Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01366

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 03 210/МА2024/01366

 

 

 

Ч.Сийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ......1/ШШ2024/01916 дугаар шийдвэртэй,

 

Ч.Сийн нэхэмжлэлтэй,

Ннд холбогдох,

 

Бнаас зохион байгуулсан .......... дүүргийн ...... дугаар хороо .............. байрлах 2 давхар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

.......... дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 117-А дугаар шийдвэрээр Ц.Бээс 44,221,223 төгрөг, С.Эгаас 442,680,627 төгрөгийг тус тус гаргуулж Бөөн цагаан нуур хадгаламж зээлийн хоршооны нэр бүхий хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу Бнаас .......... дүүргийн ...... дугаар хороо, .............. байрлах 97.5 хувийн гүйцэтгэлтэй зуслангийн сууцыг битүүмжлэн хураан авч, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан байна.

 

Тус зуслангийн сууцын тухайн үеийн бодит хэмжээ 84м2 байсан ба иргэн Ч.С миний эзэмшлийн 700м2 газрын зах хэсэг рүү орж баригдсан байхад Б нь Ч.С надад хэлж мэдэгдэлгүйгээр албадан дуудлага худалдааг зохион байгуулж улмаар 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр .......... дүүргийн газрын албанд явуулсан зуслангийн сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээг дуудлага худалдааны ялагчид шинээр гаргуулах гэсэн утгатай 1/0662 тоот албан бичгээ 2012 оны 07 дугаар сарын 10-нд Ч.Сийн 700м2 газрыг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэхээр болгон өөрчилсөн 1/0739 тоотыг дахин илгээж хууль бус ажиллагаа явуулсан байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3-т гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно, 54 дүгээр зүйлийн 1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна., мөн 54 дүгээр зүйлийн 2-т Шийдвэр гүйцэтгэгч хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо, ширхгийг тусгасан жагсаалт үйлдэнэ. гэж тус тус заасан байна.

 

Гэтэл иргэн Ч.С миний эзэмшилд бүртгэлтэй, ...... ................. нэгж талбарын дугаартай, ........... тоот гэрчилгээтэй, 700м2 газрыг шүүхээс хурааж битүүмжилсэн тогтоол байхгүй, газар эзэмшигч намайг албадан дуудлага худалдаанд дуудаж оролцуулаагүй, шүүхийн шийдвэргүйгээр бусдад хууль бусаар шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, тэр дундаа дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

 

Иргэний хуулийн 84-р зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна, 85-р зүйлийн 85.2-т ...байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа, салшгүй бэхлэгдсэн хэсэг газар нь л уг үл хөдлөх эд хөрөнгөдөө хамаарах болохоос түүний бусад орчны хэсэг буюу 616м2 газар \700--84=616\ хамаарахгүй байхад Б нь 84м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг бусдын эзэмшлийн 700м2 газрын хамт дуудлага худалдаагаар худалдсан мэтээр албан бичиг явуулсан нь Ч.С миний газар эзэмших хууль ёсны эрхийг зөрчсөн үйлдэл болсон.

 

Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.1-д хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна, 79-р зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаас үзэхэд миний нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Энэхүү нэхэмжлэлийг гаргаснаар, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд уг эрхийг мөн зүйлд зааснаар эрхийг хүлээн зөвшөөрөх, эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, учруулсан хохирлыг арилгуулах, эдийн бус гэм хорыг арилгуулах, хууль болон гэрээнд заасан анз төлүүлэх, бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох, өөртөө туслах, хуулиар тогтоосон бусад аргаар хамгаалагдах юм гэж заасны дагуу Бнаас газрын албанд явуулсан иргэн Ч.С миний газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн 1/0739 тоот албан бичигт дурдсан Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулсны дүнд иргэн Ч.С миний газар эзэмших эрхийг зөрчихөөс өмнөх байдал сэргэж, учирсан хохирлоо арилгуулах эрх минь сэргэх юм.

 

Иймд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 3-т зааснаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болох иргэн Ч.С миний эзэмшлийн ...... ................. нэгж талбарын дугаартай, ........... тоот гэрчилгээтэй, .......... дүүргийн ...... дугаар хороо, .............. байрлах 700м2 талбай бүхий газартай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хууль бус албадан дуудлага худалдааг хүчингүй болгож иргэн миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

.......... дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 117а дугаартай шийтгэх тогтоолоор Сандагийн Э, Цэвэлмаагийн Б нараас 486,901,858 төгрөг гаргуулж Бөөн цагаан нуур хадгаламж зээлийн хоршооны хохирогч нарт олгохоор шийдвэрлэжээ.

 

Шийтгэх тогтоолд худалдан борлуулж хохирогч нарын хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн .......... дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зуслан, Билгүүний энгэрт байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй 1 давхар мансардтай 97 м.кв талбай бүхий зуслангийн сууц, газрын хамт 2012 оны 05 дугаар сарын ......-ны өдрийн дуудлага худалдаагаар худалдан борлогдсон байна.

 

Нэхэмжлэгч Ч.С нь дуудлага худалдааны ялагч О.Амарбатад холбогдуулан .......... дүүргийн 19 дүгээр хороо Гүнт гудамж, ...... ................. тоот нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг .......... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ......2/ШШ2020/00786 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрсөн байна. Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2012/0230 дугаар тогтоол буюу Бнаас зохион байгуулсан .......... дүүргийн ...... дугаар хороо .............. байрлах 2 давхар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.Сийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05-р сарын 09-ны өдрийн ......1/ШШ2024/01916-р шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

 

Иргэн Ч.С миний бие Н /БХЗХТБАА/-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ "...700м2 талбай бүхий газартай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хууль бус албадан дуудлага худалдааг хүчингүй болгож иргэн миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгнө үү." гэж бичихдээ болон гэдэг үгээр холбон 2 зүйлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Нэг дэх нь газартай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 2 дахь нь хууль бус албадан дуудлага худалдаа.

Гэтэл шүүгч үндэслэл хэсэгтээ зөвхөн Газартай холбоотой үйл баримтуудыг дурдаж "хууль бус албадан дуудлага худалдаа"-тай холбоотой ямар ч үйл баримтыг үнэлж дүгнээгүй байна. Үүнд:

1. Үндэслэл хэсгийн 11 дүгээрт "...нэхэмжлэгчийн эд хөрөнгөтэй холбоотой дуудлага худалдаа явагдаагүй.." хэмээн ташаа дүгнэсэн байна.

2012.05.......-д явагдсан албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан амины орон сууц нь 2006.05.12-ны өдөр Гэрчилгээ нь олгогдоод Төрийн мэдээллийн санд Ч.С, Ц.Одгэрэл, О.Анударь, О.Анужин гэсэн 4 хүний өмчлөлтэй, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр Ү-220210398 улсын бүртгэлийн дугаартай байгаа болно. Уг амины орон сууц нь иргэн Ч.С, С.Э нарын 2005.10.11-нд хийсэн аман хэлцлийг 2006.04.20-д нотариатаар баталгаажуулсны дараа дээрх 4 хүний өмчлөлд шилжсэн байдаг. Иймд дээрх уг амины орон сууцыг Хариуцагч албадан дуудлага худалдаанд оруулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дараах заалтуудыг зөрчсөн байх тул хүчингүй болох бүрэн үндэслэлтэй байгаа юм. Үүнд:

58.1. Улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа, тодорхойлолт гаргуулах "Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн гүйцэтгэх бичиг баримтын шаардлагыг хангахуйц хөрөнгийг олж тогтоох зорилгоор хууль тогтоомжийн дагуу бүртгүүлбэл зохих хөрөнгө, тэдгээрийн эрхийн талаар Улсын бүртгэлийн байгууллагад хандаж лавлагаа тодорхойлолт гаргуулна." энэ заалтыг огт биелүүлээгүй байдаг.

69.1. Дуудлага худалдааг явуулах хугацааг товлосон Ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоолд дараах мэдээллийг тусгана. 69.1.4. Үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн дугаар ямар ч дугаар тусгаагүй

69.2. Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчид дараах баримт бичгийг хүргүүлнэ: 69.2.2. Хөрөнгийн эрхийг нотлох баримт бичиг, 69.2.3. Улсын бүртгэлийн баримт бичгийн хуулбар алийг нь ч хүргүүлээгүй

8. ШШГүйцэтгэх ажиллагаанд хориглох үйлдэл, эс үйлдэхүй: 8.1.6. ШШГүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бусдад ялгавартай хандах, хууль бусаар давуу эрх олгох - Амарбат Мөнхбат гэх ах дүү 2-н дунд дуудлага худалдаа явуулсан байдаг 

2. Үндэслэл хэсгийн 13 дугаарт "...Ч.С нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрээ хийсэн, маргаан бүхий газрын төлбөрийг жил бүр төлж байсан зэрэг үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч хуульд заасан үндэслэл журмын дагуу Ч.Ст газар эзэмших эрх олгох шийдвэр гаргаагүй байна гэж дүгнэн, түүнд олгосон ........... дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэж..." гэжээ. Гэвч энэ нь хариуцагч болох Банк хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын алба-с ЧД-н Газрын албанд явуулсан 2012.07.10-ны 1/0739 дугаартай хууль бус албан бичгийн үр дагавраар 2019 онд үүссэн газрын маргаантай холбоотой миний нэхэмжлэлтэй Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлүүлэх хугацаанд Захирамжид нэр нөхөн оруулах боломжгүй гэсэн хариу өгч байсан ЧД-н Засаг дарга-н эс үйлдэхүй-тэй холбоотой 2022 онд шийдвэрлэгдсэн хэрэг болохоос биш 2012.05.......-д явуулсан албадан дуудлага худалдааны үеэр тухайн газар нь Төрийн мэдээллийн санд Ч.Сийн эзэмшилд бүртгэлтэй байсныг ЧД-н ИХАШШ-с томилсон Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Уг шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг Шүүхэд 2023.06.08-нд гаргасан боловч хүсэлтийг хүлээн авсан ч нотлох баримтыг гаргуулж өгөөгүй. .......... дүүргийн 2005 онд ажиллаж байсан бичиг хэргийн ажилтнуудын ажлын хариуцлагагүй хайнга байдлаас нэрийг минь орхигдуулсан асуудал байсан бөгөөд хэрэв би шүүхэд нэхэмжлэл гаргаагүй энгийн үе-д байсан бол нэр нөхөн оруулах бүрэн боломжтой байсан болно. Шүүгч энэ асуудлыг цаг хугацааны хувьд нягтлан шалгаж бодитой үнэлээгүй гэж үзэж байна.

 

Иймд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй, дуудлага худалдаанд орсон амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг үнэн зөв бодитой үнэлж бүрэн дүгнэлт гаргаагүй болохыг дурдсан дээрх үндэслэлүүдийг хянан хэлэлцээд СБД-н ИХАШШүүхийн 2024.05.09-ны 01916-p шийдвэрийг хүчингүй болгож Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж БХЗТБАА-ны 2012.05.......-ны "хууль бус" албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ч.Сээс хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс хүлээн зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар .......... дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 117а тоот шийтгэх тогтоолоор С.Э, Ц.Б нараас 486,901,858 төгрөг гаргуулж Бөөн цагаан нуур хадгаламж, зээлийн хоршооны хохирогч нарт олгохоор шийдвэрлэсний дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн .......... дүүрэг, 19 дүгээр хороо, Гүнтийн зуслан, Билгүүний энгэрт байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй 1 давхар мансардтай 97 м.кв талбайтай хувийн сууцыг 2012 оны 05 дугаар сарын ......-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдаагаар О.Амарбатад худалдан борлуулжээ.

 

Гэтэл Ч.С, Ц.Одгэрэл, О.Анударь, О.Анужин нар .......... дүүрэг, ...... дугаар хороо, Гүнт гудамж, 2394 тоот хаягт байрлах Ү-2202010398 тоот улсын бүртгэлийн дугаартай 84 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өмчилдөг талаарх баримт авагдсан байхад анхан шатны шүүх үүнийг тодруулаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, тухайн үл хөдлөх хөрөнгүүд давхцаж байгаа эсэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгө битүүмжлэх үед энэхүү хөрөнгийн өмчлөгч нь чухам хэн байсан, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь албадан дуудлага худалдаанд оруулахаас өмнө өмчлөгч хэн болохыг тодруулсан эсэхийг тогтоох нь хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

 

4. Мөн маргаж буй үл хөдлөх хөрөнгийн бусад өмчлөгч нарыг төлөөлж Ч.С нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, эдгээр хүмүүс хэзээ, хэрхэн өмчлөгч болсон, одоо өмчлөх эрх нь хэвээр, аль эсхүл дуусгавар болсон гэх зэргийг тодруулах шаардлагатай.

 

5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1/0738 тоот болон 1/0739 тоот албан бичгээр тус тус .......... дүүрэг, .............. байрлах 700 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг уг газар дээр баригдсан 97 м.кв талбайтай зуслангийн сууцыг худалдан авсан О.Амарбатад шилжүүлэхийг тус дүүргийн газрын албан болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэж байжээ.

 

Нэхэмжлэгч Ч.С нь тухайн газрын эзэмшигч байсны хувьд дээрх үйлдлийг эс зөвшөөрч хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан нэгж талбарын ...... ................. тоот дугаартай 700 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай энэхүү үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх үүнийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

 

Тодруулбал, анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр .......... дүүрэг, ...... дугаар хороо, .............. байрлах 2 давхар үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргаж, харин нэхэмжлэгч нь хариуцагчийн тус газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхийг мэдэгдсэн үйлдлийг хууль бус гэж маргасан байхад нэхэмжлэлийн уг шаардлагыг тодруулаагүй, улмаар талуудыг мэтгэлцүүлээгүй байна.

 

6. Хэдийгээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2022/0209 тоот шийдвэрээр .......... дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ч.Ст олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон боловч нэхэмжлэгч нь тус газрын эзэмших эрхийг шилжүүлэхийг мэдэгдсэн хариуцагчийн үйлдлийг хууль зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Өөрөөр хэлбэл, 2012 оны 05 дугаар сарын ......-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдаагаар тухайн газар эзэмших эрхийг худалдаагүй боловч хариуцагч нь ямар үндэслэлээр газрын эзэмших эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэхийг төрийн эрх бүхий байгууллагад мэдэгдэх үйл ажиллагаа явуулсан нь зохигчдын маргааны зүйл болсон байхад шийдвэрлээгүй байна.

 

7. Иймд, дээр дурдсан зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ......1/ШШ2024/01916 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР