| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0141/э |
| Дугаар | 192 |
| Огноо | 2019-02-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Улсын яллагч: Г.Ганбагана,
Нарийн бичгийн дарга: С.Уранбилэг,
Шүүгдэгч:Д.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бхолбогдох эрүүгийн 1709015560897 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уул 29 дүгээр гудамж, 40 тоотод тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Яллагдагч Б нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны орой 20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах КРС хоолны газрын гадна хохирогч О.Золзаяагийн эзэмшлийн Айфоне X маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2384000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “KFC” түргэн хоолны газрын гадна бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надтай цуг явж байсан эмэгтэй эмийн ургамлаа зарах гэж байгаа гэхээр нь би “тэр 2 эмэгтэйд эмээ зараач” гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй нөгөө 2 эмэгтэйд эмээ танилцуулж байх хооронд нь би араар нь тойрч очоод утсыг нь аваад цааш явсан. Цааш явж байтал утас дугараад би тухайн утсыг сайн ашиглаж чадахгүй байсан болохоор нэг хүүхэд таархаар нь “ахдаа энэ утасны зайг салгаад өгөөч” гэхэд энэ утасны зайг салгаж болдоггүй юм гэж надад хэлсэн. Гэтэл хажуунаас нэг эгч “чи наад утсаа зарах гэж байгаа юм уу, надад 300.000 төгрөг байна” гэхээр нь би тохиролцоод утсыг зараад мөнгөөр нь архи уучихсан юм, хохирлыг төлнө ...” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч О./ хх-ийн 12-р х/, яллагдагч /хх-ийн 27-28/, гэрч У.Сувд /хх-13/ нарын мэдүүлэг, “Дамно' ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/, яллагдагч Д.Бын ял шалгах хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч О.н “...2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 20 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 4-р хороонд байрлах түргэн хоолны КРС хоолны газрын гадаа ширээ сандал дээр найз Нарантуяагийн хамт уух юм уугаад сууж байтал нэг эмэгтэй ирээд бид хоёрт зарах ууттай хятад эм авах уу гэж асуухаар нь ийм зүйл авахгүй хоол байсан бол аваад чамд орлого оруулж өгмөөр байна гэж хэлсэн тэгээд тэр эмэгтэй яваад өгсний дараа цаанаас цонхоор нэг эмэгтэй гар утсыг чинь аваад явчихлаа гэж хэлэхээр нь ширээ нь дээр байсан гар утсаа хартал алга болсон байсан тэгээд нөгөө эмэгтэйн араас би гүйгээд барьж авсан ба хяналтын камерын бичлэгийг үзэхэд миний барьж авсан эмэгтэй 2 залуугийн хамт явж байсан ба энэ эмэгтэй миний анхаарлыг сарниулж байх хооронд хамт явсан залуу нь миний гар утсыг аваад зам гараад явсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Нөгөө эмэгтэйг цагдаагийн алба хаагч нар аваад явсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 12-р х/,
Яллагдагч Д.Бын ‘...2018 оны 05 дугаар сарын 23-ны орой 20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг КРС хоолны газрын урд талын талбайн хэсгийн гадна талбайн хэсэгт пиво уугаад сууж байсан зүс танихгүй хоёр эмэгтэйн нэгнийх нь гар утас ширээн дээр нь байж байхаар нь тэр гар утсыг нь мэдэгдэлгүйгээр сэм хулгайлан аваад явчихсан юм. Тухайн үед би энэ гэмт хэргийг үйлдэхдээ ганцаараа үйлдсэн бөгөөд тухай үед би энэ гэмт хэргийг үйлдэхдээ ганцаараа үйлдсэн бөгөөд тухайн үед надтай цуг явж байсан Сувд нь энэ талаар огт мэдээгүй бөгөөд тухайн үед тэр хоёр эмэгтэйтэй юм ярилцаад өөрийн зарах гэж авч явж байсан эмийг үзүүлээд зогсож байхаар нь би гар утсаа аваад Сувдаад хэлэлгүйгээр ганцаараа тэндээс холдоод яваад өгсөн юмаа. Тэгээд тэр гар утасны марк дугаарыг мэдэхгүй байсан учир замд таарсан хүүхдүүдийг ахдаа энэ гар утсыг унтаагаад өгөөч гэж хэлэхэд тэр хүүхэд надад ахаа наад гар утас чин унтардаггүй гар утас ш дээ гэж хэлэхэд тэр хавьд явж байсан 40 насны 160 см нураатай, махлагдуу биетэй, урьд өмнө зүс танихгүй эмэгтэй наад гар утсаа засах гэж байгаа юмуу гэж асуухаар нь та худалдаж авах юм уу хэдээр авах юм гэ асуухад тэр эмэгтэй надад 300000 төгрөг л байна гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тэр эмэгтэйд тэр гар утсыг 300000 төгрөгөөр худалдаад мөнгөөр нь архи уугаад дууссан... ” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28/,
“Дамно' ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/,
Гэрч У.Сувдын “...КРС түргэн хоолны газрын гадна талбайд сууж байсан хоёр эмэгтэйг Болдоо заагаад “тэнд хоёр эмэгтэй хүн сууж байна, чи очоод эмээ зараач” гэж хэлсэн. Ингээд ойртоод очиход 40 орчим настай хоёр эмэгтэй сууж байсан ба нэг нь жирэмсэн эмэгтэй байсан. Уг жирэмсэн эмэгтэйн өөдөөс харж сууж байсан ба би өөдөөс нь харж сууж байсан эмэгтэйн дэргэд очоод “эгчээ ходоод, бөөрний эм авах уу” гэж асууж байх үед Болдоо нүдний буланд ойролцоо харагдаж байсан ба сууж байсан хоёр эмэгтэй “эм авахгүй” гэхэд үзүүлсэн эмээ хайрцагт нь хийгээд уутлаад ширээнээс холдох гэж байхад Болдоо түрүүлээд явчихсан байсан. Би засмал замын хойд талаар баруун зүгт алхаж байх үед дээрх сууж байсан хоёр эмэгтэйн нэг нь араас хүрээд ирсэн. Уг эмэгтэй надад хандаж “утас аваад ир, чамайг миний утсыг авсан гэж хүн хэллээ” гэж хэлсэн. Би гайхаад би утас аваагүй эгчээ, дөнгөж сая таниас эм авах уу гэж асуусан хүн байна” гэхэд чамайг авсан гэж зааж өгч байгаа хүн байна, хамт явж камер шүүе гэж хэлсэн ба би дагаад явсан. ... Болдоо намайг тэр хоёр хүнд эмээ зараач гэж хэлсэн болохоор би Болдоог утас хулгайлчихсан байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан болон амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго нөлөөлсөн гэж үзнэ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд улсын яллагч /прокурор/-той маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Д.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгч анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, түүний цагдан хоригдсон 68 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Хохирогч О. шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хохирол төлбөрөө гаргуулж авах, гомдолтой гэсэн тайлбарыг утсаар мэдэгдсэн болно.
Иймд шүүх хуралдаанд хохирогч О. оролцуулахгүйгээр шийдвэрлэж, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь Ай фоне X маркын гар утасаа 3 500 000 төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн боловч, Damno хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээгээр 2 384 000 төгрөгөөр тогтоосон байх тул энэ гэмт хэрэгт учирсан хохиролыг хөрөнгийн үнэлгээний газраас тогтоосон үнэлгээгээр тогтоох нь зүйтэй байна.Учирсан эд хөрөнгийг хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас 2 384 000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Золзаяад олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсгүэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын урьд цагдан хоригдсон 66 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ тогтоолоор оногдуулсан 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний цагдан хоригдсон 68 хоногийн 8 цагаар тооцож /68 хоног*8 цаг=544 цаг/, түүний эдлэх ялаас хасч нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдсэнд тооцсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас хохирол 2 384 000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Золзаяад олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ