Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 202/МА2024/00015

 

 

2024 05 21 202/МА2024/00015

 

 

 

Г.Г-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 137/ШШ2024/00066 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, Б овогт Г.Г /*, утас */-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * тоотод оршин суух, З овогт Б.Н /РД:*, утас */-д холбогдох

10,500,000 төгрөг гаргуулах төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Б.Н-н давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гомбодорж, хариуцагч Б.Н , түүний өмгөөлөгч О.Үүрцайх, С.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга, тайлбартаа: ...Г.Г би Дорноговь аймгийн * суманд ажил хөдөлмөр эрхлэн амьдардаг ба бусдаас буюу Б.Ч-с санхүүгийн тусламж, дэмжлэг, зээл авч байгаагүй бөгөөд шударгаар хөдөлмөрлөж яваа иргэн юм. 2021 онд миний танил ах Г.Н нь БНХАУ-аас Монгол Улсын хилээр орж ирэх цахилгаан шатны гаалийн бүрдүүлэлтийг хийж өгөх хүсэлтийг тавьсан. 2021 оны 03 дугаар сард Г.Н ахын бараа болох цахилгаан шат Монгол Улсын хилээр орж ирсэн бөгөөд гаальд мэдүүлж бүрдүүлэлт хийн улсын хилээр гаргах шаардлагатай болсон. Миний бие Б.Н ыг ачаа, барааны гаалийн бүрдүүлэлт хийж илгээдэг гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн гэдэг утгаар таньдаг байсан учир түүнийг гуйж бүрдүүлэлтийг хийж гаргуулахаар тохирсон. Б.Н  эхлээд Н татвар төлөх 12,500,000 төгрөгийг авчих тэр мөнгөнд багтаан гаалийн бүрдүүлэлтийг хийж гаргаж өгнө гэсэн тул би түүний хэлснээр 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Б.Н-н эзэмшлийн *  тоот данс руу 12,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг цахилгаан шатыг хавтан гэж мэдүүлсэн байсан боловч барааг буруу мэдүүлсэн гэдэг үндэслэлээр 93 хувь буюу гаалийн давхар хяналтаар орж бараагаа дахин үнэн зөвөөр мэдүүлж, гаалийн татварыг 100 хувь төлж, үнийн дүнгийн 50 хувиар торгууль тавиулчихлаа дахин барааны эзнээс 18,000,000 төгрөг авах шаардлагатай гэж хэлсэн. Б.Н-н хэлсний дагуу миний бие Н ахаас дахин учир байдлыг тайлбарлан хэлж 18,000,000 төгрөгийг Б.Н-н данс руу 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Нийт ачааны татварын мөнгө 30,500,000 төгрөгийг Б.Н  нь шилжүүлэн авсан боловч уг ачааг гаргаж өгөөгүй. Г.Н ах өөрөө татварыг нь төлж ачаагаа авсан ба Н нь тухайн үед дээр дурдсан гаалийн бүрдүүлэлт хийх 30,500,000 төгрөгийг надад болон Н ахад буцаан өгөлгүй хохирол учруулсан. Б.Н  нь 2021 оны 04 дүгээр сарын 05-аас 06-ны өдрүүдэд дансаа ашиглуулаач, данс руу чинь ах болон дүүгээс мөнгө орж ирнэ. Тоглоом тоглоод мөнгө олоод нөгөө хүний чинь мөнгийг гаргаж өгье гэсэн тул итгэж өөрийн дансыг хэлж өгсөн. Миний ХААН банкны "* " тоот дансруу 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгөөр 2 удаа Б.Сайнбаяраас, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 10,500,000 төгрөгөөр 1 удаа Б.Чинбатаас, нийт 30,500,000 төгрөг, мөн өдөр миний эзэмшлийн * , * гэх хоёр дугаарыг зээлийн газарт барьцаанд тавьж 10,000,000 төгрөгийг, миний дансанд байсан 2,000,000 төгрөгийг нийт 42,600,000 төгрөгийг мөрийтэй тоглоом тоглоход ашиглаж, миний данснаас бусдын данс руу шилжүүлүүлсэн. Дээрх мөнгийг Б.Н  нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 300,000 төгрөгийг тус бүр "* Д.Даваадорж" тоот данс руу "Pongi" гэх утгатай, 2,000,000 төгрөгийг "5400516105-Б.Золбаяр" тоот данс руу "8" гэх утгатай, 10,000,000 төгрөгийг 5400516105-Б.Золбаяр тоот данс руу "Понги гэх утгатай, "10,000,000 төгрөгийг картын гүйлгээ, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 18,000,000 төгрөгийг "* -Б.Э " тоот данс руу "Понги гэх утгатай, 500,000 төгрөгийг картын гүйлгээ, 500,000 төгрөгийг картын гүйлгээ, 300,000 төгрөгийг картын гүйлгээгээр тус тус шилжүүлүүлсэн. Дээр дурдсан нийт 42,600,000 төгрөгийг бусдын буюу тоглоомын данс руу Понги гэх өөрийн хоч, нэрээр шилжүүлсэн. Энэ бүх гүйлгээнүүд нь мөнгө орж ирсэн даруй болж байгаа ба дээрхи мөнгөний захиран зарцуулалтыг Б.Н  дур мэдэн хийсэн. Миний бие 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд Н ахын цахилгаан шатны бүрдүүлэлт хийлгэхээр өгсөн 30,500,000 төгрөг, миний эзэмшлийн * , * гэх хоёр дугаарыг зээлийн газарт барьцаанд тавьж авсан 10,000,000 төгрөгийг, дансанд байсныг авч ашигласан 2,000,000 төгрөгийг нийт 42,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 256 дугаар шийдвэрээр шийдвэрлэж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос гадна бодитоор биелэгдэж дууссан. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дах Сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 256 дугаар шийдвэрт ...нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Б.Н ад Н гэх хүний барааг хил, гаалиар гаргуулахын тулд өөрийн ХААН банкны "*  дугаарын данснаас хариуцагч Б.Н-н ХААН банкны "* " дугаартай дансанд 2 удаагийн үйлдлээр буюу 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 12,500,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 18,000,000 төгрөг, нийт 30,500,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд хариуцагч нь Н гэгчийн ачаа, барааг хил гаалиар гаргаж өгөөгүй, уг мөнгийг нэхэмжлэгч Г.Г-д эргүүлж өгөөгүй болох нь, мөн хариуцагч Б.Н  нь нэхэмжлэгчийн дансыг ашиглаж, мөрийтэй тоглох зорилгоор нэхэмжлэгчийн дансанд байсан 2,000,000 төгрөг, 68 зээлийн газраас нэхэмжлэгчээр зээл гаргуулж 10,000,000 төгрөг бүгд 12,000,000 төгрөгөөр тоглож үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь хариуцагч Б.Н аас Г.Г-д ачааны төлбөрт 31,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тодорхойлолт, "Понги гэх нэрээр шилжүүлсэн ...зэргээр тогтоогдож байна" гэж дүгнэсэн. Гэтэл иргэн Б.Ч нь өөрийн төрсөн дүү болох Б.Н-н хүсэлтийн дагуу миний дансаар дамжуулан өгсөн 10,500,000 төгрөгийг надад зээлсэн мэтээр худал хэлж, шүүхэд хандан уг мөнгөн хөрөнгийг надаас гаргуулахаар шийдвэрлэж, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан ба тухайн шийдвэр биелэгдэж дууссан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт "Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу Б.Н-н нэрийн өмнөөс түүний үүргийг Г.Г миний бие биелүүлсэн тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймд Б.Н аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч Б.Н  татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга: ...би иргэн Г.Г-д ямарч өр төлбөр байхгүй 2002 оны 06 сарын 15-нд болсон шүүх хурлаар Г-н нэхэмжилсэн 42,500,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан үндэслэлгүй нэхэж байгаа нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү... Г.Г шүүх, цагдаагийн байгууллагад худлаа хэлээд явж болдог гэж ойлголт авсан хүн байна лээ. Түвшинбаяр өмгөөлөгч тэрийг нь өмгөөлөөд байхаар болно гэж бодоод байх шиг байна. Ямарч баримт байхгүй. 30,500,000 төгрөгийг Б.Н-н данс руу шилжүүлээд, буцаагаад өгөхөөр иргэний шүүхээр шүүхдээд надаас гаргуулаад төлүүлдэг. Түүн дээрээ барьцаанд тавьсан дугаарын төлбөртэйгөө цуг төлүүлсэн. Ингээд бүх асуудал дуусчхаад байхад эргээд дахин дахин төлүүлээд байгаа учраас эргээд би Ч-р нэхэмжлүүлсэн. С-р мөн нэхэмжлүүлсэн. Ч-н хэрэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрийнхөө талд гаргуулсан. Давж заалдах шатны шүүхээр шийдвэр манай талд гарсан. Б.Н  гэх хүний данс руу ямарч мөнгө шилжүүлээгүй, ямар ч гэрч байхгүй, баримт байхгүй, урдах хойдох хүний хэрэг яриад цагдаа, прокурор, шүүхийн толгойг эргүүлээд надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Бүх зүйл баримттай, бүх зүйл хуультай... 10,500,000 төгрөгийг би үнэхээр ойлгохгүй байна. Үнэхээр Ч руу шилжүүлсэн бол Ч нэхээч гэж хэлмээр байна. Яах гэж Ч руу 10,500,000 төгрөг шилжүүлсэн юм бэ. Ч нэх гэж хэлмээр байна... Одоо хүнд дансаа ашиглуулдаг юм гэж байхгүй шүү дээ. Тэгээд тухайн үед 30,500,000 төгрөг миний данс руу хийгээд Понги гэсэн нэрээр шилжүүлээд, тэгээд тэр мөнгөө өсгөе гэж миний нүдэн дээр тоглоод надаар заалгаж байгаад алдсан байж одоо юу яриад надаас нэхээд байгаа юм бэ... Анх 30,500,000 төгрөг орж ирээд Н Г руу шилжээд Г над руу шилжүүлээд, миний дансанд орж ирсэн мөнгийг Г гаалийн татвар төлье гэж хэлсэн. Нөгөөдөх нь хүрэхгүй шүү дээ гэхэд хоёулаа тоглоод өсгөөд төлчихье гээд алдчихсан мөнгө. Алдангуутаа буцаагаад шүүхээр яваад надаар төлүүлсэн. Тэгээд Г-н над руу шилжүүлсэн 30,500,000 төгрөгийг, зээлийн төвөөс авсан 10,000,000 төгрөг гээд нийт 42,500,000 төгрөгийг би төлчихсөн. Тэгэхээр Сайнбаяраас шилжүүлсэн 20,000,000 төгрөг, Ч-с шилжүүлсэн 10,500,000 төгрөгийг эргүүлж нэхэж авах нь зөв биз дээ. гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492 дүгээр зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Н аас 8,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,500,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н аас 142,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-д олгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Н-н давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэлээ. Учир нь:

1.Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

2. Хэргийн үйл баримтыг хянан хэлэлцвэл нэхэмжлэгч Г.Г Б.Н  миний дансыг ашиглаж мөрийтэй тоглох зорилгоор ах Б.Ч 10,500,000 төгрөгийг миний дансаар шилжүүлэн авч мөрийтэй тоглож алдсан, Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ны 202/МА2023/00022 дугаартай магадлалаар нэхэмжлэгч Б.Ч-д Г.Г-р төлүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийн дагуу Б.Ч-д 10,500,000 төгрөгийг төлж барагдуулсан тул Б.Н аас уг 10,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгч Г.Г-н нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н ад холбогдуулж 42,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн иргэний хэргийг шийдвэрлэсэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны 137/ШШ2022/00256 дугаартай шийдвэр, хариуцагч Г.Г-с 10,500,000 төгрөгийг гаргуулж Б.Ч-д олгохоор шийдвэрлэсэн Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ны 202/МА2023/00022 дугаартай магадлал зэрэгт үндэслэсэн.

3.Хариуцагч Б.Н  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба хариу тайлбараа нэхэмжлэгч Г.Г-д 42,870,750 төгрөгийн төлбөрийг төлсөн тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 20-ны 5/58 дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол/1хх 48-49/, Д.Т , Г.Н нарыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх 2022 оны 06 дугаар сарын 06 /1хх 50-51/, 2022 оны 04 дүгээр сарын 26 /1хх 52-53/-ны өдрүүдэд тус тус гэрчээр асуусан тухай тэмдэглэлүүд, хариуцагч Б.Н-н ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 66-196/ зэрэгт тус тус үндэслэсэн.

4.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 8000,000 төгрөгийг хангаж, 2,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч Б.Н  эс зөвшөөрч ...Ч-с шилжиж ирсэн 10,500,000 төгрөгийг бид хамтдаа мөрийтэй тоглож алдсан, энэ нөхцөл байдалд дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл энэ тухай буюу маргааны зүйл болох 10,500,000 төгрөгийн асуудлыг нэхэмжлэгч Б.Ч-с Г.Г-д холбогдуулж нэхэмжилснийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 137/ШШ2023/00131 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ны 202/МА2023/00022 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Ингэхдээ магадлал /1хх 20-23/-д ...Г.Г , Б.Н  нарыг хамтарч мөрийтэй тоглоом тоглосон нь үгүйсгэгдээгүй буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны 137/ШШ2022/00256 дугаартай шийдвэрээр Б.Н аас 42,500,000 төгрөгийг гаргуулж Г.Г-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сум дундын Прокурорын газрын 2021-12-20-ны 5/58, 2021-10-18-ны 5/14 дугаартай прокурорын тогтоолуудаар тэд хамтдаа мөрийн тоглосон нь тогтоогдсон байна гэж гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл: Энэ нөхцөл байдлыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж давж заалдах шатны шүүх үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл мөн болно.

6.Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1-д ...тоглоом болон мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй гэж заасан.

Нэхэмжлэгч Г.Г-н дансанд Б.Ч-с 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 10,500,000 төгрөг chinba гэсэн утгатайгаар шилжиж орсныг Б.Н , Г.Г нар нь мөрийтэй тоглож алдсан нь Ганбаатарын Г ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогддог ба нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэл болон хариу тайлбаруудаар мөрийтэй тоглоно гэдгийг зохигчдын аль аль нь мэдэж байсан тул Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1-д зааснаар бие биеэсээ шаардах эрхийг бий болгох боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Г.Г-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Н аас 10,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

7.Иймд энэ тухай гаргасан хариуцагч Б.Н-н давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасанд хамаарч байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.4 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 137/ШШ2024/00066 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад ... Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Г-н нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н ад холбогдох 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

2-р заалтад нэхэмжлэгч Г.Г-с төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчилж, хариуцагч Б.Н-н давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Н-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

 

ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ

 

А.САЙНТӨГС