Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00446

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, ОЙ66120500 регистрийн дугаартай, Хонин цагаан овогтой Цагаандайгийн Оюунчимэгийн,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

             Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай, 5 хүүхэдтэй. Би 1981 оноос 1982 оны хооронд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд мал маллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэврээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо миний бие тэтгэвэрт орох нас болсон тул Цог нэгдэлд 1981 оноос 1982 оныг дуустал хугацаанд мал маллаж байсан 2 жилийг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг нь 1981 оноос 1982 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Ц.Оюунчимэгийн 1981 оны 1 дүгээр сараас 1982 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.  

             Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Р.Пүрвээ, Х.Чулуун нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Р.Пүрвээ: “Ц.Оюунчимэг нь Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Холбоо бригадад 1981 оноос 1992 оныг дуустал буюу нэгдэл тарах хүртэл бог мал маллаж байсан. Ц.Оюунчимэг нь бага наснаасаа ээж, аавын хамтаар мал маллаж эхэлсэн. Би Ц.Оюунчимэгийн гэрийг нь өвөл, хаварт нүүлгэх болон өвс, тэжээлийг нь зөөж, өтөг бууцыг нь хатгаж явдаг байсан учраас сайн мэдэж байна. Би тус нэгдэлд 1979 оноос 1992 оныг дуустал тракторын жолоочоор ажилласан. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэл нь 1990 оныг дуустал Цог нэгдэл, 1990 оноос 1992 оныг дуустал Цог компани болон ажилласан. Цог нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй, Орлого бригадын даргаар Л.Хонгор, Цог компанийн даргаар Ч.Гомбосүрэн гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж, гэрч Х.Чулуун: “Би Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Холбоо бригадад 1971 оноос нэгдэл тарах хүртэл буюу 1992 оныг дуустал малчнаар ажилласан. Ц.Оюунчимэг нь бага наснаасаа ээж, аавын хамтаар мал маллаж байгаад Ж.Нямсүрэн гэх хүнтэй суун тусдаа амьдралтай болон мөн нэгдэлдээ 1981 оноос 1992 оныг дуустал буюу нэгдэл тарах хүртэл бог мал маллаж байсан. Бид хамтдаа Цог нэгдлийн Холбоо бригадад мал маллаж байсан учраас нэгнээ сайн таньж мэднэ. Ц.Оюунчимэгийн гэр одоо ч Өмнөговь сумын Холбоо бригадад байдаг ба малаа маллан амьдарч байгаа. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэл нь 1990 оноос 1992 он хүртэл Цог компани болон ажиллаж байгаад хувьд гарсан. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй, Орлого бригадын даргаар Л.Хонгор, Цог компанийн даргаар Ч.Гомбосүрэн гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.  

           Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Увс аймгийн Архивын цалингийн тодорхойлолт, гэрч Р.Пүрвээ, Х.Чулуун нарын мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэгч Ц.Оюунчимэгийн 1981 оны 1 дүгээр сараас 1982 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хонин цагаан овогтой Цагаандайгийн Оюучимэгийн 1981 оны 1 дүгээр сараас 1982 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар нийт 2 /хоёр/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА