Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00445

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 4 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЙ66090701, Баргад овогтой Янживын Оюундарийн,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баттуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

           Нэхэмжлэгч Я.Оюундарь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 1981 оноос 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд мал маллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо миний бие тэтгэвэрт гарах нас болсон учир Цог нэгдэлд 1981-1989 оны хооронд ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Я.Оюундарь  нь 1981 оноос 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Янживын Оюундарийн 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.  

             Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Р.Пүрвээ, Х.Чулуун нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Р.Пүрвээ: “Я.Оюундарь нь Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Баянгол бригадад 1981 оноос 1989 оныг дуустал буюу нэгдэл тарах хүртэл бог мал маллаж байсан. Би Я.Оюундарийн гэрийг нь өвөл, хаварт нүүлгэх болон өвс, тэжээлийг нь зөөж, өтөг бууцыг нь хатгаж явдаг байсан учраас сайн мэдэж байна. Би тус нэгдэлд 1979 оноос 1992 оныг дуустал тракторын жолоочоор ажилласан. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэл нь 1990 оныг дуустал Цог нэгдэл, 1990 оноос 1992 оныг дуустал Цог компани болон ажилласан. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй, Орлого бригадын даргаар Л.Хонгор, Цог компанийн даргаар Ч.Гомбосүрэн гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж мэдүүлсэн, мөн гэрч Х.Чулуун: “Би Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Холбоо бригадад 1971 оноос нэгдэл тарах хүртэл буюу 1992 оныг дуустал малчнаар ажилласан. Я.Оюундарь нь 1981 оноос 1990 оныг хүртэл Цог нэгдлийн Баянгол бригадад мал маллаж байсан. Я.Оюундарийн аав Янжив гэх хүн байсан, мөн тус нэгдэлд мал малладаг малчин айл байсан. Бид нэг нутаг усны хүмүүс учраас нэгнээ сайн мэдэж байна. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэл нь 1990 оныг дуустал Цог нэгдэл, 1990 оноос 1992 оныг дуустал Цог компани болон ажилласан. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй, Орлого бригадын даргаар Л.Хонгор, Цог компанийн даргаар Ч.Гомбосүрэн гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж мэдүүлсэн ба гэрчүүдийн иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт тус тус авагджээ.  

             Мөн Я.Оюундарийн нэгдэлд малчнаар ажиллаж байх үедээ сааль сааж байгааг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт хэрэгт авагдсан байна.

          Иймд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Р.Пүрвээ, Х.Чулуун нарын мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэгч Я.Оюундарийн 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Оюундарийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Баргад овогтой Янживын Оюундарийн 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар нийт 9 /ес/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Оюундарийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА