| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0161/э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2019-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | б |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 152
2019 02 15 152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Улсын яллагч: П.Бямбасүрэн,
Нарийн бичгийн дарга: Л.Ундармаа
Шүүгдэгч Г. /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн холбогдох эрүүгийн 1809011930090 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр 11 дүгээр багийн Цагаанчулуут 53 дугаар гудамжны 5 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Ца/РД: РБ86081617/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Г. нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдөрт шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-ын автобусны буудлын орчим тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байхдаа Г.Одгариг нь нүүрэн тус газар цохилоо хэмээн зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны гадна салстын цус хуралт, харвалт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний язарсан шарх, баруун хөмсөгний дотор дээд гадаргуу, баруун хацарын төвгөр, уруулын баруун дээд гадаргуун зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний хазах гадаргуун эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г/хавтаст хэргийн 28-29, 31 дүгээр тал/, гэрч Г.Батзаяагийн /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/, гэрч Ц.Занабазарын /хавтаст хэргийн 38-40 дүгээр тал/ нарын мэдүүлэг, 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн N23270 дугаартай шинжээч эмч Н.Энхцолмонгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /хавтаст хэргийн 42 дугаар тал/, шүүгдэгч Г.йн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Г.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Г нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдөрт шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-ын автобусны буудлын орчим тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байхдаа Г. нь нүүрэн тус газар цохилоо хэмээн зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны гадна салстын цус хуралт, харвалт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний язарсан шарх, баруун хөмсөгний дотор дээд гадаргуу, баруун хацарын төвгөр, уруулын баруун дээд гадаргуун зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний хазах гадаргуун эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Г. “...2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу Ганхуяг, Заяа, Доржоо нарын хамт явсан, замдаа архи уусан, замдаа тасарчихсан байсан, тэгээд нэг сэрсэн чинь 32-ын автобусны буудлын арын түргэн үйлчилгээний цэгийн ард хэвтэж байсан, үүдэн шүд хугарсан, зүүн хөмсөг язарсан, хамар хавдсан хөндүүртэй, зүүн нүд хавдсан, зүүн шанаа хацар хавдсан, дээд доод уруул гадна дотор талдаа язарсан, хамарны доод тал язарсан, баруун нүдний доод зовхи халцарсан, хавдсан, баруун хөмсөгний дэзд талд зулгарсан байдалтай байна, Ганхуягаас нэхэмжлэх зүйл байхгүй, эвлэрсэн гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 31 дүгээр тал/,
Гэрч Г.Батзаяагийн "... машинд жолооч бид хоёроос гадна үл таних 2 эрэгтэй явсан, замдаа архи ууж явсаар хот орсон, арын суудал дээр сууж явсан Хуяг, Од хоёр буух буудал мөн биш гэх зүйл яриад улмаар маргалдсан, сүүлдээ машин дотор бие биенийхээ хоолойг боож авцгаасан, Одгариг, Ганхуяг хоёр хоорондоо зууралдаж заамдалцсан, мөн тэдний хэнийг нь ч цохиж зодоогүй..." гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,
Гэрч Ц.Занабазарын “... машинд сууж явсан залуус замдаа танилцаад архи уусан, арын суудалд баруун гар талд нь Ганхуяг, зүүн талд Одгариг нар сууж явсан, тэр хоёр хамтдаа 32-ын автобусны буудалд бууна гэж байсан, буудал мөн биш гээд маргаад явсан, гэрлэн дохиогоор эргэж байх үед хойд суудал дээр зодолдоод эхэлсэн, Батзаяа суудлаа хойш нь буулгаж хойд суудал дээр зодолдоод байгаа хоёрын голоор нь орж салгасан, 32-ын буудал дээр Одгариг, Ганхуяг нар машинаас буугаад автобусны буудал дээр үлдсэн, тэр хоёр харилцан бие биенийхээ нүүр орчим гараараа 3-4 удаа харилцан цохиж зодолдсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40 дүгээр тал/,
Шинжээчийн "... Одгаригийн биед зүүн нүдний алимны гадна салстын цус хуралт, харвалт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний язарсан шарх, баруун хөмсөгний дотор дээд гадаргуу, баруун хацарын төвгөр, уруулын баруун дээд гадаргуун зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний хазах гадаргуун эмтрэл гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн N23270 дугаартай шинжээч эмч Н.Энхцолмонгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /хавтаст хэргийн 42 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан байдал нөлөөлсөн гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г. /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Мөн хохирогч Г.иг, шүүгдэгч Г.г нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт /хх-ийн 85, 90/ гаргасныг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Г. торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар ял оногдуулах боломжтой байна.
Шүүгдэгч Г. хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг Г. тайлбарласныг тэмдэглэвэл зохино.
Шүүгдэгч Г. нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цахар овогт Галбадрахын Ганхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Галбадрахын Ганхуягийг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганхуяг нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
4. Шүүгдэгч Г.Ганхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Ганхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ