Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01392

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 05 210/МА2024/01392

 

 

 

Г.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

.......... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/01933 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б, О.А нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 266,652,340 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, өмгөөлөгч Б.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, өмгөөлөгч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

2020 оны 3 дугаар сарын 23-нд Б.Б над руу утасдаж мөнгө зээлээч гэсэн. Би өөрийн охин Л.Боор дамжуулж, 40,000,000 төгрөгтэй тэнцэх рублийг бэлнээр өгч, 3 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлсэн. 3 сарын дотор мөнгөө төлөөгүй, хүүгээ төлөөд явж байя гэхэд нь зөвшөөрсөн. 2021 оны 8 сар хүртэл хүү төлсөн. 2021 оны 10 сард тоног төхөөрөмж авах гэсэн юм туслаач гэхээр нь АНУ-д сурч байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг нь зээлдүүлсэн, 32,000 ам.долларыг Худалдаа хөгжлийн банкнаас шилжүүлсэн. Өмнө зээлсэн 40,000,000 төгрөг дээр, дутуу төлсөн хүүний 1,000,000 төгрөгийг нэмж, дансаар 5,000,000 төгрөг, 5,360,000 төгрөгийг шилжүүлсэн. 32,000 ам.доллар, төгрөг болсныг Монгол банкны ханш 2,853.33 төгрөгөөр бодож, нийт ам.доллар боллоо гэж Б.Б бичиж өгч, сарын 1,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Би удалгүй АНУ руу явсан. Жилийн дараа 2022 оны 9 сард мөнгөө авах гэж ирсэн, Б.Б удаахгүй өгнө гээд нотариат орж мөнгөө авснаа дурдаад гэрээгээ сунгуулж, зээлийн хүүг тогтмол 2,137,500 төгрөг байхаар тохиролцсон. Барьцааны гэрээг нотариат дээр байгуулсан. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр барьцааны гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэрээний хугацаанд төлөгдөөгүй хүүний үлдэгдэл 11,973,000 төгрөг, 32,000 ам.доллар, 51,360,000 төгрөгийн хамт 173,110,560 төгрөг болсон. 2023 оны 2 сард Б.Б 10,000,000 төгрөг төлсөн. 50 хоног хугацаа хэтэрсэн байсан тул алдангид суутгасан. 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 15,000 ам.доллар төлсөн. Мөн алдангид тооцсон. Хариуцагч Б.Баас үндсэн зээл, төлөгдөөгүй хүүнд нийт 173,101,560 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 86,550,780 төгрөг, өмгөөлөгчийн зардал 7,000,000 төгрөг, нийт 266,652,340 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Анх Л.Б, Б.Б нарын хооронд гэрээ байгуулсан. Хүү 2 хувь, хугацаа 3 сар, сард 800,000 төгрөгийн хүү төлөхөөр гэрээ байгуулсан. 2020.07.28-2021.08.28 хүртэл сар болгон 800,000 төгрөг төлсөн. Нийт 14,900,000 төгрөг төлөгдсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл нь 27,500,000 төгрөг болсон. 2 дахь зээлийн гэрээг 2021 онд Г.Б, Б.Б нар байгуулсан. 50,000 ам.долларын гэрээ хийсэн ч 32,000 ам.долларыг өгсөн. Хүүнд 750 ам.доллар төлсөн. 32,000 ам.долларын 1,5 хувийн хүү тооцоход сард 480 ам.доллар төлөхөөр байгаа. Нийт 21,625 ам.долларыг төлсөн. Хүүнд илүү төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасах ёстой. Одоо 13,988 ам.долларын үлдэгдэлтэй. 3 дахь гэрээг 2022 онд байгуулсан. Сүүлийн гэрээнд Л.Бын зээлийг нэгтгэж хийсэн. Шаардах эрхийг шилжүүлээгүй. Энэ гэрээ байгуулаад мөнгө шилжүүлж өгөөгүй, гэрээг сунгалаа гээгүй, шинээр зээл гэсэн утгатай гэрээ хийсэн. Эхний 2 гэрээ хүчинтэй бөгөөд арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон. Сүүлийн гэрээ хүчингүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч О.Аийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг шилжүүлж өгөөгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Иймд барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн тайлбар, татгалзлын агуулга:

Барьцаанд тавихыг О.А өөрөө зөвшөөрч, гараар бичиж өгч, улмаар нотариат орж бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр хэлцэл. 2022 оны зээлийн гэрээ нь хугацаа сунгасан гэрээ тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Баас 154,941,348 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 111,710,992 төгрөгт холбогдох хэсэг болон Г.Бд холбогдох, зээлийн барьцаанаас О.Аийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ................ дугаарт бүртгэлтэй, .......... дүүрэг, .... дугаар хороо, ...... дугаар гудамж, 16, 166 тоот хаягт байрлах, 178.4 м.кв талбай бүхий зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх тухай О.Аийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б нь мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд О.Аийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ................ дугаарт бүртгэлтэй, .......... дүүрэг, .... дугаар хороо, ...... дугаар гудамж, 16, 16б тоот хаягт байрлах, 178.4 м.кв талбай бүхий зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,653,362 төгрөг, хариуцагч О.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 932,657 төгрөг, хариуцагч О.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Бд олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

.......... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/01933 дугаар шийдвэрээр Г.Бгийн нэхэмжлэлтэй, Б.Б, О.А нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 266,652,340 төгрөг гаргуулж. үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, О.Аийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэж. сөрөг нэхэмжлэлийн хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагаас 154,941,348 гаргуулж. барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул энэхүү давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.

НЭГ. 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгө шилжээгүй тухайд:

Г.Б, Б.Б нар нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулахдаа 2021.10.14-нд 32,000 ам.доллар, 10,390,000 төгрөгийг шилжүүлсэн, 41,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж гэрээний 3.4-т тусган өмнө байгуулсан 2 тусдаа гэрээ (Л.Б болон Б.Б, Г.Б болон Б.Б нартай байгуулсан зээлийн гэрээ)-ний дүнг нэгтгэж 32,000 ам.доллар, 51,390,000 төгрөгийг Г.Б нь Б.Бад зээлсэн мэтээр зээлийн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байна. 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Б.Бад ямар ч мөнгө шилжиж ороогүй тул тус 2022.09.12-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-д ...32,000 ам.доллар, 5,000,000 төгрөг, 5,360,000 төгрөгийг шилжүүлж, гэрээ байгуулсан өдөр бэлнээр 40,000,000 төгрөгийг төлсөн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ гэж тусган, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй мэтээр дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

ХОЁР. Хүү төлөх замаар зээлийн гэрээг сунгасан гэх үндэслэлийн тухайд:

01933 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 17-д ...гэрээний хугацаа дуусахад хариуцагч буюу зээлдэгч нь сар бүр хүү төлөх замаар зээлийн гэрээний хугацааг сунгасан байна гэж үзлээ гэж дүгнэн хариуцагч Б.Бын төлсөн 14,900,000 төгрөгийг зээлийн хүүнд тооцон бодсон нь хуульд нийцэхгүй байна. Иргэний хуулийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байна. Тодруулбал, зээлийн гэрээнд тусгагдсан зээлийн хүүг зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа зээлийн гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн гэрээний хугацааг сунгасны үндсэн дээр зээлийн хүү шаардах эрхтэй байна. Л.Б болон Б.Б нарын тухайд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт бичгээр оруулсан зүйл байхгүй тул Б.Бын төлсөн 14,900,000 төгрөгөөс зээлийн гэрээнд тусгагдсан 3 сарын хугацаанд бодогдох 2,400,000 төгрөг (сарын 2 хувь 800,000*3 сар)-ийг хүүнд тооцон үлдэх 12,500,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох ёстой байна.

ГУРАВ. Л.Боос Г.Бд шаардах эрх шилжээгүй тухайд:

01933 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 18-д 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 50,000,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулахад Л.Боос зээлсэн 40,000,000 төгрөгийн шаардах эрхийг Г.Б шилжүүлэн авч, үүнийг Б.Б хүлээн зөвшөөрч, гэрээний нийт үнэд оруулж тооцжээ. гэж тусган 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Г.Бг шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Г.Б нь Л.Боос 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авсан тухай баримт хэрэгт байхгүй. Иргэний хуулийн 123.8-д Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж заасан байна. Л.Б болон Б.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хүү тооцсон учир бичгээр гэрээ байгуулагдсан байх хэлбэрийн шаардлага тавигдаж байгаа. Тиймээс Л.Б нь тус зээлийн гэрээний шаардах эрхээ Г.Бд шилжүүлж байгаа бол шаардах эрх шилжүүлэх гэрээг мөн адил бичгээр байгуулах ёстой байна. Г.Б нь хэдий Л.Бын төрсөн эх нь боловч түүнээс зээлийн гэрээнийх нь шаардах эрхийг нь шилжүүлэн авч байгаа тохиолдолд шаардах эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулсны үндсэн дээр түүний зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй болохоор байна. Г.Б болон Л.Б нарын хооронд зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлсэн гэрээ хэрэгт байхгүй байхад үүнд шүүхээс буруу дүгнэлт шаардах эрх шилжүүлсэн гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

ДӨРӨВ. Зээлийн тооцооллын тухайд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 21, 22-д зээлийн тооцооллыг хийсэн ба 2022.09.12-ний өдрийн зээлийн гэрээг хүчинтэй гэж үзсэнээс үүдэж зээлийн тооцоолол үндэслэлгүй гарсан байна.

Л.Б Б.Б нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 42,400,000 төгрөг төлөхөөс 14,900,000 төгрөгийг төлж 27,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй,

Г.Б Б.Б нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 37,760 ам.доллар болон 10,360,000 төгрөг төлөхөөс 20,845 ам.доллар, 10,000,000 төгрөг, 320,000 төгрөгтэй тэнцэх бараа төлж 16,885 доллар, 40,000 төгрөгийн үлдэгдэлтэй,

Г.Б Б.Б нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 32,000 ам.доллар болон 51,390,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдийг хүртэл 14 сарын хугацаатайгаар зээлийн гэрээг байгуулсан.

Дээр дурдсанчлан, 2022.09.12-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгө шилжиж орж ирээгүй, Л.Боос Г.Б нь шаардах эрх шилжүүлэх гэрээгээр зээлийн гэрээний шаардах эрхийг нь шилжүүлж аваагүй, түүнчлэн тус гэрээнд тусгагдсан олгосон гэх зээлийн дүн нь буруу бодогдсон (Зээлийн гэрээний хугацаа дууссан байхад илүү төлөгдсөн төлбөрүүдийг үндсэн зээлээс хасаагүй) зэрэг үндэслэлээр тус зээлийн гэрээний дагуу Г.Б нь шаардах эрхгүй байна.

Б.Б нь Л.Бтой байгуулсан зээлийн дагуу үндсэн зээл болон хүүнд нийт 42.400.000 төгрөг төлөх ёстойгоос 14,900,000 төгрөг төлж 27,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Харин Г.Бтай байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болон хүүнд 37,760 ам.доллар төлөх ёстойгоос 20,875 ам.доллар төлж 16,885 ам.долларын үлдэгдэлтэй байна. Г.Б нь 2021.10.14-ний өдөр 10,360,000 төгрөгийг өөрийнхөө болон Харандаа ХХК-ийн данснаас Б.Бад шилжүүлсэн. Тус төлбөрөөс 10.320.000 төгрөгийг бараа оролцуулан төлсөн бөгөөд 40,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Гэтэл шүүх үүнийг анхаарч үзэлгүйгээр 2022.09.12-ны өдрийн зээлийн гэрээг байгуулагдсан үзэж тус гэрээний дагуу Б.Б нь 103,294,232 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцсон нь буруу байна.

ТАВ.Хэргийн харьяалал зөрчсөн тухайд:

Л.Б, Б.Б нарын хооронд байгуулсан 2020.03.23-ны өдрийн зээлийн гэрээ. Г.Б, Б.Б нарын хооронд байгуулсан зээлийн 2021.10.15-ны өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа ба эдгээр гэрээний 8-р зүйлд тус тус зааснаар гэрээтэй холбоотой аливаа маргааныг МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр шийдвэрлэхээр заасан. Тодруулбал, тус гэрээтэй холбоотой маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.2-т зааснаар арбитраар шийдвэрлэх маргаан байх тул шүүх шийдвэрлэсэн нь хэргийн харьяалал зөрчсөн байна.

Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр .......... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/01933 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлоо 5 үндэслэлээр гаргасан байх бөгөөд уг үндэслэл тус бүр дээр дараах тайлбарыг нэхэмжлэгч талаас өгч байна. Үүнд:

Иргэний хуулийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан нь Зээлдүүлэгч нь зээлээ бодитоор олгоогүй байхдаа зээл, эсхүл хүү төлөхийг шаардахаас сэргийлж байгаа зохицуулалт юм. Нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан 2022 оны 09 сарын 12 өдрийн Зээлийн гэрээний 3.4-т хэзээ, ямар хэмжээтэй мөнгө зээлүүлсэн талаар зааж өгсөн. Эдгээр мөнгө Б.Бад бодитоор олгогдсон бөгөөд талууд энэ талаар маргадаггүй. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино. гэж заасан. Иймд үүрэг гүйцэтгэгч Б.Бын хувьд нэгэнт үүссэн зээл төлөх үүргийг хүлээн зөвшөөрч 2022 оны 09 сарын 12 өдрийн Зээлийн гэрээг байгуулсан байгаа нь анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээ нь бичгээр хийгдэж хуулийн шаардлагыг хангасан байна. Харин хариуцагч талаас 2020.04.23 өдрөөс 2021.10.29 өдрийг хүртэл 19 удаагийн шилжүүлгээр 14,900,000 төгрөгийг Зээлийн хүү гэсэн утгатайгаар шилжүүлсэн байгаа нь хариуцагч бодит үйлдлээрээ зээлийн хүү төлж байгаагаа илэрхийлж байсныг харуулж байна. Энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 16, 17 дахь хэсэгт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасныг хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Давж заалдах гомдолд Л.Боос Г.Бд шаардах эрх шилжээгүй гэжээ. Нэхэмжлэгчийн төрсөн охин Л.Б нь 2024 оны 2 сарын 19 өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамаар дамжуулан, Монгол Улсын Шүүхэд тодорхойлолт гаргасан байдаг. Уг бичгээс үзвэл Л.Б нь өөрийн төрсөн ээж Г.Бгийн мөнгийг Б.Бад шилжүүлж өгсөн тухайгаа илэрхийлсэн байдаг. Нөгөө талаараа Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ. гэж заасны дагуу Л.Б нь Г.Бгийн шаардах эрхээ хэрэгжүүлж буй үйлдлийг дэмжин зөвшөөрч байгаагаа 2024 оны 2 сарын 19 өдрийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоороо илэрхийлсэн байна. Иймд Г.Б нь 1-рт: өөрийн мөнгөө шаардах эрхтэй, 2-рт: Л.Б зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсний дагуу шилжүүлсэн мөнгийг Г.Б Б.Баас шаардах эрхтэй байгаа юм. Түүнчлэн Нэхэмжлэгч, хариуцагч талууд 2022 оны 09 сарын 12 өдрийн Зээлийн гэрээ байгуулснаар өмнөх зээл төлөх бүх үүргийг Г.Б шаардах эрхтэй болохыг Б.Б зөвшөөрсөн болно.

Давж заалдах гомдолдоо ... 2022.09.12 өдрийн зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэж тус гэрээний дагуу Б.Б нь 103,294,232 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцсон нь буруу байна. гэж хүснэгтэд тооцоолол гарган 2022.09.12 өдрийн зээлийн гэрээг байгуулагдаагүй гэдэг агуулгаар бичжээ. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. гэж, 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ гэж тус тус заасан. Иймд Г.Б Б.Б нар нь хүсэл зоригоо илэрхийлэн 2022.09.12 өдөр зээлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байна. Түүнчлэн Иргэний хуулийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасан. Иймд талууд хүсэл зоригийнхоо үндсэн дээр гэрээгээ чөлөөтэй байгуулсан тул талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байгаа юм. Иймд шүүхээс хүчин төгөлдөр гэрээнд үндэслэн хийсэн тооцоолол зөв болсон тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч, хариуцагч талуудын байгуулсан 2022.09.12 өдрийн хүчин төгөлдөр зээлийн гэрээний дагуу Г.Б нь шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа тул тус Зээлийн гэрээний 6.5-д заасны дагуу шүүхийн журмаар маргаанаа шийдвэрлүүлэх нь үндэслэлтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид нэхэмжлэл гэх/-ыг шүүх харьяалан шийдвэрлэнэ. гэж заасны дагуу тус маргааныг шүүх харьяалан шийдвэрлэсэн нь хэргийн харьяалал зөрчөөгүй болно.

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболдын 2024 оны 05 сарын 27 өдөр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, .......... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 12 өдрийн 102/ШШ2024/01933 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Г.Бгаас хариуцагч Б.Б, О.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг хууль зүйн туслалцаа авах гэрээний зардалд 266,652,340 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд;

 

3.1. Л.Б нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Б.Бтай зээлийн гэрээ байгуулж 40,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлэх,

 

3.2. Г.Б нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Бад 32,000 ам.доллар болон 10,360,000 төгрөгийг шилжүүлж, улмаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 50,000 ам.долларыг сарын 1.5 хувийн хүүтэй 1 /нэг/ жилийн хугацаатай зээлэх, үүргийн гүйцэтгэлийг хангахаар Ү-2205051857 тоот болон ................ тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалах,

 

3.3. Мөн Г.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б.Бтай зээлийн гэрээ байгуулж урьд өмнө зээлдүүлсэн 32,000 ам.доллар буюу 51,390,000 төгрөг, 10,390,000 төгрөг болон 40,000,000 төгрөгийг тус тус 14 сарын хугацаанд сар бүр 2,137,500 төгрөгийн хүү төлөх, үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч О.Аийн өмчлөлийн .......... дүүрэг, .... дугаар хороо, ...... дугаар гудамж, 16-16б тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ................ тоот дугаартай 178.2 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалахаар тохиролцсон.

 

3.4. Б.Б нь Л.Боос 40,000,000 төгрөг, Г.Бгаас 10,360,000 төгрөг болон 32,000 ам.доллар буюу 51,390,000 төгрөг /ам.долларын ханш 1,605.93/-ийг хүлээн авч, улмаар Л.Бд 14,900,000 төгрөг төлсөн байна.

 

4. Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг хариуцагч талд хүлээлгэн өгөөгүй боловч талууд урьд өмнө зээлсэн мөнгөн дүнг нэгтгэн тохиролцсон байх тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үргэлжилж байсан гэж дүгнэх үндэстэй.

 

5. Г.Б болон Б.Б нар 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд Ү-2205051857 тоот болон ................ тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалахаар тохирсон боловч улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр гэж үзэхгүй, харин 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт нийцсэн баталгаат ипотекийн гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Зээлийн гэрээний талууд зээлдэгч Б.Бын өмчлөлийн бус О.Аийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дэх хэсэгт нийцсэн байна.

 

6. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.8-д тус тус зааснаар Л.Бын нэрээр зээлийн гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг Г.Бд шилжүүлж байсан үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч Г.Бд 40,000,000 төгрөгийн шаардах эрх шилжсэн гэж үзэх учир хариуцагч нарын давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах үндэслэлгүй.

 

Харин, анхан шатны шүүх талууд зээлийн хүүг бичгийн хэлбэрээр илэрхийлэх ёстой байтал хариуцагч Г.Бын төлсөн 14,900,000 төгрөгийг бодит үйлдлээр зөвшөөрсөн гэж дүгнэж зээлийн хүүнд суутгасан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Иймд, хариуцагчийн төлсөн 14,900,000 төгрөгөөс 2,400,000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөнд тооцож, үлдэх 12,500,000 төгрөгийг үндсэн зээлээс хасахад 27,500,000 төгрөгийн гүйцэтгээгүй үүрэг үлджээ.

 

7. Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Б.Б нар 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 10,390,000 төгрөгийг хүүтэй төлөх талаар тухайлан бичгээр тохиролцоогүй учир энэхүү дүнд зээлийн хүү тооцохгүй бөгөөд 32,000 ам.доллар буюу 51,390,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хүртэлх хугацааны 11 сарын хүүнд 8,479,350 төгрөг төлөх ёстойгоос 18,168,750 төгрөгийг төлсөн байх тул илүү төлсөн 9,689,400 төгрөгийг зээлийн бусад өр төлбөр болох 10,390,000 төгрөгөөс хасаж тооцоход 700,600 төгрөгийн зээл төлөгдөөгүй үлдсэн байна.

 

8. Хариуцагч Б.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 14 сарын хугацаанд 29,925,000 төгрөгийн зээлийн хүүг үндсэн зээл 51,390,000 төгрөгийн хамт нийт 81,315,000 төгрөг төлөхөөс 2023 оны 02 дугаар сард 10,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сард 15,000 ам.доллар буюу 51,435,000 төгрөг, нийт 61,435,000 төгрөг төлсөн байна.

 

Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 54,764,400 төгрөгийн 50 хувиар тооцож, алданги 27,382,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус нийцнэ.

 

9. Талуудын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр болон 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлд хэрэг маргааны харьяаллыг Монголын Олон Улсын ба Үндэсний арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон хэдий ч 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр тохирсон, мөн Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь хариу тайлбар гаргах замаар маргасан байх тул арбитрын харьяаллаас татгалзсан гэж үзнэ. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. .......... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/01933 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Баас 82,146,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 184,505,740 төгрөгт холбогдох хэсэг болон Эрхийн улсын бүртгэлийн ................ дугаарт бүртгэлтэй, .......... дүүрэг, .... дугаар хороо, ...... дугаар гудамж, 16, 166 тоот хаягт байрлах, 178.4 м.кв талбай бүхий зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай О.Аийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн,

3 дахь заалтад 932,657 гэснийг 568,683 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,002,860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Б.МАНДАЛБАЯР