Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/00247

 

М.Буяннэмэхийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 495 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : М.Буяннэмэх,

Хариуцагч : Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газар

Хариуцагч : Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төв

Нэхэмжлэлийн шаардлага : Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 580.582 төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргилын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвд  нягтлан бодогчоор 2012.02.01-ний өдрөөс 2016.01.04-ний өдөр хүртэл ажилласан. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 1/1086 албан тоотын дагуу суманд санхүүгийн алба байгуулагдан бүтэц орон тоонд өөрчлөлт орсны дагуу Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2016.01.04-ний өдрийн 01 тушаалаар сумын Засаг даргын тамгын газарт шилжин очсон. Намайг ажилд оруулахгүй байсан тул би 2016.01.19-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлд ажилд эргүүлэн авах талаар бичгээр хүсэлт гаргасан юм. Төрийн албаны зөвлөл хүлээн аваад 2016.01.28-ны өдөр  ажилд эргүүлэн томил гэсэн шийдвэр өгсөн. Гэтэл Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газрын дарга уг шийдвэрийг биелүүлэхгүй байна. Алтанбулаг сумын Засаг даргын зөвлөл хуралдаад тухайн үед намайг ажилд тэнцэхгүй юм байна гэсэн шийдвэр гаргаж өгсөн.   Би эрүүл мэндийн төвөөс шилжээд очсон байхад намайг ажилд буцааж авах  эсвэл  халах шийдвэрийн аль нэгийг  гаргах ёстой байсан гэж би бодож байна. Миний хувьд ажилд тэнцэхгүй байна гэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн энэ хугацаанд миний бие цалингүй хохирч байна. Иймд хууль журмын дагуу намайг ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 580,582 төгрөг болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалинг нөхөн олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 он гараад манай суманд сумын санхүүгийн алба шинээр байгуулагдсан. Төсвийн байгууллагын сургууль, цэцэрлэг, соёлын мэдээллийн төвийн нябо нар тамгын газар дээр санхүүгийн алба гэсэн нэртэйгээр ажиллахаар болсон. 2016.01.08-д засаг даргын зөвлөл хуралдаж санхүүгийн алба шинээр байгуулагдсан. Уг албанд гадны байгууллагаас нэмэгдэж орж ирсэн нь эрүүл мэндийн төв, сургуулийн нябо нарыг шинээр томилж ажиллуулсан. Манай байгууллагын дотоод журмын дагуу 2016.01.08-ны өдөр засаг даргын зөвлөлийн хурлыг хуралдуулж уг албан тушаалд ажиллахаар болсон уг ажилтнуудыг нэг нэгээр нь зөвлөлдөж уг албан тушаалд тэнцэх эсэх талаар хуралдсан. Уг шийдвэрт эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч М.Буяннэмэх нь уг албан тушаалд тэнцэхгүй болох тухай шийдвэр гаргасан. Энэ асуудалтай холбоотой М.Буяннэмэх шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ажилд авахаас татгалзсан үндэслэл нь бол өмнө нь ажиллаж байсан байгууллагынх нь дарга нарын саналыг үндэслэсэн. М.Буяннэмэх нь ажлынхаа цагийг баримталдаггүй байнга утсаар дуудуулж ирдэг байсан. Мөн 2015 оны 8 дугаар сард ажилдаа байгууллагын даргын 1 дүгээр гарын үсэггүйгээр 2 дугаар гарын үсгээр шууд данснаас мөнгө шилжүүлсэн байдаг. Энэ талаар байгууллагын дарга нь 11 дүгээр сард мэдсэн гэж байсан. Эдгээр үндэслэлүүдээр М.Буяннэмэхийг ажилд авах тушаал гаргаагүй ажлаас халсан гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төв шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. 2012.02.01-ний өдрөөс нягтлан бодогчоор ажилд орсон. Би тэр үед тушаал түр тушаал гаргаж ажилд томилсон нэг жилийн хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тэр өдрөө №07 тоот тушаалаар 18 орон тоотой ажиллах орон тоо цалингийн сангаа шинэчлэн баталсан. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учир 2013.01.10-ны өдрөөс 3-н жилийн хугацаагаар сунгасан. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Аймгийн 2015 оны төсөв тодотгох тухай 2015.02.18-ны өдрийн 1/125 тоот албан бичгээр орон нутагт санхүүгийн алба байгуулагдсантай холбогдуулан ЭМТ-ийн нягтлан бодогчийн цалинг Засаг даргын тамгын газраас олгож байх чиглэл өгсөн. Гэвч суманд санхүүгийн алба байгуулагдаагүй учир төрийн санч зөвшөөрөхгүй байсан. Би тэр үеэс М.Буяннэмэхэд өөрт нь чиний орон тоо цалин манай төсвөөс хасагдсан чамайг цалинжуулах боломжгүй байна гэж сануулж байсан. Гэвч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байсан учир ахлах сувилагчийн цалингийн сангаас цалинжуулж ажиллуулсан. Тэгж байгаад 2016.01.04-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж байсан учир Засаг даргын 2015.12.08-ны өдрийн 1/1086 тоот санхүүгийн албан байгуулах албан бичгийг үндэслэн сумын тамгын газар луу шилжүүлсэн. Нэхэмжлэгч санхүүгийн алба байгуулагдсантай холбогдуулан шилжин ирсэн 3-н нягтлан бодогчоос сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хүн тус бүрийг авч хэлэлцэн шалгаруулж томилсон байдаг. М.Буяннэмэх нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа ажил үүргээ хангалтгүй биелүүлж хурал цуглааныг удаа дараа тасалдаг, санхүүгийн бүртгэл тооцоог буруу гарган үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж арга хэмжээ авагдаж байсан, мөн ИТХ-аар 2015 оны ЭМТ-ийн 17-н орон тоог 18 болгож буруу мэдээллээр хангаж батлуулсан зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 495 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2  дахь хэсэгт зааснаар М.Буяннэмэхийн Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулхыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу М.Буяннэмэхийн төлсөн 18.067 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  2016 оны 12 дүгээр сарын  07-ны өдрийн  30 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 495 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан  М.Буяннэмэхийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын санхүүгийн албанд нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоож, Эрүүл мэндийн төвд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын засаг даргын тамгын газраас 5.805.840 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Төрийн албаны тухай хуулийн 27.2 дахь хэсэг нь төрийн жинхэнэ албан хаагч дараах нэмэгдэл баталгаагаар хангагдана гэсэн заалт байгаа юм. Тэгтэл Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын эрүүл мэндийн төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Буяннэмэх нь төрийн жинхэнэ албан хаагч биш юм.Харин төрийн албаны тухай хуулийн 9-р зүйлд зааснаар төрийн үйлчилгээний албан хаагч байгаа. Төрийн албаны тухай хуулийн 11.5-д заахдаа төрийн үйлчилгээний албан хаагчийн эрх зүйн байдлыг хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэсэн байна. Иймд давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгтээ төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй юм. ИХШХШТХ-ийн 38.1-т зохигчид болон бусад этгээд нотлох баримтаа өөрөө цуглуулах үүрэгтэй гэж заасан. Хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтуудаа гаргаж өгсөн. Харин нэхэмжлэгч нь хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримт гаргаж өгөөгүй юм.Энэ нөхцөл байдалд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Тамгын газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7.3-т заасан ажил олгогч иргэнийг ажилд авахад ажилтны эрхийг хязгаарласан үндэслэлээ нотлох үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Буяннэмэхийг ажилд аваагүй   учир шалтгаанаа нотлохын тулд өмнө нь эрүүл  мэндийн төвд ажиллаж байхдаа төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулж хувийн хэвшлийн дансанд шилжүүлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулж байж болзошгүй байгаа учир шалгаж тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагад гаргасан. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж М.Буяннэмэхийг эрүүгийн хуулийн 150.1-д заасан бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэгт үйлдсэн болохыг байцаан шийтгэх ажиллагаагаар тогтоож хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. М.Буяннэмэх өөрийн энэ буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч энэ талаар огт маргадаггүй бөгөөд үгүйсгэсэн нотлох баримтыг хэргийн материалд огт гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх энэ байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх нь магадлалынхаа үндэслэх хэсэгт заахдаа анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна гэжээ. Энэ нь тодорхойгүй ойлгомжгүй зүйл юм. Учир нь: анхан шатны шүүх ямар баримтыг үнэлээгүй тухай тодорхой зүйл бичилгүйгээр хуулийн шаардлага хангаагүй байна гэсэн нь үндэслэлгүй юм. Мөн давж заалдах шатны шүүх хөндлөнгийн байр сууринаас хандах зарчмыг алдагдуулж магадлалын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад байхгүй зүйл болох нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан нь өөрийн санаачлагаар хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан буруу шийдвэр болсон байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

М.Буяннэмэх нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ЗДТГ-ын даргад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж /хх 1/ “...ажилд эгүүлэн томилуулах... ажилгүй байсан хугацааны   олговор гаргуулах...” шаардлага тавьжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Санхүүгийн алба байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолоор сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээг хүргэх, сумын төсөв, санхүү, эдийн засаг, хөгжлийн бодлогын төлөвлөлт хариуцсан санхүүгийн алба байгуулах ажлын хүрээнд   М.Буяннэмэхийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 01 сарын 04-ний өдрийн тушаалаар сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албанд шилжүүлсэн боловч уг газар нэхэмжлэгчид ажил олгоогүй үйл баримт тогтоогджээ.

            Хариуцагч нь М.Буяннэмэхэд ажил олгоогүй атлаа, өөр газар буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвд ажиллаж байхдаа гаргасан гэх зөрчлийг  үндэслэн мөн сумын Засаг даргын тамгын газарт ажил олгоогүй нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй тул  хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу биш байна. 

Хоёр шатны шүүх М.Буяннэмэхийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргилын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 107.850 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                            ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ