Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 00440

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Хархираа багт оршин суух, 1966 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ДЮ66010216, Баян овогтой Сайнжаргалын Алтанхуягийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвд холбогдох,

         Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Алтанхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Ж.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Алтанхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1966 онд төрсөн, улсад 29 жил эрүүл мэндийн салбарт ажилласан. Бүтцийн өөрчлөлт нэрээр албан тушаал бүтцийн өөрчлөлтөд ороогүй байхад ажлаас халсан. 2016 оны 5 дугаар сарын 02-нд Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын Б/09 тушаалаар 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагт багийн иргэдийн Нийтийн хурлын 120 өрхийн төлөөлөгч, 68 хүний бүрэлдэхүүнтэй багийн хурал хийв. Хурлаас шийдвэр гаргаж чадаагүй. Тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/02 тоот, Увс аймгийн Засаг даргын зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны 20-р тэмдэглэл зэргийг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Дээрх Эрүүл мэндийн төвийн даргын А/02 тоот нийт баг, сумын бүтэц орон тоог баталсан тушаалд багийн эмч-1, сувилагч-1, үйлчлэгч-1 гэсэн орон тоо баталсан. Аймгийн Засаг даргын зөвлөлийн 20-р тэмдэглэл багийн бүтэц, орон тоо өөрчлөлт хийх тухай хурлын тэмдэглэлд багийн эмч-1, сувилагч-1, үйлчлэгч-1, нийт 3 орон тоотой ажиллахаар, 2 сувилагчийн орон тооны бүтцийн өөрчлөлтөд оруулсан тухай дурдсан байсан. Гэтэл Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болормаа нь ашиг сонирхлын зөрчлөөс болж намайг ажлаа хийж байхад халсан. Нөгөө талаар намайг бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэж ажлаас чөлөөлсөн атлаа өөр эмчийг тухайн ажлын байранд томилсон байна. Иймд энэхүү асуудлын хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

              Хариуцагч Увс аймгийн Тарилан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “С.Алтанхуяг эмчийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг би дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Хархираа багийн эмнэлэг нь 2016 оны 1 дүгээр сарын 28-ны Эрүүл мэндийн газрын даргын А/06 тоотоор бүтцийн өөрчлөлтөд орсон. Үүнд багийн эмч-1, сувилагч-1, үйлчлэгч галч-1 байна гэж заасан. Ингээд Хархираа багийн ажилчидтай болон ард иргэдтэй нь уулзаж бүтцийн өөрчлөлт явагдаж байгааг танилцуулж эмч, сувилагч нартай уулзахад өөрийн саналаар ажлаа өгөх хүсэлтэй хүн байгаагүй тул нийт ажилчид болон ард иргэдийн саналын дагуу 4-н албан хаагчийн дунд ур чадварын шалгалт авахаар болсон. Мөн сувилагч хийж байсан Н.Батзаяа нь эмчлэх эрхийн лицензтэй мөртлөө сувилагчаар одоог хүртэл ажиллаж байна. Эрүүл мэндийн газраас Н.Батзаяаг сувилагч биш эмчээр ажиллах ёстой гэж удаа дараа шаардлага тавьж байсны дагуу тухайн багт сувилагчаар ажиллаж байсан Н.Батзаяа, С.Алтанхуяг эмч нар багийн эмчийн орон тоон дээр өрсөлдөхөөр болсон. Н.Батзаяа нь би эмчлэх эрхийн лицензтэй учир С.Алтанхуяг эмчтэй багийн эмчийн орон тоон дээр өрсөлдөнө гээд санал /өргөдөл/ өгч багийн эмчийн 1 орон тоон дээр өрсөлдөх хүн гарч ирсэн тул шалгалт авч шийдвэрлэхээр болсон. Н.Батзаяа эмч нь энэ багт урьд нь багийн эмч хийж байсан. 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 02 тоот мэдэгдэл хүргүүлж шалгалт авах комисс томилж шалгалт авахаар болоход эмч С.Алтанхуяг шалгалт өгөхөөс татгалзсан. Мөн ёс зүйгүй авирлаж хэл амаар зарим нэг эмчийг доромжилж байсан. С.Алтанхуяг нь “Та нар тестээ Эрүүл мэндийн газрын  мэргэжилтнээр бэлдүүл, тэгвэл би шалгалт өгнө” гэж шаардлага тавьсаны дагуу өдөр товлож Эрүүл мэндийн газрын мэргэжилтнээр тест бэлдүүлэх талаар ярихад “Бид оролцох шаардлагагүй, та нар наанаа тестээ бэлдэж ав” гэсний дагуу би өөрөө тестийг бэлдэж тэр тухайгаа С.Алтанхуяг эмч болон Н.Батзаяа нарт хэлсэн. Шалгалтын тов зарлаж өөрт нь мэдэгдсэн. С.Алтанхуяг эмч ирж өгөхөөр болсон. Гэтэл тухай өдөр ирээгүй тул бид шалгалтад тэнцээгүй гэж тооцож, шалгалтад оролцсон Ч.Лодойхүү, Н.Батзаяа нараас  шалгалт авахад Ч.Лодойхүү тэнцсэн тул түүнийг ажилд томилсон. Иймд Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр А/06 тот тушаалын дагуу 2016 оны  5 дугаар сарын 02-ны өдөр С.Алтанхуяг эмчийг ажлаас чөлөөлсөн. Гэтэл С.Алтанхуяг Эрүүл мэндийн төвийн даргын тушаалыг эсэргүүцэж өнөөг хүртэл ажлаа өгөөгүй байна. Гэтэл “Чи надыг эмчлэх эрхгүй болгож ажлаас халсан” гэж яриад байгаа. Энэ 2 өөр хоорондоо ялгаатай асуудал гэж би бодож байна. 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр багийн бүх иргэдийн дунд хурал хийж би ажлаа өгнө гэж хэлсэн. Хурал болох өдөр би очиж ард иргэдтэй уулзсан. Бүтцийн өөрчлөлт хийгдэж асуудал ийм болсон талаар ярихад тэд байран суурин буюу тухайн багтаа гэртэй эмч ажиллуулмаар байна, багт хүн хэвтүүлж эмчилгээ хийлгэмээр байна гэсэн шаардлага тавьж байсан. Тухайн үед С.Алтанхуяг эмч шалгалтад ирээгүй болохоор шалтгалтад орж тэнцсэн эмчийг томилохоос өөр арга надад байгаагүй. Чөлөөлөгдсөн С.Алтанхуягийг өөр багт эмчээр ажиллуулах тушаал гаргасан боловч өөрөө ажилаагүй. Иймд энэ байдлыг аймгийн Эрүүл мэндийн газарт мэдэгдэхэд тухайн сумынхаа Эрүүл мэндийн зөвлөлийг хуралдуулж гарсан шийдвэрийн дагуу эмчийнхээ асуудлыг шийд гэсэн. 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр сумын Засаг даргатай Эрүүл мэндийн зөвлөлийг хуралдуулж тухайн нөхцөл байдлыг танилцуулж хуралдсан. Хурлаас С.Алтанхуяг эмчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. С.Алтанхуяг эмч нь ашиг сонирхолын зөрчлөөс болж намайг халсан гэжээ. Юуг ашиг сонирхол зөрчсөн гэж үзэж байгааг өөрөөс нь асуумаар байна. Би Н.Батзаяа болон Хархираа багийн эмнэлгийн албан хаагчдаас хэнтэй нь ч төрөл садангийн болон ашиг сонирхлын хамаарал байхгүй. С.Алтанхуяг нь Хархираа багийн иргэдийн нийтийн хурлаас шийдвэр гаргасан гэсэн тайлбар яриад байгаа. Энэ нь төрийн албанд ямар ч хамааралгүй юм. Ер нь Хархираа багийн ихэнх иргэд багийн хурлаар очиход С.Алтанхуяг эмчийг ажилдаа хайнга ханддаг, эргэлтээр явдаггүй, иргэдтэй ёс бус алагчилж харилцдаг тухай ярьж байсан. С.Алтанхуяг нь өнгөрсөн саруудад сануулах болон цалингийн арга хэмжээг удаа дараа авахуулж байсан. Эрүүл мэндийн газрын болон Аудитын газраас ирсэн хяналт шалгалтаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хангалтгүй байна гэсэн дүгнэлт авч байсан. Дээрх гаргасан тайлбаруудыг үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С.Алтанхуяг нь хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хариуцагч нь “Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу манай сумын Хархираа багийн эмнэлэгт ажиллах бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон бөгөөд сонгон шалгаруулалт зарлахад уг шалгалтад С.Алтанхуяг ороогүй тул ажилдаа тэнцэхгүй гэж ажлаас чөлөөлсөн” гэж маргаж байна.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал гаргаж, нэхэмжлэгч С.Алтанхуягийг Тариалан сумын Хархираа багийн эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, байгууллагын дотоод журмын 7.2.1, Эрүүл мэндийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/02 тоот, Увс аймгийн Засаг даргын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар хурлын тэмдэглэл зэргийг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.

            Уг тушаалын агуулгаас үзэхэд С.Алтанхуягийг “бүтэц орон тооны зохицуулалт хийсэнтэй холбогдуулан” хэмээн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байх боловч тухайн Хархираа багийн эмнэлэг татан буугдсан, эсхүл түүний орон тоо хасагдсан, эсхүл ажилтаны тоог цөөрүүлсэн аль үндэслэлд хамаарах нь тушаалд тодорхой бус байх ба нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзэхэд тухайн багийн нэг эмчийн орон тоо одоог хүртэл хасагдаагүй, цөөрөөгүй байгаа нь тогтоогдож байна.

            Мөн хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/02 тоот тушаалыг үндэслэсэн боловч уг тушаалын хавсралтад дурдсанаар Хархираа багийн нэг эмчийн орон тоо хэвээр хадгалагдаж байх бөгөөд зөвхөн 3 сувилагч байснаас 2016 он гарснаар 1 сувилагч ажиллуулахаар тогтоожээ.

            Түүнчлэн Хархираа багийн эмчийн орон тоо хэвээр хадгалагдаж байхад түүнд ажиллаж байсан С.Алтанхуягийг Н.Батзаяа болон Ч.Лодойхүү нартай өрсөлдүүлэн, сонгон шалгаруулалт зарлаж, явуулсан нь ойлгомжгүй байгаагаас гадна уг шалгалтыг сонгон шалгаруулалт явуулах эрх бүхий этгээд зохион байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

            Нөгөө талаар хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д  30 хоногийн өмнө мэдэгдэл өгөхийг заасан атал 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 08 тоот /хх-42/ албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн мөртлөө ажлаас чөлөөлсөн тушаалыг 3 сарын дараа гаргасан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмжийг тооцож олгох талаар тушаалдаа дурдаагүй, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар С.Алтанхуягийн ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоогоогүй зэрэг зөрчилтэй шийдвэр гаргасан байна.

            Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ гэх 4 хуудас баримтыг гаргаж өгсөн боловч хариуцагч нь “Хөдөлмөрийн гэрээнд зурагдсан гарын үсэг минийх биш, мөн хөдөлмөрийн гэрээг 2015 онд шинэчлэн байгуулсан” гэх боловч хариуцагч талаас шүүхэд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн хөдөлмөрийн гэрээн дээрх гарын үсэг биш гэж маргасан тул тухайн хөдөлмөрийн гэрээг шүүх нотлох баримтаар үнэлээгүй ба С.Алтанхуягтай Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төв нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан үүргээ биелүүлж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж үзнэ.

            “Ажлын байрны тодорхойлолт”-оос үзэхэд Хархираа багийн эмч нь төрийн үйлчилгээний албан хаагч байх тул түүнийг томилж, чөлөөлөх асуудлыг багийн иргэдийн хурлаар авч хэлэлцүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд хэргийн 3-4 дүгээр хуудаст авагдсан хурлын тэмдэглэл, 5-7 дугаар хуудаст авагдсан эмч солиулахыг эсэргүүцсэн иргэдийн гарын үсэг бүхийн баримтуудыг шүүх үнэлэх боломжгүй юм.

            Мөн С.Алтанхуягийн мэргэжил, ур чадварын хувьд тухайн албан тушаалд тэнцэхгүй хэмээн ажлаас чөлөөлөөгүй тул хэргийн 28-33 дугаар хуудаст авагдсан ажлын дутагдал арилгуулах тухай Увс аймгийн Санхүү хяналт, аудитын албаны албан бичиг, шалгалт хийсэн тухай тайлан, аймгийн Эрүүл мэндийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 424 дүгээр албан бичиг, санал зөвлөмж, хэргийн 55 дугаар хуудаст авагдсан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, 56-58 дугаар хуудаст авагдсан Увс аймгийн Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 256 тоот өргөдлийн хариу, 59-61 дүгээр хуудаст авагдсан Увс аймгийн Эрүүл мэндийн газрын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 192 тоот албан бичиг, Тариалын сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/44 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж, Тариалын сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/17 тоот “Сахилгын шийтгэл хүлээлгэх тухай” тушаал зэргийг нотлох баримтаар үнэлээгүй ба тухайн баримтууд нь хэрэгт хамааралгүй байна.  

            Иймд Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны А/09 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Алтанхуягийг Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар С.Алтанхуяг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвөөс 70.200 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

            Хэрэгт С.Алтанхуягийг ажлаас чөлөөлсөн үндэслэл болсон Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журам болон Увс аймгийн Засаг даргын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар хурлын тэмдэглэл зэрэг баримтууд авагдаагүй бөгөөд огноо дугаарын хувьд алдаатай бичигдсэн байгааг дурдах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Алтанхуягийг Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар С.Алтанхуяг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвөөс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА