Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноопын Болормаа |
Хэргийн индекс | 137/2023/00268/И |
Дугаар | 202/МА2024/00012 |
Огноо | 2024-04-29 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 202/МА2024/00012
2024 04 29 202/МА2024/0012
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
хариуцагч: *тоотод оршин суух, Б овогт Ө.И /РД:*, утас: */,
хариуцагч: * тоотод оршин суух, Х овогт Д.Б /РД:*, утас:*/ нарт холбогдох
эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 100,677,152 төгрөг, 2 ширхэг чингэлэг засварын зардал 10,000,000 төгрөг, чингэлэг доторх хагарсан шил гаргах хаях ажлын зардал 5,500,000 төгрөг, нийт 116,177,152 төгрөг гаргуулах, мөн хариуцагч Д.Б цонхны 1500*2000*4 мм хэмжээтэй 10 хайрцаг, цонхны 1650*2200*4 мм хэмжээтэй 16 хайрцаг шилийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
хариуцагч Ө.И-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа, хариуцагч Д.Б-н өмгөөлөгч О.Үүрцайх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ /цахимаар зайнаас/, хариуцагч Ө.И-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа /цахимаар, зайнаас/, хариуцагч Д.Б , хариуцагчийн өмгөөлөгч О.Үүрцайх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Н.Норжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н ХХК нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга, тайлбартаа: ...Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай байгууллагын БНХАУлс дахь нийлүүлэгчээс ирүүлж байсан CICUI* болон CICUI* дугаартай чингэлэгт ачигдсан цонхны шил нийт 26 авдар барааг иргэн Ө.И нь Замын-Үүдийн 0 цэгээс Ложистикийн талбай хүрэх хооронд автомашин дээрээс унагаж осол гаргасан. Үүссэн хохирлын асуудлаар Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн болон Цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай тухай бүр нь мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагаас үүссэн хохирлын асуудлаар шинжээч томилсон ба шинжээчийн дүгнэлтээр нийт 100,677,152 төгрөгийн хохирол учраад байгаа талаарх дүгнэлтийг гаргасан. Ослын улмаас үүссэн хохирол 100,677,152 төгрөг, 2 ш чингэлэг засварын зардал 10,000,000 төгрөг, чингэлэг доторх хагарсан шил гаргах хаях ажлын зардал 5,500,000 төгрөг, нийт 116,177,152 төгрөгийг хариуцагч Д.Б , Ө.И нараас гаргуулж өгнө үү. гэсэн.
Энэхүү шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н ХХК-иас ...нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ослын улмаас үүссэн хохирол 100,677,152 төгрөг, 2 ш чингэлэг засварын зардал 10,000,000 төгрөг, чингэлэг доторх хагарсан шил гаргах хаях ажлын зардал 5,500,000 төгрөг, нийт 116,177,152 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа чингэлэг засварын зардал 10,000,000 төгрөгөөс 6,500,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, 3,500,000 төгрөгийг, чингэлэг доторх хагарсан шил гаргах хаях ажлын зардал 5,500,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгөөс татгалзаж 3,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нийт 107,177,152 төгрөгийг хариуцагч иргэн Д.Б , Ө.И нараас гаргуулж өгнө үү гэж багасгаж, өөрчилжээ.
2. Хариуцагч Ө.И-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа татгалзал, үндэслэлийн агуулга, тайлбартаа ....ковид-19 өвчин гарсантай холбоотой Замын- Үүд сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/279 дугаар захирамжаар "Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийг зохицуулах түр журам"-ыг баталсан. Уг түр журмаар Хилийн шугам дээрх чингэлэг солилцох талбайгаас чингэлгийг тээврийн хэрэгсэлд ачих, чингэлгийг тээврийн хэрэгсэлд бэхлэх ажлыг "Монголын төмөр зам ТӨХК-ийн ажилчид, чингэлэг ачигдсан тээврийн хэрэгслийг Хил хамгаалах байгууллагын жолооч жолоодож хилийн бүсээс гаргаж импортын тээврийн хэрэгсэл татах жолоочид шилжүүлэх, уг жолооч нь Гаалийн хяналтын бүс /ложистикийн талбай/ хүртэл жолоодох үүргийг гүйцэтгүүлж байсан юм. Дээрх журам хэрэгжиж байсантай холбоотойгоор импортын тээврийн хэрэгсэл татах жолооч нар нь тээврийн хэрэгсэлд хэдэн тонны ямар бараа ачсан чингэлэг ачсаныг мэдэх боломжгүй, нэгэнт ачигдаад ирсэн чингэлгийг Гаалийн хяналтын бүс рүү хүргэхээс өөр аргагүй.
2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ө.И нь Замын-Үүд сумын иргэн Туулын хүсэлтийн дагуу иргэн Б-н эзэмшлийн Beiben North benz маркийн * ДГН улсын дугаартай, * СЧ улсын дугаартай чиргүүлийн хамт жолоодон хилийн бүсэд чингэлэг ачих тээврийн хэрэгсэл байрлуулах талбайд байрлуулчхаад, чингэлэг ачигдаж ирэх хүртэл хүлээх хүлээлгийн байранд хүлээж байтал 10 цаг 30 минутын үед Хил хамгаалах байгууллагын жолооч 20 тонны 2 чингэлэг ачуулаад тээврийн хэрэгслийг жолоодож ирээд жолоог шилжүүлэхдээ нэлээн хүнд ачаа шүү гэж хэлсэн байна. Тэгээд тээврийн хэрэгслийг жолоодоод 500 метр орчим яваад шороон зам руу салах үед чиргүүл дээр ачсан чингэлэг өөдөөс ирж явсан тээврийн хэрэгслийн чиргүүл дээр унасан үйл явдал болсон. Ө.И-н жолоодон явсан тээврийн хэрэгсэл зургаан тэнхлэгтэй 44 тонны даацтай тээврийн хэрэгсэл юм. Чингэлэг унасны дараа чингэлэгт ачигдсан барааг шалгахад овор ихтэй, нурмаг ачаа ачих зориулалттай задгай чингэлэгт цонхны шилнүүдийг ямар ч бэхэлгээ, хамгаалалтгүй ачсан, чингэлгийг тээврийн хэрэгсэлд бэхлээгүй, даац хэтрүүлсэн зэрэг нь осол гарахад бүрэн нөлөөлсөн, мөн чингэлэг шилжүүлэн ачих ажиллагаанд хяналт тавих Хил хамгаалах байгууллагын ажилтан хяналт тавьж, мөрдөх дүрэм, журам, стандартыг мөрдүүлээгүй ажилдаа хайнга хандсанаас дээрх осол гарсан. Ө.И жолоог шилжүүлсэн Хил хамгаалах байгууллагын жолооч нь жолоог шилжүүлэхдээ ямар ачаа бараа ачсан, ачигдсан бараа нь шаардлагын дагуу ачигдсан, жин тонны талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, бүрэн гэмтэх аюул Ө.И-н жолоодож явсан тээврийн хэрэгслийн чиргүүлд ачигдсан ачаа бараанд байсан болох нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц.З-н 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн "Эрх бүхий албан тушаалтны магадалгаа", 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн "Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээс тодорхой харагдаж байгаа юм. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.6-д "Энэ хуулийн 393.4-т заасан нэг буюу хэд хэдэн нөхцөлийн улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэнд гэм буруугүй болохоо тээвэрлэгч нотолж чадвал хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан байх тул Ө.И холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч Д.Б татгалзал, тайлбарын үндэслэлийн агуулга тайлбартаа: ...миний бие Н ХХК-ний нэхэмжлэлтэй 116,177,152 төгрөг гаргуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч байна. Учир нь тухайн цаг үед Н ХХК-тай ачаа тээвэрлэлтийн талаар тохиролцоогүй, харин Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэр, тус ажлын хэсэгтэй тохирсноор тэдний өмнөөс, хүлээн авсан ачааг тээвэрлэсэн тул Н ХХК-ний өмнө хариуцлага үүрэхгүй, бидний хооронд ямар нэгэн тохиролцсон зүйл гэрээний эрх, үүрэг байхгүй. Бид ачаа тээвэрлэлтийг зохих журмаар хүлээн авсан бол тухайн ачааг стандарт бус ачсан байгааг буюу ямар нэгэн бэхэлгээ тоноглолоор бэхлээгүй, уялт чангалалт хийгээгүйгээс үүдэх эрсдэлийг тооцож тавигдах шаардлагын түвшинд бэхлүүлэх улмаар ачааны буюу машины жин тонноор тохируулж ачна. Өмнө нь мөн энэ маягаар шил хагалсан шалтгаанаар улсаас хохирол авч байсан нь санаатай сул бэхэлгээ хийхгүйгээр ачиж осол гаргах нөхцөлийг бүрдүүлж үлдсэн шилийг /хагараагүй байсан/ ямар нэгэн татваргүй, үнэгүйгээр ашиглаж буй залилангийн үйлдэл. Ачааг анхнаасаа осол гарах, нөхцөл боломжтой ачих замаар төрд хүлээлгэн өгч, түүний балгаас үүссэн асуудлаас устгал нэрээр эвдрэлгүй шилийг нь ашиглаж байгаа нь хууль бус үйлдэлд миний бие өртсөнд гомдолтой, тээврийн гэрээг бид хоорондоо хийгээгүй тул би хариуцагч биш, хагараагүй шилийг хэрхэн үнэлсэн талаар тодорхойгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, өгнө үү. гэжээ.
4. Хариуцагч Д.Б-н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...нэхэмжлэлтэй хамтатган үнэ цэнэ үгүйд тооцогдсон шил бүхий хайрцагтай бараа, сав баглаа боодлыг нэхэмжлэгч талаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие шилийг өөрийн аж ахуй, үйл ажиллагаандаа хагарч гэмтсэн хэсгээс ангилж ялгаад тэрхүү шил, баглаа боодлыг ашиглаад явах боломжтой тул нэхэмжлэгч Н ХХК- иас 2022 оны 11 дүгээр 25-ны өдөр тээвэрлүүлсэн ачаа барааг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийг хариуцах Н ХХК-иас цонхны 1500*2000*4 мм хэмжээтэй 10 хайрцаг, цонхны 1650*2200*4 мм хэмжээтэй 16 хайрцаг нийт 26 хайрцаг шилийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хамтатган шийдвэрлэж өгнө үү. Чингэлэгт байсан шилнээс ашиглаж болох маш их хэмжээний шил байсан гэдгийг Энхтуул надад хэлж байсан. Энэ осолтой холбоотой компанитай холбогдож байсан хүн нь Энхтуул байсан учир Энхтуулыг гэрчээр оролцуулж өгөөч ээ гэсэн хүсэлтийг дахин гаргаж байна. гэжээ.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл 73.1 дэх хэсэгт заасан Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлүүлэх боломжгүй буюу харилцан тооцогдох боломжгүй шаардлага, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл 73.1-т заасан сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй буюу УТХ дутуу төлсөн байна. Иймд Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй тул хуулийн 65.1.11 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү....сөрөг нэхэмжлэл өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-т заасан бүрдүүлбэрийг хангана гэж заасан. Улсын тэмдэгтийн хураамж сөрөг нэхэмжлэлд төлдөг. Гэтэл сөрөг нэхэмжлэл нь үнэлэх боломжгүй байхад өөрөө тодорхойлоод тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байдаг. Эдгээр үндэслэлээр сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байгаа. 3-т Энхтуул гэж хүнтэй удаа дараа ярихад хохирлоо төлнө, хотод ирж уулзана гэж хэлчхээд л алга болсон. Хохирлоо төлнө гэж байсан. Аргаа бараад шүүхэд хандсан. Шүүхээс наана аль шил нь төлөх боломжтой боломжгүйг хараад ялгая гээд өөрсдөө санаачилга гаргасан бол манайхаас боломжтой шүү дээ ингэе тэгье гээд хэлэх байсан. Гэтэл 2 жилийн хугацаа өнгөрсний дараа шүүх дээр ирээд ийм асуудал яриад байгаа нь зохимжтой биш гэж ойлгож байгаа. Иймд гаргаж байгаа сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-д зааснаар хариуцагч Ө.И , Д.Б нараас тээвэрлэлтийн гэрээнээс үүссэн гэм хорын төлбөрт 90,316,152 /ерэн сая,гурван зуун арван зургаан мянга, нэг зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,868,000 /хорин таван сая, найман зуун жаран найман мянга/ төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 738,835.76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.И , Д.Б нараас 609,531 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож,
хариуцагч нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлэхийг мэдэгдэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
7. Хариуцагч Ө.И-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаагийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ...Ө.И-н хувьд тухайн өдөр Туулын гуйлтаар Н ХХК-ийн ачааг тээвэрлэсэн гэж байгаа. Н ХХК болон Ө.И нарын хувьд ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Яагаад вэ гэхээр тээвэрлэлтийн явцад хаанаас хаа хүрэхийг нь заачихсан. Тэр хугацаанд хэн хариуцлагагүй хүлээх вэ гэдгийг тэр журмаараа заачихсан байгаа учраас Н ХХК-ийн тээвэрлэсэн ачаа 3-ын хаалт хүртэлх хугацаанд эвдэрч гэмтсэн бол Хил хамгаалах ерөнхий газар хариуцлагыг нь хүлээх ёстой. Мөн тухайн журам дээр төрийн бус байгууллага хэний өмнө, ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь байгаа. Төрийн бус байгууллага маань 3-ын хаалтаас ложистикийн төв хүртэлх замд ачааг ямар нэгэн гэмтэл, осол авааргүйгээр тээвэрлээд хөлсөө авна гэж байгаа. Хавтаст хэрэгт гэрч Уламбаяр мэдүүлэг өгсөн байгаа. Энэ дээр 3-ын хаалтаас ложистикийн төв хүртэлх замын зардал болох 725,000 төгрөгийг бид нар ложистикийн төв дээр төрийн бус байгууллагад төлчихсөн гэж мэдүүлдэг. Мөн Н ХХК-аас Ө.И болон Д.Б нартай ямар нэгэн байдлаар иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй учраас Ө.И ыг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байгаа. Үндэслэлтэй байна гэж үзвэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 388-393 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээг хуулиар зохицуулсан байгаа. Үүн дээр тээвэрлэлтийн явцад жолоочийн буруутайгаас бусад тохиолдолд ачиж явсан тээврийн хэрэгсэл болон ачаанд хохирол учирсан тохиолдолд жолоочийг хариуцлагаас чөлөөлнө гэж заасан. Энэ хуульд заасан нөхцөл байдал тухайн үед байсан гэж үзэж байна. Гэтэл шүүгч Иргэний хуулийн 380 дугаар зүйлд зааснаар тээвэрлэлтийн гэрээ үүссэн гэж үзээд байгаа. Иргэний хуулийн 380 дугаар зүйлд тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Тийм учраас Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 6-д зааснаар тухайн ачаа нурсан нь Ө.И-н буруутай үйлдэл биш гэж үзэж Ө.И ноогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
8. Хариуцагч Д.Б-н өмгөөлөгч О.Үүрцайх давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ...нэхэмжлэлийн шаардлагыг эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 100,677,152 төгрөг, 2 ширхэг чингэлэг засварын зардал 10,000,000 төгрөг, чингэлэг доторх хагарсан шил гаргах хаях ажлын зардал 5,500,000 төгрөг гэж 3 мөнгөн дүнгээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч талаас Ө.И тай холбоотой асуудал дээр Омбын Энхтуул гэдэг хүнийг гэрчээр асууя гэдэг хүсэлтийг гаргаж байсан. Энэ хүсэлтийг шүүхээс хангаж шийдвэрлээгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.Энэ нь талуудын мэтгэлцэх зарчмыг буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан зарчмыг тэгш олгоогүй гэдэг үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. О Э нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оролцож эхэлсэн хүн байгаа. Мөн нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр хариуцагчийн оршин суугаа хаяг болон холбоо барих утсан дээр Туул гэдэг нэрээр тавигдаад ирсэн. Өөрөөр хэлбэл энэ хүн Н ХХК-тай тохиролцох буюу энэ шилийг хариуцаж, ачаалж байсан учраас гэрчээр оролцуулж тодорхойлуулъя гээд энэ санал гаргасан. Гэрчээр оролцуулах болсон шалтгаан нь Д.Б-н хувьд тээврийн хэрэгслийн эзэмшигч гэдэгтээ ямар нэгэн маргаан гаргаагүй, хохирол гарсан байна. Бодит хохирол нь ямар хохирол юм, учирч байгаа хохирол нь ямар юм бэ гэдгийг энэ хүн Н ХХК-тай буюу нэхэмжлэгч талтай холбогдож ирсний хувьд тайлбарлаж гаргаж ирэх гол гэрч байгаа гэдэг хүсэлтээ анхан шатны шүүхэд бол танилцуулж байсан. Хавтаст хэргийн материалд 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 84 дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамж байдаг. Энэ захирамжид хариуцагчаас гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн буюу Замын-Үүд дэх Гаалийн газраас Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд энэ хуульд заасан журмын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ гэж заасан тул CICUI* болон 881 дугаартай чингэлэгт хийгдсэн гаалийн бүрдүүлэлт болон ашиглах боломжгүй болсон ачааг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ ажиллагаа бүрэн хийгдээгүй. Үүнтэй холбогдуулаад Ө.И-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаагаас шүүхэд гэрч асуулгах хүсэлтийг гаргасан. Гэрчээр Б.Уг 2024 оны 02 сарын 29-ний өдөр асуусан байгаа. Гэрч асуусан тэмдэглэлд дурдсанаар тухайн контейнертой шилийг ложистикийн талбай дээр буулгасан, мөн ложистикийн талбай дээр буусан байсан зургийг дарж компани руугаа явуулсан. Тэрнээс хойш гаалийн бүрдүүлэлтийг нь хийгээд барааг явуулсан гэдэг мэдүүлгийг өгсөн. Энэхүү мэдүүлэгтэй холбогдуулаад хариуцагч тал юу гэж үздэг вэ гэхээр энэ шил бол Монгол Улсын хилээр орж ирэхдээ гаалийн хяналтын талбай дээр явж байгаад, талбай дээр зам тээврийн осол буюу ачаа, бараа нурснаас болоод ингээд зам тээврийн осол гарсан. Энэ шатанд бол цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулиар зам тээврийн ослыг шийдвэрлэсэн. Энэ шийдвэртэй холбогдуулаад хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт гэж гарч ирсэн. Шинжээчийн дүгнэлтийн үндэслэж байгаа хэсэг дээр тухайн ачааны зах зээлийн үнэлгээг тогтоосон, уг үнэлгээг тогтоохдоо тухайн тээврийн хэрэгсэл буюу чингэлэгт ачигдсан байсан бараа бүтээгдэхүүний үнэ ийм байна гэдгийг л тогтоочихсон. Үнэлгээний тайлан дотор тодорхой заасан байж байгаа. Н ХХК-аас авсан үнийн саналыг тусгаад бид нар үнэ гаргалаа гэсэн. Яг хэдэн шил хагарсан нь тогтоогдоогүй. Зам тээврийн ослын зөрчлийн материал шийдэгдсэний дараа энэ нь гаалийн хил дээр байсан учраас гаалийн хяналт шалгалтад шилжсэн. Гаалийн хяналт шалгалтад шилжээд Гаалийн тухай хуулийн зааснаар дотоодод нэвтрэх гэдэг ойлголт гарч ирсэн байгаа. Гаалийн тухай хуульд 2 зүйл байж байгаа. 1 нь Монгол Улсад нэвтэрч зах зээлийн чөлөөт эргэлтэд орох тохиолдолд гаалийн татвар ноогдуулаад барааг тухайн эзэнд нь олгох асуудал байгаа. Нөгөөдөх нь энэ бараа цаашид ашиглагдах боломжгүй, үнэ цэнэгүй болсон бол гаалийн нутаг дэвсгэрт устгах асуудал байгаа. Яагаад гэвэл тэр бараа үнэ цэнэгүй бол татвар ноогдох шаардлагагүй, хэрвээ энэ бараа ямар нэг байдлаар ашиглагдах боломжгүй, үнэ цэнэгүй болсон бол нэхэмжлэгч тал энэ бараанд гаалийн татвар төлөөд, ачилтын зардал, буулгалтын зардал гэдэг зүйлийг огт төлөхгүй байсан. Гаалийн харилцаа зөвхөн нэхэмжлэгч талтай хийгдээд явсан. Мөн хариуцагч Ө.И болон тухайн үед холбогдож байсан Туул нарт улсын хилээр авч гарсан талаар огт мэдэгдээгүй, шүүхэд ирсний дараа мэдсэн. Тийм учраас хавтаст хэргийн материал дээр Ө.И-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаагаас болон хариуцагч Д.Бнараас гаалийн бүрдүүлэлтийн баримтыг гаргуулъя гэдэг хүсэлтийг удаа дараа гаргасан байгаа. Энэ хүсэлтийг шийдвэрлэж 2023 оны 881, 1157 дугаар захирамжууд гарсан байгаа. Энд юу гэж дурдагдсан байдаг вэ гэхээр хагарсан шилийг гаалийн хяналтын бүсээс хэрхэн гаргасан асуудлыг нэхэмжлэгч тал хагарсан шил гаргах, хаях ажлын хөлсийг нэхэмжилсэн тул энэ талаарх нотлох баримтыг хуульд зааснаар нэхэмжлэгч тал нотлох үүрэгтэй гэж зааж өгөөд, энэ хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Тухайн гаалийн бүрдүүлэлт хийсэн баримт орж ирснээрээ ямар ач холбогдолтой вэ гэхээр бид нарын хэлээд байгаа бодит хохирлыг тооцох боломжтой. Энэ шил яг унасан байгаа байдлаар хавтаст хэрэгт зургууд нь байгаа. Бид нар Иргэний хуулийн 423 дугаар зүйлд зааснаар хохирол төлөх хэдий боловч шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар гэж байгаа бол мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар гэм хорын хэмжээг бодит хэмжээнээсээ тооцож гаргах ёстой. Бидний зүгээс бодит хохирлыг төлье гэдэг шаардлагыг гаргасан учраас шүүхийн шийдвэрт бодит хохирлыг тооцоогүй байхад гаргаж ирлээ гэж үзэж байгаа. 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Н ХХК-аас шүүхэд хүсэлт гаргаж Д.Б-н данснуудыг битүүмжлүүлсэн. Эзэмшлийн данснууд буюу зарлагын гүйлгээ хийх эрхийг битүүмжлүүлсэн байгаа. Үүний улмаас улсын тэмдэгтийн хураамжийг зайлшгүй банкнаас гүйлгээгээр хийх ёстой гэж шаардсаны дагуу улсын тэмдэгтийн хураамж 70,200 мянган төгрөгийг бусдын нэр дээрээс шилжүүлсэн байгаа, шүүх өөрөө захирамжаараа тухайн иргэний банкны гүйлгээ хийх эрхийг нь хязгаарлачхаад бусдаар гүйлгээ хийлгээд хүрээд ирэхээр нь тодорхойлох боломжгүй гэсэн нөхцөл байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг 70,200 төгрөгөөр үнэлж гаргасан. Яагаад вэ гэвэл Н ХХК тухайн эд зүйлсийг үнэгүйд тооцоод тухайн шилний зах зээлийн үнийг нийт дүнгээр нь нэхэмжилж гаргаж ирсэн. гэв.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ...1 дүгээрт Н.Баярмаа өмгөөлөгчийн нь гаргасан тайлбартай холбогдуулаад тайлбаруудаа хэлье. Нэхэмжлэгчийн зүгээс иргэн Ө.И ыг хариуцагчаар татсан байгаа. Яагаад хариуцагчаар татагдаж байгаа вэ гэхээр тухайн хохирол учруулсан тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч байгаа.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3-д зааснаар тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байгаа жолооч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, тээврийн хэрэгсэлд ачсан, бараа материалыг хөдөлгөөн эхлэхээс өмнө тээврийн хэрэгслийг шалгах, бэхэлгээг хийх үүргүүдийг хүлээсэн байгаа. Гэрээ хийсэн, үгүйгээс үл хамаараад энэ үүргээ заавал биелүүлнэ. Тухайн цаг хугацаа нь ковидын үеийн цаг хугацаа байгаа боловч Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журам,замын хөдөлгөөний дүрмүүдийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэдгийг анхан шатны шүүх дүгнэсэн байгаа. Мөн цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан. Зөрчлийн хуулиар арга хэмжээ авахдаа жолооч өөрөө хөдөлгөөн эхлэхээс өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаагүй, бэхэлгээг хийгээгүй гэж гаргасан. Энэ нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол, аваар үүсэх үндсэн нөхцөл болсон байна гэдэг дүгнэлтийг гаргаад шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан байх. Ийм учраас бодитоор хохирол учруулсан иргэн өөрөө хариуцагчаар татагдах ёстой. Тиймээс иргэн Ө.И ыг хариуцагчаар татсан. Хариуцагч Д.Б-н өмгөөлөгчийн гаргасан гомдлын хувьд тайлбар хэлье. Нэхэмжлэгчийн зүгээс Энхтуул гэдэг хүнийг хариуцагчаар татсан. Түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ёстой гэсэн тайлбарыг хэлж байна. Бодит байдал дээр энэ хэрэг маргаан бол 2023 оны 05 дугаар сард гаргасан. Бүхэл бүтэн 1 жилийн хугацаа шүүх дээр өрнөсөн. Энэ хугацаанд хариуцагчийн зүгээс удаа дараагийн хүсэлтүүдийг гаргасан, шүүх хуралдаан хойшлуулсан процессууд болсон. Сая дурдаад байгаа Энхтуул гэдэг хүнийг гэрчээр оролцуулъя гэдэг хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан. Нэгэнт шүүх алх цохиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс үргэлжлээд явж байхад хүсэлтээ гаргасан. Гаалийн асуудалтай холбоотой хэд хэдэн асуудлууд, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой асуудлуудыг тавьж байгаа. Цагдаагийн байгууллагаас хохирлын үнэлгээг Ашид билгүүн гэж шинжилгээний байгууллагыг томилсон. Шинжээчээс тухайн хөрөнгийг үнэлэхдээ бодит учирсан хохирлын үнэлгээг хийсэн. Хариуцагчийн өмгөөлөгчийн дурдаж байгаа шиг контейнер дотор байгаа хөрөнгүүд ийм байна гэдэг байдлаар дурдаагүй. Бодитоор хэдэн төгрөгийн хөрөнгө энэ контейнер дотор байсан бэ гэдгийг тогтоох биш бодит хохирлыг тогтоосон үнэлгээ нь тэр байгаа. Нэгэнт цагдаагийн байгууллагаас бодит хохирлыг тогтоосон үнэлгээ гарсан учраас бид хохирлынхоо үнэлгээг шинжилгээний байгууллагаас тогтоосон үнэлгээгээр явсан. Сөрөг нэхэмжлэлийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйл, мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрүүдийг хангах ёстой. Бүрдүүлбэрүүдийг хангаагүй үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй процессууд байгаа. Анхан шатны шүүх энэ бүх процесс, үйл баримт, осол аваартай холбоотой харьцангуй зөв дүгнэлтийг хийсэн гэж үзэж байгаа. Энд процессын хууль зөрчсөн юм уу, үндэслэлгүй дүгнэлт гаргасан асуудал байхгүй гэв.
10. Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би анх хэрэг болох үед мэдээгүй. Миний машин хилийн бүсэд аваар хийсэн байна гэдгийг өөр хүмүүсээс мэдсэн, компаний зүгээс надтай 1 ч удаа утсаар ярьж байгаагүй. Хагарсан шилийг устгасан гээд байгаа. Ямар ч үед гаалийн бүсэд орсон бараа бүрдүүлэлтээр талбайгаас гардаг. Тэгтэл эдний бараа бүрдүүлэлт хийгээд гараад явчихсан байна. Гааль дээр үнэлгээ хийх боломжгүй бараанд бүрдүүлэлт хийх боломжгүй, 0 дүнгээр устгалд оруулдаг хууль, журамтай. Нэхэмжлэгч устгалд оруулчихсан гэсэн хэр нь гаалийн бүсээс татвараа төлөөд гараад явчихсан байгаа. гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн хариуцагч Ө.И-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа, хариуцагч Д.Б-н өмгөөлөгч О.Үүрцайх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
1.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:Нэхэмжлэгч Н ХХК-иас хариуцагч Ө.И , Д.Б нарт холбогдуулан ...Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай байгууллагын БНХАУлс дахь нийлүүлэгчээс ирүүлж байсан CICUI* болон CICUI* дугаартай чингэлэгт ачигдсан цонхны шил нийт 26 авдар барааг иргэн Ө.И нь Замын-Үүдийн 0 цэгээс Ложистикийн талбай хүрэх хооронд автомашин дээрээс унагаж осол гаргасан, үүссэн хохирлын асуудлаар Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн болон Цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудад мэдэгдсэн, Цагдаагийн байгууллагаас үүссэн хохирлын асуудлаар шинжээч томилсон ба шинжээчийн дүгнэлтээр нийт 100,677,152 төгрөгийн хохирол учирсан талаарх дүгнэлтийг гаргасан, ослын улмаас үүссэн хохирол 100,677,152 төгрөг, 2 ш чингэлэг засварын зардал 10,000,000 төгрөг, чингэлэг доторх хагарсан шил гаргах хаях ажлын зардал 5,500,000 төгрөг, нийт 116,177,152 төгрөгийг хариуцагч Д.Б , Ө.И нараас гаргуулж өгнө үү. гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч энэхүү шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгасан буюу 116,177,152 төгрөгийг гаргуулах шаардлагыг чингэлэг засварын зардалд 3,500,000 төгрөг, чингэлэг доторхи хагарсан шил гаргах ажлын зардалд 3,000,000 төгрөгийг, нийт 107,177,152 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах гэж өөрчилж, шаардлагаа зөрчлийн хэргийн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол/1хх 10/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт/1хх 12/, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч/1хх14-15/, Б-н эзэмшлийн Beiben North benz маркийн * ДГН улсын дугаартай, * СЧ улсын дугаартай чиргүүл/1хх18/-ийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зөрчлийн хэргийн холбогдогчоос авсан мэдүүлэг /1хх 20-22/, хохирогчоос авсан мэдүүлэг/1хх 23-24/, эрх бүхий албан тушаалтны гаргасан магадалгаа/1хх25-26/, эрх бүхий албан тушаалтны шинжээч томилсон тогтоол/1хх29/, шинжээчийн дүгнэлт/1хх30-34/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/1хх35/, эрх бүхий албан тушаалтнаас New window ХХК-ний хууль ёсны төлөөлөгчөөр Б.Уламбаярыг томилсон тогтоол/1хх36/, шийтгэлийн хуудас /1хх 37/ зэрэг нотлох баримтад үндэслэсэн.
Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Б эс зөвшөөрч ...тухайн цаг үед Н ХХК-тай ачаа тээвэрлэлтийн талаар тохиролцоогүй, бидний хооронд ямар нэгэн тохиролцсон зүйл гэрээний эрх, үүрэг байхгүй. Бид ачаа тээвэрлэлтийг зохих журмаар хүлээн авсан бол тухайн ачааг стандарт бус ачсан байгааг, ямар нэгэн бэхэлгээ тоноглолоор бэхлээгүй, уялт чангалалт хийгээгүйгээс үүдэх эрсдэлийг тооцож тавигдах шаардлагын түвшинд бэхлүүлэх улмаар ачааны буюу машины жин тонноор тохируулж ачна. Улс хоорондын тээврийн буюу Хилийн тэг цэгээс Гаалийн хяналтын талбай хүрэх хүртэл тээврийн гэрээг бид хоорондоо хийгээгүй тул миний бие хариуцагч биш гэсэн тайлбар гаргасан.
Хариуцагч Ө.И-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа ...ковидын нөхцөл байдалтай холбоотой хилийн шугам дээрх чингэлэг солилцох талбайгаас чингэлгийг тээврийн хэрэгсэлд ачих, чингэлгийг тээврийн хэрэгсэлд бэхлэх ажлыг "Монголын төмөр зам ТӨХК-ийн ажилчид, чингэлэг ачигдсан тээврийн хэрэгслийг Хил хамгаалах байгууллагын жолооч жолоодож хилийн бүсээс гаргаж импортын тээврийн хэрэгсэл татах жолоочид шилжүүлэх, уг жолооч нь Гаалийн хяналтын бүс /ложистикийн талбай/ хүртэл жолоодох үүргийг гүйцэтгүүлж байсан юм. Дээрх журам хэрэгжиж байсантай холбоотойгоор импортын тээврийн хэрэгсэл татах жолооч нар нь тээврийн хэрэгсэлд хэдэн тонны ямар бараа ачсан чингэлэг ачсаныг мэдэх боломжгүй, нэгэнт ачигдаад ирсэн чингэлгийг Гаалийн хяналтын бүс рүү хүргэхээс өөр аргагүй байсан.
2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ө.И нь Замын-Үүд сумын иргэн Туулын хүсэлтийн дагуу иргэн Б-н эзэмшлийн Beiben North benz маркийн * ДГН улсын дугаартай, * СЧ улсын дугаартай чиргүүлийн хамт жолоодон хилийн бүсэд чингэлэг ачих тээврийн хэрэгсэл байрлуулах талбайд байрлуулчхаад, чингэлэг ачигдаж ирэх хүртэл хүлээх хүлээлгийн байранд хүлээж байтал 10 цаг 30 минутын үед Хил хамгаалах байгууллагын жолооч 20 тонны 2 чингэлэг ачуулаад тээврийн хэрэгслийг жолоодож ирээд жолоог шилжүүлэхдээ нэлээн хүнд ачаа шүү гэж хэлсэн байна. Тэгээд тээврийн хэрэгслийг жолоодоод 500 метр орчим яваад шороон зам руу салах үед чиргүүл дээр ачсан чингэлэг өөдөөс ирж явсан тээврийн хэрэгслийн чиргүүл дээр унасан үйл явдал болсон байна. Чингэлэг унасны дараа чингэлэгт ачигдсан барааг шалгахад овор ихтэй, нурмаг ачаа ачих зориулалттай задгай чингэлэгт цонхны шилнүүдийг ямар ч бэхэлгээ, хамгаалалтгүй ачсан, чингэлгийг тээврийн хэрэгсэлд бэхлээгүй, даац хэтрүүлсэн зэрэг нь осол гарахад бүрэн нөлөөлсөн, мөн чингэлэг шилжүүлэн ачих ажиллагаанд хяналт тавих Хил хамгаалах байгууллагын ажилтан хяналт тавьж, мөрдөх дүрэм, журам, стандартыг мөрдүүлээгүй ажилдаа хайнга хандсанаас дээрх осол гарсан тул зөвшөөрөхгүй гэжээ.
2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Д.Б ...цонхны шилийг өөрийн аж ахуй, үйл ажиллагаандаа хагарч гэмтсэн эсгээс ангилж, ялгаад ашиглаад явах боломжтой тул Н ХХК-иас 1500*2000*4 мм хэмжээтэй 10 хайрцаг, 1650*2200*4 мм хэмжээтэй 16 хайрцаг, нийт 26 хайрцаг шилийг гаргуулна гээд энэхүү шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргасан.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнээс эс зөвшөөрч ...энэ шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлүүлэх боломжгүй, харилцан тооцогдох боломжгүй шаардлага, сөрөг нэхэмжлэл нь бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байна гэсэн хариу тайлбар гаргасан байна.
Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-д заасанд үндэслэж, хариуцагч Ө.И , Д.Б нар ачаа барааг тээвэрлэлтийн гэрээний гол нөхцөл болох тогтоосон газар буюу Замын-Үүдийн 0 цэгээс Ложистикийн талбайд хүргэх, Н ХХК нь хөлс төлөхөөр амаар тохиролцсон нь зохигчдын тайлбараар нотлогдсон тул Н ХХК үүссэн хохирлоо хариуцагч нараас шаардах эрхтэй гэж дүгнээд хариуцагч Ө.И , Д.Б нараас тээвэрлэлтийн гэрээнээс үүссэн гэм хорын төлбөрт 90,316,152 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,868,000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ө.И-н итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Д.Б , түүний өмгөөлөгч О.Үүрцайх нараас давж заалдах гомдол гаргасан.
3.Хэрэгт цугларсан нотлох баримтын эх сурвалжийг магадлан, харьцуулан үзэхэд Анхан шатны шүүхээс тухайн хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хэрэгт ач холбогдол бүхий тогтоогдсон нөхцөл байдлын талаар бүрэн бодитой үндэслэл бүхий дүгнээгүй буюу маргаан бүхий цаг хугацаанд хариуцагч нарын хууль бус үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон эсэх нөхцөл байдлын талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн байх ба энэ нь шийдвэрийг өөрчлөх боломжгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.1-т заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.
3.1.Тухайлбал хуульд тусгайлан заасан зарим хэргийг анхан шатны шүүхийн шүүгч дангаар хянан шийдвэрлэдэг. Энэ иргэний хэргийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгч дангаар шийдвэрлэх хэрэг, эрх зүйн маргаанд хамаарахгүйн зэрэгцээ талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй учир гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүсэхгүй бөгөөд маргааныг бусдын эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан, зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа гэж үзнэ.
Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хүлээдэг тул анхан шатны шүүхээс энэ маргааныг хууль бус бүрэлдэхүүнээр буюу шүүгч дангаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зөрчил юм.
Түүнчлэн Анхан шатны шүүхээс Ө.И , Д.Б нараас тээвэрлэлтийн гэрээнээс үүссэн гэм хорын төлбөрт 90,316,152 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,868,000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн үнийн дүнтэй тохироогүй буюу нэхэмжлэгч ...116,177,152 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа ослын улмаас учирсан хохирол 107,177,152 төгрөг гэж багасгаж, өөрчилсөн үнийн дүнтэй тохирохгүй байна.
Маргаан бүхий цаг хугацаанд хариуцагч Ө.И , иргэн О.Энхтуултай тохиролцож, Д.Б-н эзэмшлийн тээврийн хэрэгслээр ачааг тээвэрлүүлсэн, тээвэрлэсэн хууль бус үйлдэл тогтоогдсон эсэх, хариуцагч Д.Б нь О.Эд уг тээврийн хэрэгслийг ашиглах боломжийг олгосон эсэх, хариуцагч Ө.И нь тухайн цаг хугацаа/Ковид-19 цар тахлын улмаас/-нд тусгайлан зохицуулалт буюу Сумын Засаг даргын захирамжийн дагуу батлагдсан журамд заасны дагуу өөрийн тээвэрлэх ачааны бэхэлгээ, хамгаалалтыг шалгалгүйгээр хүлээн авч, тээвэрлэдэг байсан гэх бодит нөхцөл байдал үүссэн эсэх талаар нотлох баримтад үндэслэн, хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй байна учир нь гэм хорын хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл/эс үйлдэхүй/ болон хохирлын хооронд шалтгаант холбоотой эсэх нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай байдаг.
Үүний зэрэгцээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулсан бөгөөд гэм буруугүй болох нь тогтоогдвол шүүх түүнийг хариуцлагаас чөлөөлнө харин хуульд заасан тохиолдолд гэм буруугүй байсан ч хариуцлага хүлээнэ.
Мөн гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй түүнд тусалсан этгээд нэгэн адил хариуцлага хүлээх үндэслэлтэй.
3.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагч Туул утас 91541126 гэж тэмдэглэснийг мөн хариуцагч Д.Б нь иргэн О.Эд тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон эсэх, олгоогүй бол О.Э зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг Ө.И тай хамт ашигласан зэрэг нөхцөл байдлыг болон нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ачаа тээвэрлэлт хийх, тээвэрлэлтийн хөлсийг Н ХХК нь төлөхөөр амаар тохирсон гэж үзэх нөхцөл байдалгүй байхад мөн нэхэмжлэгчийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөлд хамаарах Ө.И-н холбогдсон зөрчлийн хэргийн материалд авагдсан шинжээчийн дүгнэлтэд цонхны шилнүүдийг тээвэрлэх зардал 11,806,000 гэсэн нь шилийг хаанаас аль хүртэл тээвэрлэх зардал болох талаар шүүх тус тус тодруулаагүй байна.
Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтнаас гаргасан тогтоол, тэмдэглэл, магадалгаа, шийтгэлийн хуудас нь хууль зүйн үр дагавар бүхий баримт байх ба эдгээр нотлох баримт нь маргааны зүйлийг тогтооход хамааралтай, ач холбогдолтой ба хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагыг хангасан эсэхийг шүүхээс дүгнэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцөлийг бүрдүүлэхэд ач холбогдолтой болно.
Мөн анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн оролцогчоос гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцэх юм.
4. Шүүгчийн захирамжаар Б.Бг гэрчээр асуухаар шийдвэрлэсэн байх боловч энэ ажиллагаа хийгдээгүй, Д.Б-н гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах 26 хайрцаг шилтэй холбоотой эдгээр хагарсан шилийг гаалийн хяналтын бүсээс хэрхэн гаргаж, шийдвэрлэсэнтэй холбоотой баримтыг холбогдох байгууллагаас гаргуулах оролцогчийн хүсэлтийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэнд хамаарна.
Харин сөрөг нэхэмжлэлийг Н ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнэд гардуулсан байх боловч нэхэмжлэгч ХХК-ны унасан шилний ачилт буулгалтын хөлс 3,000,000 төгрөгийг түүний ХААН банкны дугаар данс руу шилжүүлсэн/2хх14/ нөхцөл байдлыг хэргийг дахин шийдвэрлэхдээ анхаарч, тодруулах нь зүйтэй байна.
Иймд хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн маргааны үйл баримтад эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж, давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж, тэдгээрийн гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.1, 168.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 137/ШШ2024/00044 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч Ө.И-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа, хариуцагч Д.Б , түүний өмгөөлөгч О.Үүрцайх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ө.И-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаагийн давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 609,531 төгрөг, хариуцагч Д.Б , түүний өмгөөлөгч О.Үүрцайх нарын давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 609,531 төгрөг, нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнийн давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД О.ОДНЯМАА
Н.БОЛОРМАА