Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 383

 

 

 

 

 

 

 

 

 

      2019      04          19                                      2019/ШЦТ/383

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Номинзул;

улсын яллагч: Э.Халиун;

шүүгдэгч: А.Г  (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ........... А.Г  холбогдох эрүүгийн 190900000395 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Юнион интернэт’’ ХХК-ийн “ХАС-32” цахим тоглоомын газарт админаар ажилладаг, ам бүл 3, эх, дүү нарын хамтаар ................ оршин суух, ял шийтгэлгүй, ............ регистрийн дугаартай, Харчин овогт Аръяагийн А.Г.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч  А.Г нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, “Хас-32” гэх нэртэй үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулах “Юнион” цахим тоглоомын газарт хохирогч Э.Чингүүнийг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “найз Лхагваа чинь хаана байгаа юм бэ? гэхэд би мэдэхгүй уулзаагүй гэж хэллээ” гэх шалтгааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамар, уруул, зүүн чихний ар гадаргуунд зулгаралт, зүүн чамархайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Чингүүн /хх-ийн 12, 13/ мэдүүлсэн мэдүүлэг, А.Гын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4049 тоот дүгнэлт /хх-ийн 16/, А.Гын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 23-28/, А.Гын  хүсэлт /хх-ийн 41/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Г нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, “Хас-32” гэх нэртэй үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулах “Юнион” цахим тоглоомын газарт хохирогч Э.Чингүүнийг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “найз Лхагваа чинь хаана байгаа юм бэ гэхэд би мэдэхгүй уулзаагүй гэж хэллээ” гэх шалтгааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамар, уруул, зүүн чихний ар гадаргуунд зулгаралт, зүүн чамархайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

хохирогч Э.Чний /хх-ийн 14/: “...2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн  12-р хороо, 32 тойргийн зүүн талд байрлах “Хас -32” үйлчилгээний төвийн “11 шоп” цахим тоглоомын газарт тоглохоор ортол тэдний ажилтан Гэрэлтчулуун надаас “Лхагвадоржтой уулзсан уу? таарсан уу?” манай нөгөө ангид сурж байсан гэж хэлсэн.  Би “Таараагүй уулзаагүй ” гэтэл Гэрэлчулуун “ Та нар яагаад худлаа яриад байгаа юм бэ?” бүгдээрээ уулзаагүй гээд байх юм,  “битгий хэгжүүрхээд байгаарай” гээд гараа зангидаж байгаад зүүн хацар руу 1 удаа цохьсон. Би “Та яагаад байгаа юм” гэтэл Гэрэлчулуун миний хувцасны энгэрээс заамдаж чирж цахим тоглоомын газраас гаргаад миний толгой руу гараа зангидаж байгаад 5, 6 удаа цохьсон. Мөн хөлөөрөө миний зүүн хөлийн өвдөг рүү өшиглөсөн би “болиоч ээ” гэж гуйсан чинь зодохоо больсон. Гэрэлтчулуун ажил руугаа орсон. Би гарч яваад танай хэлтэс дээр шууд ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

          А.Гын /хх-ийн 5/ яллагдагчаар мэдүүлсэн ":... 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн орчим “Хас-32” цахим тоглоомын газарт байхад зүс таних залуу цаг авах гэж орж ирсэн. Тэгэхээр нь би тэрэнд хандаж “ажиллахгүй байгаа” гэж хэлтэл “хүн хараадхая” гэхээр нь би “Лхагваа хаана байна гэж хэлтэл мэдэхгүй, би уулзаагүй гэж хэлсэн”.  Тэгэхээр нь “чи 26-нд бас чамтай уулзаж асуухад бас мэдэхгүй гэж хэлсэн, чи 26-ны өдөр хамт байсан байна лээ, чи яагаад худлаа яриад байгаа юм” гэж маргалдаад “чи хэнтэй уулзсанаа ч санахгүй байна уу” гэж уурлаад баруун гараараа зүүн хацар руу нь нэг удаа алгадсан чинь тэр залуу миний баруун шанаа руу нэг удаа цохьсон.    Тэгээд би “чи тэгүүл гар” гэж хэлээд дахиж нэг удаа шанаа руу нь цохиод бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн....” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Э.Чний биед зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамар, уруул, зүүн чихний ар гадаргуунд зулгаралт, зүүн чамархайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4049 тоот дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан А.Гын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч А.Гын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Э.Чн “...бид эвлэрсэн, гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн баримт хэргийн 40 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд А.Гыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч .............. А.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                                                               

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ