Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 202/МА2024/00014

 

 

2024 05 21 202/МА2024/00014

 

 

 

Г.Г-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 136/ШШ2024/00112 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: * тоотод оршин суух Б овогт Г.Г,

Хариуцагч: * тоотод оршин Б овогт О.Б холбогдох

Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд оногдох хэсэг 94,594,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алгирмаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г , түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алгирмаа, түүний өмгөөлөгч З.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга, тайлбартаа: ...Г.Г , О.Б бид гэрлэлтээ цуцлуулж охин Б.Х , хүү Б.Т нарыг эх миний асрамжид үлдээж эцэг О.Б-р тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд одоо энэ нэхэмжлэлээр гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахаар шаардлага гаргуулж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Бид гэр бүл болсноос хойш

-Дорноговь аймгийн * тоотод байрлах орон сууц үнэ 80,626,000 төгрөг,

-Авто машин HARRIER маркийн автомашин үнэ 38,000,000 төгрөг,

Гэрийн тавилгад

-Гал тогооны өрөөний тавилга 800,000 төгрөг

-Хөргөгч 1,200,000 төгрөг

-Духовка 800,000 төгрөг

-Угаалгын машин 400,000 төгрөг

-Ус халаагч /бойлуур/ 400,000 төгрөг

-Буйдан 700,000 төгрөг

-Ширээ сандал 600,000 төгрөг

-Хувцасны шкаф 500,000 төгрөг

-Хувцасны өлгүүр 400,000 төгрөг

-Зурагтны тавиур 250,000 төгрөг

-Хивс 250,000 төгрөг

-Хүүхдийн ор 900,000 төгрөг

-Гэрлийн абжур 300,000 төгрөг нийт 7,500,000 төгрөг зэрэг дундын эд хөрөнгөтэй болсон байна. Бид нэгэнт гэрлэлтээ цуцлуулсан тул гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулж авахаар нэхэмжлэл гаргаж байна. Автомашины хувьд бид 2021 онд гэр бүлийн хэрэгцээндээ зориулж худалдан авсан байсан ба бид 2022 оны 07 дугаар сараас таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байх хойгуур О.Б автомашины бичиг баримтыг нь өөрийн үеэл Хишигбатын Баясгалан гэдэг хүний нэр дээр шилжүүлж одоог хүртэл өөрөө унаж эдэлж байна. Иймд энэ машин бидний гэр бүлийн дундын эд хөрөнгө юм.

Нийт нэхэмжлэлд дурдсан хөрөнгө 126,126,000 төгрөгийн үнийн дүнтэй болж байгаа бөгөөд би өөртөө ногдох хэсэг болон охин Б.Х , хүү Б.Т нарт оногдох хэсэг болох 94,594,500 төгрөгийг О.Б-с нэхэмжилж байх тул гаргуулан өгнө үү.

Машинаа 3 жилийн өмнө хүнд зарсан гээд байна. Одоо хүртэл энэ машинаа унаад л байгаа. Машин нь 30 дугаар байрны гадна байгаа. Гэхдээ тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэр нь Б.Х гэдэг хүн рүү 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шилжсэн байсан. Тухайн үед би нэрээ шилжүүлснийг мэдэхгүй унадаг л байсан. Намайг мөн 3 жилийн өмнө гэрээсээ явсан гээд байна. Би тухайн үед гэртээ байсан. 2023 оны 02 дугаар сар хүртэл гэртээ байж байгаад Солонгос улс руу явсан. Тэр хүртэл тэр машиныг хааяа унадаг байсан. Хишигбат гэдэг нь Батжаргалын ээжийнх нь төрсөн дүүгийнх нь хүүхэд, нэг ёсондоо машинаа үеэлийнхээ нэр дээр шилжүүлээд өөрөө унаад л явж байгаа. Би тухайн гэрээс яагаад явах болсон гэхээр согтуу ирчихээд намайг гэрээсээ хөөгөөд, янз бүрийн үгээр харааж, доромжилдог байсан. Тэрнээс болж би гэрээсээ явсан. 4 сард Солонгосоос ирээд 2 хүүхэдтэйгээ байрандаа амьдарч байсан чинь дахиад л хөөсөн. Чиний юм нэг ч байхгүй, өөрийнхөө юмыг аваад яв гэсэн. Тэгээд би хоёр хүүхэдтэйгээ баймаар байна, хүүхдүүдийнхээ гэрт байна гэсэн чинь хоёр хүүхдээ аваад зайл гэж байсан. Охин руугаа хүртэл өнөөдрөөс эхлээд аавгүй гэж бодож, амьдраарай. Залуус хорооллынхоо залуугаар тэжээлгэж амьдраарай гэсэн байсан. Хүний өмнө хоёр хүүхдээ бодож байна гэж хэлдэг мөртөө яагаад шандад ирэхээрээ гэртээ дуудаж, уулздаггүй юм. Манай бага хүү аавтайгаа уулзмаар байна гэдэг. Би аав, эмээтэйгээ уулз, ярь гэж хэлдэг. Надад тухайн байрнаас хөөгдөөд очих газар байхгүй. Тухайн үед намайг хардаж араас хөөж явж байгаад залуус хорооллоос гарахыг харсан гээд л хардаад гэрээсээ хөөж байгаа. Өөрийн юмаа аваад зайл, би насаараа хөдөлмөрлөж энэ амьдралаа босгосон гэдэг. Тэгвэл би ард нь яг юу хийсэн юм. Ковидын үед ипотекийн зээл царцаагаад зээл төлөөгүй. Манай бага хүүхэд төрөлхийн зүрхний гажигтай болохоор улсаас сар бүр тэтгэмж авдаг. Тэгээд чи өөрийнхөө цалингаар болго, би зээлээ төлөөд мөнгө илүү гарахгүй байна гэдэг. Сүүлийн хоёр жил нөхрийнхөө хэдэн төгрөгийн цалин авч хэдэн төгрөгийн зээл төлдөг гэдгийг нь ч мэдэхгүй. Сүүлд утсыг нь ухаж үзсэн чинь бэт гээд тоглоомд хамаг мөнгөө үрсэн байсан. Цалин нь тэгээд л хүрдэггүй байсан байна лээ. Манай охин мөн ааваасаа нэг удаа гэртээ найзуудыгаа дагуулж очоод төрсөн өдрөө тэмдэглэе, түлхүүрээ өгчих гэсэн чинь үгүй гээд өгөөгүй гэсэн. Тийм байж манай гэрийн түлхүүр өөр танихгүй эмэгтэйд байгаа. Тэр нотолгоо нь миний чатад байгаа. Би сүүлд зодуулах шахан байж түлхүүрээ нэхсэн ч надад өгөөгүй. Намайг очиж газаргүйг мэдсээр байж хөөж явуулчихаад 2, 3 жил хүнтэй явалдсан гээд байгаа. Үнэхээр хүнтэй яв алдсан юм бол яагаад баримт нотолгоо нь хаана байгаа юм. Өөрөө хүүхэдтэйгээ зайл гэж хөөж явуулчихаад одоо болохоор яагаад миний хоёр хүүхдэдээ л өгнө гээд яриад байгаа. Тиймээс би хоёр хүүхдэдээ зориулаа өөрийн нэр дээрх байраа л авмаар байна гэжээ.

2. Хариуцагч О.Б-н татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга: ...Отгон овогтой Б миний бие Г.Г тай гэрлэж 17 жил амьдрах хугацаанд 2 хүүхэд өсгөн бойжуулсан. Гэр бүлээ тэжээн тэтгэхийн тулд МРЦН-н харьяа Өргөн уулын үйлдвэрт 2007-2013 оны хооронд уулын мастераас Ил уурхайн нэгдсэн цехийн дарга, 2018 онд БНСАУ-д амьдралаа дээшлүүлэх зорилгоор ажилласан, 2019 оноос одоог хүртэл Си Эр Эм Эл ХХК-д ХАБЭА-н инженерээр ажиллаж байна.

Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж жилийн 270-2800 хоног орон гэр, үр хүүхдүүдээсээ хол ажиллаж байлаа. Гэр бүл үр хүүхдийнхээ төлөө төвлөрсөн газраас хол орон нутагт удаан хугацаагаар ажиллах хугацаанд гэр бүлийн хүн Г.Г  нь Хилэнц- фитнесийн багш О-тэй нууцаар гэр бүлийн харилцаа тогтоосон албан ёсны гэр бүлийн баталгаа салгахаас өмнө нь О-н гэрт очиж амьдарсан. Шүүхээс 3 сарын эвлэрүүлэн зуучлах хугацаа өгсөн боловч энэ шийдвэрийг үл ойшоож БНСАУ-д аяллаар явж ирээд гэртээ ирэлгүй О-д очиж суусан. Энэ хугацаанд үр хүүхдийнхээ сайн сайхан ирээдүйг бодож хамтран амьдрах саналыг удаа дараа тавьж байсан боловч саналыг үл ойшоож О-тэй гэр бүлийн харилцаа тогтоож өөрийн эдэлж хэрэглэж байсан бүх зүйлээ аваад явсан. О нь урьд нь гэр бүл, үр хүүхэдтэй байж байгаад салсан ганц бие залуу байсан. О нь манай гэр бүлийн амьдралыг салгаж сарниулаад зогсохгүй 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр фитнесийн арван залуутай 2 машинтай араас дагаж байгаад ирж бүлэгдэн зодсон. Цагдаагийн нүдэн дээр удаа дараа халдаж байсныг цагдаа харж байсан. Эмнэлгийн анхан шатны дүгнэлтээр надад хөнгөн зэргийн гэмтэл үүсч байсан. Дээрх үйлдлээс болж Од зөрчлийн хуулиар 100,000 төгрөгөөр торгуулж байсан. Би Г амьдралаа холбосон 17 жилийн хугацаанд гэр бүлээс гадуур ямар нэгэн харилцаанд орж байгаагүй, амьдралын төлөө зүтгэж яваа болно. Г нь надаас гэр бүлийн харилцаа тасалж явахдаа цалингийн зээл 15,000,000 төгрөг, байрны зээл 30,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийн зээл үлдсэн. Дээрх зээлийн төлөх үр хүүхдийн тэтгэмж зардалд миний одоогийн авч байгаа цалин мөнгө хүрэлцэхгүй байгаа. Г.Г-н нэхэмжилж байгаа 3 дугаар баг 30 дугаар байр 37 тоот байрыг Шунхлай говь ХХК-д Гал хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байхдаа 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа болох 16,770,000 төгрөгийг машин болон хүнээс зээлж С.Мэндсайханд өгч үлдэгдэл 39,130,000 төгрөгийг ипотекийн зээлээр 20 жилийн хугацаатай төлж байгаа бөгөөд одоо би энэ байрандаа амьдарч байна.

-Toyota HARRIER маркийн машиныг 2022 оны 12 дугаар сарын 22-нд УБТЗ-н туслах машинист Х өр зээлийн барьцаанд 20,000,000 төгрөгөөр зарсан тул надад ямар нэгэн тээврийн хэрэгсэл байхгүй.

-Гэрийн тавилгыг Шунхлай говь ХХК, БНСАУ, Си Эр Эм Эл ХХК-д 2014-2024 оны хооронд ажиллаж байхдаа худалдаж авч ашиглаж байсан. Гэрийн тавилгыг цаашид ашиглахгүй тул татгалзах зүйлгүй.

-2022 оны 08 дугаар сард хөдөө ажиллаж байхдаа 489м2 талбай бүхий 1 дүгээр баг * тоот өмчлөх газрыг уурхайд ажиллаж байхдаа 7,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож өөрийн биеэр очих боломжгүй байсан тул Гантуяаг явуулж байсан. Дээрх газрыг худалдаж авч байсан бичиг баримтууд бүрэн байгаа. Дээрх газрыг миний нэр дээр шилжүүлж өгөхийг хүсч байна.

Иргэн Г.Г-н нэхэмжилсэн 126,126,000 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй. Миний амьдралыг салгаж сарниулаад одоо амьдарч байгаа орон байрыг нэхэмжилж байгаад гомдолтой байна. Элдэв дарамтыг туулж үр хүүхдийнхээ ирээдүй сайн, сайхны төлөө зүтгэж явна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Машин нэхэмжлээд байх шиг байна, машин нь 3 жилийн өмнө зарагдсан. Одоо өөр зөндөө хүмүүсийн гар дамжсан байгаа. Тухайн үедээ би байр авах гэж зээл авсан байсан. Түүнийгээ төлөх гэж л машиныг зарсан. Байрны хувьд би одоо хүртэл амьдарч байгаа. Байрыг ипотекийн зээлээр авсан, унаж байсан машинаа зарж урьдчилгаа мөнгөө төлсөн. Энэ хүнийг анх бизнес эрхлэхэд бүх мөнгийг нь гаргаж байсан. Одоо ч хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй, хэцүү л байгаа. Үнэхээр энэ байрыг өгнө гэвэл би хүүхдүүддээ л өгнө. Энэ амьдралд хамгийн их хохирсон нь би болон миний хүүхдүүд л байгаа. Миний хувьд өөр хүнтэй сууж, хамт амьдраад байгаа зүйл байхгүй. Хувийн орон зайд халдаад хүүгээр минь миний утсыг авхуулаад миний чатыг харсан л юм байна лээ. Үнэхээр ийм зүйл яриад байгаа бол миний хүүхдүүдийг надад өгчих. Тэнд өөр хүний харцанд байснаас, эцэгтэйгээ тааваараараа гэртээ байж байг. Би эхний хуралд нь оролцоод, ярьж чадаагүй. Сард 2,000,000 гаран төгрөгийн зээл төлдөг учраас байнгын ажил хийдэг. Түүнээс архидаж, шоудаад байдаггүй. Би хоёр хүүхдээ өгөхгүй, өөр эцгийн гар харуулахгүй гэж тайлбар бичиж өгсөн байсан ч шүүх надгүйгээр бүх асуудлыг шийдвэрлэж хоёр хүүхдийг асрамжийг ээж дээр нь шийдсэн байна лээ. Мөн зарсан машиныг одоо яриад яах уу би унаад байгаа зүйл байхгүй. Энэ байр чинь ипотекийн зээл гээд банкны барьцаанд хэрэв байгаа. Хэрэв энэ зээлээ төлөхгүй бол байрыг чинь банк авдаг. Би байрыг өгөхгүй гэж хэлээгүй, хэрэв өгвөл хоёр хүүхдүүддээ л өгнө. Түүнээс би өөр амьдрал зохиосон хүнд юу гэж байраа өгөх вэ. гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3, 128.4, 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан О.Б-с 81,094,500 төгрөг гаргуулж Г.Г  болон охин Б.Х , хүү Б.Т нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 630,992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-с 563,422,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алгирмаагийн давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Учир нь:

1.Гэрлэгчдийн өр буюу банкны зээл нь гэр бүлийн гишүүдийн хуваагдах эд хөрөнгөд хамааралтай байхад орхигдуулж шийдвэрлэсэн нь буруу болсон.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар Г.Г , Б нар нь гэрлэлтийн бүртгэлтэйгээр 2 хүүхдийн эцэг эх болон 17 жилийн хугацаанд амьдарсан боловч 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө Г.Г  хуваалгахыг хүссэн.

Нэхэмжлэгч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө 1.* тоот 1 өрөө орон сууц буюу 80,626,000 төгрөг,

2.Harrier маркийн автомашин буюу 38,000,000 төгрөг,

3.Гэрийн тавилга буюу гал тогооны тавилга 800,000 төгрөг, хөргөгч 1,200,000 төгрөг, духовка 800,000 төгрөг, угаалгын машин 400,000 төгрөг, ус халаагч /бойлуур/ 400,000 төгрөг, буйдан 700,000 төгрөг, ширээ сандал 600,000 төгрөг, хувцасны шкаф 500,000 төгрөг, хувцасны өлгүүр 400,000 төгрөг, зурагтын тавиур 250,000 төгрөг, хивс 250,000 төгрөг, хүүхдийн ор 900,000 төгрөг, гэрлийн абжур 300,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг, бүх эд хөрөнгө126,126,000 төгрөг гэж тодорхойлж, үүнээс 2 хүүхэд болон өөрт оногдох хэсэг болох 94,594,500 төгрөгийг Батжаргалаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн шаардлагаа гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, тээврийн хэрэгслийн лавлагаа, орон сууцны үнэлгээ тогтоолгосон Хас үнэлгээ ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэгт үндэслэсэн.

2.Хариуцагч Б гэрийн тавилга хэрэгсэл дээр татгалзахгүй, үлдэх эд хөрөнгө болох автомашин 2022 онд 20,000,000 төгрөгөөр зарагдсан, 2022 онд авсан Г.Г-н нэр дээрх * тоот өмчлөх эрхтэй газрын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх, Г гэрээсээ явахдаа цалингийн болон ипотекийн нийт 45,000,000 төгрөгийн зээл үлдээсэн, түүнийг би төлдөг, байрандаа би амьдардаг гэсэн үндэслэлүүдээр машин болон байрыг хуваах боломжгүй гэж маргадаг ба хариу тайлбараа Сайншанд сумын 3-р баг, 3-р байрны 2-37 тоот 1 өрөө орон сууцыг О.Б-н нэр дээр хийгдсэн орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээ, ипотекийн зээлийн гэрээний зээл төлөлтийн хуваарь, Г.Г  нэр дээрх газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, О.Б-н нэр дээр одоогоор тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа, тодорхойлолт зэрэгт үндэслэсэн.

3.Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурьдсан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг нийтэд нь 108,126,000 төгрөг гэж үнэлж тогтоож, гэр бүлийн гишүүд болох аав, ээж, 2 хүүхэд буюу 4 хүнд хувь тэнцүүлэн хувааж, 1 хүнд ногдох хэсгийг 27,031,500 төгрөг, нэхэмжлэгч болон 2 хүүхдэд ногдох хэсгийг 81,094,500 төгрөг гэж тогтоон, хариуцагч О.Б-с гаргуулах, нэхэмжлэлээс автомашины үнэлгээг хариуцагчийн зарсан гэх 20,000,000 төгрөгөөр тооцож, 13,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч О.Б эс зөвшөөрч ...Г салаад явахдаа цалингийн болон ипотекийн зээл бүгд 45,000,000 төгрөгийн өртэй үлдээсэн, цалингийн зээлийг төлж дуусгасан, ипотекийн зээлийг би хариуцан төлж байгааг анхаараагүй орхигдуулсан, одоо байхгүй болсон автомашины үнийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд оруулж тооцсон нь үндэслэлгүй, гэрийн тавилгыг үнэлгээ хийлгэлгүй нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй гэсэн агуулга бүхий үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргасан.

5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд нэхэмжлэлд дурьдсан 1 орон сууц, 1 автомашин, 12 нэр төрлийн гэр ахуйн тавилга хэрэгсэл нь Г.Г , О.Б нарын хамтын амьдралын хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн тул анхан шатны шүүх гэр бүлийн 4 гишүүнд тэнцүү хувааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон.

Автомашиныг 20,000,000 төгрөгөөр зарсан, үнийг гэр бүлийн хэрэгцээнд зориулж авсан зээлийн өрөнд төлсөн тул байхгүй эд хөрөнгийг эд хөрөнгөд тооцохгүй гэж маргасан боловч энэ талаарх баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгөөгүй тул гэрлэгчдийн хуваагдах эд хөрөнгөд оруулж тооцсон нь зөв юм.

Гэрийн тавилга, хэрэгслийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр үнэлсэн, хариуцагчийн зүгээс маргаагүй, тавилга, хэрэгслийг өгөхийг татгалзаагүй ба зохигчид гэр ахуйн тавилга хэрэгслээс хуваагдах үнийн дүндээ тохируулж бодит тавилга, хэрэгслээ авах боломжтой талаар анхан шатны шүүх тодорхой ойлгомжтой дүгнээгүй байна.

Иймд зохигчид нь харилцан зөвшилцөн гэр ахуйн тавилга хэрэгсэлээ бодитоор авах боломжтой ба шийдвэр гүйцэтгэлийн шатанд мөнгөн дүнд оруулан энэ нөхцлөөр шийдвэрлэх нь зүйтэй юм.

Хариуцагч О.Б-д гэрлэгчдийн орон сууцыг үлдээхээр анхан шатны шүүх дүгнэсэн боловч тогтоох хэсэгтээ энэ тухай зохицуулалтыг орхигдуулсан.

Мөн гэр бүлийн хэрэгцээнд зориулж авсан орон сууцыг ипотекийн зээлээр авсан талаар талууд харилцан хүлээн зөвшөөрч маргаагүй, зээлийн үлдэгдэл тодорхой байхад шийдвэрлэлгүй орхигдуулсан нь буруу болсон.

Өөрөөр хэлбэл: Гэрлэгчдийн хамтын амьдралтай байхдаа хийсэн өр буюу банкны зээл авсан, энэ зээл нь хуваагдах эд хөрөнгөд хамааралтай тул өрийг зайлшгүй шийдвэрлэх байсан.

Иймд эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орно.

6.Хэрэгт хариуцагчаас * тоот 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ, орон сууцны зээлийн төлөлтийн хуваарийг гаргаж өгсөн ба анхан шатны шүүх хуралдааны шат /хх 89/-д орон сууцны зах зээлийн үнэлгээг талууд харилцан зөвшөөрсөн ба нэхэмжлэгч Г.Г  ипотекийн зээлийн үлдэгдлийг E Mongolia цахим бүртгэлийн сайтаас харж 30,192,035 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар, хариуцагч О.Б зээлийг дангаараа хариуцан төлдөг талаар хариу тайлбар болон шүүх хуралдааны шатанд тус тус тайлбарласан, зохигчид энэ тал дээр маргаагүй байна.

Анхан шатны шүүх орон сууцыг хариуцагч О.Б-н эзэмшилд үлдээхээр шийдвэрийн үндэслэл хэсэгт дүгнэсэн, нэхэмжлэгч, болон 2 хүүхдэд гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс мөнгөн дүнгээр хөрөнгө гаргуулахаар шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй тул орон сууцны зээлийн үлдэгдэл 30,192,035 төгрөгийн өрийг хариуцагч О.Б-д хариуцуулан үлдээж, Хас үнэлгээ ХХК-наас тогтоосон орон сууцны зах зээлийн үнэлгээ болох 80,626,000 төгрөгөөс уг зээлийг хасч тооцон, гэрлэгчдийн хуваагдах эд хөрөнгийн үнийг тогтоож, тооцох нь гэрлэгчдийн гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө болон өр гэж үзэх нь зохигчдийн хөрөнгийн бодит байдалд нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

Иймд орон сууцны зээл хасагдсан дүнгээр орон сууцны үнийг 50,433,965 төгрөг, гэр ахуйн тавилга хэрэгслийн үнийг 7,500,000 төгрөг буюу 12 нэр төрлийн гэр ахуйн тавилга хэрэгсэл, автомашины үнийг 20,000,000 төгрөг, бүх эд хөрөнгийн нийт үнийг 77,933,965 төгрөг гэж тогтоосноор гэр бүлийн 4 гишүүний 1 хүнд ногдох хэсэг 19,483,491 төгрөг болох ба нэхэмжлэгч болон 2 хүүхэд буюу дундын эд хөрөнгийн дөрөвний гурав нь 58,450,473 төгрөг болж байх тул хариуцагч О.Б-с гаргуулж, нэхэмжлэгч Г.Г д олгох,

Хэрэгт авагдсан орон сууцны зах зээлийн үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлтийн тайланд гэрлэгчдийн орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээний зураг авагдсан ба гэрчилгээнд бичигдсэнээр Г.Г , О.Б нарын өмч болох нь тогтоогдсон тул орон сууцны өмчлөгчийн бүртгэлээс Г.Г г хасч, О.Батжаргалыг өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгах шийдвэрийг гаргах,

Хэргийн үйл баримт нь гэрлэлт цурласны дараа гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг хуваалгах асуудал байх тул Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 130 дугар зүйлийн 130.1, 130.3-т заасныг тус тус баримтлан хэргийг шийдвэрлэх нь хэрэгт авагдсан нөхцөл байдалд нийцэх тул хууль хэрэглээний өөрчлөлтийг зөвтгөн мөн оруулах шаардлагатай байна.

Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт тус тус өөрчлөлт оруулах үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т хамаарч байна.

7.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч О.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алгирмаагаас гаргасан давж заалдсан гомдол нь үндэслэлтэй биш тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч Г.Г гын нэр дээрх гэр бүлийн хэрэгцээний газрыг өөрт шилжүүлэхийг хүсч маргасан боловч энэ талаар жичдээ нэхэмжилж шийдвэрлүүлэх боломжтойг анхан шатны шүүх шийдвэртээ тусгасан байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 136/ШШ2024/00112 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад ...Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 зааснаар нэхэмжлэгч Г.Г , хариуцагч О.Б нарын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг хувааж, дундын эд хөрөнгийн дөрөвний гурав буюу 58,450,473 төгрөгийг О.Б-с гаргуулж нэхэмжлэгч Г.Г , охин Б.Х , хүү Б.Т нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36,144,027 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дугаар заалтад шинээр * тоот 1 өрөө орон сууцыг хариуцагч О.Б-н өмчлөлд үлдээж, өмчлөлөөс Г.Г г хасч, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэхийг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгах

2 дугаар заалтыг 3 гэж дугаарлан ... хариуцагч О.Б-с ... төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж, нэхэмжлэгч Г.Г д олгосугай гэж өөрчилж,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алгирмаагаас гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алгирмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

 

ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ

 

А.САЙНТӨГС