| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 151/2016/00433/И |
| Дугаар | 151/ШШ2016/00607 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 151/ШШ2016/00607
| 2016 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 151/ШШ2016/00607 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1962 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эмэгтэй, Төв аймаг, Заамар сум, 1 дүгээр баг, Тосон гэх газар оршин суух, Боржигин овогт Бямбажавын Баасансүрэн РД:/НН62082067/-гийн нэхэмжлэлтэй,
бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Баасансүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Миний бие 1981 оноос 1990 он хүртэл Төв аймаг, Заамар нэгдэлд малчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Бага байхад миний бие их өвддөг байсан. Нэр нь хүндэтсэн гээд эцэг, эх лам дээр очиход лам Б.Нарантуяа гэсэн нэр өгөөд түүнээс хойш хүмүүс Нарантуяа гэж дууддаг байсан. Сүүлд Туяа гэж дууддаг байсан. 3 дугаар ангид бие өвдөөд сургуулиасаа гарсан. Анх ажилд орсон тушаал гаргахдаа паспортыг харалгүй Г.Нарантуяа гэдэг нэрээр тушаал гаргачихсан байсан. Нэгдлийн бичиг баримт шатаад нөхөн тушаал гаргахдаа Г.Нарантуяа гээд биччихсэн байгаа юм. С.Хандаа, С.Баярцэнгэл нар бригадад хамт ажиллаж байсан хүмүүс гэрчилсэн байгаа. Иймд миний анх ажилд ороход гаргасан 47 дугаар тушаалын жинхэнэ эзэмшигч нь Б.Баасансүрэн болохыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 3-6, 17-18, 20-24, 26, 28/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Баасансүрэн нь Төв аймгийн Заамар сумын даргын 1981 оны 04 сарын 01 өдрийн малчдад тушаал гаргах тухай 47 дугаартай тушаалын жинхэнэ эзэмшигч нь Бямбажавын Баасансүрэн мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар бичиг баримтийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор Б.Баасансүрэн нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Төв аймгийн Заамар сумын даргын 1981 оны 04 сарын 01 өдрийн малчдад тушаал гаргах тухай 47 дугаартай тушаалын хавсралтын 57 дугаарт Б.Баасансүрэнгийн овог нэрийг Г.Нарантуяа гэж дурдсан нь Б.Баасансүрэнгийн иргэний үнэмлэхэд Бямбажавын Баасансүрэн гэж бичигдсэнтэй тохирохгүй болох нь 2012 оны 07 сарын 30 өдөр Б.Баасансүрэнд олгосон иргэний үнэмлэхийн хуулбар /хх 2/, 2016 оны 02 сарын 15 өдрийн 102/002065 дугаартай Б.Баасансүрэнгийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 4/, 1981 оны 04 сарын 01 өдөр Б.Баасансүрэнд Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн дарга Эрхэмбаярын олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 6/, 2012 оны 06 дугаар сарын 01 өдөр олгосон 0551396 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 17/, 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн баталгаажилтын хуудас /хх 16/, 00629624 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 19-21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Улсын бүртгэлийн газрын төрсний бүртгэлийн лавлагаа /хх 4/, малчидад тушаал гаргах тухай Төв аймгийн Заамар сумын даргын 1981 оны 04 сарын 01 өдрийн малчдад тушаал гаргах тухай 47 дугаартай тушаал /хх 5/, 1981 оны 04 сарын 01 өдөр Б.Баасансүрэнд Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн дарга Эрхэмбаярын олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт “1981-4-1 өдрөөс Хайлааст бригадад үхэрчингээр” гэсэн бичилт /хх 6/, гэрч С.Баярцэнгэлийн гэрчийн мэдүүлэг /хх 27/, С.Хандаагийн гэрчийн мэдүүлэг /хх 28/ зэргээр Б.Баасансүрэнийг багад нь Гомбо гэж ээжээр нь овоглож Г.Нарантуяа гэж дууддаг байсан болох нь тогтоогдож байна. Иймд Төв аймгийн Заамар сумын даргын 1981 оны 04 сарын 01 өдрийн 47 дугаартай /хавсралтын 57-д үхэрчин Г.Нарантуяа/ тушаалын жинхэнэ эзэмшигч нь Б.Баасансүрэн мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасны дагуу Төв аймгийн Заамар сумын даргын 1981 оны 04 сарын 01 өдрийн малчдад тушаал гаргах тухай 47 дугаартай тушаалын /хавсралтын 57/ жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Бямбажавын Баасансүрэн мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Баасансүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АРИУНАА