад хангаагүй гэж үзэх нь өрөөсгөл бөгөөд тайлангийн системд чөлөөтэй нэвтэрч, тайлангаа гаргаад ажлаа хийх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрөө субьектив эрхээ хэрэгжүүлээгүй, харин ч уг эрхээ гуйвуулж, ажилтанд давамгай ханддаг гэж харагдаж болохуйц системийг далимдуулж маргаан үүсгэх, ашиг хонжооны сэдэл байсан гэж үзэхээс аргагүй. Нэхэмжлэгч шүүхэд маргах нь илүү ач холбогдолтой байсан уу, ажлаа ирээд хийгээрэй гэхэд нь очоод ажиллах нь чухал байсан уу гэдэг нь тодорхойгүй. Бидний зүгээс маш олон баримтыг хэрэгт өгсөн ч шүүх хараагүй мэтээр шийдвэрээ буруу гаргасан.
Ажил тасалсан гэдэгт хамаарах байгууллагын бараг бүх бичиг баримтыг эх хувиар гаргаж өгч, шүүхэд шинжлэн судлуулсан. Ирц бүртгэлийг хариуцан ажилладаг ажилтныг ч мөн бид гэрчээр дуудаж, мэдүүлэг авхуулсан бөгөөд хэрэгт авагдсан ирц бүртгэлийн хуудсаар ажил тасалсан болох нь тогтоогддог. Гэтэл шүүх ямар баримтыг шүүхэд ирүүлээгүй, ирүүлэх ёстой байсан гэж дүгнэсэн нь маш тодорхойгүй бөгөөд хэт нэг талыг барьж, хэргийг шийдвэрлэсэн болох нь харагддаг.
Түүнчлэн шүүгч 2 удаа ажлаас халсан гэдэг дүгнэлт хийж байгаа нь хуулийг тайлбарлаж хэрэглэж чадаагүй, маргааны мөн чанарыг бүх талаас нь бүрэн бодитой үнэлж, үнэн зөвийг тогтоож чадаагүйг харуулдаг. Хэрэв 2024.2.2-ны өдрийн тушаалыг үнэлж байгаа буюу тушаалын үндэслэл болох ажил тасалсан эсэхийг хянан шийдвэрлэж байгаа бол уг тушаалын хөөн хэлэлцэх хугацаа, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зэргийг шалгаж, дүгнэх ёстой. Гэвч уг тушаалыг ажилтан 2024.2.5-нд шуудангаар авсан бөгөөд 2024.4.16-нд анх удаа шүүх хуралдааны үеэр хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд уг тушаалын Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1-т заасан 30 хоногийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснийг сануулсан ч огт дүгнэлт өгөөгүй.
Гурав. Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй
Дээр дурдсанчлан нэхэмжлэгч чөлөө аваагүй, даргын ээлжийн амралтын тушаал хүчин төгөлдөр байхад 2023.9.20-2024.10.9-ны өдрийн хоорондох хугацааг ажил тасалсан гэж үзэхгүй хэмээн шүүх дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 110.2-т зааснаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй бол цалинг нэмэгдүүлж олгохоор заасан бөгөөд сайн дураараа өөртөө чөлөө өгөөд амрах ойлголт байхгүй...
Мөн шүүх 2023.10.12-нд нэхэмжлэгчийн хаалганы голыг сольсон гэдгээр ажил олгогчийг буруутгадаг. Ийнхүү буруутгахдаа бодит байдлыг бүрэн бодитой үнэлээгүй. Өөрөөр хэлбэл Д.Э нягтлан бодогч, няравтай хамт нэг өрөөнд суудаг бөгөөд нэхэмжлэгч ажилдаа ирэхгүй байсан тул тус ажилтны эрх зөрчигдсөн. Тиймээс Д.Эгийн эрхийг хязгаарлах зорилгоор хаалганы голыг солиогүй, харин онгойлгох зорилгоор цоожийг нээсэн бөгөөд хуучин цоожийг ашиглах боломжгүй учраас шинэ цоож тавьсан. Хаалганы цоож эвдрэх, солих үед түлхүүрээ хувилуулаад л авдаг. Иймд энэ нь аливаа хууль бус, хэн нэгний эрхэнд халдсан үйлдэл огт биш бөгөөд цагдаагийн байгууллага мөн үүнийг нотолдог. Энэ талаар өөрт нь ч мөн тайлбарлаж, албан бичиг хүргүүлэх үедээ дурдаж байсан.
Түүнчлэн удаа дараа албан шаардлага хүргүүлэх үедээ гаднаас нягтлан бодогч түр ажиллуулж цалин олгуулахаас өөр аргагүй байдалд хүрснээ ч мэдэгдэж байсан. Түр ажиллаж байсан нягтлан бодогчийг мөн шүүхэд дуудаж мэдүүлэг авсан бөгөөд эмч ажилчдын цалинг нь олгож тус болох хүсэл зорилготой байсан гэдгээ илэрхийлсэн. Хэрэв байгууллага ийнхүү түр хүн авч ажиллуулаагүй бол өнөөдөр эмч ажилчдаа алдаад татан буугдсан байх байсан. Энэ нь нийтийн эрх ашгийн төлөө буюу учирч болох хохирлыг багасгах зайлшгүй ажиллагаа байсныг бүрэн бодитой тогтоогоогүй. Эсрэгээрээ хүн авч ажиллуулах ёсгүй байсан, өнөөдрийг хүртэл нягтлан бодогчгүй дампуураад байж байх ёстой байсан мэтээр шүүх дүгнэсэн. Өөрөөр хэлбэл бид нэхэмжлэгчийг халаагүй, тушаал гаргаагүй, гэхдээ ажилдаа ирэхгүй байсан учраас хүн гуйж цалингаа тавиулсан гэж тайлбарлаж буйг мушгин гуйвуулсан. Энэ нь Д.Эгийн ажлыг Д.Э л хийх ёстой өөр хүн тэр хүний ажлыг өмнөөс нь хийж өгвөл, тусалбал Д.Эг халсан хэмээн үзнэ гэж байгаатай адил дүгнэлт.
3 талт хорооны тэмдэглэл гэх баримтад ч гомдол гаргагч эвлэрээгүй гэж бичигдсэн буюу нэхэмжлэгчийн хүсэл зориг туйлын тодорхой байдаг.
Гэсэн хэдий ч ажил олгогч 2024.2.2-ны өдөр хүртэл харсан, хүлээсэн бөгөөд цалинг нь зохих ёсоор олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлсөөр л ирсэн.
Дөрөв. Процессын алдаа
Шүүгч гэрчээс мэдүүлэг авах явцад олон удаа гэрчийг тулгаж, хариуцагчийн асуултуудыг хүчээр зогсоох арга барилаар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн.
Тухайлбал, Шүүх хуралдааны тэмдэглэлийн 10-р талд "Та ажил таслах нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зөрчдөг болохыг мэдэх үү" гэхэд шүүгч "Талууд маргааны үйл баримтыг тодруулах асуулт асууя" гэж нэхэмжлэгчийн өмнөөс хариулж, асуултын хариултыг өгүүлээгүй.
Тус тэмдэглэлийн 14-р талд мөн гэрчээс ажил тасалсан чөлөө өгөөгүй гэж Баасанням өөрөө хэлсэн юм уу гэхэд тийм гэж хариулсан бөгөөд нэг дор уг асуултаа 3-4 удаа давтаж тулгасан. 15-р талд гэтэл 9-нд даргатай уулзаад гарсан, 10-нд огт ирээгүй, 11-нд зариг.мн дуудаж маргалдаж байгаад явсныг бүртгэх боломжгүй гэж гэрч хэлсээр байхад 10.9, 10, 11-нд ажилдаа ирсэн юм биш үү ирц дээр бүртгэх ёстой байсан биз дээ гэж асуусан. Улмаар ажил хийгээгүй хүнийг бүртгээгүй, ажлын цагийн дагуу ажлаа хийснийг бүртгэдэг гэж хэлсэн ч маргаан үүсгээд ороод гарсан ч ажлаа хийсэн гэж бүртгэх ёстой гэсэн байдлаар шүүгч асуултуудаа тулгаж асуусан.
Мөн нэхэмжлэгч тал нотлох баримтад үзлэг хийлгэх товлосон цагтаа ирээгүй, гэсэн хэдий ч ирж чадаагүй гэх шалтгааныг нотолсон баримтгүйгээр дахин цаг товлосон нь шүүгч анхнаасаа хэт нэг талыг барьж ажилласныг илтгэдэг.
Түүнчлэн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 3 талт хорооны тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангадаггүй бөгөөд өөр хэргийн баримтын хэсгийг хавсарган өгсөн байдаг.
Үүнээс гадна шүүх шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 158.2.2-р зүйлийг ишилсэн боловч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзвэл тус хуулийн 158.1.1-р зүйлийг хэрэглэх шаардлагатай.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан Шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Эгаас хариуцагч “..........” өвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь “сахилгын зөрчил гаргасан тул ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.
3. Нэхэмжлэгч Д.Эг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч “..........” өвтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан нягтлан бодогчийн ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байхад нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн болон 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан буюу хүндэтгэх шалтгаангүйгээр ажилд ирээгүй гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн эсэх талаар зохигчид маргажээ.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 80 дугаар зүйлийн 80.2-т тус тус зааснаар ажил олгогч нь ажилтныг ээлжийн амралттай байх хугацаанд түүний ажлын байрыг аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд хэвээр хадгалах үүрэг хүлээнэ.
Анхан шатны шүүх хариуцагч “..........” өв нь нэхэмжлэгч Д.Эг ээлжийн амралттай байх хугацаанд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж зөв дүгнэсэн байна.
4.1. Хэрэгт авагдсан хариуцагч “..........” өвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 тоот тушаалаар баталсан ээлжийн амралтын хуваарийн дагуу нэхэмжлэгч Д.Э нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд тэрээр ажилтнуудын цалин хөлс бодож, холбогдох тайлан мэдээг төрийн эрх бүхий байгууллагад хүргүүлэх зорилгоор 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, мөн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан үйл баримтыг хариуцагч нь няцаагаагүй.
4.2. Улмаар нэхэмжлэгч Д.Э нь амралтын хугацаанд ажилласан хоногийг нөхөн амраад 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажилдаа эргэж орохоос өмнө хариуцагч “..........” өвийн дарга нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийг дуудан ирүүлж ажлын өрөөний түлхүүрийн голыг сольж, нэхэмжлэгчид 1 /нэг/ хувь түлхүүрийг хүлээлгэн өгөхгүйгээр ажил, албан тушаалыг нь хийлгэхээс татгалзаж, түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь дуусгавар болгох талаар илэрхийлсэн.
4.3. Мөн хариуцагч байгууллагад нэг нягтлан бодогч ажиллах орон тоотой байхад тус байгууллагын даргын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/32 тоот тушаалаар А.Аыг нягтлан бодогчийн ажилд, албан тушаалд томилж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
4.4. Үүний дараа хариуцагч нь арилжааны банкин дахь дансыг захиран зарцуулах гүйлгээний нэвтрэх эрх болон хоёрдугаар гарын үсгийг солихын сацуу нэхэмжлэгчид ажлаас чөлөөлсөн тухай тушаалаа ирж авахыг зурвасаар мэдэгдсэн байна.
5. Хариуцагч “..........” өв нь нэхэмжлэгч Д.Эгийн ажлын өрөөний түлхүүрийн голыг солиод өөрт нь 1 /нэг/ хувь түлхүүрийг өгөөгүй, өөр этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан, банкны гүйлгээний нэвтрэх эрх болон гарын үсгийг сольсон, нэхэмжлэгчид ажлаас чөлөөлсөн тушаал ирж авах, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа талаар мэдэгдсэн гэх зэргээр нэхэмжлэгчийг ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хязгаарлаж, ажлаас чөлөөлсөнтэй адилтган үзэхээр үйлдлийг гаргажээ.
Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болох ажлын цагийн бүртгэл, зөрчлийн хэргийг хянан шалгасан илтгэх хуудас, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, үзлэг хийсэн баримт, өөр хүнийг ажилд томилсон тушаал, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, холбогдох банканд гарын үсэг солих тухай хүсэлт гэх зэргийг үнэлэн зөв тогтоож, улмаар хариуцагч “..........” өв нь нэхэмжлэгч Д.Эгийн хөдөлмөрийн харилцааг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болгож байгаагаа бичгээр холбогдох тушаалыг гаргаагүй боловч бодит үйлдлээр гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Иймд, хариуцагч нь нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байх хугацаанд үндэслэлгүйгээр ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн байх тул түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгахгүй.
6. Харин хариуцагч “..........” өвийн даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 тоот тушаалд нэхэмжлэгч Д.Эг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн боловч зохигчдын хооронд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр цуцалсантай холбоотой хөдөлмөрийн эрхийн маргаан хянан хэлэлцэгдэж байсан тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
7. Анхан шатны шүүх хариуцагч “..........” -өөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 9,280,286 төгрөг гаргуулж Д.Эд олгож, Д.Эгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, төлснийг баталгаажуулахыг “..........” -д даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцжээ.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/01563 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Б.МАНДАЛБАЯР