Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 202/МА2024/00019

 

Г.О-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Цэрэнханд, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 137/ШШ2024/00097 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, Б овогт Г.Д /РД:*, утас:*/-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: * тоотод оршин суух, М овогтой Ө /РД:*/,

Хариуцагч: * тоотод оршин суух, А овогт Д.О /РД:*, утас:*/-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, үүн дээр төлөгдөөгүй хүүгийн төлбөр болох 21,000,000 төгрөг нийт 71,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Д.О сөрөг нэхэмжлэлтэй 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хүүг 2 хувь болгон бууруулахыг Г.О даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунчимэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Б.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Норжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга, тайлбартаа: ...Нэхэмжлэгч Г.О нь 2022 оны 02-р сарын 25-ны өдөр хариуцагч Д.О зээлийн гэрээ байгуулсны үндсэн дээр түүнд нийт 50,000,000 /тавин сая/ төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч Д.О нь гэрээний дагуу 1 сарын зээлийн хүү болох 2,500,000 төгрөгийг сар бүрийн 16-ны өдөр тогтмол төлөх, харин зээлийн үндсэн төлбөр болох 50,000,000 төгрөгийг 2023 оны 02-р сарын 16-ны өдөр бөөнд нь төлөх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч нь гэрээний үүргээ үл биелүүлж, 2023 оны 02-р сарын 16-ны өдрийн дотор зээлийн үндсэн төлбөр болох 50,000,000 төгрөгийг бүрэн төлөх ёстой байсан боловч одоо болтол төлөөгүй байна. Мөн тэрээр 2022 оны 02-р сарын 16-ны өдрөөс 2023 оны 02-р сарын 16-ны өдрийг хүртэлх зээлийн хүү болох 30,000,000 төгрөгийг бүрэн төлсөн боловч 2023 оны 02-р сарын 16-ны өдрөөс 2023 оны 12-р сарын 16-ны өдрийг хүртэл 25,000,000 төгрөгийн хүү төлөх ёстой байснаас 4,000,000 төгрөгийг л төлсөн бөгөөд үлдсэн хүү болох 21,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагч Д.О зээлийн үндсэн төлбөр болох 50,000,000 төгрөг, үүн дээр төлөгдөөгүй хүүгийн төлбөр болох 21,000,000 төгрөг нийт 71,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч Д.О татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга: ...Д овогтой О миний бие нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Г.О-н тус шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 71,000,000 /Далан нэгэн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Зээлийн гэрээний үндсэн төлбөрт 50,000,000 /тавин сая/ төгрөг,хүүнд 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөг нийт 71,000,000 /далан нэгэн сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Миний бие нь Г.О 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаанд сарын 5 хувийн хүүтэйгээр 50,000,000 /тавин сая/ төгрөг зээлсэн. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт зааснаар 12 сарын хугацаанд сар бүр хүүгийн төлбөрт 2,500,000 /Хоёр сая таван зуун мянга/ төгрөг төлж, 12 сарын дараа үндсэн төлбөрийг бөөнд нь төлөхөөр харилцан тохирсон. Гэрээнд заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд хүүгийн төлбөрт 30,000,000 /Гучин сая/ төгрөг төлөх үүргээ биелүүлсэн. Үндсэн зээл болох 50,000,000 /тавин сая/ төгрөгөөс 4,000,000 /Дөрвөн сая/ төгрөгийг төлсөн. Цалин орлого буурсан, ар гэрт гачигдал гарснаас шалтгаалан үлдсэн 46,000,000 /Дөчин зургаан сая/ төгрөгийг төлөөгүй бөгөөд цаашид энэ мөнгийг 12 сарын хугацаанд хувааж хэсэгчлэн төлөх хүсэлтэй байна. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны хүүгийн төлбөрт 25,000,000 /Хорин таван сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэвэл тухайн цаг хугацаа нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших цаг хугацаанд хамаарч байгаа бөгөөд энэ хугацааны хүүг төлөх үүргийг би хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг, хүүгийн төлбөр 25,000,000 /Хорин таван сая/ төгрөг нийт 29,000,000 /хорин есөн сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч Д.О зээлийн гэрээний үүрэгт 46,000,000 /дөчин зургаан сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.О олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,000,000 /хорин тавсан сая/ төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч Д.О гаргасан 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хүүг 2 хувь болгон бууруулахыг Г.О даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512,950 / таван зуун арван хоёр мянга, есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О 387,950 / гурван зуун наян долоон мянга, есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 / далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Хариуцагч нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлэхийг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 02-р сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний хүү илт өндөр байх тул хүүгийн хэмжээг 2 хувь хүртэл багасгаж өгөхийг даалгах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 282-р зүйлийн 2 хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 02-р сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний хүү зээлдэгчид илт хохиролтой тогтоогдсон гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг гаргасан байдаг бөгөөд хариуцагчийн хувьд анхнаасаа 2023 оны 02-р сарын 16-наас эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх буюу 2023 оны 12-р сар хүртэлх хүүг зөвшөөрөхгүй дээр дурдсан цаг хугацаанд нэхэмжлэгч хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхэд гаргасан тайлбараас харагддаг. Гэтэл шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн хүү 25,000,000 сая төгрөгийг зээлийн гэрээний хугацаа 2023 оны 02-р сарын 16-ны өдөр дууссан бөгөөд талууд зээлийн гэрээг цаашид сунгаагүй байна. Талууд гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцох талаар харилцан тохиролцоогүй байна. Мөн иргэний хуулийн 281, 282-р зүйлд зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүг төлөх талаар зохицуулаагүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Анхан шатны шүүхийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч Б.Отгончимэгийн давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа маргааны зүйлд холбогдох Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалтыг зөв хэрэглэсэн ба шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

2.Хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг хянан хэлэлцвэл зохигчдын хооронд 2022 оны 02 дугаар сарын 25-наас нэг жилийн хугацаатай, сарын 5%-ийн хүүтэйгээр 50,000,000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээг бичгээр байгуулсан, гэрээ ёсоор сарын хүү болох 2,500,000 төгрөгийг сар бүрийн 16-нд төлөх, үндсэн зээл 50,000,000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 16-нд төлж дуусгахаар талууд тохиролцсон ба зээлдэгч Д.О гэрээний дагуу хүүг сар бүр төлсөн боловч гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл болох 50,000,000 төгрөгийг төлж чадаагүй болох нь нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбаруудаар тогтоогдсон байна.

Иймээс зээлдүүлэгч Г.О 2022 оны 02 дугаар сарын 16-наас 2023 оны 02 дугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд зээлийн хүүд 25,000,000 төгрөгийг авах ёстойгоос 4000,000 төгрөгийг авсан тул үлдэгдэл хүүний төлбөр 21,000,000 төгрөг, үндсэн зээл 50,000,000 төгрөг бүгд 71,000,000 төгрөгийг Д.О гаргуулж өгнө үү гэж нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн шаардлагаа зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, 2023 оны 09 дүгээр сарын 17-нд Д.О гаргаж өгсөн үндсэн зээл 50,000,000 төгрөгийг төлж дуусгасны дараа зээлийн хүү төлнө гэсэн тухай Г.О гаргаж өгсөн бичгийн хүсэлт, 50,000,000 төгрөгийг Д.О шилжүүлсэн тухай Г.О-н ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэгт үндэслэсэн.

3.Хариуцагч Л.О нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу гэрээ ёсоор зээлийн хүүг төлсөн, үндсэн зээлээс 4000,000,000 төгрөгийг төлсөн тул үндсэн зээлийн үлдэгдэл 46,000,000 төгрөгийг л төлнө, үлдэх хэсэг болох 29,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан ба зээлийн хүү хэт өндөр тул зээлийг хүүг багасгаж өгнө үү гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа түүний хүү тархины хорт хавдартай оноштойгоор эмчлүүлж байгаа тухай Бриллантэмнэлгийн эмчлүүлэгчийн картны хуулбар, хариуцагч Д.О холбогдуулж Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгчийн 4,543,760 төгрөгт холбогдуулж түүний харилцах дансны гүйлгээг битүүмжилсэн тухай тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооноос ...Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа, хуульд зааснаар мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхлэх хүсэлтэй хуулийн этгээд болон иргэн тухайн аймгийн Засаг даргад бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулдаг болсон, зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5% гэж тогтоосон, иргэн Г.О нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдээгүй гэсэн тухай зэрэг бичигдсэн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд ирүүлсэн албан бичиг зэрэгт үндэслэсэн.

4.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу буюу үндсэн зээлийн үлдэгдэл болох 46,000,000 төгрөгийг хангаж 25,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон.

Зохигчдын хооронд байгуулагдсан 50,000,000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй зээлсэн зээлийн бичгийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасан хуулийн шаардлагад нийцсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээний хүү нэг удаагийн шинжтэй, ашиг олох зорилгогүй гэрээг талууд хэлэлцэн тохиролцсон байхыг хуульд заасан.

Талууд 2022 оны 02 дугаар сарын 16-наас 2023 оны 02 дугаар сарын 16 буюу нэг жилийн хугацаанд сарын 5%-ийн хүүг харилцан тохиролцож төлөхөөр бичгээр гэрээ байгуулсан, зээлдэгч Д.О гэрээний дагуу хүүнд 2,500,000 төгрөгийг сар бүр төлж дуусгасан, үндсэн зээлээс 4000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 46,000,000 төгрөгийг төлөөгүйгээ хариуцагч Д.О хүлээн зөвшөөрдөг, маргаагүй болох нь зохигчдын нэхэмжлэл, тайлбаруудаар тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 16-наас 2023 оны 12 дугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд 25,000,000 төгрөгийн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгч гэрээгээр тохирсон 2022 оны 02 дугаар сарын 16-наас 2023 оны 02 дугаар сарын 16-ны хугацаанд л хүү авах эрхтэй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үндсэн зээлийн үлдэгдэл 46,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэн, зээлийн хүүд илүү нэхэмжилсэн 25,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Зохигчид 2022 оны 02 дугаар сарын 16-наас 2023 оны 02 дугаар сарын 16-нд буюу 1 жилийн хугацаагаар гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан энэ гэрээний нөхцөлд 2023 оны 01 дүгээр сараас дагаж мөрдөж байгаа Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Цаашид нэхэмжлэгч Г.О нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг аваагүй бол мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүйг энэ магадлалд тэмдэглэв.

5.Харин анхан шатны шүүх хариуцагч тал зээлийн гэрээгээр тохирсон хүүг хэт өндөр тул багасгаж, үндсэн зээлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 63 дугаар зүйлүүдэд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр, нэхэмжлэлийн үнийг тодорхойлох тухай хуулийн шаардлагуудад тус тус нийцээгүй нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл: Хариуцагч тал зээлийн гэрээгээр тохирсон, гэрээний дагуу төлсөн хүүгийн төлбөрийг багасгах тухай сөрөг нэхэмжлэлдээ дурьдсан боловч хүүг хэрхэн яаж багасгах талаараа дурьдаагүй, 1 сарын хүүгийн үнийг гэрээнд 2,500,000 төгрөг шууд тогтоосон буюу нэхэмжлэлийн үнийг тодорхойлох боломжтой байхад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасан эдийн бус болон үнэлэх боломжгүй нэхэмжлэлийн шаардлагад төлөх ёстой 70,200 төгрөгийг төлж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу төлөгдөөгүй байгаад анхан шатны шүүх анхаараагүй орхигдуулсан нь буруу болсон.

Гэвч анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул энэ нөхцөл нь шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

6.Эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Отгончимэгээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 137/ШШ2024/00097 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Отгончимэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Б.Отгончимэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД

А.САЙНТӨГС