Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 201

 

                                                                                                                                         

 

 

 

 

 

 

       

           П.Батболд, Д.Хатанбүүвэй, Ц.Наранхүү,

          Ч.Мөнх-Эрдэнэ, О.Урантуяа нарт

          холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Д.Гансүх, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Чинбат,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батзаяа, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,    Д.Мөнхдэлгэр, Б.Дамба,  

Ялтан П.Батболд, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, К.Бауиржан, Б.Цолмон-Эрдэнэ,

Ялтан Д.Хатанбүүвэй, түүний өмгөөлөгч Н.Буянжаргал,

Ялтан Ц.Наранхүүгийн өмгөөлөгч С.Сүхболд,

Ялтан Ч.Мөнх-Эрдэнэ, О.Урантуяа, тэдгээрийн өмгөөлөгч Д.Мядагбадам,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Л.Оюун, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батзаяа, түүний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, ялтан П.Батболдын өмгөөлөгч К.Бауиржан, Б.Цолмон-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, ялтан П.Батболдын өмгөөлөгч Ж.Хандсүрэнгийн гаргасан давж заалдах гомдол, ялтан П.Батболд, Д.Хатанбүүвэй, Ч.Мөнх-Эрдэнэ, О.Урантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.Батболд, Д.Хатанбүүвэй, Ц.Наранхүү, Ч.Мөнх-Эрдэнэ, О.Урантуяа нарт холбогдох эрүүгийн 201524000601 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Зээрдүүд овогт Пүрэвжавын Батболд, 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, “Тэгт тойрог” ХХК-д найруулагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 50 дугаар гудамжны 335 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ЧЖ83061074/,

         

          Халиугч овогт Дамбын Хатанбүүвэй, 1984 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 24 дүгээр байрны 31 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ЧЙ84010618/,

 

          Бэрсүүд овогт Чулуунбаатарын Мөнх-Эрдэнэ, 1984 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино, телевиз, театрын найруулагч мэргэжилтэй, “Тэгт тойрог” ХХК-д найруулагч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 1 дүгээр байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 71в байрны 26 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ФА84021571/,

 

          Хоньч хүүхэн овогт Цэдэнбалын Наранхүү, 1970 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22б байрны 8 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ЧЕ70030119/,

 

          Боржгин овогт Отгонбаатарын Урантуяа, 1980 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 4-69 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86-74 тоотод оршин суудаг,

         

          2009 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, /РД: ШЕ80122549/,

 

          П.Батболд нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын удирдах газрын арын замын хойно байрлах “Лакивер” рестораны өмнөх талбай дээр 2015 оны 6 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнийн 02 цаг 36 минутын үед иргэн Г.Жаргалсайхантай маргалдаж, хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохин, авто замын зорчих хэсэг рүү түлхэн унагааж, улмаар С.Хаш-Эрдэнийн жолоодож явсан “Соната-5” загварын, 54-08 УНЭ улсын дугаартай автомашинд дайруулж, согтуугаар, шууд бус санаатай алсан гэмт хэрэгт,

          Д.Хатанбүүвэй, Ч.Мөнх-Эрдэнэ, Ц.Наранхүү, О.Урантуяа нар эрүүгийн 201524000601 дугаартай хэргийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө хувийн сэдэлтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: П.Батболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар, Д.Хатанбүүвэй, Ч.Мөнх-Эрдэнэ, Ц.Наранхүү, О.Урантуяа нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Баянгол дүүргийн прокурорын газраас П.Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, П.Батболдыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Д.Хатанбүүвэй, Ч.Мөнх-Эрдэнэ, Ц.Наранхүү, О.Урантуяа нарыг мөрдөн байцаалтад хувийн сэдэлтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, П.Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ял, Д.Хатанбүүвэй, Ч.Мөнх-Эрдэнэ, Ц.Наранхүү, О.Урантуяа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 3 жил хорих ял шийтгэж, Д.Хатанбүүвэй, Ч.Мөнх-Эрдэнэ, Ц.Наранхүү, О.Урантуяа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тус бүр 3 жил хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлж, П.Батболдын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлж, П.Батболдын цагдан хоригдсон 194 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар П.Батболдоос оршуулын болон бусад зардалд 18.914.070 төгрөг гаргуулж хохирогч Н.Батзаяад /РД: ХИ84040560/, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1 дэх хэсэгт зааснаар П.Батболдоос 2006 оны 9 дүгээр сарын 26-нд төрсөн охин Ж.Анударь, 2014 оны 7 дугаар сарын 23-нд төрсөн охин Ж.Анирлин нарын тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүүд хүүхэд тус бүрт сар болгон 82.012 төгрөг гаргуулж тэдгээрийг 16 насанд хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар болгон Н.Батзаяад олгож, хохирогчоос өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 3.800.000 төгрөгийг, оршуулгатай холбогдох зардлаас 858.604 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Н.Батзаяа бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 7 ширхэг СД, 1 ширхэг флашийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, “НЕ 3U5TOK” сералл дугаартай “Hize” процессорын 1 ширхэг хард дискийг шүүгдэгч П.Батболдод буцаан олгож, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, П.Батболдод авсан батлан даалтад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тоолж, ...давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл П.Батболдыг цагдан хорьсон, Д.Хатанбүүвэй, Ч.Мөнх-Эрдэнэ, Ц.Наранхүү, О.Урантуяа нарын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Ялтан П.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Орой 22 цаг өнгөрч байх үед Жаргалсайхан, Хатанбүүвэйн хамт халамцуу ирсэн юм. Сайхан ресторан нээсэн байна гээд баяр хүргэлээ. Ингээд Жаргалсайхан, Хатанбүүвэй, Наранхүү, Мөнх-Эрдэнэ бид тав 0.75 литрийн 2 шил архи хувааж уулаа. …Бид бие биедээ тусалж, дэмжиж явцгаах тухай ярилцан тэврэлдэв. Наранхүү тамхинд явж, түүнийг ирэхэд тамхи татацгааж дуусах үед Жаргалсайхан зам руу орж автомашинд дайруулж амь насаа алдсан харамсалтай явдал болсон билээ. …Олон сар, цагдаа, шүүхийн үүд сахиж, 7 сар цагдан хоригдож, эрүүл мэнд, сэтгэл санаа, ажил амьдралаараа хохирсон би энэ шүүх хурлыг ямар их хүлээв. Гэмтэн буруутан, сүүлдээ алуурчин гэж дуудуулж явах хичнээн хэцүү гээч. Энэ бүхэн шударга шүүхийн ачаар цагаатгагдаж, үнэн ил болж, учир зангилаа тайлагдана гэж итгэж найдаж явсан минь талаар боллоо. Ямар гэм хийсэн гэж намайг яллана вэ. …Талийгаачтай өс хонзон, өр авлага байтугай ойрын 5 жил уулзаагүй байсан билээ. Яг одоо би талийгаачид маш их гомдож байна. Яагаад тэр өдөр гарч ирээд миний амьдралыг сүйрүүлэн байж өөрийн амь амьдралыг төгсгөв. …Би хүнд гар хүрэх нь битгий хэл хатуу үг ч хэлж чаддаггүй юмсан. …Шүүхийн энэ шийдвэрт үнэхээр итгэж чадахгүй маш их гомдолтой байна. Үнэн хэзээд ялна, иймээс би дээрх шийдвэрийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, 1. Хөдлөшгүй баримт нотолгоо байхгүй байсан. 2. Мэдүүлэг тогтвортой байсан ч гэрчийн мэдүүлгийг огт үнэлээгүйн дээр мэдүүлгээсээ буцаж байсан гэрчүүдийн мэдүүлгийг үнэлсэн.

…Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2838, 3245, 4213 тоот дүгнэлтүүд гарсан ч дүрс бичлэгийн чанар муу, кадрын тоо хэт бага зэргээс шалтгаалж тодорхой дүгнэлт гаргаж чадаагүй нь хөдлөшгүй баримт болж чадахгүй. Шүүх хуралдаан дээр шинжээч нар оролцож байсан бөгөөд өөрсдийн гаргасан дүгнэлтийг 100 хувь үндэслэлтэй гэж хэлэх боломжгүй гэдгийг хэлж байсан билээ. Талийгаачийн зүүн нүдний дээд зовхины няцарсан шархыг хүн цохисноос үүссэн гэ ар гэрийнхэн нь үздэг. …Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1017 тоот дүгнэлт, 1320 тоот дүгнэлт, шинжээч эмч С.Одончимэгийн байцаалтаар “Талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтэл болох гавлын орой ясны бяцарсан суурь уруугаа орсон хугарал нь 1 дүгээрт байрлалын хувьд, 2 дугаарт, хүний хүчин зүйлийн үйлчлэлийн хүчнээс давсан хүч үйлчилсэн гэмтэл байсан. Мөн талийгаач амьд сэрүүн үедээ босоо байрлалаас авсан гэмтэл байхгүй. Нэг цаг үед хэвтээ байрлалаас үүссэн гэмтлүүд байна” гэж шинжээчийн дүгнэлт байдаг зэрэг нь хүн цохиогүй гэдгийг баталдаг. …Үнэнээ хэлснийх нь төлөө Д.Хатанбүүвэй, Ц.Наранхүү, Ч.Мөнх-Эрдэнэ, О.Урантуяа нарыг буруутгасанд гүнээ харамсаж байна. Мэдүүлгээ хэд хэдэн удаа өөрчилж, шүүх хурал дээр өөрийн мэдүүлгээсээ буцсан гэрч Б.Одбаяр, С.Оюунтүлхүүр нарыг ямар учраас хүндэтгэн үзэв. Хөндлөнгийн гэрч нь юу ч хэлж, ярьж байсан ч үнэн гэж үздэг юм уу. Нарийн ширийнийг нь би мэдэхгүй юм. Мэдүүлэг бүр нь, хэлсэн ярьсан бүхэн нь өөрчлөгдөж, эцэстээ өөрийн өгөөгүй гэх мэдүүлгээ шүүгчийн гараас харан зогсох гэрч Б.Одбаяр, тэр байцаагч чинь л тэгэж тулгаж асуугаад бичээд байсан шүү дээ гэж шүүгчид рүү уурлах гэрч С.Оюунтүлхүүр нарыг маш тод санаж байна. …2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн шүүх хурал дээр гэрч С.Оюунтүлхүүр мэдүүлгээсээ буцсан. Шүүгч “та мэдүүлэг өгсөн байна” гэхэд “би мэдэхгүй, тэр байцаагч чинь л тэгэж асуугаад бичээд байсан. Би мэдэхгүй” гэж уцаарлан зогссон. Дээрх бүгдээс үзэхэд талийгаачийн нас барсан шалтгаан нь автомашинд дайруулснаас үүссэн тархи гавал, цээжний хавсарсан гэмтлээс болсон нь хөдлөшгүй баримтаар тогтоогдож байна. Дээрх гэмтлүүд нь хүний хүчнээс давсан хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх ба амь насанд аюултай гэх. Шинжилгээнд ирсэн дүрс бичлэг нь 928х576 пиксель дүрслэлтэй, 12.00 фрэймрэйттэй, дүрслэлийн нягтрал бага, чанар муу байна. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүдэд дүрслэгдэж байгаа үйл явдал нь хэт жижиг дүрс буюу бичлэгийн 7х44 пиксель хэсэгт дүрслэгдэж байна. …ийм учраас дүрс бичлэг хэвийн дүрслэлээс илүү хурдтайгаар харагдаж байна гэсэн үг.

Талийгаачийг хэн цохисон эсвэл түлхсэн, өөрөө унасан аль нь болохыг тодорхой хөдлөшгүй баримтаар тогтоож чадаагүй. Тогтоох боломжгүй гэж үзсэн. Хэрэлдэж зодолдоогүйг гэрчүүд болох хамт зогсож байсан Хатанбүүвэй, Мөнх-Эрдэнэ, Наранхүү, Урантуяа нар мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нь зодоон болоогүйг нотолдог юм. …Гэрчүүдийн мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлтээс үзэхэд талийгаач гадны ямар нэгэн нөлөөлөлгүй унаж, машинд дайруулан нас барсан нь тодорхой байна. Хайртай хүнээ алдсан ар гэрийнхэнд гомдолтой, хэцүү байх нь мэдээж ч шүүх үнэнийг тогтоож өгөх нь хамгаас чухал билээ. …Гэм буруугүй болохыг минь тогтоож өгнө гэдэгт гүнээ итгэж байна…” гэв.

Ялтан Д.Хатанбүүвэй давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 46 дугаар тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхээс Д.Хатанбүүвэй намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, өршөөлийн хуулийн дагуу ялыг өршөөн хэлтрүүлсэн. Ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй гэж үзнэ. Д.Хатанбүүвэй намайг бодит байдлаас огт өөрөөр зориуд худал мэдүүлсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэхдээ чухам ямар нотлох баримтад үндэслэсэн болох нь тодорхойгүй бөгөөд хавтаст хэрэгт уг байдлыг нотлох ямар ч баримт байхгүй.

Улсын яллагчаас 5 төрлийн нотлогооны хэрэгслийг гаргадаг. Үүнд гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон шүүгдэгч нарын мэдүүлэг байх ба шүүх бүрэлдэхүүн эдгээр нотлох баримтаар шүүгдэгч нарын гэм буруутай нь нотлогдсон гэж үзжээ. Дээрх баримтаас хэрэгт хамааралгүй хөндлөнгийн гэрч буюу Б.Одбярын мэдүүлэг нь эргэлзээтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 3 өөр янзын агуулга бүхий мэдүүлэг байна. 1 дүгээрт, Б.Одбаяр тухайн болсон үйл явдлыг өөрөө хараагүй, ажил руугаа ороод гарч ирэх хооронд үйл явдал болоод өнгөрсөн мэтээр. 2 дугаарт, үйл явдлыг ажил дотроосоо шилэн хаалганы цаанаас харсан мэтээр. 3 дугаарт, үйл явдлыг яг хажууд нь зогсож байгаад харсан гэж мэдүүлсэн байна. Эдгээрээс шүүх бүрэлдэхүүн ямар шалгуураар аль мэдүүлгийг нь үнэн зөв гэж үзэж үнэлсэн нь ойлгомжгүй байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлэг зэрэг нь Д.Хатанбүүвэй зориуд худал мэдүүлсэн гэх байдлыг нотлохгүй, уг хэрэгт хамааралгүй юм. Шүүгдэгч нарын мэдүүлэг буюу миний өгсөн мэдүүлэг нь мөн намайг худал мэдүүлэг өгсөн гэж буруутгах үндэслэл болохгүй бөгөөд би болсон үйл явдлын талаар өөрийн мэдэж байгаа бүхий л нөхцөл байдлыг үнэн зөвөөр, тогтвортой мэдүүлж байсан.

Хэргийн бусад нөхцөл байдлыг харьцуулан дүгнэлт хийвэл талийгаач Г.Жаргалсайханы цус болон шээснээс 4 хувь этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт тооцогдох талаар шинжээчийн дүгнэлт хэрэгт байгаа. Миний хувьд талийгаачтай хамт эхлээд 5, 5 пиво уусан ба хэрэг явдал болсон газарт очоод 2 шил 0.75 литрийн архийг тавуулаа хувааж уусан. Өөрөөр хэлбэл, би мөн талийгаачтай ойролцоо хэмжээний согтолттой байсан. Намайг нэлээд хэмжээний согтолттой байсан талаар замын цагдаагийн ажилтнуудын өгсөн мэдүүлэг болон хамт байсан хүмүүсийн мэдүүлгүүд давхар нотолдог. Хүнд зэргийн согтолттой байсны улмаас болсон үйл явдлыг бүрэн хараагүй, ухаан санаа орж гарч байсан. Гэтэл шүүхээс намайг тухайн үйл явдлыг заавал харсан, харсан зүйлээ худал мэдүүлж байна гэж ямар ч нотлох баримтгүйгээр буруутгаж байгаад гомдолтой байна. Иймд Д.Хатанбүүвэй надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно уу” гэв.

Ялтан Ч.Мөнх-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн орой Төмөр замын удирдах газрын арын замын хойно байрлах “La Cave” рестораны өмнөх талбай дээр үйл явдлыг үнэн зөвөөр мөрдөн байцаалтын шатнаас эхлээд мэдүүлсэн, хоорондоо муудалцаж маргалдсан зүйл байхгүй хэмээн мэдүүлсээр ирсэн. Хавтас хэрэг болон яллах дүгнэлтэд худал мэдүүлэг өгсөн талаар нотолгоо байхгүй, нотлох баримт байхгүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж байгаад гомдолтой байна. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлобол зохих асуудлууд бүрэн дүүрэн тогтоогдоогүй байхад ял оногдуулсан байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Ялтан О.Урантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 2015 оны 6 дугаар сарын 2-нд Төмөр замын удирдах газрын арын замын хойно байрлах “Лакивер” рестораны өмнө Батболд, Наранхүү, Мөнх-Эрдэнэ, Хатанбүүвэй, талийгаач Жаргалсайхан нарыг тамхи татаад зогсож байхад нь тэндээс холгүй 5-8 алхамын зайд Одмаа бид хоёр тамхи татаж байсан бөгөөд яах ийхийн зуургүй талийгаач Жаргалсайхан хойшоогоо гэнэт хөл алдаж бүдрэв үү гэмээр хойш унасан. Унах үед дээрх 4-н залуу тэдний дунд байсан Батболд түлхэж цохисон үйлдэл хийгээгүй. Талийгаачийг хэрэг болохоос өмнө хэд хэдэн удаа Батболд, Мөнх-Эрдэнэ нар хэт согтуугаасаа болоод газарт унаж байхад нь өргөж босгож ирж байсан. Тэд муудаж маргалдсан зүйл байгаагүй. Энэ бүх харсан үзсэн зүйлээ мөрдөн байцаалтын шатнаас л мэдүүлэг эхэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгийн дүрсний шаардлага, хурц гэрэл туссан тохиолдолд аливаа биет томорч харагддагаас том сүүдэр буюу шидэгдэж байх магадлалтай харагдаж болох мөн хэргийн газрын үзлэгээр нийт замын зорчих хэсгийн нийт өргөн /2 урсгалтай зам/ хэмжээ 1 талын урсгалын хэмжээ, 5.8 метр хүрэх болов уу гэсэн эргэлзээ байдаг.

Хэрэг гарсан өдөр жолооч Хаш-Эрдэнийн найзууд хэргийн газарт удалгүй ирж, хэргийн газрын үзлэгийг Хаш-Эрдэнэтэй хамтарч хийсэн. Өөрсдийн талд үйлчлэх гэрч гаргаж ирье гэж хүртэл ярьж улмаар яг хэрэг гарах үед байгаагүй хүнийг гэрчээр оруулж ирсэн нь тухайн байцаагч Содномдорж, Атарчимэг, Наранбаатар, прокурор Чинбат нарт удаа дараа хэргийн өмнөх үйл явдал болон хэрэг гарах үеийн өөрийн харсан зүйл, хэрэг гарснаас хойш болсон үйл явдал зэргийг мэдүүлсээр байтал худал мэдүүлэг өгсөн гэм буруутай гэж үзэж байгаад гомдолтой байна. Иймээс хэргийг цагаатгаж хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Ялтан П.Батболдын өмгөөлөгч К.Бауиржан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч К.Бауиржан би шүүгдэгч П.Батболдын эрх ашгийг хамгаалан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 46 тоот шийтгэх тогтоолыг 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гардан аваад эс зөвшөөрөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасныг үндэслэн давж заалдах гомдлыг гаргаж байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс П.Батболдод хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэсэн.

Ингэхдээ хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүдэд хэт явцуу хүрээнд дүгнэлтийг хийсэн байдаг. Энэхүү явцуу хүрээнд дүгнэлт хийн огт үндэслэлгүй шийдвэр гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаас тодорхой харагддаг. Тухайлбал, 1 дүгээр хавтасны 31 дүгээр хуудсанд гэрч Ц.Одмаагийн “...Талийгаач хойшоо тэнцвэр алдаад унасан, хамт зогсож байсан хүмүүсээс түүнийг түлхсэн болон цохисон асуудал байхгүй, хойшоо унахыг нь бол би харж байсан, гэхдээ хүн түлхээгүй…” гэх мэдүүлэг, 1 дүгээр хавтасны 33 дугаар хуудсанд гэрч О.Урантуяагийн “...тэгээд тамхиа татаад дуусаж байхад талийгаач гэнэт хойшоо хөл алдаад унасан. Би үүнийг хараад зогсож байсан, хэн ч түүнийг түлхэх юм уу цохих үйлдэл хийгээгүй, тэд нар хоорондоо их ойрхон зогсож бийсан, би ч мөн тэд нараас 5-6 алхам зайтай зогсож байсан, тийм болохоор маш сайн харсан, өөрөө л унасан, xoйшоо тэнцвэр алдсан гэж бодож байна, ...аваар болохоос 30 орчим минутын өмнө П.Батболд, Ч.Мөнх-Эрдэнэ нар талийгаачийг хөл дээрээ тогтож чадахгүй газарт унахад өргөж босгож байсан, ямар нэгэн байдлаар ноцолдож барилдсан асуудал байхгүй…” гэх мэдүүлэг, 1 дүгээр хавтасны 36 дугаар хуудсанд гэрч Б.Одбаярын “...тэгээд би орж пиццагаа аваад гараад ирэхэд аваар болсон байсан. Би эдгээр залуус хэн нь зам руу талийгаачийг цохиод унагасныг мэдэхгүй байна…” гэх мэдүүлэг, 1 дүгээр хавтасны 37 дугаар хуудсанд гэрч С.Оюунтүлхүүрийн “…машины голоос нэг залуу хойшоо унаад л гараад ирсэн, ...тэр машины голд зогсож байсан залуус бүтэн биеэрээ харагдаагүй. Харин толгойн хэсэг нь харагдаж байсан…” гэх мэдүүлэг, 2 дугаар хавтасны 69 дүгээр хуудсанд “...маргалдаж зодолдож байсан эсэхийг хараагүй…” гэх мэдүүлгүүд авагдсан байдаг.

Улсын яллагчийн зүгээс гол баримталж буй гэрчүүд болох Б.Одбаяр, С.Оюунтүлхүүр нар нь шүүхийн хэлэлцүүлгийн /2 дугаар хавтасны 212-218 хуудас/ явцад гэрчээр оролцохдоо 2 дугаар хавтасны 67 дугаар хуудас, 2 дугаар хавтасны 69 дүгээр хуудсанд авагдсан мэдүүлгүүдээ няцааж, тухайн осол аваарыг огт хараагүй, тухайн мөрдөн байцаагч тэгэж хэл гэсэн, өгсөн мэдүүлгээ огт уншиж танилцалгүйгээр гарын үсгээ зурсан хэмээн өмнөх мэдүүлгүүдээ бүрэн үгүйсгэж мэдүүлж байсан болно.

Мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн шинжээчийн дүгнэлтүүдээр бидний үйлчлүүлэгч П.Батболдыг хөдлөшгүйгээр буруутгасан гэх шинжтэй зүйл огт тогтоогдоогүй юм. Жишээ нь, 1 дүгээр хавтасны 77 дугаар хуудсанд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2838 тоот дүгнэлтэд “…02:33:58 секундээс 02:34:06 секундын хооронд дэлгэцэнд дүрслэгдэх хүмүүсийн дүрслэл…” гэж тодорхойлсон. 2 дугаар хавтасны 31 дүгээр хуудсанд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4213 тоот дүгнэлтэд “...Цайвар өнгийн цамцтай хүний гap байж болохоор дүрс 2 удаа цохих, түлхэхтэй төстэй үйлдэл хийж байна. Бараан өнгийн хувцастай хүн унаж байгаа /шидэгдэж биш/ дүрс, автомашины цаанаас цайвар өнгийн цамц бараан өнгийн өмд /шорт байж болох/-тэй хүн авто осол гаргасан машин руу гүйж байна. Тухайн хүмүүсийн онцлог шинжүүдийг тодруулах боломжгүй байна…” гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, дээрх дүгнэлтүүд нь чухам хэн нь хэн бэ гэдгийг огт тодорхойлж чадаагүй. Улмаар 1 дүгээр хавтасны 83 дугаар хуудсанд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3245 тоот дүгнэлтэд “...бараан хувцастай хүн автомашины зорчих хэсэг рүү унах хүртлээ 4-н алхам хийж байна…” гэх дүгнэлт, 3 дугаар хавтасны 92 дугаар хуудсанд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2913 тоот дүгнэдтэд “...Үйл хөдлөлүүдийг тогтоох боломжгүй…” гэж дүгнэсэн байдаг. Улмаар 4 дүгээр хавтасны 59 дүгээр хуудсанд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2913 тоот дүгнэлтээр талийгаачид учирсан гэмтлүүд нь автомашинд дайрагдах үед буюу авто ослын үед үүсгэгдсэн гэмтлүүд болохыг дүгнэсэн байдаг. Энэхүү дүгнэлт нь өөрөө шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн гэрчээр /1 дүгээр хавтасны 60-61 дүгээр хуудас/ өгсөн “…Талийгаачийн биеийн гаднах цус хуралт зулгаралтууд нь зам тээврийн ослын үед үүссэн…” гэх мэдүүлэгтэй яв цав тохирч байгаа болно.

 

Дээрх бүгдийг дүгнэн үзэхэд гэрч Ц.Одмаа, О.Урантуяа, Д.Хатанбүүвэй, Ц.Наранхүү, Ч.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг анхнаасаа тогтвор суурьшилтай байдаг ба харин улсын яллагчийн гол үндэслэл болгоод буй гэрч Б.Одбаяр, С.Оюунтүлхүүр нарын мэдүүлэг нь мэдүүлэг тус бүрдээ өөр өөр мэдүүлсэн байна. Гэтэл мэдүүлэг нь тууштай байсан гэрчүүдийг худал мэдүүлэг өгсөн хэмээн огт үндэслэл нотолгоогүйгээр ял оноож байгаа нь өөрөө шүүх хэргийг шийдвэрлэхдээ дэнслэх биш яллах чиг үүргийг биелүүлсэн.

Мөн ослын талаарх дүрс бичлэгийг шинжээч нар өөр өөрсдийн байр сууринаас дүгнэсэн боловч автомашины дээгүүр цухуйж байгаа цагаан зүйл нь чухам юу болохыг, хэн болох, хэнд хамаарах үйлдэл болохыг огтхон ч тогтоож чадаагүй юм. Өөрөөр хэлбэл, П.Батболдын үйлдэл мөн эсэх нь огтхон ч тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан халдашгүй чөлөөтэй байх гэж хуульчлан өгснийг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанад сахина” гэж заавал биелэгдэх зарчмыг хуульчлан өгсөн байхад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ноцтой зөрчиж гэм буруугүй хүнийг гэм буруутайд тооцон ял оноогоод байна. Ингэхдээ анхан шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох ажиллагааг дутуу хийж хэргийг нэг тийш нь шийдэх гэж хэт яарсан болох нь 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 46 тоот шийтгэх тогтоолдоо үндэслээд буй баримтуудаас тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, тус 46 тоот шийтгэх тогтоолд яллах гэхээсээ илүүтэй цагаатгах талын шинжүүдийг агуулсан нолох баримтуудыг дурдаж байснаа ял оноож байгаа явдал юм.

Дээрх бүгдийг дүгнэн үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл”-д дурдсан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байхыг шаардсан зарчмыг ноцтой зөрчсөн байна. Гэмт хэргийн объектив байдлыг буюу хэрэг учрал болсон нөхцөл байдлыг хангалттай, хөдлөшгүйгээр тогтоож чадаагүй байж хийсвэрээр субъектийг бий болгон субъектив байдлыг таамаглан ял оногдуулаад байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 46 тоот хууль зүйн oгт үндэслэлгүй шийтгэх тогтоолыг хүчингүйд тооцон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгон, бидний үйлчлүүлэгч П.Батболдыг цагаатгаж өгнө үү...” гэв.

Ялтан П.Батболдын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын яллагчаас хэргийн гол гэрч болгож байгаа Одбаяр, Оюунтүлхүүр нарын мэдүүлэг зөрүүтэй байдаг. Гэрч нараас өгсөн мэдүүлэгтэй нь холбогдуулж “яагаад ийм зүйл ярьсан бэ, чиний гарын үсэг зурагдсан байна“ гэж асуухад “би мэдэхгүй, мөрдөн байцаагч иймэрхүү зүйл ярьж байсан” гэх байдлаар хариулж байсан.  П.Батболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж, түүнтэй хамт байсан хүмүүсийг худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт буруутгаж ял шийтгэл оногдуулсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг харахад худал мэдүүлэг өгсөн нь Одбаяр, Оюунтүлхүүр нар юм. Эдгээр хүмүүсийн мэдүүлэг анхнаасаа зөрүүтэй байсан. Тэдний хар дээр цагаанаар бичигдсэн худал мэдүүлгүүд нь байдаг. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд бодит үнэлэлт өгөлгүй явцуу хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэн шийдвэрлэх объектив нөхцөл байдлыг огт тогтоогдохгүй байна. Хэргийн объектив нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учир субъектив байдал мөн тогтоогдохгүй юм. П.Батболд ямар шалтгаанаар хохирогчийг санаатай алах болсныг тогтоож чадаагүй. Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэх зармын тухайд Эрүүгийн хуульд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулсан байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Гэмт хэргийн субъектив байдлыг тогтоох хэцүү ч зайлшгүй тогтоох үүрэгтэй” гэв.

Ялтан П.Батболдын өмгөөлөгч Ж.Хандсүрэн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэргийг 1 жил гаран шалгаж анхан шатны шүүх П.Батболдод 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Үүнд:

1. П.Батболд болон түүний найз нөхөд нь хоорондоо маргалдаж зодолдсон зүйл байхгүй байхад Отгонбаяр гэгч худал мэдүүлэг өгсөн гэрчийн мэдүүлснээр хоорондоо маргалдсан, зодолдсон гэж үзэж байгаа нь огт үндэслэлгүй юм. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайлбал Жаргалсайханы цогцост хийсэн задлан шинжилгээний актаар /хх-61/ амьд үедээ босоогоороо авсан гэмтэл байхгүй, харин хэвтээгээрээ автомашинд мөргөгдөх үед авсан гэмтлүүд байна гэж дүгнэснээс үзэхэд Батболд болон талийгаач нар зодолдсон гэдэг нь худал бөгөөд хэрэгт тогтоогдоогүй гэж үзэж байгаа.

2. Тухайн хэрэг болоход хамт байсан гэрчүүд бид хоорондоо хэрэлдэж зодолдсон зүйл байхгүй гэж мэдүүлсээр байтал прокурор гэрчүүдийг худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татаж үндэслэлгүйгээр шүүхээр шийдвэрлүүлсэн нь зохисгүй юм.

3. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн гаргасан удаа дараагийн дүгнэлт нь шаардлага хангахгүй, хэргийн байдлыг хөдөлбөргүй нотолсон зүйл байхгүй шидэгдсэн, түлхэгдсэн байж болох, гартай төстэй зүйл гэх мэтээр, мөн түлхэхтэй төстэй үйлдэл хийж байгаа гэж гаргасан нь чухам хэн энэ хэргийг үйлдэж, хэний гар вэ гэдэг асуудал тун бүрхэг, тогтоогдоогүй гэж үзэж байна.

4. Хэргийн байдлыг бүрхэгдүүлж худал мэдүүлэг өгч байгаа Одбаяр гэгч гэрчийн мэдүүлгийг дахин нягтлан шалгах ажиллагааг хийх хэрэгтэй гэж үзэж байна. Учир нь шүүх хуралд дээр гэрчээр асуухад хэрэгт мэдүүлсэн мэдүүлгээсээ зөрж мэдүүлсэн байдал нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд хэрэг бодит байдлаараа тогтоогдоогүй, гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй, шинжээчийн дүгнэлт шаардлага хангахгүй байгаа зэрэг нь эргэлзээтэй байх тул хэргийг дахин нарийвчлан шалгаж, хуулийн дагуу шийдвэрлэн хянаж өгөхийг хүсье...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг гарснаас хойш нилээд удаж байна. Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хохирлоос өмгөөлөгчийн хөлс, оршуулгын зардлын зарим хэсгийг хассанд гомдлолтой байна. Миний хань нас бараагүй бол би өмгөөлөгч авах шаардлагагүй байсан. Миний амьдралд нэг төгрөг ч гэсэн хэрэгтэй байна. Би 3.800.000 төгрөгийг хүнээс зээлж авч өмгөөлөгчийн хөлс өгсөн. Бензиний зардал, буяны ажлын зарим баримтыг үндэслэлгүй гэж үзсэнд гомдолтой байна. Буяны ажилд бензин хэрэглэхгүй байна гэж байхгүй. Тэр баримтуудыг би хаа хамаагүй газруудаас цуглуулж өгөөгүй. Бүх баримтууд огноотой байгаа. Шашны зан үйлтэй холбоотойгоор авдар худалдаж авсан баримтыг нотлох баримтад хавсаргасан. Би өмгөөлөгч заавал авах шаардлагатай байсан. П.Батболд хэрэг гарсны маргааш нь өмгөөлөгч авсан байсан. Би хууль ёсны эрхээ хамгаалуулахын тулд өмгөөлөгч авах зайлшгүй шаардлагатай байсан” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батзаяагийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх П.Батболдыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан боловч хохирогчийн хууль  ёсны төлөөлөгчөөс гаргасан зарим зардал болон өмгөөлөгийн зардлыг П.Батболдоос гаргуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Монгол Улсын иргэний хувьд өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, хохирол  нөхөн төлүүлэх Үндсэн хуульд заасан эрх нь байдаг. Өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах эрхийг өөрийн субъектив эрх нь зөрчигдсөн тохиолдолд хэрэгжүүлдэг. Өөрийнх нь эрх, эрх чөлөө зөрчигдсөн байна гэж үзвэл хууль шүүхийн байгууллагад хандах, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Энэ нь зөрчлөөс үүсч багаа юм. Н.Батзаяа иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, иргэний нэхэмжлэлийн хүрээнд өмгөөллийн хөлс нэхэмжилсэн байдаг. Иймд иргэний эрх зүйн зохицуулалтын хүрээнд харах юм бол зөрчлөөс үүссэн хохирлыг гэм буруутай этгээдээс гаргах нь иргэний эрх зүйн хамгаалалтын хүрээнд багтдаг. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэж байгаа юм. Өмгөөллийн хөлс гэдэг бол эрх нь зөрчигдсөн этгээдээс гарч байгаа зардал юм. Субъектив эрхээ хэрэгжүүлсний төлөө өөрт нь эдийн засгийн хохирол учирсан тул өмгөөллийн зардлыг гаргуулж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батзаяагийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нөхцөл байдал мөн л иймэрхүү байдалтай байсан. Хэргийг оролцогч нарын эрх зүйн байдалтай холбоотой асуудлууд гарч ирж байна. Эдгээр хүмүүс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдсон үеэс эхлэн гэрч биш юм. Иймд эдгээр оролцогч нар өөрийн гэм бурууг хүлээх үүрэг хүлээхгүй. Энэ хүмүсийн өгч байсан мэдүүлгийг гэрч байсных нь хувьд үнэлэх боломжгүй. Иймд шүүх хавтаст хэрэгт авагдсан нөхцөл байдалд үнэлэлт өгч шийдвэр гаргасан. Хэргийн нөхцөл байдлын тухайд 5 хүн зогсож байсан нь үнэн, Наранхүү тамхинд явсан нь үнэн, бүгд тамхи татсан нь үнэн. Энэ 5 гэрч тухайн үйлдлүүдийг хийж байх явцад пид хийх чимээ гарч талийгаач машинд дайруулан унаснаас өөр чимээ сонсоогүй, хараагүй гэдэгт л мэдүүлгээс харахад тэднийг худал мэдүүлэг өгч байна гэх үндэслэлтэй.

Өмгөөлөгчийн хувьд энэ байр суурийг тууштай баримталсан. Хатанбүүвэй “би согтуу байсан, тэд барилдаад байсан” гэж мэдүүлсэн ч талийгаачийг машинд дайруулахыг хараагүй, Батболд “хүмүүс надад баяр хүргээд байсан” гэсэн ч талийгаачийг машин доогуур орсныг хараагүй, Урантуяа “болж буй үйл явдлыг харж байсан. Энэ хүмүүс тойроод зогсож байсан. Тэд муудалцсан, барилдсан зүйлгүй. Талийгаач зүгээр л хөл алдаад унасан” гэж тус тус мэдүүлсэн. 5 хүний 10 нүд хажууд нь болж буй үйл явдлыг хараагүй гэдэгт шүүх дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Хэрэг гарсан газрыг харахад хүн хөл алдаж унахаар байдалтай байгаагүй.

Анхан шатны шүүх хуралдаанд хяналтын камерын бичлэгийг 2-3 удаа давтаж, маш удаан үзсэн. Дүрс бичлэгээс харахад ирж машины урдуур хүний дүрс саваад л гараад ирдэг. Уг үйлдлийг савах, хойш хүчтэй үсрэх гэх мэт үг хэллэгүүдээр шинжээчийн дүгнэлтэд дүгнэсэн байдаг. Камерын бичлэгт хүний 2 гар сарвалзсан нэг хүн үсэрч унасан байдал тодорхой харагддаг. Энэ хүмүүсийн өмнө гэрчээр өгсөн мэдүүлгийг гэрч байсных нь хувьд үнэлэж болохгүй. Энэ нөхцөл байдалд үндэслэн шүүх дүгнэлт хийсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд ч гэсэн нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй, шүүгдэгч нар 3 өөр байдлаар тайлбар өглөө. Тэд өөрсдийн гэм бурууг хүлээхгүй байх эрхийн дагуу ийм мэдүүлэг өгч байна гэж ойлгож байна. Барилдсан ноцолдсон зүйл ямар нэг байдлаар байдаг хэдий ч шүүгдэгч нар худал мэдүүлэг өгч байна. Гэрч Одбаяр, Оюунтүлхүүр нарын мэдүүлэг эргэлзээтэй буруу гэж байна. Талийгаачийг цохисон, түлхсэн гэдэг үйлдлийг 2 хүн мэдүүлдэг. Хэдийгээр хэргий үйл явдлыг наана цаана нь оруулж хэлж байгаа боловч харьцангуй тогтвортой мэдүүлдэг. “Машинаас харахад 2 гар сарвалзсан”, ”үсэрсэн байдлаар унасан” гэх зэргээр тодорхой мэдүүлсэн. Тэгш гадаргуутай зам дээр хүн хөл алдаж, үсэрч савж унана гэж байхгүй. Бичлэг дээр хүртэл тодорхой харагддаг. Хөл алдаж унах савж унах хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Хохирогч тухайн үед 4 промилл согтолттой байсан, өмнө нь 2-3 удаа хөл дээрээ тогтохгүй унаж байсан гэж байна. Хэрэв тийм бол уг гэмт хэрэг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, хүчтэй согтуурсан байдалд үйлдэгдсэн, өөрөөр хэлбэл шүүгдэгч энэ байдлыг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэн гэх байдал харагдаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд  үндэслэлтэй гарсан. Гэрч байсан хүмүүс сэжигтнээр тооцогдож, эрх зүйн байдал нь өөрчлөгдсөн. Иймд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг зөв үнэлж, хууль ёсны шийдвэр гаргасан” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батзаяагийн өмгөөлөгч Б.Дамба тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинжээчийн дүгнэлтийн талаар хэлэхэд шинжээчийн дүгнэлтэд “машины дээд хэсгээр цайвар хувцастай хүн бараан хувцастай хүнийг цохисон юм уу, түлхсэн үйлдэл хийсэн...” гэсэн. Үүнээс харахад хохирогчийг түлхсэн, цохисон байж болох үйлдэл хийгдсэн нь нотлогдож байна. Шүүгдэгчтэй хамт байсан хүмүүсийн хэн нь ч цохисон, түлхсэн гэх үйлдлүүдийг хэлээгүй. Гэтэл камерын бичлэгт түлхсэн цохисон үйлдэл буй болсон нь харагдаж байгаа. Энэ байдлыг хэн ч ярихгүй, бодит үйл баримтыг хэлэхгүй байгаа нь худал мэдүүлсэн гэх үндэслэл юм. Одбаяр, Оюунтүлхүүр нарын мэдүүлэг эрэглзээтэй гэж байна. Одбаяр 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр, Оюунтүлхүүр 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэд анхны мэдүүлэгтээ хэргийн байдлыг тодорхой ярьсан. Үүнээс хойш 1 жил орчим хэрэг шалгагдсан учир гэрчүүдийг дахин асуухад хэргийн үйл баримтуудыг нэг бүрчлэн санахгүй байж болно. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэрчүүдээс асуултаа янз бүрээр тавьсаар байгаад тэднийг мэдүүлгээсээ буцах, өөрчлөх байдалд хүргэсэн байх. Гэрч нар сүүлдээ бараг “санахгүй байна” гэх болсон. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэлтэй дүгнэсэн. Гэрчүүдийн мэдүүлгээр маргаан байсан, үүнээс болж бие биенээ харааж, цохиж, зодсон асуудал байсан гэж үзсэн. Хэрэгт хамааралтай гэсэн нотлох баримтуудыг хууль ёсны дагуу зөв үнэлсэн. Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна” гэв.

Ялтан Д.Хатанбүүвэйгийн өмгөөлөгч Н.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх нотлох баримтад бус таамаглалд үндэслэн Хатанбүүвэйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэсэн. Хэрэгт Хатанбүүвэйг худал мэдүлсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй. Гагцхүү орон зайн хувьд жижиг талбайд бөөнөөрөө зогсож байсан учир болсон үйл явдлыг харсан байх ёстой гэж дүгнэлт хийссэн. Хатанбүүвэй нь П.Батболд хохирогчийг цохих үйлдэл хийсэн, хийгээгүй гэдэг талаар үгүйсгэсэн болон баталсан мэдүүлэг өгөөгүй. Илтгэгч шүүгч “Гэрчүүдийн мэдүүлгийг үнэн эсвэл худал гэсэн туйлын дүгнэлт хийж болохгүй юм” гэсэнтэй санал нэг байна. Хатанбүүвэйн тухайн үед согтолт өндөр байсан тул ухаан санаа нь орон гаран байсан. Тэрээр өөрийн мэдэж байгаа хэмжээнд болсон үйл явдлыг ярьсан. Хатанбүүвэй нь Батболд хохирогчийг түлхсэн, эсвэл түлхээгүй гэх үгүйсгэх болон батлах мэдүүлэг өгөөгүй. Түүний мэдүүлгийн аль хэсэг нь худал мэдүүлэг болж байна вэ гэдэг талаар баримт байхгүй. Санаж байгаагаа хэлсэн үйлдлийг нь дүгнээгүй. Түүнийг мэдүүлэг өгөхөөс зайлсхийж байна гэсэн бол өөр зүйл яригдах байсан байх. Гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн буруутгаж байгаа бол давхар нотолгооны зарчим байх ёстой. Хатанбүүвэйгийн эсрэг нотлох баримт байхгүй тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой. Хатанбүүвэй уг хэрэгт гэрчээр оролцож чадах хүн мөн үү, үгүй юу гэдэг асуудал яригдах ёстой. Өвчний улмаас зөв тайлбар, мэдүүлэг өгч чадахгүй хүнийг гэрчээр асуухыг хориглодог. Хатанбүүвэй хэрэг гарахын өмнө талийгаачийн хамт тус бүр 5 шил пиво ууж дараа нь П.Батболдын бааранд очиж 0.75 литрийн хэмжээтэй архи 2 шилийг хуваан уусан. Талийгаачаас 4 промилл спиртийн агууламж илэрсэн. Согтуурлын хүнд зэрэг нь өөрийгөө удирдах чадваргүй болох, цаашлаад үхэлд хүргэх ч боломжтой байдаг. Хатанбүүвэй нь талийгаачтай ойролцоо хэмжээний согтууруулах ундааны зүйл уусан тул согтуурлын зэрэг адил байх боломжтой. Ийм хүнээс тухайн үйл явдлыг мэдэхийг шаардаж, мэдүүлсэнгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Одбаярын мэдүүлгийн тухайд түүнийг тулгаж асуусаар байгаад ийм байдалд хүрлээ гэж байна. Ер нь Батболдын үйлдсэн хэрэг хөдөлбөргүй тогтоогдсон уу, үгүй юу гэдэг нь Хатанбүүвэйгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой. Яллах дүгнэлтэд Одбаярын мэдүүлэг 2 өөр байдлаар бичигдсэн байдаг. Гэрчийн аль мэдүүлгийг ямар шалгуураар нотлох баримтын хэмжээнд үнэлж байна вэ гэдэг нь харагдахгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хатанбүүвэйд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Ялтан Ц.Наранхүүгийн өмгөөлөгч С.Сүхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Наранхүүд анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулсанд гомдол гаргаагүй. Гэхдээ энэ шүүх хуралдаанд Ц.Наранхүүгийн талаар зайлшгүй хэлэх зүйлс байна. П.Батболдын үйлдэлтэй холбогдож Ц.Наранхүү буруутгагдаж байгаа. П.Батболдын гэмт хэрэг үйлдэх болсон санаа сэдэл тогтоогдоогүй. Архи ууж ноцолдож байгаад нэг нь унаж дээгүүр нь машин гарсан гэж хэргийн нөхцөл байдлыг дүгнэдэг ч тогтоосон зүйл байхгүй. Энэ нотлогдоогүй үйлдлийг Ц.Наранхүү харсан байх албагүй, нотлох үүрэггүй бөгөөд түүний мэдүүлэг анхнаасаа тогтвортой байсан. Хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгт шинжээчийн дүгнэлт гаргасан ч камер нь өөрөө техникийн шаардлага хангасан эсэхэд дүгнэлт гаргаагүй, тогтоогоогүй. Ц.Наранхүүг хэрэг гарахыг харсан байх нөхцөлд байсан эсэхийг мөрдөн байцаалт, шүүхийн шатанд тогтоогоогүй. Зүгээр л яллах дүгнэлт үйлдэж, шүүх ялласан. Ц.Наранхүү харааны нилээд доголдолтой хүн. Тийм ч учраас хараа зүйн талаар дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан. Ц.Наранхүүд холбогдох хэргийг хэрэсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

Ялтан Ч.Мөнх-Эрдэнэ, О.Урантуяа нарын өмгөөлөгч Д.Мядагбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндсэн хэрэг буюу П.Батболдод холбогдох хэрэг эргэлзээтэй байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулсан бөгөөд шинжээч эмч “хүний хүчин зүйлээс давсан хүчин зүйлийн үйлчлэлээр гэмт хэрэг үйлдэгдсэн” гэж дүгнэсэн. Гэрч Одбаяр “2 цаг 40 минутын орчим үйлдэгдсэн” гэж мэдүүлсэн байхад камерын бичлэгээс харахад 2 цаг 50 минутад хэрэг гарсан байдаг. Шүүх гэрч Одбярын мэдүүлгийн зөрүүтэй байдлыг дүгнээгүй. Гэрч Урантуяа, Одмаа нар хохирогчийг арагш савж унасан гэж мэдүүлсэн. Маш хурдан, богино хугацаанд болж өнгөрсөн явдлыг та нар харсан байх ёстой, худал мэдүүлэг өгсөн гэж байгаа нь нотлогдохгүй байна. Мөн Ч.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг байхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор М.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Одбаярын мэдүүлгийг зөрүүтэй гэж байна. Одбаяр нь хавтаст хэрэгт 2 удаа, шүүхэд 1 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэгт юу нь зөрүүтэй байна вэ гэдгийг өмгөөлөгч нар ярихгүй байна. Гэрч нарын мэдүүлгийн ерөнхий агуулгыг яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд агуулгын хувьд зөрүүтэй мэдүүлсэн гэх асуудал байхгүй. Гэрч мэдүүлгээ тодотгосон, нэмж ярьсныг зөрүүтэй гэж байна уу эсвэл бүх мэдүүлгүүдийг зөрүүтэй гэж байна уу гэдэг нь тодорхой бус байна. Өмгөөлөгч нарын ярьж байгаа зүйл нь хариуцлагатай байх ёстой. Гэрчийн мэдүүлгээ өгөхдөө үг, үсгийн хувьд өөр өөр байдлаар  хэлснийг зөрүүтэй гэж үзэхгүй. Гэрч Одбаяр өмгөөлөгч нарын ярьж байгаа шиг 2 удаа мэдүүлэг өгөөгүй, 1 удаа мэдүүлэг өгсөн. 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр өмгөөлөгч нар өөрсдөө гэрч нарыг орж ирэхэд тулгасан хөтөлсөн асуултууд асууж, тухайн үед авсан хариултуудаа одоо ярьж байна. Өөрийн мушгисан, тулгаж асуун авсан хариултуудыг зөрүүтэй байна гэж ярьж байна. Агуулгын хувьд цохисон цохиогүй, түлхсэн гэдэгт зөрүүтэй асуудал байхгүй. Хаш-Эрдэнийг сэжигтнээр татаж шалгаад дараа нь гэрчээр татаж байцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн гэж байна. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Түүнд холбогдох хэргийг шалгаад тээврийн хэрэгслийг зогсоох, дайрахгүй байх боломж нөхцөл байгаагүй нь тогтоогдсон тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, дараа нь гэрчээр байцаасан. Тэрээр хуулийн хүрээнд гэрч юм. Зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг хийж, хэргийг шалгаад Хаш-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй учир түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Одмаа, Урантуяа нар адил мэдүүлэг өгсөн байхад ганцхан Урантуяад ял оногдууллаа гэж байна. Одмаа нь Батболдын эхнэр юм . Тэрээр гэр бүлийн гишиүүний эсрэг мэдүүлэг өгөөгүй байх эрхийнхээ хүрээнд уг гэмт хэргийн субъект болохгүй бөгөөд хуулийн хариуцлага хүлээх этгээд биш юм. Хэргийн объектив нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж ярьж байна. Тэрийг хуульчийн хувьд би ойлгосонгүй. Болсон бодит нөхцөл байдлыг л ярьж байх шиг байна. Гэрч, хохирогч нарын мэдүүлгээс олж харсан, хяналтын камерын бичлэгээс олж харсан зүйлээс хэргийн зүйлчлэл хамаарна. Хяналтын камерын бичлэг нь техникийн шааардлага хангасан уу, үгүй юу гэдэг бол дараагийн асуудал юм. Камерын бичлэгийг хараад шинжээч дүгнэлт гаргаж ямар үйл явдал болсныг тодруулж байгаа болохоос шинжээч нар хэний гар болохыг тогтоох шаардлагагүй. Харин шинжээчийн дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт өгөх ёстой” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

П.Батболд, Д.Хатанбүүвэй, Ц.Наранхүү, Ч.Мөнх-Эрдэнэ, О.Урантуяа нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагад нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд П.Батболд, Д.Хатанбүүвэй, Ц.Наранхүү, Ч.Мөнх-Эрдэнэ, О.Урантуяа нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ уг хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болон болсон үйл баримтад тал бүрээс нь бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй, өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагаагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.3, 80.1.6 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэн, хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна.

Шүүгдэгч П.Батболдын тухайн үеийн үйл хөдлөл, үйлдлийг харсан, үг хэллэгийг сонссон өөр гэрч байгаа эсэхийг дахин тодруулж, өмнөх гэрчүүдийн мэдүүлгүүдийн аль хэсэг нь болсон үйл баримтын буюу хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцэж, тохирч байгаа, аль хэсэг нь бодит байдлаас эрс зөрүүтэй буюу хэргийн талаар гэрч зориуд худал мэдүүлсэн гэж үзэх боломжтой эсэхийг тал бүрээс нь нарийвчлан шалгаж, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх нөхцөл боломжийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар бүрдүүлсэн байх шаардлагатай байна.

Гэрч Б.Одбаяр, С.Оюунтүлхүүр нарын мэдүүлгийг хэргийн бусад нотлох баримттай харьцуулж дүгнэлгүйгээр тэдний мэдүүлгийг голлон үзэж хэргийг зүйлчлэх нь өрөөсгөл бөгөөд тэдгээр гэрч нар нь П.Батболдын үйлдлийг ойрын болон тодорхой зайнаас харсан байх боловч тэдний мэдүүлэг нь уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн санаа, зорилго, гэм буруугийн хэлбэр, оролцоог баталж шууд нотлох баримт болох эсэх нь эргэлзээтэй байна.

Иймд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар дараах зүйлүүдийг шалгаж тогтоох шаардлагатай. Үүнд:

1. Прокурорын яллах дүгнэлтэд “…түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохин, авто замын зорчих хэсэгт уруу түлхэн унагааж,..” /хх-100-4хх/ гэж яллагч дүгнэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар хохирогчийн автомашинд дайруулсан үйлдлийн шалтгааныг нарийвчлан тодруулж, яллах дүгнэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн үйлдэх.

2. Хэрэг учрал болох үед П.Батболд нь иргэн С.Хаш-Эрдэнийн жолоодож явсан “Соната-5” загварын, 54-08 УНЭ улсын дугаартай автомашин руу Г.Жаргалсайханыг санаатай түлхэснээс амь нас нь хохирсон эсэхийг хөдөлбөргүй тогтоох.

3. П.Батболдын тухайн үед болон өмнө нь Г.Жаргалсайхантай хэрхэн харилцаж байсан хандлага, түүний санаа зорилго, үйлдлийн сэдэлт, шинж байдлыг хөдөлбөргүй тогтоох.

4. Гэрчүүдийн хэнийх нь мэдүүлэг болсон үйл баримт буюу хэргийн жинхэнэ, бодит байдалтай нийцэж байгааг тодруулж, хэргийн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэлт хийж, яллах дүгнэлтэд тусгаж өгөх.

          Дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэсний эцэст П.Батболд, Д.Хатанбүүвэй, Ц.Наранхүү, Ч.Мөнх-Эрдэнэ, О.Урантуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Батболд, Д.Хатанбүүвэй, Ц.Наранхүү, Ч.Мөнх-Эрдэнэ, О.Урантуяа нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, Баянгол дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очих хүртэл П.Батболдод авсан цагдан хорих, Д.Хатанбүүвэй, Ц.Наранхүү, Ч.Мөнх-Эрдэнэ, О.Урантуяа нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУУЛ

 

                                      ШҮҮГЧИД                                                        Д.ГАНСҮХ

 

                                                                                    Д.МЯГМАРЖАВ