| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00388/и |
| Дугаар | 00447 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00447
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багт оршин суух, 1956 онд төрсөн, эрэгтэй, ОО56061979 регистрийн дугаартай, Хошууд овогтой Таачаагийн Бямбаагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Бямбаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие 1956 онд төрсөн, одоо 60 настай. Увс аймгийн Малчинд суманд 20 настайгаасаа буюу 1975 онд зоотехникчээр ажилд орж 1981 оны 3 дугаар сар хүртэл ажилласан билээ. Мөн Улаангом дахь Хөдөө аж ахуйн эрдэм шилжилгээний нэгдсэн станцид 1984 оноос 1994 он хүртэл ажилласан. Тухайн үед гаргаж байсан тушаалууд дээр миний эцэг Таачаа гэдэг хүнийг Тачаа гэж алдаатай бичсэн байна. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэвэрт орох бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон юм. Хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн. Иймд миний Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд 1976 оны 7 дугаар сараас 1981 оны 3 дугаар сарыг дуустал зоотехникчээр, Улаангом дахь Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний нэгдсэн станцад 1984 оноос 1994 он хүртэл ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү. ... Миний бие шүүх хуралдааны тов мэдсэн боловч эгчийн бие муу байгаа тул хол явж чадахгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Бямбаа нь 1976 оны 8 дугаар сараас 1981 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд зоотехникчээр, 1984 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сум дахь Хөдөө аж ахуйн Эрдэм шинжилгээний нэгдсэн станцад зөгийчнөөр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Таачаагийн Бямбаагийн 1976 оны 8 дугаар сараас 1981 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.
Мөн Хөдөө аж ахуйн яамны Улаангом дахь Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний нэгдсэн станцийн даргын 1984 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаар тушаалд “Тэс сум дахь зөгийн салбарт Т.Бямбааг 1984 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн авч ажиллуулсугай” гэсэн, түүнчлэн Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан ургамал газар тариалан сургалт эрдэм шилжилгээний хүрээлэнгийн Увсын салбарын захирал Д.Өлзийгийн 2000 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 45 тоот тодорхойлолтод: “Таачаа овогтой Бямбаа нь 1984 оноос одоог хүртэл тус салбарт зөгийчнөөр ажиллаж байгаа нь үнэн” гэсэн баримтууд авагдсан байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Нэмэхжаргал, Т.Ширнэн, С.Цэрэнминжин нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Т.Ширнэн: “Миний бие нь Увс аймгийн Малчин сумын Баянмандал бригадад 1976 оноос эхлэн багийн хүний эмчээр ажиллаж байхад Т.Бямба нь 1976 онд тухайн Баянмандал бригадад зоотехникчээр ажилд орж бид хоёр хамтдаа багийн дарга Тэгш гэх айлд амьдран ажиллаж байсан. Т.Бямбаа бид хоёр 4 жил нэг айлд байж тус тусынхаа ажил хийж байлаа. Би 1980 оноос Малчин сумын төврүү орж ажилласан Т.Бямбаа багийн дарга Тэгшийнд ажлаа хийгээд үлдсэн. Сүүлд сураглахад Т.Бямбаа нь Тэс сум руу шилжин ажилласан гэж байсан. Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн даргаар Г.Баазар, Р.Батсүх, Д.Мандал, О.Янжив, Д.Бужгаа гэх хүмүүс ажиллаж байсан” гэж мэдүүлсэн, мөн гэрч С.Цэрэнминжин: “Би Увс аймгийн Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний станцад 1979 онд нягтлан бодогчоор ажилд орж ажиллаж байхад Т.Бямбаа нь 1984 оноос эхлэн манай байгууллагад зөгийчнээр ажилд орон одоог хүртэл ажиллаж байгаа. Манай байгууллага нь 1988 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл гэх нэртэй болон ажиллаж байгаад 1991 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Улаангом дахь Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний нэгдсэн туршлага станц болон өөрчлөгдсөн. 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Увс аймаг дахь салбар болон ажиллаж байна. Т.Бямбаа нь Тэс сумын Таван улиас гэх газар зөгийчнээр одоог хүртэл ажиллаж байгаа. Т.Бямбаагийн хөдөлмөрийн дэвтэр нь байгууллагын дарга нар солигдож байх үед алга болсон гэдэг. Манай байгууллагын даргаар Б.Лааган, Я.Дашцэрэн, Д.Болаж, Т.Цагаанбанди, Д.Өлзий, Г.Баяр, одоо салбарын даргаар Л.Алтай гэх хүмүүс ажиллаж байна” гэж мэдүүлсэн, мөн гэрч Б.Нэмэхжаргал: “Би Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд аав, ээжийн хамтаар мал маллаж эхэлсэн би нэгдэл тарах хүртэл буюу 1991 оныг хүртэл мал малласан. Т.Бямбаа нь Увс аймгийн Тэс сумын харьяат залуу зоотехникчээр 1976 оноос 1980 оныг дуустал манай суманд ажилласан. Т.Бямбаа нь ганц бие залуу манай Баянмандал бригадын дарга Тэгшээ гэх айлд байж, ажлаа хийдэг байсан. Мөн манай гэрээр орж гардаг байсан учир нэгнээ сайн мэднэ. Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн даргаар Г.Баазар, Р.Батсүх, Д.Мандал, О.Янжив, Д.Бужгаа гэх хүмүүс ажиллаж байсан” гэж мэдүүлсэн ба гэрчүүдийн ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд тус тус авагджээ.
Иймд нэхэмжлэгчийн тайлбар, Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, Хөдөө аж ахуйн яамны Улаангом дахь Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний нэгдсэн станцийн даргын 1984 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаар тушаал, Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан ургамал газар тариалан сургалт эрдэм шилжилгээний хүрээлэнгийн Увсын салбарын захирал Д.Өлзийгийн 2000 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 45 тоот тодорхойлолт, гэрч Б.Нэмэхжаргал, Т.Ширнэн, С.Цэрэнминжин нарын мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэгч Т.Бямбаагийн 1976 оны 8 дугаар сараас 1981 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд зоотехникчээр, 1984 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сум дахь Хөдөө аж ахуйн Эрдэм шинжилгээний нэгдсэн станцад зөгийчнөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Бямбаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хошууд овогтой Таачаагийн Бямбаагийн 1976 оны 8 дугаар сараас 1981 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд зоотехникчээр, 1984 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сум дахь Хөдөө аж ахуйн Эрдэм шинжилгээний нэгдсэн станцад зөгийчнөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Бямбаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА