| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0205/Э |
| Дугаар | 225 |
| Огноо | 2019-03-07 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г. |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 225
2019 03 27 225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Улсын яллагч:П.Ганбаатар,
Нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,
Шүүгдэгч: Ч.М /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч. Мт холбогдох эрүүгийн 1809051820028 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар
Монгол Улсын иргэн, 1953 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ гудамж 01-51 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Ч.М нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сандаг гэх газраас 88-69 УНА улсын дугаартай Х-Портер маркийн автомашинаар зөвшөөрөлгүйгээр хэрэглээний бөөрөнхий мод 0.3813 м3, хуурай түлээний мод 0.19м3-ыг бэлтгэн, тээвэрлэж байгаль орчинд бодит 52.930 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Шүүхээс ямар ч хариуцлага хүлээлгэсэн хүлээнэ, байгал орчинд учруулсан хохиролоо төлж барагдуулсан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Хүдэр /хх-25х/, гэрч В.Бүрнээбаатар /хх-28/ нарын мэдүүлэг, Нийслэлийн байгаль орчны газрын модны экологи –эдийн засгийн үнэлгээ /хх-45/, яллагдагчаар өгсөн Ч.Мын мэдүүлэг /хх-4/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.М нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сандаг гэх газраас 88-69 УНА улсын дугаартай Х-Портер маркийн автомашинаар зөвшөөрөлгүйгээр хэрэглээний бөөрөнхий мсд 0.3813 м3, хуурай түлээний мод 0.19м3-ыг бэлтгэн, тээвэрлэж байгаль орчинд бодит 52.930 төгрөгийн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.М нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: .
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/
Хохирогч Б.Хүдэрийн “...Байгалиас бэлтгэсэн модны экологи, эдийн засгийн үнэлгээ нь 52.930 төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ хохирлыг нэхэмжилж байна. Хохирол барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр нь Улсын тусгай хамгаалалт бүхий газарт орохгүй юм аа. Тухайн мод бэлтгэсэн “Дунд халзан” гэх газар энгийн бүс юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Гэрч В.Бүрнээбаатарын “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр сарын төлөвлөгөөний дагуу Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сандагийн аманд эргүүл хийж явахад 88-69 УНА улсын дугаартай Х.Портер маркийн цэнхэр өнгийн автомашины тэвшин дээр 2.5 метрийн урттай тайрсан шургаа мод ачсан Ч.М гэх хүнийг саатуулж шалгахад гарал үүслийн гэрчилгээ байхгүй, бэлтгэж тээвэрлэж байсныг тогтоосон. Ч.М гэр хүн надаас мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
Нийслэлийн байгаль орчны газрын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2018/Т-01 дугаартай хэрэглээний бөөрөнхий модны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 0.3813м3х 60.000x1.8=41.180 төгрөг, хуурай түлээний модны 2018ГГ- 02 дугаартай экологи-эдийн засгийн үнэлгээгээр 0.19м3 х 60.000x1.0=11 750 төгрөгийн бодит хохирол учирсан гэх үнэлгээнүүд /хх-ийн 45-46/,
Яллагдагчаар өгсөн Ч.Мын “...би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сандаг гэх газар руу өглөө эрт 08 цагийн орчим өөрийн 88-69 УНА улсын дугаартай Х-Портер маркийн машинаар очоод “Дунд халзан” гэх газраас хатсан хуурай шургаагийг сүхээр цавчиж унагаагаад хөрөөгөөр 2.25 метрээр тасдаж 20 гаруй ширхэг болгож машиндаа ачаад явж байтал байгаль орчны хүмүүс таарч намайг шалгаад гарал үүслийн гэрчилгээ аваагүй байна гээд модыг байгаль орчны хашаанд буулгасан. Миний мод бэлтгэсэн газар энгийн хамгаалалтай газар юм. Би тухайн өдөр мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 4/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.М /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ч.Мыг зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн хэрэглээний бөөрөнхий мод, хуурай түлээний модыг бэлтгэн, тээвэрлэж байгаль орчинд учруулсан шууд хохирлын хэмжээг Байгаль орчны газрын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн модны экологи-эдийн засгийн үнэлгээгээр буюу 0.3813м2*60000 төг =41.180 төгрөг, хуурай түлээний модны экологи эдийн засгийн үнэлгээгээр 0.19м3*60000 төг = 11 750 төгрөгөөр тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрхи байдлаар байгаль орчинд учруулсан шууд хохирлыг 52 930 төгрөгөөр тогтоогдож байна.
Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дахь хэсгийн 1-д ...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно...гэж зааснаар ойн санд учруулсан хохиролд тооцогдох тул ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын нөхөн төлбөрийг учруулсан хохиролыг тооцож, шүүгдэгч Ч.Мын 52 930 төгрөгийн /мод, хуурай түлээний мод/ тус тус 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоосон нь зөв байна.
Харин шүүгдэгч Ч.М нь байгаль орчинд учирсан бодит хохирол болох 158 970 төгрөгийг Нийслэлийн байгаль орчны газрын нөхөн төлбөр аван дансанд тушаасан тул хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан шүүхээс Ч.Мт торгуулийн ял оногдуулах боломжтой байна.
Шүүгдэгч Ч.Мын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрлэв. Харин торгох шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг Ч.Мт тайлбарласныг тэмдэглэвэл зохино.
Шүүгдэгч Ч.М нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 52см урттай төмөр хийцийн сүх 1 ширхэг, 110 см урттай төмөр хийцтэй, модон бариултай гар хөрөө 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 88-69 УНА улсын дугаартай Х-Портер маркийн автомашин, зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод 0.3813м3, хуурай түлээний 0.19м3 мод зэргийг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 88-69 УНА улсын дугаартай Х-Портер маркийн автомашиныг Ч.Мт олгож, зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод 0.3813м3, хуурай түлээний 0.19м3 мод зэргийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ч.м зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мыг 450 нэгж буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мат оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 52см урттай төмөр хийцийн сүх 1 ширхэг, 110 см урттай төмөр хийцтэй, модон бариултай гар хөрөө 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 88-69 УНА улсын дугаартай Х-Портер маркийн автомашин, зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод 0.3813м3, хуурай түлээний 0.19м3 мод зэргийг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 88-69 УНА улсын дугаартай Х-Портер маркийн автомашиныг Ч.Мт олгож, зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод 0.3813м3, хуурай түлээний 0.19м3 мод зэргийг улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасгуай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ