Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
Хэргийн индекс | 137/2024/00066/И |
Дугаар | 202/МА2024/00020 |
Огноо | 2024-07-24 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 202/МА2024/00020
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
нэхэмжлэгч: * тоотод үйл ажиллагаа явуулах У ХХК-ний /РД:*, УБД:*/ нэхэмжлэлтэй,
хариуцагч: *талбайд үйл ажиллагаа явуулах С ХХК-д /РД:*, УБД:*/ холбогдох
SG-18/2021 дугаартай "Терминалийн талбайд ажил үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх тухай гэрээ-ний дагуу нүүрсний урьдчилгаанд төлөгдсөн 439,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгч А.М давж заалдсан гомдолд үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /цахимаар зайнаас/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П , шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Г.Ууганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга, тайлбартаа: ...Манай компани нь хариуцагч "С ХХК-тай 2021 оны 10-р сарын 11-ний өдрийн SG-18/2021 дугаартай "Терминалийн талбайд ажил үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх тухай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч талын мэдлийн Замын-Үүд дэх шилжүүлэн ачих ангийн 3-р талбайн нурмаг ачааны хэсэг болох 10, 15-р өндөрлөсөн салаа зам, терминалийн талбай дахь техник тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг ашиглан ажил үйлчилгээ үзүүлэх, талбайд нүүрс ачиж буулгах, пүүлэх, буулгасан ачааг нуруулдаж овоолохтой холбогдох бусад ажил үүргийг гүйцэтгүүлэх, үүний дагуу гэрээний төлбөрийг хийх үүргийн дагуу гэрээ байгуулагдсаны дараа гэрээний 4.2-т заасны дагуу 50,000 тн ачааны үйлчилгээний урьдчилгаа хөлс болох 439,000,000 /дөрвөн зуун гучин есөн сая/ төгрөгийн хариуцагч "С ХХК-ийн дансанд шилжүүлсэн билээ.
Гэвч гэрээ байгуулагдсанаас хойш БНХАУ нь ковид-19-той холбоотойгоор хилээ хааж, нүүрс гаргах боломжгүй болсон учраас манай талаас хариуцагчийн талбайд 1 ч тн нүүрс буулгаагүй, ямар нэгэн ажил үйлчилгээ аваагүй юм.
Гэрээний 2 тал үүссэн нөхцөл байдлыг үндэслэн 2021 оны 01-р сарын 01-ний өдрөөс 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хоёр байгууллагын хөтөлж байсан нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй болон хуураангуй бүртгэлийн тооцоо нийлсэн актаар "С ХХК нь нэхэмжлэгч "У " ХХК-д 439 сая төгрөгийн өглөгтэй гэдгийг харилцан тохирсон боловч гэрээний урьдчилгааны төлбөрийг шилжүүлж өгөхгүй байгаа болно. Манай компанийн зүгээс гэрээний урьдчилгаа төлбөрөө удаа дараалан шилжүүлэн авахыг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй, чирэгдэл учруулж байна. Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн С ХХК-аас 2021 оны 10-р сарын 11-ний өдөр байгуулсан SG-18/2021 дугаартай "Терминалийн талбайд ажил үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх тухай гэрээ-ний дагуу нүүрсний урьдчилгаанд төлөгдсөн 439,000,000 /дөрвөн зуун гучин есөн сая/ төгрөгийн хариуцагч "С ХХК-аас гаргуулан, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
2.Хариуцагчийн төлөөлөгч А.М хариу тайлбартаа: ...2 У ХХК С ХХК-д холбогдуулан "2021 оны 10-р сарын 11-ний өдөр байгуулсан Терминалын талбайд ажил үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх тухай SG- 18/2021 дугаартай гэрээний дагуу нүүрсний урьдчилгаанд төлөгдсөн 439,000,000 төгрөгийг С ХХК-аас гаргуулах" гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Энэ нэхэмжлэлтэй холбоотой дараах тайлбарыг гаргаж байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д "Захиалагч нь Гүйцэтгэгчийн Терминалаар гэрээний хугацаанд сард 10,000 /арван мянган/ тонноос багагүй ачааг дамжуулан өнгөрүүлнэ. Терминалын талбайд ачаа буулгаагүй, мөн дээрх тоо хэмжээнд эс хүрсэн эсэхийг үл харгалзах ба үйлчилгээний хөлсийг 10,000 тонноор суутган авна" гэсэн. Мөн гэрээний 4.1-д үйлчилгээний хөлс нь тонн тутамд 20 юань буюу 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн албан ханш (1 юань 441,82 төгрөг)-аар тооцоход тонн тутамд 8,836.4 төгрөг байхаар тохиролцсон.
Гэрээний дагуу У ХХК 50 тонн ачааг гэрээ байгуулснаас хойш 5 сарын хугацаанд буюу 2022 оны 04-р сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 10,000 тонны буюу 88,364,000 төгрөгийн ачааг С ХХК-ийн талбайгаар дамжин өнгөрүүлэх, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд шилжүүлсэн мөнгөө суутгуулахаар тохиролцсон.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У ХХК гэрээний дагуу С ХХК-ийн талбайд ачаа буулгаагүй шалтгаанаа БНХАУ-д гарсан ковид-19 цар тахлаас шалтгаалсан гэжээ. Талууд гэрээ байгуулсан хугацаа буюу 2021 оны 10-р сараас хойш тээвэр хамгийн идэвхтэй явагдаж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс тээвэр явагдаагүй гэсэн тайлбартай холбоотой ямар нэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Түүнчлэн ачаа явагдахгүй байгаа талаар С ХХК-д хандаж ямар нэгэн мэдэгдэл ирүүлж байгаагүй юм. Иймд У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: ...3.1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-т зааснаар хариуцагч Сауд гейт ХХК-иас SG-18/2021 дугаартай "Терминалийн талбайд ажил үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх тухай гэрээ-ний дагуу нүүрсний урьдчилгаанд төлөгдсөн 439,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-нд олгож,
3.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,352,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,
3.3.Хариуцагч нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэх учрыг мэдэгдэж,
3.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,
3.5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн төлөөлөгч А.М давж заалдсан гомдолдоо: “...4.1.Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ нь иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж зөв дүгнэсэн боловч гэрээнд заасан талуудын үүргийг буруу тодорхойлсноор шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал шийдвэрийн үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгч тал гэрээний дагуу нүүрсний урьдчилгаанд 439,000,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч тал нэхэмжлэгчид 439,000,000 төгрөгийн өглөгтэй байгаа нь талуудын хоорондын тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна" гэсэн. Нэгдүгээрт ийм баримт хэрэгт авагдаагүй, бид нүүрс худалдаагүй учраас нүүрсний урьдчилгаа аваагүй. Хоёрдугаарт нэхэмжлэгч буюу "У " ХХК нь "С " ХХК-ийн өмнө тодорхой үүрэг хүлээсэн. Тухайлбал гэрээний 3.1-д "Захиалагч нь Гүйцэтгэгчийн терминалаар гэрээний хугацаанд сард 10,000 /арван мянган/ тонноос багагүй ачааг дамжуулан өнгөрүүлнэ. Терминалын талбайд ачаа буулгаагүй, мөн дээрх тоо хэмжээнд эс хүрсэн эсэхийг үл харгалзах ба үйлчилгээний хөлсийг 10,000 тонноор суутган авна” гээд Мөн гэрээний 4.1-д үйлчилгээний хөлс нь тонн тутамд 20 юань буюу 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн албан ханш (1 юань 441,82 төгрөг)-аар тооцоход тонн тутамд 8,836.4 төгрөг байхаар талууд тохиролцсон. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу "У " ХХК 50 тонн ачааг гэрээ байгуулснаас хойш 5 сарын хугацаанд буюу 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 10,000 тонны буюу 88,364,000 төгрөгийн ачааг "С " ХХК-ийн талбайгаар дамжин өнгөрүүлэх, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд шилжүүлсэн мөнгөө суутгуулахаар тохиролцсон юм. "С " ХХК-ийн хувьд вагон ачилтыг хариуцдаггүй, ирсэн ачааг буулгах, автомашинд ачих үүргийг гэрээгээр хүлээсэн. Харин ачаагаа вагонд ачуулах, үүнийгээ төмөр замаар "С ” ХХК-ийн ашиглалтын талбайд хүргүүлэх зэрэг ажлыг "У " ХХК дангаар хариуцах үүрэгтэй байсан. "С " ХХК өөр хувь хүн, хуулийн этгээдтэй ийм төрлийн гэрээ байгуулсан тохиолдолд дээр дурдсан орлогыг олох боломжтой байдаг учраас хариуцлагатай байх, орлогоо тасалдуулахгүй байх үүднээс бусад бүх компанитай ийм гэрээ хийдэг юм. Энэ нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзэлгүй харин "С ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагын 439,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй" гэсэн байна. Эсрэгээрээ "У " ХХК дээрх төлбөрийг буцаан авах үндэслэл буюу Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс яагаад вагоноо татан авч чадаагүй, ачаа тээвэрлүүлж чадаагүй талаарх үндэслэл, холбогдох нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй байсан байна.
4.2.Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” мөн зүйлийн 41.1.2-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ замаар тайлбарлана” гэж заасан. Энэ зохицуулалтын хүрээнд шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1, 4.1 дэх хэсгийг анхаарч үзэх шаардлагатай байсан. Түүнчлэн тус компанийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй, шүүх хурал болох өдөр онлайн хуралд оролцуулж байгаа гэсэн боловч хурлын танхимын дуу сонсогдохгүй байсан ба энэ талаар шүүгчид тайлбарлахад шүүгч "сонсогдохгүй байгаа бол эзэнгүйд хурал явуулах талаар хүсэлтээ гарга" гэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.2-д заасан эрхийг ноцтой зөрчсөн явдал гэж үзэж байна.
Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 137/ШШ2024/00121 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...5.1.гэрээний дагуу 439,000,000 төгрөг шилжүүлсэн, тэгээд талуудын хооронд хоорондын тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна гэж анхан шатын шүүхийн шийдвэр тогтоосон. Гэтэл 1 дүгээрт ийм баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн бид нар нүүрсний урьдчилгаа аваагүй гэсэн нэг гомдол гаргасан байгаа. Гэтэл бодит байдал дээр хариуцагчтай нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сар, 10 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулаад үүний дагуу 439,000,000 төгрөгийг гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн. Үүн дээр бол хариуцагч маргаагүй байгаа юм. Гэтэл гэрээ байгуулснаас хойш 1 дүгээрт, Бүгд Найрамдах Хятад улсад Ковид 19-тэй холбоотой хил гаргах нүүрсгүй болоод нүүрс гаргах боломжгүй болсон. Гэхдээ үүнээс гадна хамгийн гол нь төлбөр тооцоо хийх гэрээний 2.4 дээр ажиллах дүрэм журмыг захиалах талд албан ёсоор хүргүүлж, түүний хэрэгжилтэд хяналт тавина. Аливаа зөрчил гаргахгүй байхыг захиалах талаас шаардана. Терминалд ажиллах журамд нэмэлт өөрчлөлт орсон тухай бүр захиалах тал албан бичгээр мэдэгдэнэ гэсэн энэ заалт огт хэрэгжээгүй юм. Өөрөөр хэлбэл, терминалын талбайд ажиллах журмаа манайд огт өгөөгүй. Тэгээд манайх ямар ч терминал дээр нь ажиллах эрхгүй ийм нөхцөл байдал үүссэн байгаа. Үүнийг нь ч манайх албан бичгээр болон аман илтгэлээр байнга мэдэгдэж байсан. Мөн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн шийдвэр дээр яг манай гэрээ хэрэгжиж эхлэх гэж байх үед Улаанбаатар төмөр замтай хариуцагч нь түрээсийн гэрээний маргаан үүссэн нөхцөл байдал үүсдэг. Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээгээ асар өндөр үнээр нэмэгдүүлсэн гээд энэ маргаан 2021 оны 10,11 дүгээр сараас эхлээд хоорондын маргаан үүссэн нөхцөл байдалтай байдаг юм. Энийг тухайн үедээ манай компанид огт мэдэгдээгүй. Манайх гэрээний 2.4-д заасан терминалд ажиллах дүрэм журмыг өгөөч, энэний дагуу манайх ажиллана гэсэн шаардлагуудыг тавьсан. Энэ шаардлагуудыг тавьж байсныг ч анхан шатын шүүх нотлох баримтаар хүлээж аваад тогтоосон байгаа. Тэгэхээр хариуцагчийн зүгээс манайхыг ажил үйлчилгээ өөрсдөө хийгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй. Тийм учраас 3.1-д заасны дагуу төлбөр суутгана гээд байдаг. Гэтэл хариуцагч нь өөрөө гэрээний 2.4-д заасан талбайд ажиллах дүрэм журмыг манайд тодорхой болгож албан ёсоор өгөөгүй. Анхан шатын шүүх дээр өгөөгүй талаараа ч өгсөн талаараа ч ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Ийм нөхцөл байдал байгаа. Тэгэхээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө үгүйсгэх нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй байгаа. Гэрээний 2.4-т заасан заалтыг биелүүлээгүй байгаа гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа. Хариуцагч болон нэхэмжлэгч, хариуцагчийн зүгээс буруутай үйл ажиллагаа буюу гэрээний нөхцөл байдал, гэрээний дагуу ажил үйлчилгээ явуулаагүй учраас манай компанитай тооцоо нийлэх акт хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч өөрөө гэрээ байгуулж, тооцооны үлдэгдлийн баталгаа гээд 439,000,000 төгрөгийн өглөгтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Энэ нь хавтаст хэргийн 22, 23 дугаар талд буюу тооцоо нийлсэн баримтууд байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж байна.
5.2.төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох эрх, боломжоор хангаагүй. Шүүх хуралдаанд онлайнд оролцож байгаа гэсэн боловч танхимын дуу сонсогдохгүй байсан гэсэн. Хэргийн оролцогчийн эрхээр хангаагүй гэсэн гомдол гаргасан байгаа. Гэтэл өмнө нь 2 удаа шүүх хуралдаан болоход 1-т нь хариуцагчийн зүгээс өмгөөлөгч авъя гэсэн хүсэлт гаргаад шүүх хангаж шийдвэрлэж байсан. 2-т нь эмнэлэгт хэвтэж байна гэсэн албан бичиг ирүүлсэн. Хэрвээ эмнэлэгт хэвтэж байгаа бол нотлох баримтаа явуулах байтал нотлох баримт огт байхгүй, зөвхөн албан бичгээр эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн дагуу шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогчийн эрхийг хангаж шүүх хуралдааныг өмнө нь 2 удаа хойшлуулсан. Эдгээр шүүх хуралдаанд ч хариуцагчийн төлөөлөгч өөрөө биеэр огт ирээгүй. Мөн шүүх хуралдаан болсон 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд онлайнаар оролцох хүсэлт гаргаагүй, хэрвээ онлайнаар оролцох хугацаа болон хувийн бэлтгэлээ өөрөө хангах ёстой байтал шүүх хуралдаанд би машин бариад хөдөө явж байна гэж өөрөө тайлбарлаад шүүгч хүртэл чи наад машинаа зогсоож байгаад шүүх хуралдаандаа оролцооч гэсэн ийм яриа хүртэл болж байсан. Тэгэхээр шүүх миний эрхийг хангаагүй, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэдэг нь үндэслэлгүй. Тийм учраас анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Манай компани Улаанбаатар төмөр замтай талбай түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ талбайд манай компанитай гэрээ хийсэн компани нь талбай чинь хэмжээндээ болохоор бид нар цөөхөн компанитай гэрээ хийдэг. Хэрвээ У ХХК-тай гэрээ хийгээгүй байсан бол манайх өөр компанитай гэрээ хийх байсан. Тэгээд тус компани гэрээ хийгээд мөнгөө урьдчилаад байршуулчихсан болохоор манай компани өөр компанитай гэрээ хийхгүй, эдний компанийн үйл ажиллагаа явуулахыг хүлээгээд байж байсан. Тэгээд энэ заалт маань гэрээний 3.1-д зааснаар терминалын талбайд ачаа буулгаагүй, хэрвээ 10,000 тонн хүрээгүй тохиолдолд сар болгон 10,000 тонны төлбөр суутгана гээд гэрээндээ тусгачихсан байгаа. Тэгээд Улаанбаатар төмөр замаас 2022 оны 2 дугаар сар хүртэл манай компанитай гэрээ хийсэн бусад компаниуд ачаа буулгаж байсан. Тус компани болохоор гэрээнийхээ үүргээ биелүүлээд ачаагаа буулгаагүй. Тийм болохоор бид нар гэрээний дагуу сар болгоны 10,000 тонны төлбөрийг сунгах эрхтэй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хариуцагч “С ”ХХК-ны гүйцэтгэх захирал А.М давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн баримтуудаар 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр “У ” ХХК, “С ” ХХК нарын хооронд “Терминалын талбайд ажил үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх тухай” SG-18/2021 дугаартай гэрээ байгуулагдсан ба гэрээний дөрөвдүгээр зүйлийн 4.2-т зааснаар 50,000 тн ачааны үйлчилгээний урьдчилгаа хөлсийг захиалагч байршуулна гэж тохирсны дагуу 439,000,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч “С ” ХХК-ны зүгээс үйл ажиллагаа явуулахтай холбоотой дүрэм журмаа өгөөгүйгээс “У ” ХХК уг терминалын талбайг огт ашиглаж чадаагүйгээс урьдчилгаа төлбөрт төлсөн 439,000,000 төгрөгөө буцаан авахыг хүсч” нэхэмжилсэн,
хариуцагч “С ” ХХК “...талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д “Захиалагч нь гүйцэтгэгчийн терминалаар гэрээний хугацаанд сард 10,000 тонноос багагүй ачааг дамжуулан өнгөрүүлнэ, терминалын талбайд ачаа буулгаагүй, мөн дээрх тоо хэмжээнд эс хүрсэн эсэхийг үл харгалзах ба үйлчилгээний хөлсийг 10,000 тн-оор суутган авна” гэж тохирсон тул ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.
2.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “ ... талуудын хооронд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнээд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн”-ийг хариуцагч “С ” ХХК эс зөвшөөрч “ ...У ХХК Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс яагаад вагоноо татан авч чадаагүй, ачаа тээвэрлүүлж чадаагүй талаарх үндэслэл, холбогдох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй байсныг анхан шатны шүүх анхаараагүй, ... хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох боломжийг хангаагүй “ гэсэн үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсч давж заалдах гомдол гаргасан.
3.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзсэн.
Талуудын маргаан бүхий үйл баримтад холбогдуулан анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлтэй, зөв болсон байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар “С ” ХХК нь “УБТЗ” ХНН-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд орших Шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайн нурмаг ачааны хэсэг болох 10,15 дугаар өндөрлөсөн салаа зам, терминалын талбайг түрээсийн гэрээгээр ашигладаг терминалын талбайгаа “У ” ХХК-д 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаатайгаар ашиглуулах, “У ” ХХК уг терминалын талбайд ажил, үйлчилгээ явуулахаар талууд тохирч гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 439,000,000 төгрөгийг “С ” ХХК авсан боловч үйл ажиллагаа явуулах нөхцөл нь “С ” ХХК-ны өөрийнх нь болон гадаад хүчин зүйлийн нөхцөл байдлуудын улмаас хангагдаагүй буюу “У ” ХХК ажил үйлчилгээ явуулж чадаагүй байна гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл: Нэхэмжлэгч талаас “ ... “С ” ХХК терминалын талбайд ажиллах дүрэм, журмаа манай талд хүлээлгэж өгөөгүйгээс ажил эхлэх боломжгүй байсан учраас манай талаас хариуцагчийн талбайд 1 ч тонн нүүрс буулгаагүй, ямар нэгэн ажил үйлчилгээ аваагүй юм” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон,
мөн “С ” ХХК, “УБТЗ” ХНН-ийн уг 10,15 дугаар салаа зам, терминалын талбайг түрээсээр эзэмшдэг боловч 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс “УБТЗ” ХНН-ийн даргын тушаалаар замын түрээсийн тарифын үнэ нэмэгдэж шинэчлэн батлагдсанаар энэ 2 байгууллагын хооронд түрээсийн төлбөрийн маргаан үүссэн ба “С ” ХХК нь өөрөө уг талбайгаа эзэмших боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Нийслэлийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023-04-10-ны 102/ШШ2023/0173 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023-06-05-ны 210/МА2023/0115 дугаартай магадлал /хх 64-73/ зэргээр,
хэрэгт /хх 22,23/ авагдсан 439,000,000 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгааг 2 компанийн нягтлан бодогч нар харилцан хүлээн зөвшөөрч хийж байсан зэргээр тус тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдсон ба нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.Хариуцагч “С ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д заасан “захиалагч нь гүйцэтгэгчийн терминалаар гэрээний хугацаанд сард 10,000 тн-оос багагүй ачааг дамжуулан өнгөрүүлнэ. Терминалын талбайд ачаа буулгаагүй, мөн дээрх тоо хэмжээнд эс хүрсэн эсэхийг үл харгалзах ба үйлчилгээний хөлсийг 10,000 тн-оор суутган авна”, мөн гэрээний 4.1-д үйлчилгээний хөлс нь тн тутамд 20 юань буюу 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн албан ханш /1 юань 441,82 төгрөг/-аар тооцоход тн тутамд 8,836,4 төгрөг байхаар тохиролцсон” гэсэнд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээ “У ” ХХК-ны талаас шалтгаалан хэрэгжээгүй гэх тайлбарыг нотолсон баримтгүй байна.
Талууд гэрээний зорилгыг “...Монгол Улсын Ачаа тээвэрлэлтийн тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зүйл заалт, олон улсын төмөр замын хэлэлцээр, протокол, Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, төмөр замын тээврийн дүрэм, журам, заавар, терминалын талбайн ажиллах журам, УБТЗ ХНН-д мөрдөгдөж байгаа тарифыг удирдлага болгон гүйцэтгэгч талын эзэмшлийн терминалын талбайг ашиглах болон талбайд нүүрс-ийг ачиж буулгах, пүүлэх, буулгасан ачааг нуруулдаж овоолохтой холбогдох бусад ажил үйлчилгээ”-г харилцан тохиролцсон гэж тодорхойлсонд, Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.2-д “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэсэнд тус тус нийцээгүй байна.
Гэрээний дагуу ажил үйлчилгээг эхлүүлж чадаагүй талаар “У ” ХХК-аас “ ... танай байгууллагын дотоод үйл ажиллагааг хүлээцтэй хүлээн танай гаалийн хяналт талбайд ачаа буулгаж чадахгүй байна, ...“С ” ХХК өөрийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж манай байгууллагын урьдчилгаа төлбөрийг буцаан өгч төлбөр тооцоог дуусгавар болгоно уу” гэсэн мэдэгдэл бүхий албан бичгийг 2022-10-25, 2023-05-01 /хх 75, 76/ тус тус гаргаж, төлбөрөө буцаан шаардаж байсан нь мөн тогтоогдсон байна.
Иймд 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр “У ” ХХК, С ” ХХК нарын хооронд “Терминалын талбайд ажил үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх тухай” SG-18/2021 дугаартай гэрээний дагуу огт ажил эхлээгүй нь “С ” ХХК-ны үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой тул захиалагч “У ” ХХК Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээг цуцалж, хохирлоо гэрээний дагуу төлсөн 439,000,000 төгрөгийн төлбөрөө буцаан шаардсан нь үндэслэлтэй.
Гэрээний Долоо буюу 7.2-д “Талууд гэрээ цуцлахаар бол энэ тухайгаа 30 хоногийн өмнө албан ёсоор бичгээр мэдэгдэж, төлбөр тооцоог хийж дуусгана” гэж заасны дагуу “У ” ХХК төлбөрөө буцаан шаардсан тухай 2 удаа /хх 75,76/-ийн бичгийн мэдэгдлийг гэрээнд заасан хугацаанд гэрээг цуцлах талаар мэдэгдсэн гэж үзнэ.
5.Иймд хэрэгт авагдсан эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 137/ШШ2024/00121 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “С ” ХХК-ны давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч А.Мөнхбаатар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,352.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ
Н.БОЛОРМАА