Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00444

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2556375, Капитал банкны нэхэмжлэлтэй, 

         Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 08-55 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОД66082545, Цорс овгийн Найдангийн Уртнасан,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 08-55 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ64060138, Булгадар овгийн Жавзангийн Бямбацогт нарт холбогдох,

         Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 24.301.478,60 төгрөг гаргуулах, зээлдэгчийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азбаяр, хариуцагч Ж.Бямбацогт, Н.Уртнасан, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаатар, Г.Азбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Капитал банк нь Н.Уртнасан болон Ж.Бямбацогт нартай 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 2030000242 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Увс аймаг, Улаангом сумын 5 дугаар баг, 08-35 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520002309, ГД:000158325 дугаар бүхий, 103 м.кв бүхий хувийн орон сууц, Увс аймаг, Улаангом сумын 5 дугаар баг, 08-35 тоотод байрлалтай, Г:1520001184, ГД:000154924 дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний 959.01 м.кв газрыг, мөн 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр №2030000419 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 5.500.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.4,% хүүтэй авсан бөгөөд зээлийн барьцаанд Увс аймаг, Улаангом сумын 5 дугаар баг, Лхагважавын доод талд байрлалтай гэр бүлийн хэрэгцээнийн зориулалт бүхий 700 м.кв эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан. № 2030000242 тоот зээлийн гэрээний хугацаа 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дууссан бөгөөд гэрээнээс үндсэн зээл 6.564.958,69 төгрөг, зээлийн хүү 4.732.016,83 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 8.435.041,31 төгрөгийн үндсэн зээл, 4.789.289,92 төгрөгийн хүү, 957.857,98 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 14.182.189,22 төгрөгийг төлөөгүй. №2030000419 тоот зээлийн гэрээний хугацаа 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр дууссан бөгөөд гэрээнээс үндсэн зээл 68.66 төгрөг, зээлийн хүү 1.735.705,81 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 5.499.931,34 төгрөгийн үндсэн зээл, 3.849.465,04 төгрөгийн хүү, 769.893,01 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 10.119.289,38 төгрөгийг тус тус төлөөгүй байна. Иймд зээлдэгч Н.Уртнасан болон хамтран зээлдэгч Ж.Бямбацогт нараас №2030000242 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 14.182.189,22 төгрөг, №2030000419 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 10.119.289,38 төгрөг, нийт 24.301.478,60 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиодолд барьцааны  гэрээнүүдээр бүртгүүлсэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ. 

          Хариуцагч Н.Уртнасан, Ж.Бямбацогт нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Бид 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Капитал банкнаас хувийн орон сууцандаа засвар хийх, тавилга худалдан авах зориулалтаар 15.000.000 төгрөгийн зээлийг, мөн 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр жижиг дунд бизнес эрхлэх, бараа татан авах зориулалтаар 5.500.000 төгрөгийн зээлийг тус тус авсан юм. Эхлээд авсан 15.000.000 төгрөгийн зээлийг графикийн дагуу хугацаанд нь төлж байсан бөгөөд уг зээлд нийт 11.296.974 төгрөгийг Капитал банкинд төлж, зээлийн үлдэгдэл, хүүгийн хамт 8 сая гаруй төгрөг үлдсэн байсан. Харин сүүлд авсан 5.500.000 төгрөгийн зээлийн хүүг төлөөд явж байсан. Энэ үед эхнэр Н.Уртнасангийн биеийн байдал муудаж, нойр булчирхайн шоконд орж, яаралтай Улаанбаатар хот руу эмчилгээнд явахаар болсон. Ингээд бид тодорхой хугацаанд хөдөлмөр эрхэлж, орлого олж зээлээ төлөх боломжгүй болж, зээлийнхээ сарын төлбөрийг багасгуулахаар Капитал банкинд хүсэлт гаргахад “Бид та нарын хүсэлтийг эндээ шийдвэрлэх боломжгүй, Капитал банкны төврүү мэдэгдэнэ, тэндээс хариу иртэл хүлээж бай” гэсэн хариу өгсөн. Би эхнэр Н.Уртнасанг авч эмчилгээнд яваад 40 гаруй хоног болоод ирэхэд банкны зүгээс бидний гаргасан хүсэлтэд ямар нэгэн хариу өгөөгүй, очиж уулзахад Капитал банкны захирал нь ажлаа өгөөд хариуцах эзэнгүй болсон байсан ба зээлийн төлбөр ч нэхэгдэхгүй байсан. Бид зээлээ графикийн дагуу төлж чадахгүй байгаадаа санаа зовон ХААН банкны холбогдох хүмүүстэй уулзан гуйж, зээл гаргуулж, Капитал банкны зээлийг бүгдийг нь төлөхөөр болсон. Тухайн үед ХААН банкны зүгээс бидэнд Капитал банкнаас бичиг баримтынхаа хуулбарыг авч ирээд зээлээ гаргуулж ав гэсэн шаардлага тавьсан бөгөөд Капитал банктай очиж уулзахад мөн л захирал нь томилогдоогүй, хариуцах эзэнгүй байсан учраас бичиг баримтынхаа хуулбарыг авч ХААН банкнаас зээл гаргуулж чадаагүй. Энэ хугацаанд эхнэр Н.Уртнасангийн биеийн байдал дээрдэхгүй, эмчилгээний зардал нэмэгдэж, Элбэг плазад байсан бараа эзэнгүйрч зээлийн сарын төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрсэн.  Бид үлдсэн зээлээ төлж чадахгүй эрсдэлд орлоо гэдгээ Капитал банкинд хэлээд 2 зээлээ нэгтгүүлэн урт хугацаанд хуваалгаж, сарын төлбөрөө багасгуулахаар удаа дараа хүсэлт гаргаж, өөрсдийн амьдралын нөхцөл байдлаа танилцуулж Капитал банкны төвөөс ирсэн хүмүүстэй уулзахад “Боломжтой, шийдвэрлэж өгнө” гэсэн гэж хэлээд олон сараар хүлээлгэн чирэгдүүлж, эцэстээ биднийг зээлийн хүү, алданги, нэмэгдүүлсэн хүүгийн өрөнд оруулж хохироосонд гомдолтой байна. ... Бид иргэн хүнийхээ хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийнхээ эргэн төлөлтийг төлөх үүрэгтэй гэдгээ ойлгож байсан боловч, амьдралд тохиолдсон хүнд нөхцөл байдлын улмаас төлж чадахгүйд хүрч, сарын төлбөрөө багасгуулах, өөр банкнаас урт хугацааны зээл авч уг зээлийг төлж барагдуулахаар хөөцөлдөөд чадалгүй ийм байдалд хүрээд байна. Бидний 2012 оны 6 сарын 18-ны өдөр авсан 15.000.000 төгрөгийн зээлийн хугацаа 2015 оны 6 сарын 18-ны өдөр, 2012 оны 1 сарын 21-ний өдөр авсан 5.500.000 төгрөгийн зээлийн хугацаа 2015 оны 1 сарын 21-ний өдөр тус тус дууссан ба зээлийн хугацаа дууссанаас хойш 1 жилийн дараа шүүхэд хандаж байгаа нь 1 жилийн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж нэхэмжилж иргэдийг хохироож, өөрсдөө ашиг олох гэсэн банкны бодлого гэж үзэж байна. Түүнчлэн бид 15.000.000 төгрөгийн зээл аваад 11 гаруй сая төгрөг төлчихөөд байхад  банк 14.000.000 төгрөг, 5.500.000 төгрөгийн зээл аваад сар бүр хүү төлөөд явж байсан. Гэтэл өнөөдөр Капитал банкны зүгээс 5.500.000 төгрөгийн үндсэн зээлтэй адилхан хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж, нийт 10 гаруй сая төгрөг нэхэмжилж байгаа нь бидний эрх ашгийг илтэд хохироосон, Иргэний хуульд нийцээгүй, үндэслэлгүйгээр илүү мөнгө нэхэмжилж байна гэж үзэж байна. Капитал банкны нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь Иргэний хуульд заасан “Анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөө талаар зээлийн гэрээний хугацаа дууссан байхад нэмж хүү тооцож нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Капитал банкны 24.301.478 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хугацаа нь дууссан зээлийн гэрээний 1 жил 4 сарын хүү 2.130.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 426.000 төгрөг, нийт 2.556.000 төгрөг, мөн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хугацаа дууссан зээлийн гэрээний 1 жилийн хүү 2.025.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 405.000 төгрөг, нийт 2.430.000 төгрөг, бүгд 4.986.000 төгрөгийг хасаж, багасгаж өгнө үү” гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Ж.Бямбацогт, Н.Уртнасан нарт холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 24.301.478,60 төгрөг гаргуулах, зээлдэгчийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

         Иргэн Ж.Бямбацогт, Н.Уртнасан нар нь Капитал банкнаас 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 2030000242 тоот зээлийн гэрээ байгуулан, 15.000.000 төгрөгийг сарын 2 хувийн, жилийн 24 хувийн хүүтэй зээлж авсан байх ба мөн өдрийн мөн дугаартай барьцааны гэрээгээр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 8-35 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520002309, гэрчилгээний 000158325 дугаартай, 103 м.кв талбай бүхий, 3 өрөө хувийн орон сууц, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-1520001184, гэрчилгээний 000154924 дугаартай, нэгж талбарын 191901548 тоот, 959.01 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаалсан байна.

          Түүнчлэн 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 2030000419 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, 5.500.000 төгрөгийг, сарын 2.40 хувийн, жилийн 28.80 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж авсан байх ба зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, Лхагважавын доод талд байрлах, нэгж талбарын 8516002247, гэрчилгээний 0405554 дугаартай, Н.Уртнасангийн нэр дээрх, 700 м.кв талбай бүхий гэр хашааны зориулалтаар эзэмших эрхтэй газар барьцаалжээ.

          Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т  заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа дууссан байх боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

          Харин хариуцагч нар “Зээлийн гэрээний хугацаа дуусаад 1 жил 4 сар, 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул тухайн хүүг хасч, зээлийн хүүг багасгаж өгнө үү” гэж хүсэлт гаргаж байгаа ба хэдийгээр зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаад 1 жил гарангийн хугацаа өнгөрсөн байх боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн эрсдэлийг зээлдэгч нар үүрэх бөгөөд зээлийн гэрээний 3.13-т “Гэрээнд заасан ерөнхий хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусгах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэрээнд заасан ерөнхий хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэж, 3.14-т “Зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд Хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна” гэж заажээ.

          Зээлдэгч нар зээлийн гэрээний 9.1-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байх ба гэрээ болон Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллаагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу Ж.Бямбацогт, Н.Уртнасан нар зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх үндэслэл тогтоогдохгүй байна.

           Нөгөө талаар, Ж.Бямбацогт, Н.Уртнасан нар өөрсдийнхөө төлбөрийн чадваргүй болсон гэх ямар нэгэн нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, энэ талаар нотлоогүй байна.  

          Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ж.Бямбацогт, Н.Уртнасан нараас № 2030000242 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8.435.041,31 төгрөг, зээлийн хүү 4.789.289,92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 957.857,98 төгрөг, нийт 14.182.189,22 төгрөг,  №2030000419 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 5.499.931,34 төгрөг, зээлийн хүү 3.849.465,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 769.893,01 төгрөг, нийт 10.119.289,38 төгрөг, бүгд 24.301.478,60 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож шийдвэрлэв.

          Түүнчлэн хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Ж.Бямбацогт, Н.Уртнасан нарын зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 8-35 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520002309, гэрчилгээний 000158325 дугаартай, 103 м.кв талбай бүхий, 3 өрөө хувийн орон сууц, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-1520001184, гэрчилгээний 000154924 дугаартай, нэгж талбарын 191901548 тоот, 959.01 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, мөн Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, Лхагважавын доод талд байрлах, нэгж талбарын 8516002247, гэрчилгээний 0405554 дугаартай, Н.Уртнасангийн нэр дээрх, 700 м.кв талбай бүхий гэр хашааны зориулалтаар эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Капитал банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279.457 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бямбацогт, Н.Уртнасан нараас 279.457 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.   

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ж.Бямбацогт, Н.Уртнасан нараас 24.301.478 /хорин дөрвөн сая гурван зуун нэг мянга дөрвөн зуун далан найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.

       2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Ж.Бямбацогт, Н.Уртнасан нарын зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 8-35 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520002309, гэрчилгээний 000158325 дугаартай, 103 м.кв талбай бүхий, 3 өрөө хувийн орон сууц, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-1520001184, гэрчилгээний 000154924 дугаартай, нэгж талбарын 191901548 тоот, 959.01 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, мөн Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, Лхагважавын доод талд байрлах, нэгж талбарын 8516002247, гэрчилгээний 0405554 дугаартай, Н.Уртнасангийн нэр дээрх, 700 м.кв талбай бүхий гэр хашааны зориулалтаар эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Капитал банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279.457 /хоёр зуун далан есөн мянга дөрвөн зуун тавин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бямбацогт, Н.Уртнасан нараас 279.457 /хоёр зуун далан есөн мянга дөрвөн зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.ГЭРЭЛТУЯА