Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 397

 

 

 

 

 

 

 

 

 

     2019         03          26                                     2019/ШЦТ/279

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

 

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: П.Эрдэнэбаатар;

шүүгдэгч: Н.Л (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ........... Н.Лд холбогдох эрүүгийн 1909007150386 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны  өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа автомашины цахилгаан засдаг, ам бүл 1, .................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ............регистрийн дугаартай, Таван ханхар овогтой Нямдоржийн Н.Л.

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Н.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 7 дугаар гудамжны 207 тоотод хохирогч З.Ууганцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гар утас шидэж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхины шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацрын цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Л мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Ууганцэцэг /хх-ийн 28-29/, гэрч С.Янжмаа /хх-ийн 40-42/, гэрч О.Төгсжаргал /хх-ийн 43/ нарын  мэдүүлсэн мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2161 тоот дүгнэлт /хх-ийн 49/, Н.Лын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 59-66/, Н.Лын хүсэлт /хх-ийн 77/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 7 дугаар гудамжны 207 тоотод хохирогч З.Ууганцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гар утас шидэж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхины шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацрын цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч З.Ууганцэцэгийн /хх-ийн 28-29/:“... 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед хуучин хамтран амьдардаг байсан Н.Л гэх залуугийнд найз Янжмаагийн хамт очсон. Тэгээд Н.Л, Н.Лын найз Төгсөө, Уугий манай найз Янжмаа бид нар 0,75 литрийн 2 шил архи, 2,5 литрийн савтай “Боргио” пиво хувааж уусан юм. Ууж байхад би “одоо архиа болио хэтэрлээ, чи уухаараа ямар ааш зан гаргадаг билээ” гэж Н.Лд хэлэхэд намайг “гичий, нохой, янхан” чамд ямар хамаатай юм. Миний авч ирсэн архи гэж хэлсэн. Тэгээд над руу дайраад “би явлаа” гэж хэлээд орон дээр суугаад гутлаа өмсөж байтал миний утсыг булааж авсан. Би утсаа авъя миний утсыг өг” гэж хэлтэл “май” гээд миний утсыг над руу хүчтэй шидэж, утас миний зүүн нүдний зовхи хэсэгт онож их хэмжээний цус гарсан. Тэгээд би цагдаа дуудсан ..." гэх мэдүүлгээр,

 

          гэрч С.Янжмаагийн /хх-ийн 40-42/: "...Лхагваа уурлаад Ууганаа руу дайраад байхаар нь “явъя хоёулаа” гээд явах гэж байсан чинь, Ууганаагийн хоёр гутлыг булааж авснаа буцаагаад өөр лүү нь шидсэн. Тэгсэн чинь Ууганаа уурлаад “цагдаа дуудна” гэсэн чинь утсыг нь шүүрч аваад элдвээр доромжлоод байсан. Тэгснээ Ууганаагийн утсыг нүүр лүү нь май энэ утсаа ав гээд шидсэн. Тэгсэн чинь Ууганаагийн нүд рүү нь оносон ...” гэх мэдүүлгээр,

 

          гэрч О.Төгсжаргалын /хх-ийн 43/: “...Н.Л гар утсыг нь Ууганаагийн өөдөөс “аваарай” гээд шидэхэд хөмсгөн дээр нь оноод хөмсөг нь язраад цус гоожсон..” гэх мэдүүлгээр,

 

               “З.Ууганцэцэгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхины шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацрын цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2161 тоот дүгнэлт /хх-ийн 49/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Н.Лын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Н.Лын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч З.Ууганцэцэг “...хохирол төлбөрийн маргаангүй, гомдол санал нэмжлэх зүйлгүй... ” гэсэн баримт хэргийн 78 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Н.Лыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ............ Н.Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ