Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноопын Болормаа |
Хэргийн индекс | 137/2024/00045/И |
Дугаар | 202/МА2024/00021 |
Огноо | 2024-07-24 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 202/МА2024/00021
ХУ
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
нэхэмжлэгч: * тоотод оршин суух, Б овогт Л.Э /РД: *, утас: */,
* тоотод оршин суух, Б овогт Э.Т /РД: *, утас: */ нарын нэхэмжлэлтэй,
нэхэмжлэгч Э.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч: * тоотод оршин суух, Б овогт Ш.О,
хариуцагч: * тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Б овогт У.Ө /РД: *, утас: */-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 39,960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч У.Ө давж заалдсан гомдолд үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О , хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Г.Хосбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга, тайлбартаа: ...Миний бие Э.Т нь өөрийн аав болох Э хамтаар 2018 онд Нарны хүү сарны охин ХХК-наас 2013 онд үйлдвэрлэгдсэн Хюандэй Соната 7 маркийн * УНЯ маркийн авто машиныг зээлээр худалдаж авсан. Зээлийн гэрээний дагуу зээлээ төлөөд явж байхад найз Ө би наад машиныг чинь урьдчилгааг нь өгөөд би авъя. Үргэлжлүүлээд асуудалгүй төлөөд явчихна гэдэг. Би багын найздаа итгээд өгсөн боловч урьдчилгаа 1 сая төгрөг шилжүүлж өгөөд машиныг аваад явсан. Түүнээс хойш төлөөд явж байна л гээд байсан боловч огт төлөлт хийгээгүй байснаас болж тухайн компани одоо аав бид хоёроос 20,000,000 сая төгрөг нэхэмжилж байна. Нэгэнт төлөх ёстой мөнгө учраас хариуцлага алдаж өрөнд оруулсан Ө авах ёстой. Мөн 2018 оны 8 сард машины мөнгө гэж 1 сая төгрөгөө миний өөрийн хаан банкны * гэж дансанд хийсэн болно. Үүнээс хойш мөнгө ч төлөөгүй машинаа ч өгөлгүй алга болсон учир 20,000,000 төгрөг нэхэмжилж байна. Мөн 2021 онд Норд Бенз * УБЯ маркийн том оврын машин Ө миний таньдаг У гэдэг хүн зарах гээд байна. Би чамд хямдхан авч өгье, яаралтай тул эхний ээлжид 20,000,000 төгрөг өгчих гэхээр нь У.Ө * тоот хаан банкны дансанд 19,960,000 төгрөг 2021 оны 9 сарын 02-нд шилжүүлсэн. Би дараа нь мөнгөө буцааж авъя наймаагаа хийхээ больё гэж удаа дараа хэлэхэд буцаах боломжгүй гэдэг тайлбар тавьдаг. Тэгэхээр нь би тэгвэл машинаа яаралтай ажил гарсан учраас машин хэрэгтэй байна очоод авъя гэхэд манай эхнэрийн ахаас авчих тэнд байгаа гэж Ө хэлсэн. Тэгээд би тэр ахаас нь очиж машин авахад чиргүүлийн солиод өөр өөр машины толгойнд суурилуулсан засвар хийсэн байж байсан. Тэгээд очоод ахаас нь аваад хашаандаа тавьсан. Тэрнээс хойш огт хөдлөөгүй хил гааль хаалттай байсан учраас. 2023 оны эхээр хил нээгдэхэд машины эзэн болох У ирээд дүүгийн машин ажилд гарч байна уу. Ахад нь ажил байна чи зүгээр байлгаж байхаар ахдаа өгөөд явуулчих. Би үндсэн цалингаасаа жолоочдоо өгөөд үлдсэн мөнгийг нь машиныхаа үндсэн мөнгөнөөс хасаад явъя гээд машин аваад явсан. Ингээд хэсэг хугацааны дараа У ахтай яриад за тооцоо нийлэх үү ах ажил хэр байна, миний машины үндсэн мөнгөнөөс хэд хасагдаад, хэд үлдсэн гэхэд би чамд зараагүй би Ө зарсан гээд У машин өгөхгүй гэсэн. Чи тэр Ө учраа ол гээд таг алга болсон. Ингээд машин ч байхгүй, мөнгө ч байхгүй болсон учраас 19,960,000 төгрөг нэхэмжилнэ. Иймд "Нарны хүү сарны охин" ХХК наас надаас нэхэмжилж байгаа 20,000,000 төгрөг, мөн өөрийн дансаар хууртагдан шилжүүлсэн 19,960,000 төгрөг, нийт 39,960,000 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 357 950 төгрөгийн хамтаар нэхэмжилж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. гэжээ.
2.Хариуцагч У.Ө хариу тайлбартаа: ...2.1.Hyundai Sonata 7 маркийн * УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э.Т тэй харилцан тохиролцож Нарны хүү сарны охин ХХК-иас авсан тээврийн хэрэгслийн зээлийг сар бүрийн төлөлтийг хийж, урьдчилгаа 2,000,000 төгрөгийг өгч авсан. Миний бие нь Нарны хүү сарны охин ХХК-д сар бүр зээлийн төлөлт болох 456,000 төгрөгийг тогтмол хийж байтал Нарны хүү сарны охин ХХК болон захирал Д.Г, Д.Д нарыг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх үндэслэлээр Hyundai Sonata 7 маркийн * УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн. Уг хэргийг шалгаж байсан мөрдөгч /нэрийг нь санахгүй байна/ нь тээврийн хэрэгслийг битүүмжилсэн учир унаж болохгүй, хөдөлгөөнд оролцуулахгүй шүү гэж хэлсэн учир битүүмжилсэн өдрөөс хойш уг тээврийн хэрэгслийг ашиглаагүй. Энэ талаар Э.Т хэлсэн. Цагдаагийн байгууллагаас надад ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй өнөөдрийг хүртэл уг тээврийн хэрэгсэл нь битүүмжлээтэй байгаа гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгч Э.Т , Л.Э нар нь Hyundai Sonata 7 маркийн * УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авна гэвэл надад татгалзах зүйлгүй.
2.2.2021 онд Э.Т нь ачааны автомашин худалдаж авах хүсэлтэй байгаагаа надад хэлэхэд нь миний танил ах болох Ө.У нь тээврийн хэрэгслээ зарна гэсэн гээд Ө.У асууж өгье гэж хэлээд асуухад тээврийн хэрэгслээ 70,000,000 төгрөгөөр зарна урьдчилгаа 20,000,000 төгрөг өгөөд үлдэгдлийг тээвэрлэлт хийх бүртээ 1,000,000 төгрөгийг өгөөд зээлээр авч болно гэсэн тэгэхээр нь би энэ талаар Э.Т т хэлэхэд тээврийг хэрэгслийг зээлээр худалдаж авмаар байгаагаа надад хэлж миний Хаан банкны * тоот дансанд 19,960,000 төгрөгийг шилжүүлсэн. Ө.У миний бие нь урьдчилгаа 20,000,000 төгрөгт нь өөрийн эзэмшлийн Alphard маркийн * ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгөхөөр тохиролцсон. Э.Т , Ө.У нар тээврийн хэрэгсэл худалдан авахаар тохиролцож Э.Т нь Ө.У Норд Бенд маркийн * УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явсан. Сүүлд нь Э.Т үлдэгдэл мөнгөө төлөхгүй болохоор нь Ө.У тээврийн хэрэгслээ буцаан авсан талаар мэдсэн. Миний бие нь Э.Т тээврийн хэрэгсэл худалдан авахаар урьдчилгаанд өгсөн 20,000,000 төгрөгт өөрийн тээврийн хэрэгслийг Ө.У өгсөн учир тээврийн хэрэгслийн урьдчилгаанд өгсөн 20,000,000 төгрөгийг би хариуцах үүрэггүй юм гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: 3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д зааснаар нэхэмжлэгч Э.Т , Л.Э нарын хариуцагч У.Ө Хюандэй Соната 7 маркийн * УНЯ тээврийн хэрэгслийн зээлийн төлбөр 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.Ө нь өөрөө Нарны хүү, сарны охин ХХК-тай тооцоо нийлж асуудлыг шийдвэрлүүлнэ гэх тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч Ш.О нь зөвшөөрч харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, зохигчид давж заалдах гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж,
3.2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч У.Ө 19,960,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Т т олгож,
3.3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч У.Ө 257,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Т т олгож,
3.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,
3.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5.Хариуцагч У.Ө давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний худалдан авсан том тэрэгний үлдэгдэл төлбөр нэхэгдэхэд Э.Т тээврийн хэрэгслээ зарчихсан 20,000,000 төгрөгтэй байсан учир би Э.Т ярилцан сарын 10 хувийн хүүтэй, Э.Т том тэрэг худалдан авах үед нь буцаан төлөхөөр амаар тохиролцож 2021 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр зээлсэн, 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлсэн мөнгөний хүүг шилжүүлсэн.
Удалгүй миний танил болох Ө.У том оврын тээврийн хэрэгслээ зарах гэж байгааг сонсоод Э.Т хамт очиж үзэхэд Э.Т таалагдаж авмаар байна гэхээр нь би бэлэн өгөх 20,000,000 төгрөг байхгүй байсан учир Ө.У тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөрт суудлын машин оролцуулж болох уу гэж асуухад Ө.У болно гэхээр нь өөрийн эзэмшлийн * ДГО улсын дугаартай Alphard маркийн тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгт бодож өгч үлдэгдэл төлбөрийг тээвэрлэлт хийх бүрдээ хувааж өгч төлж дуусгахаар Ө.У тохиролцсон. Гэтэл тэр үед ковид-19 өвчин гарсантай холбоотойгоор хил хаагдаж тээвэрлэлт хийх боломжгүй болсон тул Э.Т нь Ө.У авсан * УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээ өөрөө авч явсан. Шүүхэд нэхэмжлэл ирсний дараа Э.Т машины төлбөрөө төлж дуусгаагүй, Ө.У тээврийн хэрэгслээ авч явсан талаар мэдсэн. Шүүхэд хариу тайлбар гаргаж өгөх үедээ Э.Т 20,000,000 төгрөг авсан, Ө.У 20,000,000 төгрөгийн төлбөрт * ДГО улсын дугаартай Alphard маркийн машин өгсөн гэдгээ санаж байсан болохоор тайлбартаа тэгж бичсэн боловч дараа нь дансны хуулгаа харж байж бүх болсон зүйлээ нарийн санаж шүүх хуралдаанд хэлсэн, би Э.Т 19,960,000 төгрөгийг зээлэхдээ "том оврын тээврийн хэрэгсэл авахад нь өгнө" гэж урьдчилгаа төлбөрт нь өөрийн тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгт бодож, худалдагч талтай харилцан тохиролцож өгсөн нь гэрч Ө.У шүүхэд өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 19,960,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
6.Хариуцагчийн өмгөөлөөгч Н.Баярмаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв болон эргэлзээгүй талаас нь шүүх дүгнэж хэргийг шийдвэрлэх байтал хэт нэг талыг барьж шүүхийн шийдвэр гаргасан. Яагаад гэхээр нэхэмжлэгч Т , хариуцагч Ө нар 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 19,960,000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн гэж үзэж байгаа юм. Уг зээлийг эргэн төлүүлэх нөхцөлийг нэхэмжлэгч хариуцагч нар сарын 10 хувийн хүүтэй өгөхөөр нэхэмжлэгч Т ийг том оврын тээврийн хэрэгсэл худалдан авах үед нь Ө 19,960,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон байдаг. Дээрх гэрээнийхээ үүргийн дагуу Ө нь Т т 2021 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 10 хувийн хүү болох 2,000,000 төгрөгийг Т ийн эхнэр болох Энхзаяагийн Хаан банкны 5029983479 тоот дансанд шилжүүлсэн.
Т ийг У * УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авахад нь урьдчилгаа төлбөр болох 20,000,000 төгрөгт худалдагч тал болон худалдан авагч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн эзэмшлийн * ДГО улсын дугаартай Alphard тээврийн хэрэгслийг Т өөс зээлсэн 19,960,000 төгрөгийнхөө үүрэгт Урансанаад өгч Т , Ө нарын хооронд үүссэн зээлийн харилцаа дууссан байдаг.
Тээврийн хэрэгслийг Төмөрөө гэх найзтайгаа хамт ирж үзээд худалдаж авсан. Тэр үед би урьдчилгаа 20,000,000 төгрөгт түүний Альфард маркийн машиныг авсан, 2 жил ямар ч төлбөр төлөөгүй учраас би очиж авсан гэдэг талаар бас гэрч өөрөө мэдүүлээд өгчихсөн байгаа. Тийм учраас Ө болон Т нарын хооронд үүсээд байгаа болон өмнө нь үүссэн байсан зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон байна гэж үзэж байгаа учраас хариуцагч Т ийн өмнө 19,960,000 төгрөгийг хүлээх үүрэггүй, шүүх үндэслэлгүйгээр хуулийг буруу хэрэглэж тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн байна” гэв.
7.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ш.Оюумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...давж заалдах гомдол бол ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлэх юм бол Ө болон Т 2-ын хооронд зээлийн гэрээ хийсэн зээлийн гэрээний дагуу Ө зээлийн гэрийнхээ үүргийг биелүүлээд дуусгавар болсон гэж ярьж байна. Тэгэхээр ямар үндэслэлээр дуусгавар болсон зээлийн гэрээ гэж юугаар нотлоод байгаа юм. Урансанаагийн машин байгаа. Урансанаа, Т 2 хоорондоо тохиролцсон. Энэ 2-ын хоорондын асуудал болохоос манай Өнөрбаярын асуудал биш гэсэн хууль зүйн ямар үндэслэл байна вэ? Өмгөөлөгч маань өнөөдөр шүүх хуралд орохдоо ямар үндэслэлээр зээлийн гэрээ дуусгавар болж байгаа мөн худалдах, худалдан авах хэлцэл гээд байвал ямар үндэслэлээр худалдах худалдан авалт дуусгавар болж байгаа юм. Энэ талаар огт ярихгүй байна. Ийм учраас давж заалдах гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд буруу байна. Анхан шатын шүүх хууль зүйн үндэслэлээ зөв шийдсэн. Хүн авсан юмаа буцааж өгдөг, өөрөөр хэлэх юм бол зүгээр энгийн ярихад авсан юмаа буцааж өгөөгүй байж энэ үндэслэлгүй байна, би төлөхгүй гээд байдаг ямар үндэслэл байгаа юм? Энэ үндэслэл нь гаргаж байгаа гомдолдоо тохирохгүй байгаа учраас анхан шатын шүүх хууль зүйн үндэслэлээ зөв шийдсэн гэж үзэж байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн хариуцагч У.Ө давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ: 1.1.“...миний бие Э.Т өөрийн аав болох Э хамтаар 2018 онд “Нарны хүү сарны охин” ХХК-аас 2013 онд үйлдвэрлэгдсэн Hyundai Sonata 7 маркийн * УНЯ улсын дугаартай авто машиныг зээлээр худалдаж авсан. Зээлийн гэрээний дагуу зээлээ төлөөд явж байхад найз Ө би наад машиныг чинь урьдчилгааг өгөөд авъя, үргэлжлүүлээд асуудалгүй төлөөд явчихна гэсэн, би багын найздаа итгээд өгсөн боловч урьдчилгаа 1 сая төгрөг шилжүүлж өгөөд машиныг аваад явсан. Түүнээс хойш төлөөд явж байна л гээд байсан боловч огт төлөлт хийгээгүй байснаас болж тухайн компани одоо аав бид хоёроос 20,000,000 төгрөг нэхэмжилсэн учир 20,000,000 төгрөг нэхэмжилнэ.
1.2.Мөн 2021 онд North Benz * УБЯ маркийн том оврын машиныг, Ө миний таньдаг У гэдэг хүн зарах гээд байна. Би чамд хямдхан авч өгье, яаралтай тул эхний ээлжид 20,000,000 төгрөг өгчих гэхээр нь У.Ө 5374 2585 73 тоот хаан банкны дансанд 19,960,000 төгрөг 2021 оны 9 сарын 02-нд шилжүүлсэн, би дараа нь мөнгөө буцааж авъя наймаагаа хийхээ больё гэж удаа дараа хэлэхэд буцаах боломжгүй гэсэн. Тэгэхээр нь би яаралтай ажил гарсан учраас машин хэрэгтэй байна очоод авъя гэхэд манай эхнэрийн ахаас авчих тэнд байгаа гэж Ө хэлсэн, машиныг авахаар очиход чиргүүлийг солиод өөр машины толгойнд суурилуулсан засвар хийсэн байж байсан, машиныг ахаас нь аваад хашаандаа тавьсан. Тэрнээс хойш огт хөдлөөгүй хил гааль хаалттай байсан учраас 2023 оны эхээр хил нээгдэхэд машины эзэн болох У ирээд дүүгийн машин ажилд гарч байна уу. Ахад нь ажил байна чи зүгээр байлгаж байхаар ахдаа өгөөд явуулчих гээд машин аваад явсан, хэсэг хугацааны дараа У ахтай яриад за тооцоо нийлэх үү гэхэд би чамд зараагүй би Ө зарсан, машиныг өгөхгүй, чи тэр Ө учраа ол гээд таг алга болсон. Ингээд машин ч байхгүй, мөнгө ч байхгүй болсон учраас 19,960,000 төгрөг, "Нарны хүү сарны охин" ХХК-аас надаас нэхэмжилж байгаа 20,000,000 төгрөг, нийт 39,960,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар нэхэмжилнэ” гэжээ.
1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ш.Оюумаа “...“Нарны хүү сарны охин ХХК-тай холбоотой машиныг битүүмжилсэн байгаа. Энэ компанид асуудал үүсээд захирал нь ял эдэлж байгаа юм байна, хариуцагч У.Ө дээр машиныг битүүмжилсэн, ямар нэгэн асуудал гарах юм бол хариуцлага хүлээнэ, У.Ө өөрөө Нарны хүү, сарны охин компанид тооцоо хийгээд дуусгана гэсэн тул эвлэрэх саналтай, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, 2021 онд Т , Ө нарын хооронд * УБЯ дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авах тохиролцоо хийж урьдчилгаанд нь 19,960,000 төгрөгийг Ө шилжүүлсэн. Тэгээд машинаа авъя гэтэл У гэх хүн гарч ирсэн. Ө машинч өгөөгүй, мөнгө өгөөгүй алга болсон. Машины эзэн У нь машинаа өгөхгүй гэдэг. Иймд Ө машины урьдчилгаанд өгсөн 19,960,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч У.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа 2.1 ”...Hyundai Sonata 7 маркийн * УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э.Т харилцан тохиролцож “Нарны хүү сарны охин” ХХК-аас авсан тээврийн хэрэгслийн зээлийг сар бүрийн төлөлтийг хийж, урьдчилгаа 2,000,000 төгрөгийг өгч авсан. Миний бие нь “Нарны хүү сарны охин” ХХК-д сар бүр зээлийн төлөлт болох 456,000 төгрөгийг тогтмол хийж байтал “Нарны хүү сарны охин” ХХК болон захирал Д.Г, Д.Д нарыг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх үндэслэлээр Hyundai Sonata 7 маркийн * УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, битүүмжилсэн өдрөөс хойш уг тээврийн хэрэгслийг ашиглаагүй учир зээлийг төлөөгүй, одоо машиныг авсан, ашиглаж байгаа учир зээлийг төлөхөд асуудалгүй, энэ талаар эвлэрэхэд татгалзах зүйлгүй.
2.2.Харин North Benz машины тухайд 2021 онд Э.Т ачааны автомашин худалдаж авах хүсэлтэй байгаагаа надад хэлэхэд нь миний зүгээс танил ах Ө.У тээврийн хэрэгслээ зарна гэсэн гээд асууж өгье гэж хэлээд, асуухад тээврийн хэрэгслээ 70,000,000 төгрөгөөр зарна урьдчилгаа 20,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрөө тээвэрлэлт хийх бүртээ 1,000,000 төгрөгийг өгөөд зээлээр авч болно гэсэн, би энэ талаар Э.Т хэлэхэд тээврийг хэрэгслийг зээлээр худалдаж авмаар байгаагаа надад хэлж миний Хаан банкны * тоот дансанд 19,960,000 төгрөгийг шилжүүлсэн. North Benz тээврийн хэрэгслийг авах урьдчилгаа 20,000,000 төгрөгт өөрийн эзэмшлийн Alphard маркийн * ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгөхөөр Ө.У тохиролцсон. Э.Т , Ө.У очиж, North Benz маркийн * УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явсан. Би Э.Т ийн тээврийн хэрэгсэл худалдан авахаар урьдчилгаанд өгсөн 20,000,000 төгрөгт өөрийн тээврийн хэрэгслийг Ө.У өгсөн учир 20,000,000 төгрөгийг би хариуцахгүй” гэж маргасан байна.
3.Анхан шатны шүүх Э.Т , Л.Э нарын хариуцагч У.Ө Hyundai Sonata 7 маркийн * УНЯ тээврийн хэрэгслийн зээлийн төлбөр 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.Ө нь өөрөө “Нарны хүү, сарны охин” ХХК-тай тооцоо нийлж асуудлыг шийдвэрлүүлнэ гэх тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч Ш.Оюумаа нь зөвшөөрч харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, зохигчид давж заалдах гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч У.Ө 19,960,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Т олгохоор шийдвэрлэсэн ба шийдвэртээ “...хариуцагч У.Ө үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч нь өөрийн дансанд орж ирсэн мөнгийг нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу North Benz * УБЯ маркийн том оврын тээврийн хэрэгслийн эзэмшигч Ө.У шилжүүлээгүй байх тул 19,960,000 төгрөгийг нэхэмжлэгчид эргүүлэн өгөх ёстой” гэж дүгнэжээ.
4.Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч У.Ө “...2021 онд Э.Т надтай хамт туслах жолоочоор тээвэрлэлт хийж, байсан, тэр үед миний худалдаж, авсан том тэрэгний үлдэгдэл төлбөр нэхэгдэхэд Т өөс 20,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, том тэрэг худалдаж, авах үед нь буцаан төлөхөөр тохиролцож, 2021-09-02-ний өдөр зээлсэн, зээлсэн мөнгөний хүүг 2021-10-09-ний өдөр хүү утгаар шилжүүлсэн. Удалгүй миний танил Ө.У тээврийн хэрэгслээ зарах гэж байгааг сонсоод Э.Т хамт очиж үзэхэд авмаар байна гэсэн, би бэлэн өгөх 20,000,000 төгрөг байхгүй байсан учир Ө.У урьдчилгаа төлбөрт өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгт бодож, үлдэгдэл төлбөрийг тээвэрлэлт хийх бүрдээ хувааж өгч, төлж дуусгахаар Ө.У тохиролцсон. Шүүхэд хариу тайлбар гаргаж өгөхдөө Э.Т 20,000,000 төгрөг авсан, Ө.У 20,000,000 төгрөгийн төлбөрт * ДГО улсын дугаартай Alphard маркийн машин өгсөн гэдгээ санаж байсан болохоор тэгж бичсэн боловч дараа нь дансны хуулгаа харж байж бүх болсон зүйлээ санасан, Т ийг том тээврийн хэрэгсэл авахад нь урьдчилгаа төлбөрт өөрийн тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгт бодож, Ө.У тохиролцож, өгснөөр Т ийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсон учир 19,960,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдол гаргасан.
5.Зохигчдын тайлбар, хэрэгт буй нотлох баримтуудыг харьцуулан, эх сурвалжийг магадлан үзвэл:
5.1.Нэхэмжлэгч Э.Т , Л.Э нар “Нарны хүү сарны охин” ХХК-аас зээлээр авсан, 2013 онд үйлдвэрлэгдсэн Hyundai sonata 7 маркийн * УНЯ маркийн авто машины үнэ 20,000,000 сая төгрөгийг, хариуцагч У.Ө гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ асуудлаар эвлэрсэн байх буюу хариуцагч У.Ө “...сая шүүхийн шийдвэрүүд дээр * УНЯ улсын дугаартай, Hyundai sonata 7 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг намайг гэж бичсэн байна, иймд компанитай тооцоог би өөрөө хийнэ” гэж, нэхэмжлэгч нарын төлөөлөгч, өмгөөлөгч Ш.Оюумаа “...хариуцагч компанитай өөрөө тооцоо нийлж, шийдвэрлэнэ гэсэн учир энэ 20,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхгүй” гэсний дагуу шүүхээс зохигчдын эвлэрлийг баталж, шийдвэрлэжээ.
Энэ нь зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 02 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ДШМ/145 дугаар магадлалд заасан“... Hyundai sonata 7 маркийн эзэмшигч У.Ө ” гэсэнд нийцсэн, шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
5.2.Мөн нэхэмжлэгч Э.Т ийн “....North Benz маркийн * УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авахад урьдчилгаанд гэж өгсөн 19,960,000 төгрөг”-ийг хариуцагч У.Ө гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Тухайлбал хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч У.Ө “...Ө.У North Benz маркийн том оврын тээврийн хэрэгслээ 70,000,000 төгрөгөөр зарна, урьдчилгаа 20,000,000 төгрөг яаралтай өгөөд үлдэгдэл төлбөрөө тээвэрлэлт хийх бүрд 1,000,000 төгрөгийг өгч зээлээр авч болно” гэж хэлсний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаар данснаас 19,960,000 төгрөгийг шилжүүлсэн/1 хх16/, хариуцагч У.Ө мөнгийг хүлээн авсан/хх59-60/ баримтаар тогтоогдож байх ба гэрч Ө.У “...би Э.Т машинаа зарж, борлуулсан зүйл байхгүй, харин У.Ө гэх залууд 2021 онд ковидын үед 68,000,000 төгрөгөөр зарсан, 20,000,000 төгрөгт Alphard маркийн машиныг авч, үлдэгдэл мөнгийг Ө тээвэр хийх болгондоо төлж байя гэж тохирч, машинаа зарсан. Alphard маркийн машиныг 7,000,000 төгрөг төлж байж, банк бусаас чөлөөлж, авч байсан” гэсэн мэдүүлгээр тус тус хариуцагч У.Ө нь нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөр гэж шилжүүлсэн 19,960,000 төгрөгийг хүлээж, авсан боловч энэ мөнгийг машины эзэмшигч Ө.У шилжүүлж, өгөөгүй үйл баримт тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчаар тодорхой үйлдэл хийлгэхээр буюу худалдаж авах машины урьдчилгаа төлбөр гэж 20,000,000 төгрөгийг дамжуулж, өгөхийг хүссэн улмаар нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл болох машин худалдаж, авах урьдчилгаа төлбөрт 19,960,000 төгрөг шилжүүлснийг, хариуцагч У.Ө өөртөө үлдээж, хэрэглэсэн, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрч Ө.У эзэмшлийн тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа урьдчилгаанд хариуцагч У.Ө эзэмшлийн тээврийн хэрэгслийг өгөх талаар тохироо хийгдээгүй талаарх хэргийн үйл баримт нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Э.Т ийн шилжүүлсэн мөнгөн дүнгийн хэмжээнд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгөө буцаан шаардсан нь үндэслэлтэй.
5.3.Хариуцагч 19,960,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, 20,000,000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлсэн, зээлийн хүүг шилжүүлсэн гэсэн тайлбар хэлж, гүйлгээ хийсэн банкны дансны хуулгыг шүүхэд гаргаж өгчээ.
Хэдийгээр хариуцагч 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн, зээлийн хүү-нд 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн, гэрч Ө.У худалдаж, авсан машины урьдчилгаанд өөрийн машиныг өгсөн учраас энэ мөнгийг төлөхгүй гэх боловч үүнийг нотолсон баримтгүй ба энэ нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээс зөрүүтэйн зэрэгцээ тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгчээс, хариуцагч У.Ө “... Ө.У машинаа зарна гэж байна, урьдчилгаанд 20,000,000 төгрөгийг авна гэсэн” гэж хэлсний дагуу түүнд 19,960,000 төгрөгийг шилжүүлсэн, энэ мөнгийг гэрч Ө.У шилжүүлж өгөөгүй зэрэг үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримтгүй байна.
Хариуцагч У.Ө “..хүү 2,000,000” төгрөгийг нэхэмжлэгчийн эхнэрийн данс руу шилжүүлсэн гэсэн тайлбар болон банкны дансны хуулга баримтыг нэхэмжлэгчээс машины урьдчилгаанд шилжүүлсэн 19,960,000 төгрөгт хамааралгүй, түүнээс зээлсэн 20,000,000 төгрөгт хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Хэдийгээр хэрэгт хүү гэж 2,000,000 төгрөг шилжүүлсэн баримт байх боловч тухайн дугаар дансыг нэхэмжлэгчийн эхнэрийн данс мөн эсэх, хариуцагчийн тайлбарт дурдсан 20,000,000 төгрөгийн зээлтэй холбоотойг нотолж, тогтоосон баримтгүй учир хариуцагчийн энэ талаарх татгалзал үндэслэлгүй юм.
5.4.Мөн гэрч Ө.У тээврийн хэрэгслээ У.Ө худалдахаар урьдчилгаа 20,000,000 төгрөгт түүний эзэмшлийн, ББСБ-д 7,000,000 төгрөгийн барьцаанд байсан Alphard маркийн тээврийн хэрэгслийн барьцааны үнийг төлж авахаар, харин хариуцагч У.Ө нь худалдаж, авсан North Benz маркийн * УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийх бүрдээ 1,000,000 төгрөгийг Ө.У өгч байхаар харилцан тохиролцсон байх ба тэд хуульд заасны дагуу тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогджээ.
Тиймээс хариуцагч У.Ө North Benz тээврийн хэрэгслийн урьдчилгаанд гэж нэхэмжлэгчийн шилжүүлсэн 19,960,000 төгрөгийг өөртөө үлдээж, хэрэглэсэн нь үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйл, мөн зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “...бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн дагуу хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болох” хуулийн шаардлагын дагуу хариуцагч 19,960,000 төгрөгийг буцаан төлөх нь зүйтэй.
Харин машины урьдчилгаа төлбөрт гэж өгсөн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг эсхүл үнийг гаргуулахтай холбоотой маргааныг Ө.У холбогдуулан иргэний журмаар, анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Иймд нэхэмжлэгч Э.Т , хариуцагч У.Ө нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд У.Ө аас, North Benz тээврийн хэрэгслийн худалдаж авахад урьдчилгаанд 20,000,000 төгрөг гэсний дагуу нэхэмжлэгч түүнд шилжүүлсэн, уг мөнгийг хариуцагч өөрийн хувийн хэрэгцээнд хэрэглэсэн байх тул түүнийг 19,960,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн, гомдлыг хангахгүй орхиж, гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Анхан шатны шүүхээс зохигчдын эвлэрлийг баталж, шийдвэрлэхдээ тэмдэгтийн хураамжийг зохих журмын дагуу нэхэмжлэгч, хариуцагчид хувааж, хариуцуулахаар шийдвэрлээгүй байх тул энэ үндэслэлээр мөн шийдвэрт өөрчлөлт оруулна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 137/ШШ2024/00125 дугаар шийдвэрийн
2 дугаар заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгөөс 128,975 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 128,975 төгрөг, улсын төсвийн орлогоос 128,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж нэмж,
4 дүгээр заалтад “машины урьдчилгаа төлбөрт гэж өгсөн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг эсхүл үнийг гаргуулахтай холбоотой маргааныг Ө.У холбогдуулан иргэний журмаар, анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсүгэй.” гэж нэмж,
5 дугаар заалтыг “урьдчилан төлсөн 100,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Ө 257,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Т олгосугай.” гэж өөрчлөн 2 дугаар заалтыг 3, 3 дугаар заалтыг 5, 4,5 дугаар заалтыг 6,7 гэж дугаарлан хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч У.Ө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ
Н.БОЛОРМАА