Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01400

 

 

 

 

 

 

 

2024 07 05 210/МА2024/01400

 

 

 

Х ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

.......... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/01755 дугаар шийдвэртэй,

 

Х ХК-ийн нэхэмжлэлтэй,

Х.Д, Х.Г нарт холбогдох,

 

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Манай банк зээлдэгч А ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээг байгуулан 500,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлсэн ба талууд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр барьцааны гэрээ байгуулж дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

У.Эын өмчлөлийн .... аймаг, .............. сум, 3 дугаар баг, ............ 18 дугаар гудамж, ............. тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2,000 м.кв талбайтай газар, мөн ........ тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2,000 м.кв талбайтай газар, ............. тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2,000 м.кв талбайтай газар, түүнчлэн .... тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2,000 м.кв талбайтай газар, ........... тоот хаягт байрлах бүлийн хэрэгцээний зориулалттай 2,000 м.кв талбайтай газар,

Х.Дийн өмчлөлийн .......... дүүрэг, ............. хороо, .......... гудамж, ........... байр, 24 тоот хаягт байрлах 174 м.кв талбайтай орон сууц, мөн .......... дүүрэг, 3 дугаар хороо, ............. тоот хаягт байрлах 126 м.кв талбайтай 4 өрөө орон сууц,

Х.Гын өмчлөлийн ............ дүүрэг, 13 дугаар хороо, ........... тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан.

Бид 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр А ХХК, Эмеральд файнанс ХХК, У.Э нарт холбогдуулан ............ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээ болон барьцааны гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/03213 тоот шийдвэрээр Х.Д, Х.Г нарын өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Гэвч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 146 тоот магадлалаар Х.Д, Х.Г нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулахаар нэхэмжлэл гаргаагүй гэсэн үндэслэлээр эдгээр хариуцагч нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2022/00513 тоот тогтоолоор нэхэмжлэгч, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон.

Иймд, нэхэмжлэгч Х ХК-иас хариуцагч Х.Д, Х.Г нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж байх тул хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

А ХХК нь Х ХК-иас 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээг байгуулж 500,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 60 сарын хугацаагаар зээлж авсан. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар тус компанийн үүсгэн байгуулагч У.Э нь өөрийн эзэмшлийн 5 хэсэг байршилд бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан ба гэрээний хугацаанд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс 3 шатны шүүхээр уг эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон байтал давхар Х.Д, Х.Г нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй.

Учир нь, Х.Д, Х.Г нар тухайн зээлийг аваагүй, хариуцагч нар зээлийн харилцаанд оролцоогүй тул үүргийг биелүүлэх үүрэг хүлээхгүй.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор хариуцагчаас нийт 572,860,056 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, У.Эын өмчлөлийн .... аймаг, .............. сум, 3 дугаар баг, ............ 18 дугаар гудамж, ............. тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2,000 м.кв талбайтай газар, мөн ........ тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2,000 м.кв талбайтай газар, ............. тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2,000 м.кв талбайтай газар, түүнчлэн .... тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2,000 м.кв талбайтай газар, ........... тоот хаягт байрлах бүлийн хэрэгцээний зориулалттай 2,000 м.кв талбайтай газар, У.Э болон Эмеральд Файнанс ХХК-ийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бол үүргийн гүйцэтгэл хэрхэн хангагдсан эсэх талаарх мэдээлэл байхгүй, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд, мөн хөрөнгөөс төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүн хангагдсан эсэх талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Мөн тухайн шүүхийн шийдвэр ямар явцтай биелэгдэж байгаа, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон У.Э нарын барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар оруулж, худалдан борлуулсан эсэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй байхад хариуцагч нарт холбогдуулан 572,860,056 төгрөгийн үүргийг хангуулахаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар Х ХК болон А ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ/RCC18047013-1 тоот зээлийн гэрээний үүрэг 569,852,842 төгрөг төлөх үүргээ А ХХК нь гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Х.Дийн өмчлөлийн .......... дүүрэг, 0............. хороо, .......... гудамж, ........... байр, 24 тоот хаягт байрлах 174 м.кв талбайтай орон сууцыг, мөн .......... дүүрэг, 03 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 19 байр, 21 тоот хаягт байрлах 126.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг, хариуцагч Х.Гын өмчлөлийн ............ дүүрэг, 13 дугаар хороо, 9 байр, 157 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Д, Х.Г нараас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нэхэмжлэгч Х ХК нь Х.Дийн өмчлөлийн .......... дүүрэг, 0............. хороо, .......... гудамж, 11/01 байр 24 тоот хаягт байршилтай орон сууц, мөн .......... дүүрэг, 03 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат 19 байр, 21 тоот хаягт байршилтай 126 м.кв талбайтай орон сууц, мөн Х.Гын өмчлөлийн ............ дүүрэг 13 дугаар хороо, 1 хороолол, 9 байр, 157 тоот хаягт байршилтай орон сууцнаас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ" гэж заасан байдаг.

Х ХК-аас А ХХК, У.Э, Эмеральд финанс ХХK нарт холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 696,119,002 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, ............ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 184/12020/03213 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 146 дугаар магадлал, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2022/513 дугаар тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар дээрх шийдвэрийн дагуу төлбөрийг гаргуулах мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах ажиллагаа явагдаж байгаа билээ.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой дуусгавар болсон эсэх, ямар үе шатандаа явагдаж байгаа талаар, мөн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч нар нь төлбөр төлсөн эсэх, барьцаа хөрөнгөөр албадан дуудлага худалдаанд худалдсан эсэх, төлбөрийн чадваргүйг тогтоосон эсэх талаарх холбогдох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг.

Түүнчлэн миний бие Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Батжаргалыг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар өмгөөлөгчөөр авсан хэдий ч, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд шүүхийн зүгээс шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т "Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. Хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана" гэж заасныг зөрчсөн.

Иймд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэж үзэж байх тул 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/01755 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинзоригийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Өмгөөлөгч Б.Батжаргалид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан тул өнөөдрийн шүүх хуралдаанд ирж чадаагүй гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасан. Гэвч хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаан давхацсантай холбоотой ямар ч баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх хуралдаан үргэлжилсэн бөгөөд үүнтэй холбоотой ямар нэгэн байдлаар процессын зөрчил гараагүй. 

 

Хариуцагч тал барьцааны гэрээтэй холбоотой маргадаггүй ба зээлийг огт авч ашиглаагүй болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа асуудлаар маргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Х.Д, Х.Г нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс хүлээн зөвшөөрч маргажээ.

 

3. Х ХК нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр А ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 500,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч нарын өмчлөлийн дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан байна. Үүнд;

 

3.1. хариуцагч Х.Дийн өмчлөлийн .......... дүүрэг, ............. хороо, .......... гудамж ........... дүгээр байр, 24 тоот хаягт байрлах 174 м.кв талбайтай орон сууц,

3.2 хариуцагч Х.Дийн өмчлөлийн .......... дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 19 дүгээр байр, 21 тоот хаягт байрлах 126.4 м.кв талбайтай 4 өрөө орон сууц,

3.3 хариуцагч Х.Гын өмчлөлийн ............ дүүрэг, 13 дугаар хороо, ........... тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалж, барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус зөв тайлбарлаж хэрэглэж, барьцааны зүйлийг бусдын өмчлөлийн зүйл байж болно гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4. ............ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/03213 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 146 тоот магадлалаар А ХХК-иас 569,852,842 төгрөгийг гаргуулж Х ХК-нд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

5. Хэдийгээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 146 тоот магадлалаар Х.Д, Х.Г нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэдий ч нэхэмжлэгч Х нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар энэ талаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Тодруулбал, шүүх зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэсэн нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргах эрхийг хязгаарлахгүй.

 

6. Мөн Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.4-т зааснаар нэхэмжлэгч Х нь хариуцагч хариуцагч Х.Д, Х.Г нарын барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгийг бусад барьцааны зүйлийн хамт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дуудлага худалдаанд оруулах эрхтэй.

 

Иймд, хариуцагч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Х.Д, Х.Г нар зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч биш, шүүхийн шийдвэрээр дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн бусад хүний барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах ёстой гэсэн гомдол үндэслэлгүй.

 

7. Хариуцагч нар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг биелэгдэж дуусгавар болсон талаар маргаж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй боловч уг үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ талаарх гомдлыг хангахгүй.

 

8. Хэрэгт авагдсан баримтаар тус хэргийг хянан хэлэлцэхээр товлосон 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжингийн хууль зүйн туслалцаа авах хүсэлт, мөн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч нарын өмгөөлөгч Б.Батжаргалын ирүүлсэн эмнэлгийн магадалгааг үндэслэн тус тус хойшлуулжээ.

 

Үүний дараа 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг мөн адил хариуцагч нарын өмгөөлөгчийн өвчтэй гэсэн хүсэлтийг үндэслэн хойшлуулж, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Үүнээс үзвэл анхан шатны шүүх хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэтгэлцэх, эрх, үүргээ хэрэгжүүлэх болон хууль зүйн туслалцаа авах эрхийг хангасан байх тул хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. .......... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/01755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

 

Б.МАНДАЛБАЯР