Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 202/МА2024/00013

 

2024 05 21 202/МА2024/00013

 

Б.Г-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 136/ШШ2024/00115 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: * тоот хаягт оршин байх Б.Г /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *тоот хаягт оршин суух Т ХХК /РД:*/-д холбогдох

60,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Г-с 49,070,707 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т , нэхэмжлэгч Б.Г нарын давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч С.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Норжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга, тайлбартаа: ...1.1.Манай гэр бүл хувийн орон сууцтай болох зорилгоор 2017 онд барилгын зургаа зуруулсны дараа Т ХХК-тай түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2 давхар хувийн орон сууцыг 4 машины гарж, блокон хашаа, гадна тохижилтын хамт 105 хоногт нийт 154,600,000 төгрөгийн төсөвт өртөгт багтааж барьж дуусгахаар тохиролцон 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, Гүйцэтгэгч тал чанарын шаардлага хангасан барилгын материалаар ажлаа гүйцэтгэхээр, Гүйцэтгүүлэгч би 2017 оны 8 дугаар сараас 2019 оны 3 дугаар сарын хооронд нийт 152,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

1.2.Ажлаа гүйцэд хийгээгүй байж мөнгө шаардаж авдаг байсан. Ашиглалтад өгөх тогтоосон хугацааг хэтрүүлж байснаас болж би өөрөө барилгын материал худалдан авч байсан. Тухайлбал би өөрөө цахилгаан хангамжийг хийсэн. Барилгын хундаам ухах ажлыг өөрийн экскаватораар ухсан, барилгын ажлын явцад өөрийн краныг 3-4 удаа ажиллуулсан, манаач хөлсөлж барилгыг сахиулсан, гадна усны шугамын трубаг худалдан авсан.

1.3.Барилгын шал шаардлага хангагдаж хийгдээгүй, хаалга бариулгүй, 2 цонхны амлагаа хийгдээгүй, цонхны дээд хүрээний заримыг будаагүй, цонхны түгжээ ямар ч тохиргоогүй, хоёр цонхыг өнгөлгөөний тоосгоор өнгөлөөгүй, ариун цэврийн өрөөнүүдийг бүрэн засаагүй,тосгуур байхгүй, банн ямар ч хашилт хаалт байхгүй, зэрэг ажлыг хийгээгүй.

1.4.2019 оны зун арга буюу дээвэргүй дутуу байшинд нүүж орсон. Иймд Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг дутуу буюу огт хийж гүйцэтгээгүй ажлын хөлс 60,000,000 төгрөгийг буцаан шаардаж байна гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн шаардлага нь 60,000,000 төгрөгийг барилгын ажил гүйцэтгэх хүрээнд ажлыг дутуу хийсэн, огт хийж гүйцэтгээгүй гэж шаардлага гаргасан.

2.1. ... 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 130,000,000 төгрөгөөр түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 105 хоногт багтааж амины орон сууц барихаар тохиролцсон. Гэвч Г нэмэлтээр 24,600,000 төгрөгийн ажлыг хийлгэхээр ярилцсан учраас тухайн гэрээний нийт үнийн дүн 154,600,000 төгрөг болж өөрчлөгдсөн. 4 автомашины граж, блокон хашаа, гадна тохижилт хийлгэхээр гэрээг байгуулсан учаас захиалагч Г хувьд төлбөр өгсөн. Нийт төлбөр 152,000,000 төгрөг төлсөн. Хариуцагч тал болохоор 142,000,000 төгрөг авсан гэж тайлбарлаж байгаа. Баримтаас харахад 10,000,000 төгрөгийн зөрүү гарч байгаа. 10,000,000 төгрөгийн зөрүү нь Т ХХК нь Оновчтой шийдэл гэдэг компанитай 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. ...152,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг Төрбат захирал, Г нар тохиролцсон. ... Тэгээд нийтдээ 152,000,000 төгрөг өгсөн байна.

2.2.Барилгын ажил гүйцэтгэх гэрээ өмнөх 130,000,000 төгрөг, 105 хоног гэж тохирч байсан бол сүүлд өөрчлөөд нэмэлт ажил хийлгэх, гэрээн дээрээ 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор гээд 9 сар хагас хугацаанд түлхүүр гардуулж өгнө гэсэн нөхцөлтэй гэрээ хийсэн. Хугацаа хэтрэх юм бол энэ гэрээний 6.1-т зааснаар 0.3 хувийн алданги тооцож захиалагч Г төлнө гэсэн гэрээ байгуулсан.

2.3. ...Манай ажлыг хугацаандаа хийхгүй төлбөр мөнгөө 1, 2, 3 дугаар үедээ хүрээгүй байхдаа мөнгө шаарддаг. Г хувьд гэрээнд заасан хугацаанаас өмнө төлбөрийг өгсөн байдаг. Цаг хугацаа алдсан...270 хоног буюу 9 сарын хугацаа өнгөрөөж байж, бүр аргаа бараад дээвэргүй байшинд түлхүүрээ авч 2019 оны 03 сард орсон гэж ярьдаг.

2.4. Ороод дээвэргүй, цонхны амлагаа дутуу...2018 оны 06 сард хүлээлгэж өгөх байсан боловч хойшлоод 9 сарын хугацаа хэтэрч энэ барилгад орсон. Дээвэр хийгээгүй учраас бороо орсны улмаас хучилтаас их хэмжээний ус гоожиж уналттай тааз, обой, цахилгааны монтажид доголдол үүссэн. Үүнийг засан сайжруулах шаардлагатай болсон. ...60,000,000 төгрөг нь үндсэндээ гэрээний хавсралтад заасан ажлуудаас огт хийгдээгүй буюу 18 ажил дугаарласан байгаагаас 1, 9, 10, 11, 12, 14, 15, 13 гэсэн ажлууд огт хийгдээгүй. Энэ хийгдээгүй ажлуудыг тооцоход 39,800,000 төгрөг болж байна.

2.5. ...Гүйцэтгэх ёстой 39,800,000 төгрөгийг 0,3 хувь алданги бодохоор нэг өдрийн 119,400 төгрөг гарч байна. 270 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна гэж үзсэн. Алданги гүйцэтгэх ёстой үүргийн үнийн дүнгээс 50 хувиас хэтэрч болохгүй гэхээр 19,900,000 төгрөгийн алданги нэхэж байгаа. Барилга засан сайжруулахад 300,000 төгрөгөө хамт нэхэмжилж байгаа. Нийтдээ өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага 60,000,000 төгрөгөөр үнийн дүн таарч байна.

2.6. ... Тухайн барилгын чанар маш муу байсан. Шалыг Г өөр хүнтэй хамт дахин сольсон. Тэгш бус шахагдсан учраас гал тогооны ширээ доор нь мод тавьж өгсөн. Шалны тэгш байдлыг өөрсдөө хангасан.

2.7. 39,800,000 төгрөг: дээвэр 15,000,000 төгрөгөөр хийх...огт хийгдээгүй гэж 2 шинжээчийн дүгнэлтэд дурдсан. /Хавсралтын 9 дээр/ Усны хаялга 5,000,000 төгрөгөөр хийгдэнэ гээд /хавсралтын 10 дээр/ байна. Энэ хийгдээгүй, цахилгааны гадна ажил 1,500,000 төгрөгөөр хийнэ гэсэн хийгээгүй. /Хавсралтын 15-т/. Граж, хашаа нийт 13,000,000 төгрөгөөр хийнэ гэсэн хийгдээгүй, /хавсралтын 12-13/, Гадна тохижилт огт хийгдээгүй. Энэ нь 4,000,000 төгрөгөөр хийнэ гэж мөнгө авсан. Гэрээний /хавсралтын 14-т/. Салхивчны ажил 1,300,000 төгрөгийн ажил хийгдээгүй. /Хавсралтын 11-т/. Эдгээр нь огт хийгээгүй учраас 39,800,000 төгрөг, Суурийн ажлаас талыг нь хийсэн талыг хийгээгүй. 14,000,000 төгрөгөөр хийнэ гэсэн. Гол нь эдгээр гэж үйлчлүүлэгч маань хэлсэн. Гэхдээ суурин ажлын мөнгө оруулаагүй. гэв.

3.Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Т.Т  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. ...Бид 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэн Г ажлыг хавсралтад заагдсан ажлын хүрээнд 154,600,000 төгрөгөөр 105 хоногт хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гэрээний 3.2-т барилга угсралтын гүйцэтгэлийн санхүүжилтийг доорх үе шатаар санхүүжүүлнэ гэсэн байгаа. Үүнд 1 дүгээр үе шат нь гэрээ байгуулсан бол барилгын санхүүжилтийн 50,000,000 төгрөгийг, 2 дугаар үе шат нь барилга угсралтын ажил дуусахад 50,000,000 төгрөг, 3 дугаар үе шат нь барилга угсралтын гүйцэтгэл 80 хувьд хүрэхэд 54,600,000 төгрөгөөр тохиролцсон. Энэ үүргээ биелүүлж чадаагүй. ...Хугацааны хувьд удаа дараа хойшлуулж байсан.

3.2.Гэрээний хавсралтад дурдагдсан ажил хийгээгүй гэж ярьж байна. ...суурийн ажил хийгдээгүй бол барилга дээшээ босох боломжгүй. Салхивчийн ажил гал тогооны, ариун цэврийн өрөөнөөс гарсан салхивчийн ажил бүрэн хийгдсэн. ...Энэ дээр граж хийгдээгүй, хашааг бол бетон суурьтай дөрвөн талт хашаа хийсэн. Захиалагч өөрөө дээд талын хэсгийг төмрөөр хийнэ гээд талыг нь буулгасан. Цахилгааны ажил бүрэн хийгдсэн. Гадна цахилгааны талаар гэрээн дээр дурдаагүй, гадна цахилгааныг захиалагч өөрөө хариуцахаар тохиролцсон байсан. Дээврийн ажил бүрэн хийгдээгүй биш тал хийгдсэн гэж үзнэ. Тухайн дээвэр нь хучилт дээрээ дулаалга болоод дахиад уураас тусгаарлагч, тэгшилгээ бетон хийгддэг. Шувуу нурууны анкерууд бэхлэгдсэн байсан. Дээврийн ажил 50 хувьтай гэж хэлж байна. Гадна тохижилт дээр довжоо хаяавч хийгээд өөр зүйл хийгээгүй. Усны хаялга дээвэр хийсний дараа хийгддэг учраас хийгдээгүй. Үүнийг хүлээн зөвшөөрнө.

3.3.Бид нар гэрээ байгуулаад гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлснөөрөө бид нар тухайн захиалагчийн төлсөн төлбөрөөр нь материалаа аваад ажил гүйцэтгэдэг байсан. Захиалагч өөрөө хугацааг хоцроосон. Бид нарын хэлсэн хугацаанд санхүүжилтээ хийгээгүй. Үүнийг тухай бүрд нь тайлбарлаж шаарддаг байсан. Материалын үнийн зөрүү гарсан. Бид нар өөрсдийнхөө компанийн нөөц боломжийн хүрээнд Г хамтарч ажилладаг байсан. Бүх юмны зардал өссөн учраас болохгүй боллоо гэж удаа дараа мэдэгдэж байсан. Хамгийн сүүлд 2019 оны 03 сард Г түлхүүрээ хүлээлгэж өгөөд байранд нүүж орох үед нь би очиж уулзсан. 154,600,000 төгрөгөөс өгөөгүй үлдсэн 12,600,000 төгрөгөө өгчих дээврийг нь хийгээд өгье гэхэд өөрөө татгалзсан. Өмнө нь 10,000,000 төгрөгийн тооцооны үлдэгдэл байхгүй. 2019 оны 03 сард нийтдээ 142,000,000 төгрөг аваад үүнээс илүү зардал гарсан цаашид хугацаа оройтсон учраас илүү зардал гарсан үргэлжлүүлэхийн тулд 12,600,000 төгрөгөөр дээврийг хийж дуусгая гэж хэлсэн. Түүнээс цаашаа үргэлжлүүлэх боломжгүй гэсэн.

3.4.Захиалагч өөрөө байшингаа хүлээж аваад тэр дээвэр хийгдээгүй байхад өөрөө хүлээж аваад өөрийнхөө эд хөрөнгийг хамгаалаагүйн улмаас ус орсон. Түүнтэй холбоотой гарсан зардлыг манай компаниас нэхэмжилж байна гэж ойлгож байна. Түүнийг захиалагч өөрөө бүрэн хариуцах ёстой. Барилгын явц үндсэндээ 95 хувийн гүйцэтгэлтэй, бид нар барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай болоход бид төлбөрийг 100 хувь авах ёстой боловч аваагүй. Бид энэ барилгын ажлыг дуусгах сэтгэлээр маш их зардлыг өөрсдөөсөө гаргаж хийж байсан.

3.5.Алдангийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Захиалагчийн хугацаа хэтрүүлж мөнгөө өгсөнтэй холбоотой. Санхүүжилтийн үе шатыг зөрчсөн. Захиалагч өөрөө гэрээ байгуулахдаа механизмаар хангана гэж үүрэг хүлээсэн учраас тийм ажлуудыг өөрөө хийсэн. Гэрээний 12, 13-т байгаа нь граж, хашаатайгаа хамт 13,000,000 төгрөг болно. Хашаа 100 хувь хийгдсэн, 100 мкв граж хийгдээгүй. Хашаатай харьцуулахад граж бол 20 хувийн ажил. Гадна тохижилтын ажил явган зам гэж ойлгоод байх шиг байна. Үүдний довжоо, хаяавч хийсэн учраас 100 хувь хийсэн гэж үзэж байна. Салхивчийн ажил бүрэн хийгдсэн. Оновчтой шийдэл ХХК-ийн 10,000,000 төгрөгийн үлдэгдэл тооцсон гэж байна. Тийм зүйл байхгүй гэв.

4.Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Т.Т ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 4.1. ...Анх гэрээ байгуулахдаа бага үнэлгээгээр богино хугацаанд хийнэ гэж гэрээ байгуулсан. ... Манай компанийн хувьд хүчин чадал хүрэлцээгүй асуудал байгаагүй харин ч илүү нөөц бололцоогоор хурдан шуурхай хийж гүйцэтгэж байсан.

4.2.Бид нар санхүүжилт хийгдээгүйгээс болоод хугацаа оройтоод нэмэгдэл зардал гарч байна гэдгийг удаа дараа хэлсэн. Бид нар захиалагчаас 14 удаагийн гүйлгээгээр 142,000,000 төгрөг хүлээж авсан. Тухайн барилгыг гүйцэтгэхэд гарсан шууд зардлын зөрүү 193,482,186 төгрөг болсон. Үүнээс 49,070,707 төгрөгийн зөрүүг нэхэмжилсэн.

4.3. ...Шууд зардал буюу тухайн барилгад орсон материал, ажилчдын цалин, тээвэрлэлтийн зардал, захиалагч өөрөө механизм гаргана гэсэн боловч гаргаагүй үед нь бид нар өөрсдөө механизм гаргаж түрээсийн төлбөр төлж явсан. Нийт дүн нь 193,482,186 төгрөг болсон. Ажилчид маань цөөхөн өдрөөр ажилласан болоод бусад нэмэгдэл зардал буюу татвар, нийгмийн даатгал зэргийг тусгаагүйгээр шууд зардлыг гаргасан. Захиалагчтай ажлыг хүлээлцэх буюу гэртээ нүүж орох хүртэл хугацаанд хийгдсэн ажил, төлсөн төлбөрийг тохиролцсоны үндсэн дээр дахиж хохиролтой ажиллах боломжгүй гэж ойлголцоод байшингаа хүлээж аваад дээврээ өөрөө хариуцна гэж ойлголцсон. ...Ажилчдын цалинд 73,998,506 төгрөг, материалын зардалд 103,709,310 төгрөг, тээврийн зардал 9,979,700 төгрөг, механизмын зардалд 4,844,000 төгрөг, нийт 192,522,516 төгрөгийн зардал гарсан. Ажилчдын хүнсний зардал оруулахгүй. Нийт үнийн дүнгээс өгсөн 142,000,000 төгрөгийг хасаад 50,522,516 төгрөг гаргуулъя гэв.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Урангэрэл сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзал, түүний үндэслэлийн агуулга: ...Сөрөг нэхэмжлэлийг Г хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

5.1. ...Хариуцагч тал зургийн дагуу хийж гүйцэтгэсэн гэдэг ч Г өөрөө мэргэжлийн хүнээр зураг төслөө хийлгэсэн. Барилга бүхэлдээ 130,000,000 төгрөг, хашаа, граж нь 24,600,000 төгрөг нийтдээ 154,600,000 төгрөг болж байна. ...Гэрээний эхний төсөлд хашаа, гражийн ажил ороогүй, зөвхөн барилга барих гэрээ байсан. Гэрээг Ганзоригийг эзгүй байх үед эхнэр нь очиж гэрээн дээр Г гэж бичсэн. Эхнэр нь гэрээг очиж авахдаа төлбөрийн хуваарийг өөрөө тусгасан байсныг би хожим мэдсэн гэдэг.

5.2.2018 оны 04 дүгээр сард Төрбат захиралтай барилгын дутуу ажлаа гүйцэтгүүлэх талаар ярилцаж уулзахад аймгаас мөнгө орж ирэхээр өгнө тэр болтол мөнгө байхгүй гэж хэлсэн. ...Дутуу ажлыг хийж гүйцэтгэхэд 30,000,000 төгрөг өгчих гэсэн. Наадмаас өмнө дуусгаад өг гэсэн. Тэгээд 10,000,000 төгрөг өгөөд 20,000,000 төгрөгийг ажил эхлэхээр өгнө гэсэн. Хариуцагч 12,500,000 төгрөг өгөх юм бол барилгын дээврийг хийж өгнө гэж хэлсэн нь 2019 оны 05 дугаар сарын дундуур хэлсэн. 2018 оны 06 сард хийж гүйцэтгэх байсан боловч 2019 оны 03 сард дутуу оруулсан. Дээвэр хийлгэх талаар ярихад сүүлдээ утсаа авах нь цөөрсөн. Тэгээд гэрээгээр хүлээсэн үлдэгдэл мөнгөө өгөх юм бол дээврийг чинь хийж өгнө гэдэг. Г нь 2017 ондоо багтааж 100,000,000 төгрөг төлж үүргээ биелүүлсэн. 2018 оны 04 сард ...хэдэн сая төгрөг өгвөл болох юм гэхэд 30,000,000 төгрөг гэсэн. Ингээд 30,000,000 төгрөг нэмж өгсөн. Түүнээс биш нэхүүлж шаардуулж өгөөгүй. Ажлыг хурдан дуусгахын тулд өөрийнхөө хүсэлтээр сайн дураараа өгч байсан гэдэг.

5.3.142,000,000 төгрөгийн зөрүү мөнгийг сөрөг нэхэмжлэлдээ оруулж байгаа юм байна гэж ойлголоо. Энд хавсаргасан баримтуудын нэгт нь цалин гэдэг асуудал орж ирнэ. 73,989,506 төгрөгийг 193,000,000 төгрөгт задалж байгаа. Ийм цалин хөлс гарах боломжгүй. Ажилчдад сар болгон цалин өгөөгүй. Бусад барилга дээр ажилласан цалин хөлсийг оруулсан байж магадгүй. Т ХХК нь зэрэг барилга барихыг үгүйсгэхгүй, гэхдээ санхүүгийн баримт нь холилдсон байна. Сөрөг нэхэмжлэлийн төлбөрийн баримт нь авцалдаагүй баримтуудыг гаргаж ирсэн. Манай зүгээс хариуцагч талын өөр барилга дээр ажиллаж байсан гэрээг гаргуулъя гэж хүсэлт гаргаж байсан. Манайхаас өгсөн мөнгө магадгүй өөр зүйлд зарцуулагдсан. Тэгээд материалын мөнгөгүй гээд суусан. Цалин жагсаалт 25 хүн гээд 16,100,000 төгрөг гэсэн байна. Бат-Эрдэнэ гэж хүнд энэ жагсаалт дээр 780,000 төгрөг гэж бичсэн мөртлөө дансны гүйлгээгээрээ 200,000 төгрөгийг Бат-Эрдэнэд шилжүүлсэн. Эрдэнэчимэг гэж хүнд жагсаалтаар 120,000 төгрөг гэж бичсэн мөртлөө дансаар шилжүүлэхдээ 200,000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр энэ хүмүүс ажилтан нь мөн эсэх, ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр нь байх ёстой. Тэгэхээр цалингийн фонд дээр маш үндэслэлгүй мөнгө тусгасан байна. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Орчуулгагүй баримтууд байгаа Хятад улсаас бараа материал авсан гээд 36,113 юань байгаа 2019 оны 02 дугаар сарын 16-нд байна. Энэ нь манайд ямар хамааралтай юм. 2018 оны 06 сард барилгаа хүлээлгэж өгөх ёстой. Энэ 14,000,000 төгрөгийн бараа манай барилгад хэрэглээгүй. ... Тээвэр дангаараа 9,000,000 төгрөг гарсан нь боломжгүй. Давхар өөр барилгын тээвэр хийсэн байхыг үгүйсгэхгүй.

5.4.Г машин механизм нийлүүлээгүй учраас хариуцагч тал өөрсдөө түрээсэлсэн гэж ярьж байна. Гэрээний 4 дүгээр зүйл дээр захиалагчийн эрх үүрэг байгаа. Энэ дээр гүйцэтгэгчийг машин механизмаар хангана гэсэн үүрэг байхгүй. ... Г тээврийн хэрэгслээ байрлуулах 100 метр квадрат граж захиалсан юм. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус нотлогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 350 дугаар зүйлийн 350.1 дэх хэсгийн 350.1.6, 350.1.7-д тус тус зааснаар хариуцагч Т ХХК-аас 35,077,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г олгож, үлдэх 24,923,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Г холбогдох хариуцагч Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэл 50,522,516 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Г-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас 333,335 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г олгож, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,758 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 38,179 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын төсвийн орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т , нэхэмжлэгч Б.Г нарын давж заалдсан гомдлуудад үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Учир нь:

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн боловч шийдвэр гаргахдаа тоо тооцооллын алдаа гаргасан байна.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар Б.Г , Т ХХК нар харилцан тохиролцож Б.Г-н 2 давхар амины орон сууцыг 2017 оны 08 дугаар сарын 14-нөөс 2018 оны 06 дугаар сарын 01-ны хугацаанд барьж ашиглалтад оруулан хүлээлгэж өгөх, Б.Г төлбөрийг гэрээ хийх үед 50,000,000 төгрөг, барилга угсралтын ажил гүйцэтгэж дуусгахад 50,000,000 төгрөг, гүйцэтгэлийн 80% хүрэхэд үлдэгдэл 54,600,000 төгрөг бүгд 154,600,000 төгрөгийг төлөхөөр тохирч бичгийн гэрээ байгуулсан ба гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0,3%-ийн алданги тооцох, захиалагч санхүүжилтийг саатуулсан бол зогссон хугацааны зардал, хохирлыг хариуцна гэж талуудын хариуцлагын талаар гэрээндээ заасан, захиалагч тал санхүүжилтээ 2017 оны 08 дугаар сарын 14-нөөс 2018 оны 03 дугаар сарын 18-ны хугацаанд нийт 142,000,000 төгрөгийг төлсөн.

Гэвч гүйцэтгэгч Т ХХК гэрээнд тохирсон ёсоор байрыг хугацаандаа бүрэн барьж хүлээлгэж өгөөгүй, 270 хоногийн хугацаа хэтрүүлсэн, 2019 оны 03 дугаар сард захиалагч дутуу баригдсан барилгаа хүлээн авсан тул нэхэмжлэгч Б.Г гэрээнд заасан ёсоор барилгын ажлыг дутуу болон огт хийгээгүй ажлын хөлс болох 60,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар 2020 оны 06 дугаар сарын 16-нд шүүхэд нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээгээр тохирсон материалын болон ажлын хөлсний тооцоолол, хөлс төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримтууд, Б.Г-н ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, барилгын бодит байдлын болон дутуу болон огт гүйцэтгээгүйгээс доголдол бий болсон талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэгт үндэслэсэн.

3.Хариуцагч Т ХХК ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 2019 оны 03 дугаар сарын сүүл байдлаар манай компани 178,000,000 төгрөгийн зардал гарч 36,161,616 төгрөгийн алдагдалтай ажилласан, захиалагч үлдэгдэл 12,600,000 төгрөгөө өгөөгүй, барилгыг энгийн хийцээр захиалсан боловч тансаг зэрэглэлийн хийцээр хийлгэснээс зардал өссөн гэж маргасан ба ...49,070,707 төгрөгийн алдагдал гарсан тул энэ хохирлоо захиалагчаас гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны шат /3хх 124-р тал/-д 50,522,516 төгрөг гэж нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа барилгын гүйцэтгэлийн зардлын дэлгэрэнгүй баланс, захиалагчаас санхүүжилтэд шилжүүлсэн төлбөрийн жагсаалт, компанийн улсын бүртгэлийн болон барилгын тусгай зөвшөөрлийн гэрчилгээнүүдийн хуулбарууд, иргэн Б.Г-н хувийн орон сууцны барилгын ажлын гүйцэтгэлийн төсөв, барилга угсралтын ажлын зурагжилт, хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар гаргасан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК шинжээчээр томилогдож гарсан шинжээчийн дүгнэлтүүд зэрэгт үндэслэсэн.

4.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд ...хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлын үр дүнг бүрэн гүйцэтгээгүй тул захиалагчаас төлсөн 142,000,000 төгрөгийн хөлснөөс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бүрэн болон чанаргүй хийсэн ажлын гүйцэтгэл буюу 116,873,000 төгрөгийг хасч, 37,272,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэл дутуу болон огт хийгдээгүй үзэж, үүний 50%-иар буюу19,900,00 төгрөгийг алдангид тооцсон боловч алдангийг хоёр талд хоёуланд нь адил тэнцүү хувааж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 35,077,000 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас гаргуулж, 24,923,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т ХХК-ны 50,522,516 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Т ХХК-ны захирал Т.Т өөс эс зөвшөөрч ...нэмэлт шинжээч томилуулахыг хүссэн хариуцагч талын хүсэлтийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн, ... энэ талаарх хүсэлтийг шүүх хуралдааны шатанд шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрээ гаргаагүй, ...үндэслэлгүйгээр алданги тооцсон гэсэн агуулга бүхий үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар,

нэхэмжлэгч Б.Г мөн эс зөвшөөрч ... анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа тооцооллыг буруу хийсэн гэсэн агуулга бүхий үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахаар тус тус давж заалдах гомдол гаргасан.

6.Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч Б.Г-н өмгөөлөгч Т.Урангэрэл анхан шатны шүүх хуралдааны шатанд /3хх 120-121-р талд/ нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 39,800,000 төгрөгийн ажлыг огт хийгээгүй, гэрээний хугацаа 270 хоногоор хэтэрсэн тул алдангиа үнийн дүнгийн 50%-иар хэтрүүлэхгүйгээр тооцож 19,900,00 төгрөгөөр тооцох, дээврийн ажил хийгдээгүйгээс бороо гоожиж барилгын ажилд нэмэлт засварын зардал гарсны зардалд 300,000 төгрөг гаргуулах, бүгд 60,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

Маргаан бүхий үйл баримтыг хянан хэлэлцвэл Т ХХК, иргэн Б.Г нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 14-нөөс 2018 оны 06 дугаар сарын 01-ны хугацаанд 2 давхар хувийн орон сууцыг Т ХХК барьж, ямар нэгэн доголдолгүй орон сууцыг Б.Г хүлээлгэж өгөх, Б.Г гэрээгээр тохирсон журмын дагуу 154,600,000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулагдсан боловч гүйцэтгэгч доголдолгүй орон сууцыг гэрээнд заасан хугацаанд барьж хүлээлгэн өгөөгүйгээс зохигчдын хооронд маргаан үүссэн байна.

7.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний гүйцэтгэгчийн хүлээх үүрэгт: Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ий 5 дугаар заалтын 5.1-д Барилгын ажлыг батлагдсан зураг, төсөл, барилгын норм ба дүрэм стандартын дагуу хугацаанд нь чанартай гүйцэтгэж гэрээнд заасан хугацаанд ашиглалтад хүлээлгэн өгнө гэж,

гэрээний 6 дугаар заалтын 6.1-д Гүйцэтгэгч ажлыг хугацаа хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцож захиалагчид төлнө гэж тус тус заасан ба гүйцэтгэгч эдгээр үүргүүдээ биелүүлээгүй байна.

Эдгээр нөхцөл байдал нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 350.1.7-д заасан ажил гүйцэтгэгчийн хүлээх үүрэгт мөн нийцэж байх тул нэхэмжлэгч Б.Г Иргэний хуулийн 352.2 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар доголдлыг арилгуулахаар гүйцэтгэгч Т ХХК гэрээний үүргээ шаардахдаа гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээлгэж 19,900,000 төгрөгийн алдангийг нэмж нэхэмжилсэн, анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

8.Анхан шатны шүүх шинжээч томилуулах тухай хариуцагч талын хүсэлт, түүнийг дэмжсэн нэхэмжлэгч талын хүсэлт зэрэгт үндэслэж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-г шинжээчээр томилсон ба уг шинжээчээс 2 удаагийн шинжээчийн дүгнэлт /1хх174-210, 2хх 79-81/-үүд гарсныг шийдвэрийнхээ үндэслэлээ болгосон нь зөв юм.

Өөрөөр хэлбэл: Маргаан бүхий орон сууцны барилгын ажлын чанаргүй гүйцэтгэсэн, дутуу болон огт гүйцэтгээгүй ажил, түүний чанар байдал, гэрээгээр тохирсон хөлс, түүнд тохирсон гүйцэтгэл зэрэг нөхцөл байдлууд нь зайлшгүй тусгай мэдлэг шаардах тул шинжээчийн дүгнэлтээр зайлшгүй тодруулж шийдвэрлэх шаардлагатай байсан байна.

Шүүхээс шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ны шинжээч Г.Баярбаатар үнэлж буй хөрөнгийн байдалтай биечлэн үзэж танилцаж хөрөнгийг бүх талаас нь бодитойгоор үнэлж дүгнэсэн /1хх 174-210/, шинжээч Ө.Мөнх-отгон нь хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн дүгнэлт /2хх 79-81/ гаргасан, уг шинжээчийн дүгнэлтүүдээр үнэлгээний хувьд өөр өөр боловч гэрээнд заасан огт хийгдээгүй ажлуудыг байшингийн дээврийн ажил, гаражийн ажил, гадна зам, талбайн тохижилтын ажил гэж тус тус ижил дүгнэсэн ба дүгнэлт гаргасан шинжээч нар нь шинжилгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээдүүдээс гаргасан, дүгнэлтүүд бодитой байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Хариуцагч талаас 2 шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, дахин шинжилгээ хийлгэхийг хүссэний дагуу шүүх дахин шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн /2хх 119-121/ боловч шинжээч ...шинжээчийн мэдлэгийн хүрээнээс хальсан шаардлага тавьсан тул шинжилгээг хийх боломжгүй талаар тайлбарлаж, татгалзсан/2 хх 123/-ы дагуу анхан шатны шүүх хуралдаанаа зарлаж хэргийг шийдвэрлэсэн, шүүх хуралдааны шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ хүсэлтээ дахин гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч талын төлөөлөгч /3хх 119-р талын сүүл хэсэгт/ зөвшөөрсөн байна гэж шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдах ба шүүх хуралдааны шатанд хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар тэр даруй нь хэлэлцүүлж шийдвэрлэсэн байна.

9.Талууд гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлд төлөх хөлсийг 154,600,000 төгрөг гэж тохирсон ба захиалагч тал 2017 оны 08 дугаар сарын 14-нөөс 2018 оны 03 дугаар сарын 18-ны хооронд нийт 142,000,000 төгрөгийг төлсөн боловч гэрээт хугацаанд барилгын ажлын гүйцэтгэлийг бүрэн дуусгаагүй, 270 хоногийн хугацаа хэтрүүлсэн, 2019 оны 03 дугаар сард дутуу барилгыг захиалагч хүлээж авсан нь талуудын нэхэмжлэл, тайлбаруудаар тогтоогдсон.

Гэрээний дагуу дутуу төлөгдсөн 12,600,000 төгрөг төлөгдөөгүй нь захиалагч талыг үүргээ биелүүлээгүйгээс барилгын ажил зогссон гэх нөхцөл байдал хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.

Гэтэл анхан шатны шүүх гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүргийн дүнг 37,272,000 төгрөг гэж тооцож, үүний 50%-иар алданги тооцож, захиалагчийг хөлсийг бүрэн төлөөгүй гэж үзэж алдангийн 50%-ийг хариуцуулах буюу 2 талд тэнцүү хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна гэж давж заалдах шатны шүүх мөн үзсэн.

10.Ажил гүйцэтгэгч Т ХХК захиалагч энгийн хийцээр барилга бариулахаар тохирсон боловч тансаг хийцээр хийлгэснээр зардал өссөн гэж маргасан боловч шинжээчийн дүгнэлт /2хх 79/-ийн асуулт 4-д: Б.Г-н амины орон сууцны барилгын ажлын гүйцэтгэсэн хийцлэл нь ямар ангилалд /энгийн, тансаг аль нь болох/ хамаарах вэ?

Хариулт 4-д: Барилгын тухай хуулийн 10.1.2-т зааснаар бага төвөгшилтэй барилга байгууламжид хамрагдана гэж хариулсан.

Барилгын тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд барилга, байгууламжийн ангиллыг 5 төрлөөр ангилсан ба бага төвөгшилтэй барилга байгууламж нь энгийн хийцээр хийгдсэн гэж үзэхээр байна.

Иймд хариуцагчийн энгийн хийцээр захиалга өгсөн байж тансаг хийцээр ажил гүйцэтгүүлсэн гэж маргасан нь үгүйсгэгдэж байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж гаргасан баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд болж чадаагүй гэж анхан шат дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул 50,522,516 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

11.Шинжээчийн дүгнэлтээр барилгад хийгдсэн бүрэн хийсэн ажил, чанаргүй хийгдсэн ажлын нийт дүнг 116,873,000 төгрөг гэж, дутуу болон огт хийгдээгүй ажлын хөлсийг 37,727,000 төгрөг гэж тооцсон нь талуудын гэрээгээр тохирсон хөлс болох 154,600,000 төгрөгт нийцүүлж гаргасан дүнг анхан шатны шүүх баримтлалгүй, захиалагчаас бодитойгоор төлсөн 142,000,000 төгрөгт тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн.

Иймд төлсөн 142,000,000 төгрөгийн хөлснөөс бүрэн болон чанаргүй хийгдсэн нийт ажлын хөлс 116,873,000 төгрөгийн хөлсийг хасч 25,127,000 төгрөгийн хөлсийг гүйцэтгэгчээс буцаан гаргуулахаар шийдвэрлэх нь шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Гэрээний хугацаа 270 хоног хэтэрсэн, гэрээнд заасан дүнгээр алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 25,127,000 төгрөгийн 50%-иас хэтрэхээр байх тул алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар тооцож 12,563,500 төгрөгийн алданги тооцож хариуцагчаас үүргийн гүйцэтгэл дээр нэмж гаргуулах нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт нийцэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт тогтоогдсон хэмжээгээр буюу гүйцэтгээгүй үүргийн 25,127,000 төгрөг дээр 12,563,500 төгрөгийн алдангийг нэмж бүгд 37,690,500 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Г олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 22,309,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

12.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа тооцооллыг 37,272,000 төгрөг, 35,077,000 төгрөг гэж тус тус алдаатай тооцсон байна.

Нэхэмжлэгч нэмэлт засвар хийгдэхэд зориулж 300,000 төгрөгийн үнэ бүхий ханын цаас хэрэглэгдэнэ гэж гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ тухай хөрөнгийн үнэлгээ байхгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй тул хангах боломжгүй байна.

13.Эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллыг зөвтгөхөөс гадна захиалагчийн шаардах эрх буюу 352.2 дугаар зүйлийн 352.2.1-т заасан хуулийн зохицуулалтыг орхигдуулсныг мөн нэмж оруулах зэргээр өөрчлөлтүүдийг оруулж нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж, хариуцагчийг давж заалдсан гомдпыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 136/ШШ2024/00115 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад Иргэний хуулийн 352.2 дугаар зүйлийн 352.2.1 гэж нэмж, мөн заалтад ... гүйцэтгээгүй үүрэг буюу 25,127,000 төгрөг дээр 12,563,500 төгрөгийн алдангийг нэмж бүгд 37,690,500 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Г олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 22,309,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох гэж өөрчилж,

2-р заалтын

нэхэмжлэгч Б.Г-н давж заалдсан гомдлыг хангаж, хариуцагч Т ХХК-ны гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Г-с төлсөн ... улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т ХХК-ны төлсөн 743,898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

 

ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ

 

А.САЙНТӨГС