| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0203/Э |
| Дугаар | 201 |
| Огноо | 2018-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 201
2019 02 28 201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Улсын яллагч: Ц.Амгаланбаатар,
Нарийн бичгийн дарга: С.Уранбилэг,
Шүүгдэгч: Б.О/өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.О д холбогдох эрүүгийн 1909001980141 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Аптай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, Тэс Сүмбэр ХХК-д барилгачин, ам бүл 2, ээжийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо 11 дүгээр гудамжны 28а тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Далай таур төвийн гадна Б.маргалдаж гараараа нүүр рүү 1 удаа цохиж, хөлөөрөө нэг удаа ашиглаж биед нь баруун нүдний ухархайн ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, 1 шүдний паалангийн хугарал буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн гэв.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б. /хх-7/, гэрч Б.Гэрэлмаа /хх-16/, яллагдагч Б.О /хх-21/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Далай таур төвийн гадна Б.й маргалдаж гараараа нүүр рүү 1 удаа цохиж, хөлөөрөө нэг удаа ашиглаж биед нь баруун нүдний ухархайн ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, 1 шүдний паалангийн хугарал буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2018 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Тэс Сүмбэр ХХК-ны шинэ жилийн арга хэмжээ Далай Таурийн караокед болсон. ...Би жаахан согтуу байсан болохоор үргэлжлүүлээд сууя гэж бодоод гараагүй. Тэгсэн чинь манай ажлын Отгонсүрэн намайг зодсон. Отгонсүрэн караокены гадаа гарч ирээд ... миний баруун нүд рүү гараараа цохисон. Намайг цохиулаад тонгойсон байхад миний уруул хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Би Отгонсүрэнд өшиглүүлснээс болоод дээд нэг шүд эмтэрсэн, уруул язарсан, гараараа баруун нүдэнд цохьсоноос болоод миний ухархайн хана хугарсан...” гэх мэдүүлэг /хх-н 7-р хуудас/,
Гэрч Б.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай нөхөр Ганхүү байгууллагынхаа шинэ жилийн баярт явсан. Тэгээд 12 сарын 27-ны өдрийнхөө 11 цагийн үед гэртээ ирэхдээ баруун нүд нь хавдаад юм харж чадахаа больчихсон дээд доод уруул нь хавдчихсан, хамраас нь цус гарчихсан зүүн хөмсөг нь сэтэрчихсэн байдалтай гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-р хуудас/,
Б.Огийн яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай ажилчдын шинэ жил Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Далай Таурийн караокед болсон. Тэр өдөр хамт ажилладаг Б.Ганхүү согтчихоод караокеноос гарахгүй маргаан болсон. Тэгэхээр нь би Б.Ганхүүгийн шилэн хүзүүн дээр нь гараараа цохиод гаръя хөгшөөн гэсэн чинь Б.Ганхүү намайг цохидог чи хэн бэ гээд надад уурласан. Тэгэхээр нь би Б.Ганхүүгийн нүүр хэсэгт хоёр удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №992: Б.Ганхүүгийн биед баруун нүдний ухархайн ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, 1 шүдний паалангийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хх-ийн 10-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан байдал нөлөөлсөн гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.О /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Мөн хохирогч Б.Ганхүү, шүүгдэгч Б.О нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт /хх-ийн 33, 34/ гаргасныг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Б.Од торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу болон улсын яллагч, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг харгалзан 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой байна.
Шүүгдэгч Б.Огийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг Б.Од тайлбарласныг тэмдэглэвэл зохино.
Шүүгдэгч Б.О нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга / төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
4. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ