Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 202/МА2024/00016

 

 

 

2024 05 21 202/МА2024/00016

 

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 136/ШШ2024/00127 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч: * байрлах, Б ХХК,

хариуцагч: *оршин суух, Б овогт Д.Ц, Б овогт Д.Б нарт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 3,226,979.18 төгрөг гаргуулах, Дорноговь аймаг * тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-* дугаартай 54 мкв мужааны цех зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, Г.С нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, Г.С , хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Г.Хосбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б ХХК нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбарын агуулга: ...зээлдэгч Д.Б , Д.Ц нар нь Б ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1162130113001404 дугаартай зээлийн гэрээг байгуулан 5,000,000 төгрөгийн сарын 4,8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар талууд харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулж, энэ өдрөө зээлдэгч Д.Б ын нэр дээрх Хаан банк дахь * тоот дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлж зээлдүүлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг олгосон.

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,363,557.92 төгрөг, хүү 3,275,395 төгрөг, алданги 1,433,846.49 төгрөг нийт 8,072,799 төгрөг төлсөн.

Зээлдэгч, хамтран зээлдэгч нар нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлийн төлбөрийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн төлөлгүй 316 хоног хугацаа хэтрүүлээд байна, зээлдэгч нараас үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, утсаар холбогдон мэдэгдэж, мэдэгдэх хуудас зэргийг хүргүүлж байсан бөгөөд зээлдэгч, хамтран зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд 1162130113001404 дугаартай зээлийн гэрээнд заасны дагуу 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,636,442.08 төгрөг, хуримтлагдсан хүү 736,348.31 төгрөг, алдангид 854,188.79 төгрөг нийт 3,226,979.18 төгрөгийг зээлдэгч Д.Б , хамтран зээлдэгч Д.Ц нараас тус тус гаргуулж өгнө үү.

2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Д.Б , Д.Ц нартай байгуулсан зээлийн гэрээний барьцааны гэрээнд Б овгийн Д.Б өмчлөлийн Дорноговь аймаг, * тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-* дугаартай 54 мкв мужааны цех зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан бүртгэлийн байгууллагад барьцаалан бүртгүүлсэн. Иймд хариуцагч Д.Б , Д.Ц нар сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  татгалзал, тайлбарын агуулга: ....миний бие 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Б ХХК-иас 5,000,000 төгрөгийг сарын 4,8 хувийн хүүтэй, 24 сараар зээлсэн. Зээлийг графикийн дагуу 2023 оны 04 дүгээр сар хүртэл төлж яваад хоёр сарын хугацаа хэтрүүлээд түүнээс хойш сар бүр 340,000 төгрөг төлсөн. Тэгээд дараа нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б ХХК-т зээлээ төлөөд дууссан байх гээд очсон чинь 2,000,000 төгрөг дутуу байна гэсэн. Яагаад ийм мөнгө дутуу байгаа юм гэсэн чинь алданги, хүү төлөх юм байна гэсэн. Би одоогоор 8,027,000 төгрөг төлсөн, ийм өндөр хүү, алданги төлнө гэж байдаг юм уу, үндсэн зээлийн төлбөрөө л төлмөөр байна. Гэрээний үүрэгт үл хөдлөх эд хөрөнгө Ү-* дугаартай 54 мкв2 мужааны цех зориулалттай эд хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний хувьд маргааныг шүүх хурлаар шийдвэрлүүлсний дараа үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Коронавируст халдвар /ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б , Д.Ц нарт холбогдох 3,226,979.16 төгрөг гаргуулах, Дорноговь аймаг * тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-* дугаартай 54 мкв мужааны цех зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,782 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

хариуцагч нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлэхийг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-н гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ...Ковидын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд хүү, алдангийн хэмжээ нь барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хамаарна гэж заасан. Б болон хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээ нь 2021 оны 9 сарын 28-ны өдөр хуульд зохицуулсан хугацаанд хамаарахгүй байгаа. Ийм учраас энэ хуулийг барьж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхгүй талаар барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд барьцаалах гэдгийг нөгөө талаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаална гэж ойлгоно. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 1-т үл хөдлөх эд хөрөнгө нь бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгө, эрх, эрх нь барьцааны зүйл байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-т барьцааны хуульд нь заасан үндэслэлээр эс үгүй бол барьцаалагч барьцаалагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ. Зээлдэгч зээлдүүлэгч 2 байгуулсан барьцааны гэрээний дагуу энэ барьцаа үүсэж байгаа учраас энэ хуульд нийцэж байна гэж үзээд байгаа юм. Иргэний хуулийн 286 дугаар зүйлд хөдлөх хөрөнгө барьцаанд бариулахыг шаардах эрхтэй л гэж заасан. Үл хөдлөх хөрөнгө барьцаалахыг хориглоно гэсэн заалт хуульд байхгүй. Хуульд үндэслээгүй Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 1-т буюу хуулийн хүрээнд чөлөөтэй, хуулийн хүрээнд гэрээг талууд чөлөөтэй байгуулж болно гэж байгаа юм. Хуульд хориглоогүй учраас хуульд заасан хүрээнд бид нар гэрээгээ байгуулсан. Онолын үүднээс тайлбарлаад үзэх юм бол хувийн эрх зүйд хориглоогүй бол зөвшөөрнө. Харин нийтийн эрх зүйд хуулиар зөвшөөрснөөс бусдыг бусдыг хориглодог, шийдвэр үндэслэлгүй байгаа тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч гэж хүсэж байна. гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З-н давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ...нэмэлт тайлбар байхгүй. гэв.

6. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  давж заалдах гомдолд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Би анх зээл авахдаа 5 сая төгрөг авсан авч байсан. Нэг удаа хугацаа хэтрүүлчихгүй юу тэгсэн эднийх утасдсан хугацаа хэтэрлээ гээд дараа нь манай эхнэр сар болгон 300 хэдэн мянган төгрөг төлөөд яваад байсан. Одоо ер нь дуусаж байгаа гээд очсон чинь 2 сая төгрөг нэхсэн. Тэгээд юун 2 сая төгрөг вэ гэсэн чинь та хэдийн төлөөд байсан мөнгийг чинь торгууль татаад байгаа юм одоо ингээд 2 сая дутуу гэдэг. Эд нар бол намайг удаа дараа гээд хэлээд байх шиг байна. Гэрт очиж зээлээ төл одоо ийм болчихоод байна гэж хэлээгүй. Утсаар л 2 ярьсан байх. Би төлөгдөөд л яваад байгаа гэж бодоод байсан чинь хугацаа дуусахаас сарын өмнө очсон чинь л 2 сая төгрөг нэхсэн. Би сар болгон л торгууль төлөөд явснаа мэдэхгүй байгаа. 8 сая гаруй төгрөг л өгчихсөн байхад ахиад 3 сая 200 мянган төгрөг гээд байгаа. Би мужаан хийдэг хүн мужааныхаа юмыг барьцаалчихсан. Надад санхүүгийн боловсрол байхгүй. гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч Д.Б , Д.Ц нарт холбогдуулан, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 5,000,000 төгрөгийг сарын 4,8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, зээлийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцох зээлийн гэрээний дагуу зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,363,557.92 төгрөг, хүү 3,275,395 төгрөг, алданги 1,433,846.49 төгрөг нийт 8,072,799 төгрөг төлсөн.

Зээлдэгч, хамтран зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, зээлийн төлбөрийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн төлөлгүй 316 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээлийн төлбөрт 1,636,442.08 төгрөг, хуримтлагдсан хүү 736,348.31 төгрөг, алдангид 854,188.79 төгрөг, нийт 3,226,979.18 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний барьцааны гэрээнд Д.Б ын өмчлөлийн Ү-* дугаартай, 54 мкв мужааны цех зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан учир хариуцагч нар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  нэхэмжлэлийг эс зөвшөөрч, миний бие 5,000,000 төгрөг зээлсэн, графикийн дагуу 8,027,000 төгрөг төлсөн, гэрээний үүрэгт Ү-* дугаартай 54 мкв2 мужааны цех зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

2.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б ХХК-ийн, хариуцагч Д.Б , Д.Ц нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,226,979.16 төгрөг гаргуулах, Дорноговь аймаг * тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-* дугаартай 54 мкв мужааны цех зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

шийдвэртээ ...талуудын байгуулсан 5,000,000 төгрөг зээлдүүлэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр байна, харин гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4, 2.1.5 дахь заалт нь Коронавируст халдвар /ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 1411.1.-т барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангиийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцох хуулийн заалтыг зөрчсөн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар, 61 дүгээр зүйлийн 61.1-д хэлцлийн зарим хэрэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдох боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэхээр хуульчилсан байх тул зээлийн гэрээний хүү, алданги тооцох заалт хүчин төгөлдөр бус байна, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй хуулийн заалтыг мөн зөрчсөн гэж дүгнэсэн байна.

3. Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Санжаасүрэн, Ц.З-н нар ...Б болон хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээ нь Ковидын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зохицуулсан хугацаанд хамаарахгүй, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхгүй гэж шийдвэрлэсэн тухайд зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулах гэдгийг нөгөө талаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхгүй гэж ойлгоно. Иргэний хуулийн 286 дугаар зүйлд хөдлөх хөрөнгө барьцаанд бариулахыг шаардах эрхтэй л гэж заасан, хориглоно гэсэн заалт хуульд байхгүй учир шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан.

4.Зохигчийн тайлбар, хэрэгт буй баримтаас үзвэл 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 5,000,000 төгрөгийг сарын 4,8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцох, үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар зээлийн гэрээ/1хх 10-11/ байгуулагдсан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн/1хх 15/, зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,363,557.92 төгрөг, хүү 3,275,395 төгрөг, алданги 1,433,846.49 төгрөг нийт 8,072,799 төгрөг төлсөн нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй, гомдол гаргаагүй.

5.Б ХХК нь барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд талаар мөн талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлд Барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох харилцааг зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 286.2 дахь хэсэгт Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зөвхөн хөдлөх хөрөнгө барьцаална гэж хуульчилсан.

Мөн барьцаалан зээлдүүлэх журмаар олгох зээлийн харилцааг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар зохицуулж, уг хуулийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр, барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох гэрээний зээлдүүлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд байх ба хэрвээ эрх бүхий этгээд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгчид барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг хүргүүлэх эсхүл мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дараа барьцааны зүйлийг хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж, уг орлогоос барьцааны шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг барьцаалуулагчид олгоно гэж заасан.

Энэхүү маргаан бүхий иргэний хэргийн тогтоогдсон үйл баримтын тухайд барьцаалан зээл олгох гэрээг талууд 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан, энэ үед гэрээний харилцаа Иргэний хуулийн 286.3 дахь хэсэгт /2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн өөрчлөн найруулалтаар хасагдсан, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн/ заасны дагуу зохицуулагдаж байсан ба үүнд зээлдэгч зээл, түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах эрх зээлдүүлэгчид үүсэж, барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргээ хангуулах, үлдсэн мөнгийг буцаан олгох, барьцаалан зээлдүүлэх газар нь зөвхөн хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхтэй байна.

 

 

Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч Б ХХК нь зээлийн төлбөрийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч, хамтран зээлдэгч нараас удаа дараа шаардсан гэж үзэх нөхцөл байдал баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байх ба зээлийн эргэн төлөлт доголдсон, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдол/хугацаа 2022-04-10/-д Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасны дагуу зээлдүүлэгчээс, зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй буруутай буюу мөн хугацаанд барьцаа хөрөнгийг худалдан борлуулахаар мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор барьцааны зүйлийг худалдан борлуулах эрхээ хэрэгжүүлж улмаар борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулах буюу зээлдэгч зээлээ төлөөгүй 10 хоногийн хугацааны алдангийг тооцож, шаардах эрхтэй юм.

6. Талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ хэрэгжих үед гэрээний харилцааг Иргэний хуулийн 281, 282, 286 дугаар зүйлд заасны дагуу зохицуулагдаж байсан ба хуулиар хүү, анз тохирохыг хориглоогүй тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт ...зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4, 2.1.5 дахь заалт нь Коронавируст халдвар /ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.2-т барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангиийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцох хуулийн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт үндэслэлгүй.

7. Зээлдэгч Д.Б ын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга/1хх 41/-аас үзэхэд зээлийн эргэн төлөлт 2021-10-10-аас 2022-03-10-ны өдрийг хүртэл хэвийн, 2022-04-10-ны зээл төлөлт доголдож, 2022-04-11-ний өдөр зээл хэвийн төлөгдсөн, 2024-01-17-ны өдрийг хүртэл зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, зээл төлөх дүнг 345,479.76 төгрөгийн хэмжээнд биш зарим сард илүү, зарим сард дутуу, зарим сард огт төлөөгүй байх ба зээлдэгч 2024-01-17-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 3,363,557.92 төгрөг, хүү 3,275,395 төгрөг, алданги 1,433,846.49 төгрөг нийт 8,072,799 төгрөг төлжээ.

Иймд зээлдүүлэгч Б ХХК-ний шаардлагыг үндэслэлгүй буюу хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдлыг зээлдэгч нарын буруугаас болоогүй гэж үзэж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.2, 56.5 дахь заалт нь тус тус энэ хэргийг хянан шийдвэрлэхэд баримтлах хууль байх тул энэ үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчилж,

хариуцагч Д.Б ын өмчлөлийн, Дорноговь аймаг * тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-* дугаартай 54 мкв мужааны цех зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснийг өөрчилж, бүртгэхийг эрх бүхий этгээдэд даалгаж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс лавж заалдах гомдол гаргахад төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 136/ШШ2024/00127 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Коронавируст халдвар /ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б , Д.Ц нарт холбогдох 3,226,979.16 төгрөг гаргуулах, Дорноговь аймаг * тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-* дугаартай 54 мкв мужааны цех зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.2, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д тус тус зааснаар Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б , Д.Ц нарт холбогдох 3,226,979.16 төгрөг гаргуулах, Дорноговь аймаг * тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-* дугаартай 54 мкв мужааны цех зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтыг Хариуцагч Д.Б ын өмчлөлийн Дорноговь аймаг * тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-* дугаартай 54 мкв мужааны цех зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан гэрээг бүртгэснийг өөрчилж, барьцаанаас чөлөөлж, бүртгэхийг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай. гэж нэмж, өөрчлөлт оруулж,

шийдвэрийн 2,3 дугаарыг 3,4 гэж өөрчлөн дугаарлаж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ

Н.БОЛОРМАА