| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00373/и |
| Дугаар | 00448 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00448
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, 1968 онд төрсөн, эмэгтэй, ОИ68082106 регистрийн дугаартай, Зөөд овогтой Намкаагийн Булганы,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Булган шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1968 онд төрсөн. Ам бүл 8, 48 настай. Би Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн Хулст бригадад 1986 оноос 1989 оныг дуустал малчин хийж байсан юм. Би хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан билээ. Иймд би аймгийн Архиваас ажиллаж байсан жилийнхээ цалингийн тодорхойлолт авсан. Иймд миний Энххөдөлмөр нэгдэлд малчин байсан 3 жил 4 сар ажилласаныг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Булган нь Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд 1986 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолтоор Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд ажиллаж байсан Намкаагийн Булганы 1986 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ё.Пүрэвжав, Ц.Баярсайхан нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ё.Пүрэвжав: “Би Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн Хулст нуур бригадад 1966 оноос 1990 он хүртэл дизельчин, гагнуурчнаар ажиллаж байсан. Н.Булган нь 1986 оноос 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Н.Булганы аав Намкаа гэж лам хүн байсан учраас бид тэднийхэний талаар сайн мэднэ. Н.Булган нь аав, ээжийн хамтаар мал малладаг байсан. Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн даргаар М.Наянжаргал, н.Хөхөө, Ч.Гомбосүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэж мэдүүлсэн, мөн гэрч Ц.Баярсайхан: “Н.Булган нь Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн Хулст нуур бригадад 1986 оноос 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Н.Булганы аав Намкаа гэж лам хүн байсан учраас бид сайн мэднэ. Н.Булган бага аав, ээжийн хамтаар мал малладаг байсан малчин хүн юмаа. Би 1986 оноос 1990 он хүртэл Энххөдөлмөр нэгдлийн Хулст нуур бригадад хэвлэл түгээгч хийж байсан. Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэл нь 1990 онд хувьчлагдан компани болон ажилласан” гэж мэдүүлсэн ба гэрчүүдийн иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт тус тус авагджээ.
Иймд нэхэмжлэгчийн тайлбар, Увс аймгийн Архивын цалингийн тодорхойлолт, гэрч Ё.Пүрэвжав, Ц.Баярсайхан нарын мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэгч Н.Булганы 1986 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Булганы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зөөд овогтой Намкаагийн Булганы Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд 1986 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар нийт 3 /гурав/ жил 5 /тав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Булганы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА