Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 202/МА2024/00018

 

 

Л.Л-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 136/ШШ2024/00149 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч: * багт оршин суух Д овогт Л.Л ,

хариуцагч: * тоотод оршин суух Х вогт Б.Д холбогдох

Б.Д-н өмчлөлд бүртгүүлсэн 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, Хууль бус өмчлөлөөс орон сууцыг гаргуулж авах, Л.Л-г хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э ын давж заалдсан гомдолд үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , хариуцагч Б.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Э.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л.Л-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э  нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга, тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлага нэгдүгээрт Л.Б , Б.Д  нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ноогдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хоёрдугаарт Л.Л-г хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох, гуравдугаарт хууль бус өмчлөлөөс орон сууцыг гаргуулах шаардлага гаргасан.

2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ноогдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээгээр Б.Д орон сууцынхаа 50%-ийг 14 сая төгрөгийн үнэлгээгээр хамтран өмчлүүлсэн. Гэтэл уг гэрээнд Л.Б  орон сууцны өөрт ноогдох хэсгийг Б.Д д бэлэглэх болсон шалтгаан огт гэрээнд тэмдэглэгдээгүй. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг зөрчсөн, Л.Л төрсөн ах Л.Б *  тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн * гэсэн дугаарын бүртгэлтэй 17 мкв талбайтай нэг өрөө орон сууцыг 1997 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрөөс хувьчилсан орон сууцын өмчлөх эрхийг анх бүртгүүлэх бүртгэлээр өөрийн өмчлөлд авч амьдарч байгаад 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нас барж, төрсөн дүү Л.Л 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр уг орон сууцыг өв залгамжлан авах хүсэлт нотариатад гаргаж 2023 оны 04 сарын 15-ны өдөр өв нээгдэж, өвлөх эрхийн гэрчилгээ авах эрх үүссэн.

Л.Л-г хууль ёсны өвлөгч мөн болох нь тогтоогдож байгаа. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн * дугаар гэрчилгээгээр маргааны зүйл болох орон сууц, одоо Б.Д , Л.Б  нар нарын 2 хүний өмчлөлд бүртгэлтэй байгаа болно. Тэгэхээр Л.Л нь Л.Б т ноогдох хувийг өвлөн авах эрхтэй. Харин дээрх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсоноор нэхэмжлэгч Л.Л уг орон сууцыг 100% өвлөн авах эрхтэй гэсэн тайлбарыг гаргаж байна. 3 дугаарт хууль бус өмчлөлөөс орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагын тухайд талийгаач Л.Б  2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ноогдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээгээр өөрийн орон сууц, үл хөдлөх хөрөнгийнхөө 50%-ийг Б.Д-н өмчлөлд шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагаа дээр хэлсэн. Иймд дээрх шаардлагуудаар нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б.Д  хариу тайлбартаа: ...орон сууцыг 2016 онд шилжүүлж өгсөн байгаа, нэхэмжлэгч хууль бус гэж ярьж байна. Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Г.М нэр дээрээс Б.Д  надад шилжсэн. 2016 онд миний нэр дээр шилжүүлсэн гэрчилгээ өөрийнх нь гарын үсэгтэй байгаа, Г.М хамтарч эзэмших гэрчилгээ нь байсан. Мөн миний нэр дээр өөрийн хүсэлтээр шилжүүлж өгсөн. Улсын бүртгэлийн гэрчилгээ миний нэр дээр байгаа. Тийм учраас энэ бол миний өмч.Өөр хэлэх тайлбар байхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: 3.1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах,хууль бус өмчлөлөөс орон сууцыг гаргуулж авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3.2.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т зааснаар Л.Л-г /РД:*/-г Л.Б /РД: */-ын хууль ёсны өвлөгчөөр тогтоож,

3.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Л улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,хариуцагч Б.Д гээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Л.Л төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж,

3.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдэж,

3.5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э ын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ... Л.Б  орон сууцыг 100 хувь өмчлөгч болмогцоо мөн өдөр буюу 2016 оны 05 сарын 20-нд байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ"-гээр Б.Д Орон сууцныхаа 50 хувийг 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгийн үнэлгээгээр хамтран өмчлүүлэхдээ гэрээнд Л.Б ын орон сууцны өөрт ногдох хэсгийг Б.Д д бэлэглэх болсон шалтгаан огт тэмдэглэгдээгүй. Орон сууц өмчлөгч Л.Б , Г.М , Б.Д  нарын хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээнүүд, хамтран өмчлөгч нэмж бүртгүүлэх хэлцэлд шалтгаан буюу эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж бичээгүй нь талуудад өмчлөх эрхийг шилжүүлэх эрмэлзэл буюу "хүсэл зориг" байгаагүй, мөн талууд хүсэл зоригоо илэрхийлээгүйн нотолгоо болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг. Маргааны зүйл болох орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх хэлцэл, мөн орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг бэлэглэх гэрээнүүдэд талуудын хэлцэл хийх хүсэл зориг тодруулбал эрмэлзлийн гадаад илрэл хүсэл зоригийн агуулга, хүсэл зоригийн илэрхийллийн утга буюу шалтгааныг тодорхой бичээгүй нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийн шинжийг бүрэн агуулсан, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл энэ нөхцөл байдал шаардлагыг хангах хуулийн хангалттай үндэслэл байна. Нотлох баримтуудаар хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж, нэхэмжлэгчийн шаардлага, маргааны үйл баримт нотлогдож, Л.Б , Б.Д  нарын хооронд байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ" дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь тогтоогдож байгаа. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангаж өгнө үү. гэв.

10.Хариуцагчийн Б.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ...Шүүх хуралдаан дууссаны дараа нэхэмжлэгч Л над руу яриад 30,000,000 төгрөг өгчих хоёулаа тохиролцъё гэж утасдсан. Тэгээд зах зээлийн үнэ ханшийг нь мэдэхгүй байна, аль аль талдаа өгөх боломжтой юм уу гэсэн чинь за байж бай гээд эргэж холбогдоод давж заалдах гомдол гаргах болсон гэсэн. Тэгээд хүү нь гэж хүн утсаар залган манай ээжийн бие их муу байгаа, хоол идэхгүй 2, 3 хоносон, бараг өнгөрчихлөө гэж байсан. Охинд нь би өөрт чинь 10 сар гэхэд ямар ч байсан мөнгө өгнө гэхээр нь тийм урт хугацаанд байж болохгүй гэж хэлсэн. Давж заалдаж байгаа шалтгаан нь мөн л өмнөх хуралдаан дээр болсон асуудлын талаар л ярьж байна. Манай эхнэр бид хоёр байр авах гээд энэ хүмүүстэй тохиролцсоны үндсэн дээр миний нэр дээр шилжүүлж авсан байгаа. Би шууд ганцаараа яваад надад бэлэглэсэн гэж бэлэглэлийн гэрээ байгуулах боломжгүй. Иргэн Б өөрөө зөвшөөрөөд бид 2 улсын бүртгэл дээр очиж гэрчилгээгээр баталгаажуулж авсан байгаа. Одоо тэгээд нэхэмжлэгч өнгөрчихсөн байхад ингээд шүүх хурал нь үргэлжлээд болдог юм уу, үгүй юм уу гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э ын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э  ...Л.Л-н төрсөн ах Л.Б  * тоотын 1 өрөө орон сууцыг 1997 онд төрөөс хувьчилсан орон сууцыг өөрийн өмчлөлд авч, амьдарч байгаад 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Б.Д д уг орон сууцны 50 хувийг 14 сая төгрөгөөр үнэлж, бэлэглэлийн гэрээ байгуулж, шилжүүлсэн, тэрээр уг орон сууцанд амьдарч байгаад 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нас барж, төрсөн дүү Л.Л мөн оны 5 дугаар сарын 23-ны өдөр уг орон сууцыг өв залгамжлан авах хүсэлт нотариатад гаргаж, өв нээгдэж, өвлөх эрхийн гэрчилгээ авах эрх үүссэн учир Л.Б , Б.Д  нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ноогдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Л.Л-г хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох, хууль бус өмчлөлөөс орон сууцыг гаргуулах-аар нэхэмжилснийг,

хариуцагч Б.Д  ...орон сууцыг 2016 онд шилжүүлж өгсөн, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Г.М нэр дээрээс Б.Д  надад шилжсэн. 2016 онд миний нэр дээр шилжүүлсэн гэрчилгээ Л.Б ын өөрийнх нь гарын үсэгтэй байгаа, миний нэр дээр өөрийн хүсэлтээр шилжүүлж өгсөн, энэ бол миний өмч, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах,хууль бус өмчлөлөөс орон сууцыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,Л.Л-г Л.Б ын хууль ёсны өвлөгчөөр тогтоож шийдвэрлэснийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч ...шийдвэрийн 1 заалтыг зөвшөөрөхгүй, Л.Б , Б.Д  нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ноогдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хууль бус өмчлөлөөс орон сууцыг гаргуулах-аар давж заалдсан гомдол гаргасан.

2.Хэрэгт цугларсан нотлох баримтын эх сурвалжийг магадлан, харьцуулан үзэхэд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай нотлох баримтгүй, баримтыг шүүх дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба энэ нь шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлд хамаарч байна.

3.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай буюу нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлыг тогтооход ач холбогдолтой бөгөөд хэргийн үйл баримттай шалтгаант холбоотой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжтой байх ёстой.

Мөн Анхан шатны шүүх зохигчийн маргаж буй үндэслэлд хамааралтай, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, маргааны үйл баримтад хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй.

Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөх учиртай.

4.Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Л.Л-н төрсөн ах Л.Б аас 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өөрийн өмчлөлийн, * тоотын 1 өрөө орон сууцны 50 хувийг буюу 28.000.000 төгрөгийн 50 хувь буюу 14.000.000 төгрөгийн хэмжээнд, бэлэглэлийн гэрээ байгуулж, Б.Д д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдохгүй талаар шийдвэрт үндэслэл бүхий дүгнэжээ.

Харин хариуцагч Б.Д гийн хууль бус өмчлөлөөс орон сууцыг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Л.Л , Л.Б ын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангахдаа нотлох баримтад үндэслээгүй буюу хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон үйл баримтыг тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ...шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэнд нийцсэнгүй.

Өөрөөр хэлбэл хэрэгт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Л.Б аас уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болох 28.000.000 төгрөгөөс өөрт ногдох хэсгийн үнэлгээг 14.000.000 төгрөг, Б.Д д бэлэглэж буй хэсгийн үнэлгээ 14.000.000 төгрөг гэж бэлэглэлийн гэрээний нөхцөлийг тодорхойлсон, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн гэрчилгээ/1хх 28/-нд Б.Д , Л.Б  нарын хоёр иргэний өмч, Дорноговь аймгийн Сайншанд сумын Хоёрдугаар баг 3-58 айл 19 тоот орон сууц зориулалттай 17 мкв талбайтай 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэж тэмдэглэгдсэн байхад эдгээр тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримтгүйгээр орон сууц гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч Л.Л-н хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох шаардлага нь түүний нас барсан ах Л.Б ын өвлөгдөх хөрөнгөд хамаарах, маргаан бүхий орон сууц буюу үл хөдлөх хөрөнгөд хамааралтай нь нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогджээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Л.Л-г уг үл хөдлөх хөрөнгийн тодорхой хувь хэсгийн өвлөгч талаар хариуцагч Б.Д  маргаагүй төдийгүй түүнийг энэхүү маргаан бүхий орон сууцны 50 хувийг өмчлөх эрхтэй, орон сууцыг зараад 50 хувийн мөнгийг надад өгөх эсхүл орон сууцыг надад шилжүүлээд би түүнд 50 хувийн мөнгийг өгч болно гэсэн тайлбарыг гаргасан.

Мөн Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууц нь өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгөд хамаарч байх тул орон сууцны 50 хувийг өв залгамжлагч шаардах эрхтэй байна.  

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Л.Л-г Л.Б ын хууль ёсны өвлөгч мөн тул орон сууцнаас Л.Б т ногдох хэсгийг шаардах эрхтэй. Сайншанд сумын 2 дугаар баг, 3 дугаар 58 айлын орон сууцны 19 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч нь Л.Б , Б.Д  гэж үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн №* дугаартай орон сууцны өмчлөгч байсан Л.Б т ногдох хэсгийн өвлөгч нь нэхэмжлэгч Л.Л болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт энэ талаар тусгаагүй, шийдвэрлээгүй байна.

Тиймээс Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийх нь зүйтэй байх ба давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж, гомдлыг хангахгүй орхиж, гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.3 дахь заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 136/ШШ2024/00149 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД

Н.БОЛОРМАА