Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 00139

 

 

                                   Ж.Сайнбаярын нэхэмжлэлтэй

                                         иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 760 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ж.Сайнбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Оюумаад холбогдох

“6.750.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгч Ж.Сайнбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дарьбазар

Хариуцагч Ч.Оюумаа

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Сайнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Ч.Оюумаа нь хоёр удаагийн зээлийн гэрээгээр 3.000.000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 14-нийг хүртэл зээлийн гэрээ байгуулан авсан. 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл сунгаад, 10 дугаар сарын 14-ний хүү төлөөд, зээл бүтэхээр бүх мөнгийг хүүтэй нь өгнө гэсээр өдий хүрлээ. 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 07-ний өдөр хүртэл алданги 174 хоногийн 2.610.000 төгрөг болж байгаа боловч үндсэн мөнгөний 50 хувиас хэтрүүлэхгүй алданги тооцно гэсэн хуулийн заалтын дагуу үндсэн мөнгө 3.000.000 төгрөг, алданги 1.500.000 төгрөг нийт 4.500.000 төгрөг. Мөн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 1.500.000 төгрөгний хүү төлөөд 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл дахин сар сунгасан. Хүүг нь төлөөд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 07-ний хооронд алданги 176 хоногийн 1.320.000 төгрөг болж байгаа боловч үндсэн мөнгөний 50 хувиас хэтрүүлэхгүй хуулийн заалтын дагуу үндсэн мөнгө 1.500.000 төгрөг, алданги 750.000 төгрөг нийт 2.250.000 төгрөг болж байгаа бөгөөд нийт хоёр гэрээний үндсэн мөнгө алданги 6.750.000 төгрөгийг нэхэмжилж байсан. Нэхэмжлэл шүүхэд гаргасны дараа 1.000.000 төгрөг өгсөн одоо үлдэх 5.750.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ч.Оюумаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2 удаагийн зээлийн гэрээгээр мөнгө зээлж авсан нь үнэн. 3.000.000 төгрөг 2015 оны 07 дугаар 14-ний өдөр аваад 2015 оны 08 дугаар сарын 14, 09 дүгээр сарын 14, 10 дугаар сарын 14.11 дүгээр сарын 14-ний өдөр нийт 4 удаагийн хүү 360 000x4=1.440.000 төгрөгтөлж байсан. 11 сараас эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 2016оны01 дүгээр сард ажилдаа орсон. 11 сараас хойш хүү их болж төлж чадахгүйд хүрээд өдийг хүргэсэн.

2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1.500.000 төгрөг аваад 2015 оны 08 дугаар сарын 16, 9 дүгээр сарын 16, 10 дугаар сарын 16, 11 дүгээр сарын 16-ны өдөр нийт 4 удаагийн хүү сарын 180 000x4= 720.000 төгрөг үүнээс 40.000 төгрөг дутуу өгсөн. Хүүнд 680.000 төгрөг төлсөн. 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Одоогийн байдлаар энэ гэрээнд 1.680.000 төгрөг бэлнээр төлсөн. 3.500.000 төгрөг төлөх саналтай байна. Мөн алдангийг 50 хувиар биш 20, 30 хувиар өгөх боломжтой гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 760 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Оюумаагаас 5.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сайнбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 122.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Оюумаагаас 94.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сайнбаярт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Сайнбаяр давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх “... Хоёр зээлийн гэрээгээр зээлдэгч Ч.Оюумаа нийт 4.500.000 төгрөг хүлээн авсан ба хүүний төлбөрт 1.580.000 төгрөгийг Ж.Сайнбаярт төлсөн. Нэхэмжлэгч Ж.Сайнбаяр зээлийн гэрээг сунгах хүсэлтийг хариуцагч гаргасан тул сунгаж 10 дугаар сарын хүүний төлбөрт 540.000 төгрөг авахаас 500.000 төгрөг авсан гэсэн тайлбар нь хуулийн дээрхи зохицуулалтанд нийцэхгүй байх тул 500.000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж, алдангийн хамтаар хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд зээлийн гэрээний хугацаа сунгасан талаар бичгээр байгуулсан хэлцэл байхгүй энэ талаар хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байх тул зээлийн гэрээг сунгасан гэж үзэх үндэслэлгүй байна... хариуцагч Ч.Оюумаагаас 5.000.000 \зээлийн төлбөрт 4.500.000-500.000=4.000.000 төгрөг алданги 2.000.000 төгрөг, гүйцэтгэсэн үүрэг 1.000.000 төгрөг, 4.000.000+2.000.000-1.000.000=5.000.000\ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сайнбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна...” гэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан, дэндүү хийсвэр дүгнэлт болжээ.

“ ... Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно...мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д заасан өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй ба гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж хуульчилсан...” гэж шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт заасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн шатанд Ч.Оюумаа 1.000.000 төгрөг төлсөн тул 5.750.000 төгрөг болгож багасгасан байгаад дүгнэлт хийгээгүй бөгөөд үлдэх 750.000 төгрөгийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож байгаа нь шударга бус байна. Тодруулбал: Хоёр зээлийн гэрээгээр зээлдэгч Ч.Оюумаа нийт 4.500.000 төгрөг авсан гэдэгтээ маргаагүй. Ч.Оюумаа 1.580.000 төгрөг хүүний төлбөрт төлсөн гэх боловч энэ тухай нотлолж чадаагүй юм. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн дагуу хүүтэй нь тооцож, алданги тооцох байсан ч шаардлагаа зөвхөн зээлж авсан 4.500.000 төгрөгөөс тооцсон.Энэ тооцоололд зээлийн гэрээг сунгасан эсэх асуудал огт хамааралгүй байхад хүүнд өгсөн 500.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч байгаа нь Иргэний хуулийн Зээлийн гэрээний зохицуулалттай тохирохгүй ба шударга үнэнд нийцсэн шийдвэр болж чадсангүй.

Иймд хэргийн тал бүрээс нь нягтлан үзэж, үндэслэлгүй нэхэмжэлэлийн шаардлагаас 750.000 төгрөг хэрэгсэхгүй болгосон байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.03-ны өдрийн 142\ШШ2016\00760 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-р заалтанд өөрчлөлт оруулж, хариуцагч Ч.Оюумаагаас 5.000.000 төгрөг гаргуулж гэснийг 5.750.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сайнбаярт олгож, гэж өөрчилж өгнө үү гэжээ.

                                           ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Сайнбаяр зээлийн төлбөр 6750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ч.Оюумаагаас зээл, алданги нийт 5.000.000 төгрөг гаргуулж, 1750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Оюумаа үндсэн зээл 3500.000 төгрөг, алдангийг зохих хэмжээгээр багасгаж төлнө гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ж.Сайнбаяр 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 1.500.000 төгрөг, 23 ны өдөр 300000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн дүнгээр 0.5 хувийн алданги төлөхөөр тохирч нийт 4.500.000 төгрөгийг зээлж авсан болох нь хэрэгт авагдсан зээл болон барьцааны гэрээний хуулбар, зохигчдын гаргасан тайлбараар батлагдаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн татгалзлыг нотлох үүргийг хариуцагчид хариуцуулж Ч.Оюумаа зээлийн төлбөрт нэхэмжлэгчид нийт хэдэн төгрөг төлснөө нотолж чадаагүй тул үндсэн зээл 4.500.000 төгрөг, гэрээнд заасны алдангийг төлөх ёстой гэсэн дүгнэлт хийсэн нь зөв байна.

 Харин хариуцагч Ч.Оюумаа нэг сарын хүү 540.000 төгрөг өгөх ёстой байснаас 500.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1.000.000 төгрөг өгсөн, нэхэмжлэгч Ж.Сайнбаяр зээлийн хүүд 500.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 1.000.000 төгрөг хариуцагчаас авсан гэж тайлбарлаж энэ талаар талууд маргаагүй байхад шүүх 500.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, үндсэн зээл 4.000.000 төгрөгнөөс алдангийг 50 хувиар тооцсон нь буруу байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Ч.Оюумаа зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл 4.500.000 төгрөг, алданги 2.250.000 төгрөг нийт 6.750.000 төгрөг төлөхөөс нэхэмжлэгчид өгсөн 1.500.000 төгрөгийг хасч хариуцагчаас зээлийн төлбөрт нийт 5.250.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Ж.Сайнбаярын гаргасан “ хариуцагчаас 5750.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 760 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Ч.Оюумаагаас 5.250.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сайнбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “...94.950 төгрөг гэснийг “98.950 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.Сайнбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ё.БЯМБАЦЭРЭН

                                       ШҮҮГЧИД                                  Б.БАТТӨР

                                                                                          Б.ОЮУНЦЭЦЭГ