Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01393

 

 

 

 

 

 

 

 

 

2024  07  05   210/МА2024/01393

 

 

 

Ц.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/00344 дүгээр шийдвэртэй,

 

Ц.Бын хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Би 1980 оны 08 дугаар сараас .... аймгийн .... сумын ....ы сангийн аж ахуйд туслах ажилтнаар ажилд орж ажиллаж байгаад 1983-1984 онуудад тракторын курст суралцаж төгсөөд ....ы сангийн аж ахуйд Хар хадны цогцолборт тракторчин, комбайчинаар томилогдон 1991 он хүртэл, 1991 оны 01 дүгээр сараас 1994 оныг дуустал Зүүнтурууны сангийн аж ахуйд тракторчин, комбайчинаар ажилласан. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний ажиллаж байсан үеийн орсон гарсан тушаалууд байхгүй, хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай боллоо. .... аймгийн .... сумын сангийн аж ахуйн даргын 1984 оны 127 дугаар тушаалд миний нэрийг Б гэж бичсэнээс үүдэн архивын байгууллагаас гарсан лавлагаанд мөн адил Б гэж бичигдсэн байна. Харин Зүүнтурууны сангийн аж ахуйн даргын 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаар тушаалд нэрийг маань зөв бичжээ. Иймд .... аймгийн .... сумын сангийн аж ахуйд 1980-1983 онуудад туслах ажилтнаар, 1984-1991 он хүртэл тракторчин, комбайчинаар, 1991-1994 онуудад Зүүнтурууны сангийн аж ахуйд тракторчин, комбайчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т овогт Цын Ба (РД:....)-ыг .... аймгийн ....ы сангийн аж ахуйд 1980 оны 08 дугаар сараас 1982 оны 12 дугаар сар хүртэл болон 1983 оны 12 дугаар сард туслах ажилтнаар, 1984 он 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хар цагаан хадны ус цогцолборт техникчээр, 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Зүүнтурууны сангийн аж ахуйд тракторч-комбайнчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Хүсэлт гаргагч Ц.Бын давж заалдах гомдлын агуулга:

Миний бие Ба нь 1964 оны 12 сарын 28-нд төрсөн. Би хүнд бэртэж тархиндаа гэмтэл авсны улмаас тахир дутуугийн тэтгэвэр авч байсан боловч 2023 оны 6 сараас группийн тэтгэврээс хасагдсан. Би өөрөө олон жил .... аймгийн ....ы САА-д трактор конбайны жолоочоор ажиллаж байсан тул, хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон тул Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Шүүхэд .... аймгийн .... сумын САА-д 1980-1983 онуудад туслах ажилтнаар, 1984-1991 он хүртэл тракторчин, конбайнчинаар, 1991-1994 онуудад .... САА-д тракторчин, комбайнчинаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 344 дүгээр шийдвэрээр миний хүсэлтийг шийдвэрлэсэн боловч .... аймгийн .... сумын САА-д 1984-1991 он хүртэл тракторчин, комбайнчинаар ажиллаж байсныг техникчээр гэж шүүхээр тогтоосон. 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэрийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврээ тогтоолгохоор хүргэж өгсөн. Гэтэл 1984-1991 онуудад ажилласан жилийг техникч гэж бичсэн тул хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэж 2024 оны 04 сарын 03-ны өдөр хариу өгсөн.

Би 1983-1984 онд тракторын курст суралцаж ирээд 1984 оны 5 сараас .... сумын САА-д тракторч комбайнчинаар ажиллаж байсан. Ингээд 1984-1991 онд трактор, комбайны жолоочоор ажиллаж байсныг нотлох баримт хайж судалсан. Улсын бүртгэлийн байгууллагад хадгалагддаг ХААТР-1 гэсэн маягт байдгийг мэдэж олсон. Үүнд 1988 оны ХААТР-1 маягтад намайг 1984 оноос трактор комбайны жолоочоор ажиллаж байгаа гэж тэмдэглэн бичсэн байсан. Уг баримт намайг 1984-1991 онд трактор, комбайны жолоочоор /жолоочоор/ ажиллаж байсныг нотлох чухал баримт тул, техникчээр гэж тогтоосныг трактор, комбайны жолоочоор ажиллаж байсныг нотолж тогтоож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаад нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ц.Бас 1980 оноос 1983 оныг дуустал .... аймгийн .... сумын сангийн аж ахуйд туслах ажилтнаар, 1984 оноос 1991 он хүртэл тракторчин, комбайнчинаар, 1991 оноос 1994 он хүртэл Зүүнтурууны сангийн аж ахуйд тракторчин, комбайнчинаар тус тус ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд;

 

3.1. .... аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн баримтаар нэхэмжлэгч Ц.Бын тус аймгийн .... сумын Сангийн аж ахуйд 1980 оноос 1989 он хүртэлх хугацаанд ажиллаж байсан, тийнхүү ажиллаж хугацааны цалин хөлс авч талаарх баримт авагдсан байна.

 

3.2. Мөн .... аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолтод дурдсанаар нэхэмжлэгч Ц.Бын ажиллаж байсан тус аймгийн Зүүнтурууны сангийн аж ахуй нь 1991 оноос 1994 он хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байжээ.

 

3.3. .... аймгийн .... сумын Сангийн аж ахуйн даргын 1984 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 127 тоот тушаалаар тракторын курс төгсөгчдийг хуваарилах нэрсийн жагсаалтад Ц.Быг Хан цогцолборт хуваарилсан бол 1984 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 333 тоот тушаалаар түүнийг туслах ажилтнаар томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ.

 

3.4. Түүнчлэн .... аймгийн Зүүнтурууны Сангийн аж ахуйн даргын 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 тоот тушаалаас үзвэл нэхэмжлэгч Ц.Б нь тракторч-комбайнчинаар ажиллаж байсан байна.

 

3.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ц.Бтсайхан, Ц.Бтсүх нарын мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэр зэргээс үзвэл гэрчүүд нэхэмжлэгч Ц.Бтай тус байгууллагад хамт ажиллаж байсан байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн 1980 оноос 1983 оныг дуустал .... аймгийн .... сумын сангийн аж ахуйд туслах ажилтнаар, 1984 оноос 1991 он хүртэл тракторчин, комбайнчинаар, 1991 оноос 1994 он хүртэл Зүүнтурууны сангийн аж ахуйд тракторчин, комбайнчинаар тус тус ажиллаж байсан гэсэн тайлбар нь гэрчүүдийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, цалин хөлс авч байсан баримт, ажилд томилон тушаал зэргээр тогтоогдож байна.

 

4. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/00344 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад техникчээр гэснийг тракторч-комбайнчинаар гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР