Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00326

 

  М.Уранбилэгийн нэхэмжлэлтэй,

 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2016/00890 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 122 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : М.Уранбилэг

Хариуцагч : ВишнФанд ББСБ ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, 2016.01.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2016.5.10-ны өдрийн  мэдэгдэл болон 2016.6.27-ны өдрийн  Е16/06/10 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Уранбилэг, түүний өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар  оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг 2 удаа ажилд эгүүлэн томилох  шийдвэр гарсан боловч  ажилд эгүүлэн авахгүй тул  шийдвэр гүйцэтгэлийн албанд хандаж  ажилдаа эргэн орж байсан.  Гэвч хууль нь ирж, Сэлэнгэ салбарыг татан буулгаж таныг ажлаас халах болсон  гэж мэдэгдлийг 2016.5.10-ны өдөр надад өгсөн. Мэдэгдэл өгснөөс хойш 2 хоногийн дараа буюу 2016.5.12-ны өдөр салбарын захирал миний сейфийг  онгойлгож, миний ажлыг надад мэдэгдэлгүйгээр хүлээж авсан. 2016.6.27-ны өдрийн өглөө хуульч ирээд намайг дуудаж ажлаас чөлөөлөх тушаал өгсөн. Намайг ажил хийлгэхгүй гэсэн зорилгоор мэдэгдэл өгөөд ажилд очуулаагүй ажлыг 2016.5.12-ны өдөр хүлээж авсан.  Энэ компани Сэлэнгэ салбараас ганцхан намайг халсан,  Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, 2016.01.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2016.5.10-ны өдрийн  мэдэгдэл болон 2016.6.27-ны өдрийн Е16/06/10 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргаж байна. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Уянга нь Вишнфанд ББСБ ХХК-ийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий этгээд биш тул энэхүү мэдэгдэл нь хууль зүйн хүчин чадалгүй, эрх зүйн баримт бичиг нь хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзэхгүй. 2016.01.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Вишнфанд ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Уянгын гарын үсэг бүхий, 2016.5.10-ны өдрийн огноотой Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хууль зөрчсөн мэдэгдэл болохыг тогтоож хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож зохих бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2016.4.29-ний өдрийн шийдвэрээр байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй болгон, гүйцэтгэлийг сайжруулж, компанийн зардлыг бууруурлах зайлшгүй шаардлагын үүднээс компанийн бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт оруулж, шаардлагатай шийдвэр гаргаж ажиллах үүрэг, чиглэлийг төлөөлөн удирдах зөвлөлд өгсөн бөгөөд Сэлэнгэ аймаг дахь салбарыг татан буулгаж, холбогдох эрх бүхий байгуулагын бүртгэлээс хасуулах шийдвэрийг 2016 оны №06/16 дугаар шийдвэрээр гаргаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг хариуцагчийн гүйцэтгэх удирдлагад даалгасан. Сэлэнгэ аймаг дахь салбарын ажилчид болох захирал Б.Оюунбилэг, нягтлан бодогч албан тушаалтай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 45 хоногийн өмнө буюу 2016.5.10-ны өдөр хүргүүлсэн. Сэлэнгэ салбарын захирал Б.Оюунбилэг нь 3 хүртэлх насны хүүхэдтэй ба Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас халахыг хориглосон тул өөр ажилд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр гүйцэтгэх захирлын 2016.6.27-ны өдрийн №Е16/06/10 дугаар тушаалаар цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрт заасан ажил хүлээлцэх өдөр буюу 2016.6.27-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь салбарын ажлын байранд нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг гардуулан өгч ажлаа хүлээлцэх, салбарын нягтлан бодогчийн хувьд өөрт нь хадгалагдаж байгаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хүссэн боловч нэхэмжлэгч нь ажил хүлээлцэхээс эрс татгалзан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг гардаж авсан. Түүнчлэн, нэхэмжлэлд дурдсан зарим үйл баримтууд нь бодит байдалтай нийцэхгүй байгааг энд дурдах нь зүйтэй. Мөн 2016.01.01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хариуцагч талын удирдлагаас эрх олгосны дагуу Э.Уянга нь хариуцагч талыг төлөөлөн гарын үсэг зурсан бөгөөд энэ нь Иргэний хууль болон холбогдох бусад хуулийн дагуу үйлдэгдсэн тул Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ./хх 72/

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2016/00890 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар М.Уранбилэгийг Вишнфанд ББСБ ХХК-ийн Сэлэнгэ салбарын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.064.825 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2016.5.10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, 2016.01.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар М.Уранбилэгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Вишнфанд ББСБ ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Вишнфанд ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 47.987 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 122 дугаартай магадлал гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2016/00890 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй гэж М.Уранбилэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2, 40.5 дахь заалтуудыг хэрэглэх ёстой байсныг хэрэглээгүйн улмаас ажилтан миний эрх ашиг хохирч байна. Мэдэгдэл өгөөд 2 хоногийн дараа буюу 2016.5.12-ны өдөр миний ажлыг надад огт мэдэгдэлгүйгээр шууд авсан үйлдэл нь намайг тус өдөр ажлаас минь хууль бусаар халсан явдаг гэж үзэж байна. Анхнаасаа ингэж хууль зөрчсөн тул үүний дараа нь гарсан ажлаас халсан тушаал дагалдаад хууль бус гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх зөвхөн хариуцагч компанийн салбар татан буугдсан гэх талаар л анхаарсан. Хариуцагчийн тайлбарт мөн мэдэгдэл өгөх, ажлаас халах тухайн үед салбар татан буугдаагүй байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн, мөн салбар хуулийн этгээд биш атлаа Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн дагуу хуулийн этгээд татан буугдсан гэж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.2-т заасан заалтыг давж заалдах шатны шүүх хэрэгжүүлээгүй, ямар заалт буруу тайлбарлаж, хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлээ дурдаагүй. Мөн тусгай орчуулагчийн тэмдэглэлгүй баримтыг шийдвэрийн үндэслэлээ болгосон нь ИХШХШТХ-ийн 40.1-ийг зөрчиж байна. Мөн хариуцагч салбарыг татан буулгах зайлшгүй шаардлага баримтаар нотлоогүй. Магадлалын 9 дэх хуудсад компанийн дүрмийн 15.1 3а хэсгийг үндэслэсэн байна. Гэвч хэзээ огноолсон, он сар өдөргүй, англи монгол хэлээр нэг хуудсад бичигдэж хх 93 холилдсон зөрчилтэй ойлгомжгүй байсаар байтал шүүх оруулагч оролцуулалгүйгээр нотлох баримт болгосон. Энэ баримтад дээрх англи үг 2016.9.26-нд энэ баримт үйлдэгдсэн гэж байна, гэтэл нотариатаар 2016.9.13-нд баталсан хуурамч баримт. Гэтэл миний эрх аль эрт 2016.5.10-нд мэдэгдэл авч, 2016.6.27-ны өдөр тушаал авч ажилгүй болж зөрчигдсөн байна. Цаг хугацааны хувьд ч тэр миний асуудлыг шийдэхэд үндэслэл болохгүй. Анхан шатны шүүх шийдвэртээ 2016.6.27-ны байдлаар татан буугаагүй байна гэж тэмдэглэсэн. Мөн баримт алга болсон. Алга болсон баримтанд хавсаргаж өгсөн баримтууд /хх46-68/ болон хамт өгсөн 2016.7.28-ны тайлбар нь хэргийн материалд байгаа мөртлөө гол баримт байхгүй байна. Нотариатаар батлуулаагүй хэрэгт ач холбогдохгүй баримтуудыг би хэрэгт өгөхгүй хамгийн гол нь эдгээр баримтын эх хувийг л хариуцагчаас гаргуулах хүсэлт байсан, гэтэл тэр байхгүй болчихоор хх46-68 баримт надад ямар ч хэрэггүй болж таарна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр өөрийнхөө орчуулсан хх73 баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн нь нотлох баримт болж чадахгүй хх-112. Анхан шатны шүүх хуралдаан дээр 1 хувьцаа эзэмшигч нарын шийдвэр байсан гэхэд давж заалдах шатны шүүхийн хурал дээр 2 шийдвэр болсон. Хх-113 талд байгаа хувьцаа эзэмшигчийн нэг шийдвэрийн англи эх хувь нь хуулийн этгээдийн тамгагүй бөгөөд хувьцаа эзэмшигч гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй. Хх-115 ар талд байгаа шийдвэр нь бас л Д.Энхтөрийн өөрийн орчуулгынх тул намайг ажлаас халах сонирхолтой этгээдийн гаргаж өгсөн нь баримтын шаардлага хангахгүй. Мөн ТУЗ-ийн шийдвэр 2 өөр утгатай. Нэг нь хх77-78, нөгөө нь хх114 тал ТУЗ яг хуралдсан эсэх нь хүртэл эргэлзээтэй. Англий эх хувь нь хэрэгт байхгүй. Хх-115 авагдсан баримтад төлөөлөн гарын үсэг зурсан нь мөн эргээлзээтэй хэн оролцсон, хурлын тэмдэглэл байхгүй. Дээрх 4 өөр баримтаар салбарыг татан буулгах шийдвэр гарсан гэх боловч Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр гүйцэтгэх захирлаар огт байхгүй хүн зурсан. Тэр Уянга өөр утга бүхий шийдвэртэй учраас ажлаа хийж чадаагүй, шийвэрүүдийг хэрэгжүүлж чадаагүйн улмаас 2016.6.27-ны өдрийн байдлаар салбар татан буугдаж чадаагүй нь хэрэгт байгаа баримтаар харагдаж байна. Уянгыг томилсон шийдвэрийг Д.Энхтөр бас л орчуулсан нь нотлох баримта болж чадахгүй хх110,111. 2015.12.12-ны өдөр хуучин гүйцэтгэх захрал ажлаасаа чөлөөлөгдөх мэдэгдсэн өгсөн байхад мэдэгдсэний дагуу үүрэг гүйцэтгэгч томилох болсон гэчээд 2015.11.26-ны өдөр хугацаа нь гүйцэтгэх захирал ажлаасаа гарахаа мэдэгдсэнээс өмнөх цаг хугацаанд очиж томилсон худал бэлтгэсэн шийдвэр гаргасан байгаа юм, тэгээд дараа нь гишүүдэд танилцуулж зөвшөөрүүлсэн гэж байна. Энэ нь хурлаа хийгээгүй гэсэн үг. Гүйцэтгэх удирдлага нь СЗХороонд 2016.6.21-нд салбарын үйл ажиллагааны тусгай зөвшөрөөлийг хүчингүй болох хүсэлт илгээсэн гэдэг ч хүсэлт шийдэгдээгүй байхад хх127 надад 2016.6.27-ны байдлаар татан буугдсан хэмээн өнгөрсөн цаг дээр тушаал гардуулсан. Үйл ажиллагааны тусгай зөвшрөөлөө хүчингүй болгоогүй бол хуулийн этгээдийн бүртгэлд татан буулгасан гэж тэмдэглэлээ хийгдээгүй байхад миний эрх аль эрт зөрчигдсөн. Татан буух ажлын дараа намайг халсан бол би гомдлохгүй. 2016.5.10-нд намайг биеэр байх шаардлага гэсэн байж 2 хүн нэмж ажлуулсан хх136. 2016.10.13-ны хуралд хариуцагч энэ удаа оюуны өмч улсын бүртгэлийн газар бүртгүүлж салбараа татан буулгах хэрэгтэй байна гээд хугацаа өгөхийг шаардаж шүүгч татгалзахад нь би өмгөөлөгч авья гэж хурал хойшлуулах боломж авч чадсан юм. Хх144. 2016.10.24-ний өдөр татан буулгаж чадаагүй хуралд оролцсон. Мөн би бас 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй хүн байхад Оюунбилэгийг халаагүй байсан. Надад өөрх ажил санал болгоогүй бөгөөд хурал дээр хүлээн зөвшөөрдөг, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сэлэнгэ салбар алдагдалтай байсан юм уу гэхэд хариулж чадаагүй баримт байгаагүй, энэ мэтчлэн асуултад бүдэрч байсан. 2016.7.28-нд өгсөн 11 ширхэг баримтыг хариуцагчаас гаргуулах хүсэлт байсан бол би түүнд ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүссэн байсан. Яагаад гэвэл 2016.5.03-нд хурал хийгээгүй. Тэмдэглэл гаргаж өгсөн бол би шинжээч томилуулах байсан. Хүсэлт өгсөнөөс хойш би шүүгчийн захирамж гарсан эсэх талаар байнга асуусан бөгөөд огт хариу өгөөгүй, тэгээд өмгөөлөгч авч хэргийн материалтай танилцахад хх94 зургын авсан байгаа. Хэргийн 69 талаас эхэлж дугаарыг засварлаж штрих хэрэглэсэн бөгөөд он сар өдөр хүртэл засвартай. Тэр өгсөн хүсэлт байхгүй, харин хариу тайлбарт хэрэгт авагдсан, нэг, хоёр хуудас засаж болох ч бүгдийг зассан байх тул би цагдаагийн байгууллагаар шалгуулна. Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөл хүчингүй болгосон албан бичигт хорооны дарга гарын үсэг зураагүй байна, үнэн эсэх нь эргэлзээтэй хх118. Хэрэгт 2 ширхэг улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байсан боловч хх156 6 дахь мөр гэтэл давж заалдах шатны шүүхэд алга болсон. Мөн салбарыг татан буулгах сонирхолгүй, зөвхөн сүүлд хөөцөлдөж эхэлсэн, жинхэнээсээ татан буулгах байсан бол надад мөнгө өгье тохиролцье гэж хэлэхгүй байсан. Ганцхан миний цалингаар зардлаа хэмнээд байгаа юм уу, салбарын ажилтан 2015.01.01-ний өдөр 7 байсан, бусад салбар луу тараан ажлаар явуулж байгаан зардлаа хэмнэх зүйл харагдахгүй байна. Энэ байгууллагаас нэг ч салбар татан буугдаагүй, харин шинэ салбар нээсэн, ажилчдын цалин 5-10 хувь нэмэгдсэн. Сэлэнгэ салбар 2016.6.01-нээс 2016.12.31-ний хүртэл гэрээ хийсэн бөгөөд салбарын захирлын дансанд түрээсийн төлбөр орсон ч баримт гарч ирнэ. Иймд магадлалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, зохих бичилт хийхийг даалгаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 М.Уранбилэг нь ВишнФанд ББСБ ХХК-ийн Сэлэнгэ салбарын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, 2016.01.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2016.5.10-ны өдрийн  мэдэгдэл болон 2016.6.27-ны өдрийн  Е16/06/10 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасныг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, ВишнФанд ББСБ ХХК-д холбогдох М.Уранбилэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

   1. Ажил олгогч 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Е16/06/10 дугаартай тушаал гаргаж “...ВишнФанд ББСБ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Вишнфанд ББСБ ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарыг татан буулгах шийдвэрийг гаргасан...” гэсэн үндэслэлээр Сэлэнгэ салбарын нягтлан бодогч М.Уранбилэгтэй 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар цуцалсан байх бөгөөд уг тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд хандсан байна.

Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан тул  татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоо цөөрсөн нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн  тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзнэ.    

ВишнФанд ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээс үзвэл хувьцаа эзэмшигч нь Сэлэнгэ аймаг дахь салбарыг татан буулгах саналын талаар танилцаад  “...компанийн зардлыг бууруулж, үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах зорилгоор бүтэц, зохион байгуулалтад шаардлагатай өөрчлөлт оруулах, холбогдох болон зайлшгүй шаардлагатай шийдвэр гаргаж ажиллахыг ТУЗ-д даалгаж, эрх олгосон...” /хх 112/ байх  бөгөөд уг шийдвэрт байгууллагын аль нэг салбарыг татан буулгах эрх олгосон заалт байхгүй тул уг баримт хариуцагчийн татгалзлыг нотлохгүй.  

Тусгай зөвшөөрлийн 1/113 тоот гэрчилгээний /хх 121/ хавсралтаас үзвэл ВишнФанд ББСБ ХХК нь Сэлэнгэ аймагт хоёр салбартай /Сүхбаатар сум, Мандал сум/ байх бөгөөд ВишнФанд ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Сэлэнгэ аймгийн аль салбарыг татан буулгах саналыг хэлэлцсэн нь тодорхойгүй тул  ВишнФанд ББСБ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 6/16 дугаар тогтоол нэхэмжлэлийг үгүйсгэхгүй байна.   

 Салбар татан буугдах тухай 2016 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн 14/100/93 албан бичиг / хх 114-115, 116-117/, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 247 тушаал /хх 118/ нь  ажил олгогч ажилтныг халснаас хойшх үйл баримттай холбоотой байх тул хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамааралгүй юм.

 Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул  магадлалыг хүчингүй болгоно.

  2. Анхан шатны шүүх М.Уранбилэгийн нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ  нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.  

   Харин М.Уранбилэг нь “...ВишнФанд ББСБ ХХК-ийн Сэлэнгэ салбарын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах , нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах...”  нэхэмжлэл гаргахдаа хөдөлмөрийн гэрээ, ажил олгогчийн  мэдэгдэл болон тушаалыг хууль бус гэж мэтгэлцсэнээс үзвэл ажилтан нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдэл, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Е16/06/10 дугаар тушаалтай холбоотой шаардлага гаргаагүй, харин эдгээрийн нэхэмжлэлийн үндэслэл болгосон байхад шүүх энэ талаар шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.  Иймд  энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй  болгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

            1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 122 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2016/00890 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ