Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
Хэргийн индекс | 103/2024/00055/И |
Дугаар | 210/МА2024/01391 |
Огноо | 2024-07-05 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2024/01391
2024 07 05 210/МА2024/01391
Н ХХК-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 103/ШШ2024/00284 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Н ХХК-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б ХК-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 38,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Манай компани хариуцагч Б ХК-тай 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж 38,500,000 төгрөгийн үнэ бүхий ЭШ- 10/70 явахын редукторын араа 1 ширхгийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн. Талуудын байгуулсан гэрээний 5.1-т зааснаар барааны үнийг дансанд шилжүүлэх эсвэл нүүрсээр төлөх ёстой байсан бөгөөд хариуцагч нь төлбөрийг төлөхгүй удаасаар байсан тул төлбөрийг нүүрсээр авах хүсэлтийг өгсөн боловч хариуцагч нь нүүрсээр өгөх боломжгүй гэсэн. Бид хариуцагчид удаа дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд төлбөрийг авах талаар албан бичиг өгч, биеэр очиж уулзаж байсан боловч хариуцагч нь нэг ч төгрөгийн тооцоог төлж барагдуулаагүй учир 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Б ХК-ийн нягтлан бодогч н.Эрдэнэчулуунтай уулзахад танай компанид 2018 оны 12 дугаар сард 12 вагон, 2019 оны 01 дүгээр сард 4 вагон, нийт 16 вагон нүүрс гаргаж, тооцоог хаасан гэж хэлсэн.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас ямар ч нүүрс аваагүй тул тухайн асуудлаар санхүүгийн хэлтсийн дарга Д.Бтой холбогдоход Танай компанийн хүн гээд нэг хүн ирээд эхнэрийн бие муу гээд гуйгаад суугаад байхаар нь өгчихсөн. Танай компанийн хүн биш гэдгийг яаж мэдэх юм, гуйгаад байхаар нь зүгээр өгчихсөн. н.Б гэж хүн авсан танайхтай одоо тооцоо байхгүй, шүүх, цагдаагаараа яв гэсэн хариу өгсөн. Ингээд хариуцагч нь огт танихгүй Г.Б гэх хүнд нүүрсийг өгсөн байсан тул 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ба гомдлын дагуу Эрүүгийн ...................... дугаартай хэрэг үүсээд Авлигатай тэмцэх газарт хэрэг хянан шалгах ажиллагаа явагдсан. Манай компанийн зүгээс Б ХК-тай л Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба албан тушаалтнууд хууль зөрчсөн эсэх нь тусдаа шийдэгдэх асуудал тул гэрээгээр тохиролцсон 38,500,000 төгрөгийг иргэний эрх зүйн гэрээний маргаан гэж үзэж шүүхэд хандахаар болж хохирогчоор тогтоох тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан.
Уг хүсэлтийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын 4/3227 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар Д.Нийг хохирогчоор тогтоосон шийдвэрийг хүчингүй болгосон тухай мэдэгдсэн. Ийнхүү тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл явагдахад Н ХХК буюу төлөөлөн Д.Нийг хохирогчоор тогтоосон байсан тул Б ХК-иас иргэний журмаар гэрээний төлбөрийг гаргуулах боломжгүй байсан.
Харин 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4/3227 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар эрүүгийн хэргийн улмаас хохирогчоор тогтоосон шийдвэрийг хүчингүй болгосноор иргэний журмаар Худалдах, худалдан авах гэрээ-ний үүргээ шаардах боломжтой болсон тул 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээний үүрэгт хариуцагч Б ХК-иас 38,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Н ХХК-иас манай компанид 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 23 тоот албан бичгээр төлбөрийг нүүрсээр авах хүсэлт явуулсан байсан. Тухайн хүсэлтийн дагуу манайх 2018 оны 12 дугаар сард 12 вагон, 2019 оны 01 дүгээр сард 4 вагон, нийтдээ 16 вагоныг нэхэмжлэгч компани руу зарлагын баримт гаргаж төмөр зам руу шилжүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар Н ХХК-ийн регистрийн дугаар, хаягийг тодорхой зааж өгсөн байсан. Тэгэхээр энэ нь нэг талаараа хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлэх маргаанаар эрх нь нөгөө талд шилжсэн гэсэн эрх зүйн маргаантай байгаа, ерөнхийдөө манай компани нь төлбөрийг нүүрсээр төлж барагдуулсан. Хариуцагч талын дотоод асуудалд үл ойлголцол гарсан байх, манай компаниас биш н.Б, Б нараас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэлийг гаргавал илүү зохимжтой байх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б ХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 38,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 350,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-нд олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
1. Шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн үндэслэлдээ Иргэний хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу Б ХК нь Улаанбаатар төмөр замын Б өртөөнөөс нүүрсийг илгээсэн боловч ачаа олгосон тухай тэмдэглэл, хүлээн авсан хэсэгт ямар нэгэн гарын үсэг тэмдэглэл хийгдээгүй, Б ХК нь нэхэмжлэгчид нүүрс илгээсэн талаар мэдэгдээгүй тул Иргэний хуулийн 211.1 дэх хэсэгт зааснаар Н ХХК-нд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзсэн. Б ХК нь Улаанбаатар төмөр замын Б өртөөгөөр нүүрсийг илгээхдээ Улаанбаатар төмөр замын №907333 тоот орлох падаанд Н ХХК рүү нүүрс илгээхэд шаардлагатай мэдээллийг өгсөн тул Иргэний хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д Гэрээ ёсоор худалдагч эд хөрөнгийг тээвэрлэгчид шилжүүлсэн бөгөөд тухайн эд хөрөнгөд ямар нэгэн таних тэмдэг буюу бусад хэрэгслээр тэмдэглэл хийгээгүй бол түүнийг илгээсэн тухай худалдан авагчид мэдэгдэж, ачааны дэлгэрэнгүй жагсаалтыг илгээх үүрэгтэй гэж заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч С.Бгийн мэдүүлэгт Би Б ХК-нд өгсөн сэлбэгийн төлбөрт Б ХК мөнгө санхүүгүй удах төлөвтэй болохоор нь нүүрсээр тооцоо хийх боломжтой юм байна гэж бодоод Н ХХК-иас албан бичиг хийлгэж би Б ХК-нд хүргэж өгөх гэж байгаад замдаа Г.Бтой таксинд тааралдаад Б ХК-иас сэлбэгийн мөнгөний оронд нүүрс авах гэж байгаа талаараа ярьсан Г.Б надаас нүүрсийг нь зараад өгье гээд гуйгаад байхаар нь би шийдтэй хариу өгөөгүй" гэх хэсэг, Г.Б нь надаас болон Н ХХК-нд мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр сэлбэгийн төлбөрийн оронд авах нүүрсийг авсан над руу сүүлд залгаад би Баас нүүрсийг чинь авсан, зараад мөнгийг нь бага багаар нь өгнө гэхээр нь чи найдвартай юм хийгээрэй гэж хэлсэн" гэх хэсгээс дүгнэхэд Н ХХК нь гэрээний дагуу Б ХК-нд сэлбэг нийлүүлэхдээ иргэн С.Бгийн өмчлөлийн сэлбэгийг өөрийн өмчлөлийн сэлбэгийн хамт нийлүүлсэн болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Н ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан үүргээ биелүүлээгүй улмаас Н ХХК-тай хамтарч Б ХК-нд сэлбэг нийлүүлсэн гэх иргэн С.Б нь бидний илгээсэн нүүрсийг Г.Б гэдэг хүнээр дамжуулан хүлээн авч, 143 худалдан борлуулсан үйл баримт тогтоогдож байна.
3. Гэрчийн мэдүүлэгт дурдсаны дагуу Н ХХК нь С.Бд Б ХК-д хандсан албан бичгийг хийж өгсөн байгаа нь Н ХХК болон Г.Б нар холбоо хамааралтай этгээдүүд бөгөөд хамтарч Б ХК-нд сэлбэг нийлүүлсэн болохыг нотлож байна. Мөн Н ХХК нь С.Бтай холбоо хамааралгүй гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
4. Н ХХК нь Б ХК-ийн илгээсэн нүүрсийг хүлээн аваагүй, нүүрс илгээснийг мэдээгүй байх боломжгүй юм. Учир нь, Н ХХК нь төлбөр барагдуулах албан бичгүүдийг удаа дараа Б ХК-нд хүргүүлдэг байсан бөгөөд зарим албан бичгийг С.Бгаар дамжуулан хүргүүлдэг байсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Хамгийн сүүлд нэхэмжлэгчээс ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Х/23 тоот албан бичгийг үндэслэн Б ХК нь нүүрсийг илгээсэн. Үүнээс хойш 1 жилийн хугацаанд Н ХХК-аас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан албан бичиг ирж байгаагүй тул Б ХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээ дуусгавар болсон гэж үзсэн.
5.Нэхэмжлэгч Н ХХК нь Б ХК-ийн илгээсэн нүүрсийг иргэн С.Б болон Г.Б нараар дамжуулан хүлээн авч, худалдан борлуулж, ашиг орлого олоод, удаан хугацааны дараа хамтарч сэлбэг нийлүүлсэн С.Бг танихгүй, мэдэхгүй мэт дүр үзүүлэн дахин гэрээний үнийг шаардаж буйг хүлээн зөвшөөрөхгүй болно.
6.Нэхэмжлэгч Н ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Д.Н нь Б дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гомдол болон Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг Н ХХК-ийг төлөөлж Н.Пүрэвдорж байгуулсан ба бид Н ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулан хамтран ажилласан болохыг хожим мэдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н ХХК нь Б ХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхийг Н.Пүрэвдоржид олгосон тухай итгэмжлэл, эсхүл төлөөллийг хүлээн зөвшөөрсөн тухай холбогдох баримт бичгийг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
7. Хариуцагчийн зүгээс Улаанбаатар төмөр замын Б өртөөнд хүлээн авагч Н ХХК-ийн мэдээллийг өгч, нүүрсийг илгээсэнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн ба хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч С.Бгийн мэдүүлгээр Н ХХК болон С.Б нь холбоо хамааралтай этгээдүүд бөгөөд бидний илгээсэн нүүрсийг хүлээн авч худалдан борлуулсан үйл баримт тогтоогдсон байхад шүүх нь Н ХХК болон С.Б нарын холбоо хамааралгүй этгээдүүд мөн эсэхийг тогтоогоогүй, нэхэмжлэгч нүүрс хүлээн аваагүй гэдгээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн зүгээс төлөөлөх эрхгүй этгээд хариуцагчтай гэрээ байгуулсан, Б ХК-нд нийлүүлсэн сэлбэг нь гуравдагч этгээдийн өмчлөлийн хөрөнгө байж болзошгүй зэрэг зөрүүтэй нөхцөл байдалд, нотлох баримтууд хангалттай цуглараагүй байхад хэрэгт авагдсан дутуу нотлох баримтуудад үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд, Н ХХК-ийн нэхэмжлэлтэй Б ХК-нд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 38 500 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт гарсан Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 103/ШШ2024/00284 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Норлин Очир ХХК хууль ёсны төлөөлөх эрхтэй этгээд байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хэн алинаас шинээр нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд хүсэлт байгаагүй. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргасан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Н ХХК-иас хариуцагч Б ХК-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 38,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх бүхий этгээдэд зохих нүүрсийг хүлээлгэн өгсөн гэсэн үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаар Н ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б ХК-тай худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж 38,500,000 төгрөгийн үнэ бүхий ЭШ-10/70 явахын редукторын араа-г худалдахаар харилцан тохирсон байна.
Энэхүү үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
4. Нэхэмжлэгч Н ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Б ХК-нд 1 ширхэг редукторын арааг хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй боловч гэрээний үнийг төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.
5. Хариуцагч Б ХК-иас 2018 оны 12 дугаар сард 12 вагон, 2019 оны 01 дүгээр сард 4 вагон, нийтдээ 16 вагон 39,950,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсийг Улаанбаатар төмөр замын Б өртөөнд хүлээн авагчаар Н ХХК-ийг тодорхойлж ачуулсан боловч тухайн ачуулсан нүүрсийг тус компани хүлээн аваагүй болох нь эрүүгийн хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгсөн Н ХХК-ийн төлөөлөгч Д.Н, гэрчээр мэдүүлэг өгсөн Б ХК-ийн санхүү эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Д.Б болон нүүрсийг хүлээн авсан гэх Г.Б, С.Б нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Б ХК-нд нүүрсийг хүлээн авах этгээдээр анхнаасаа Г.Б, С.Б нарыг нэрлэн заагаагүй учир анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасныг үндэслэн хариуцагчийг эрх бүхий этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
6. Мөн Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ гэж зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийг С.Бгийн хамт ЭШ-10/70 явахын редукторын араа-г хамтран худалдсан үүрэг гүйцэтгүүлэгч гэж дүгнэх боломжгүй байна.
Учир нь, зохигчдын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гагцхүү Н ХХК болон Б ХК нар байгуулсан бөгөөд С.Бг худалдагч гэж, мөн Г.Бийг худалдагч компанийг төлөөлөх эрхтэй эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, С.Б нь редукторыг хүлээлгэн өгсөн баримтад гарын үсэг зурсныг түүнийг төлөөлөх эрхтэй болон хамтран үүрэг гүйцэтгүүлэгч гэж үзэхгүй.
7. Зохигчдын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч Н ХХК-ийг төлөөлж захирал Н.Пүрэвдорж байгуулсан ба тэрээр эрүүгийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ өөрийгөө тухайн компанийн гүйцэтгэх захирал гэснийг тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Н нь үгүйсгээгүй байна.
Иймд, тухайн худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлыг хүлээн авахгүй.
8. Анхан шатны шүүх хариуцагч Б ХК-аас 38,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-нд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь шаардах эрхтэй хамааралгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд залруулна.
9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 103/ШШ2024/00284 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Б.МАНДАЛБАЯР