Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 150

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн ,                                       

Улсын яллагч Д.Мөнхтогтоо,

Шүүгдэгч Р.Э, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  холбогдох эрүүгийн 1809001810060 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 29-ний Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт, Сонгиохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 8 дугаар гудамжны 284 тоотод оршин суух,

-урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 356 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 168 дугаар таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 21 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн,

 

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 330 дугаар таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн  хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын  03-ны өдрийн 142 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2  жил 7 сарын хорих ялаар шийтгэгдсэн,

 

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 413  дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 29 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн / РД: НА72112975 /

 

 

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

- 2017 оны 12 дугаар сарын 19-ний  өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Аз Хур” ХХК-ийн байрны 2 давхарт үйл ажиллагаа явуулах зориулалтай “Мөнхийн үсэг” ХХК-ийн кассын няравын өрөөнөөс  “самсунг галакси эс6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч  280 000 төгрөгийг хохирол учруулсан,

 

-2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Монгол үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөний 301 тоот өрөөнөөс хохирогч С.Оюунтуяагийн   “Самсунг жи3” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хохирогч С.Оюунтуяад 310 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

-2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Люкс Хаус” центрийн 7 давхарт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай “Эм Ти Юи Эм” ХХК-ийн 703 тоот өрөөнд нэвтэрч, орлогын бэлэн 501 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч М.Анхтуяад 510 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Эрдэнэбаяр мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Харамсаж гэмшиж байна.Улс орондоо ажил хөдөлмөр хийж шударгаар амьдарч чадна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Гантулга /хх-ийн 12х/, хохирогч С.Оюунтуяа /хх-ийн 34х/, хохирогч М.Анхтуяа /хх-97х/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Эд зүйлийн үнэлгээнйи тайлан /хх-16, 47х/, Бэлэн мөнгөний тооцооны хуудас хх-100х,  шүүгдэгч Р.Эын /хх-ийн 115х/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Р.Э нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний  өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Аз Хур” ХХК-ийн байрны 2 давхарт үйл ажиллагаа явуулах зориулалтай “Мөнхийн үсэг” ХХК-ийн кассын няравын өрөөнөөс Н.Гантулгын “самсунг галакси эс6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Н.Гантулгад 280 000 төгрөгийг хохирол учруулсан,

 

-2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Монгол үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөний 301 тоот өрөөнөөс хохирогч С.Оюунтуяагийн   “Самсунг жи3” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хохирогч С.Оюунтуяад 310 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

-2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Люкс Хаус” центрийн 7 давхарт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай “Эм Ти Юи Эм” ХХК-ийн 703 тоот өрөөнд нэвтэрч, орлогын бэлэн 501 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч М.Анхтуяад 510 000 төгрөгийн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Р.Эрдэнэбаяр нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Н.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 47 минутад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Аз Хур” ХХК-ийн байрны 2 давхарт үйл ажиллагаа явуулах зориулалтай “Мөнхийн үсэг” ХХК-ийн кассын няравын өрөөндөө ажлаа хийж байгаад бие засах өрөө рүү орчихоод буцаад өрөөндөө ортол ширээн дээр байсан “самсунг галакси эс 6 эджэ” маркийн ногоон гар утас маань аога болчихсон байсан. Тэгээд коридорын камерийг шүүж үзэхэд тэр залуу манай өрөө рүү ороод 12-13 секунд болоод буцаж гарч ирээд миний утсыг өмднийхөө зүүн талын халаасанд хийгээд шатаар доошоо гүйгээд гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13х/,

 

Хохирогч С.Оюунтуяагийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөний 301 тоотод ажил дээрээ байж байтал 10 цагийн 30-35 орчим насны 165 см өндөртэй хар богино куртик өмссөн эрэгтэй орж ирээд хэлний сургалтын талаар зөвлөгөө авч байгаад ширээн дээрээс “Самсунг Жи-3” загварын гар утсыг аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,

 

Хохирогч М.Анхтуяагийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр нутаг дэвсгэрт байрлах “Люкс Хаус” центрийн 7 давхарт 703 тоот өрөөнөөс ажлын ширээний нүднээс орлого болох бэлэн 501 000 төгрөгийг хулгайд алдсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 157 хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-16, 47х/, Бэлэн мөнгөний тооцооны хуудас/хх-100х/, хохирогч нарт хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-150, 151, 172х/  зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Иймд дээрх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож байх тул шүүгдэгч Р.Эыг бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар   авч бусдад 1,091,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Р.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Р.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Р.Эын цагдан хоригдсон 202 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Равжирын Эрдэнэбаярыг бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд  тооцсугай.

 

2. Шүүгдэгч Р.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 / нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Эыг цагдан хоригдсон 202 хоногийг эдлэх ялд оруулсан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Р.Э бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, яллагч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Эт авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.РЕНЧЕНХОРОЛ