Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00449

 

Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

              Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Гэрэлтуяа  би,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 01-05 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОИ87021701, Цоохор мууд овогтой Мандалын Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй,

             Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Аянчингийн 23-3 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ79093068, Булгадар овогтой Батжаргалын Эрдэнэцэцэгт холбогдох,

         Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

      Нэхэмжлэгч М.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд Б.Эрдэнэцэцэг нь 2016 оны 2 дугаар сарыг Цагаан сарын баярын үеэр надаас 250.000 төгрөгийн үнэ бүхий булган малгай авсан ба бэлнээр 100.000 төгрөгийг өгсөн. Харин үлдэх 150.000 төгрөгийг 3 дугаар сарын сүүлээр өгнө гэж хэлсэн боловч өнөөг хүртэл ямар ч мөнгө өгөхгүй байна. Би удаа дараа мөнгөө нэхсэн боловч “Чиний малгай муу малгай байна” гэж хэлээд үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байна. Иймд Б.Эрдэнэцэцэгээс 150.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

       Хариуцагч Б.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: “М.Цэцэгмаагийн нэхэмжилсэн 102.575 төгрөгийг нөхөн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

         Нэхэмжлэгч М.Цэцэгмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие нэхэмжилсэн 150.000 төгрөгөөс 50.000 төгрөгийг хасаад, 102.575 төгрөгөө бэлнээр авсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч М.Цэцэгмаа нь хариуцагч Б.Эрдэнэцэцэгт холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч М.Цэцэгмаа нь нэхэмжлэлийн шаардлагаас 50.000 төгрөгийг хасч, үлдэх 100.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 5.150 төгрөгийн тал хувь буюу 2.575 төгрөгийн хамт бэлнээр хариуцагч Б.Эрдэнэцэцэгээс авч, зохигчид эвлэрсэн байна.

            Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.150 төгрөгөөс 2.875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2.275 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч М.Цэцэгмаад олгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

          ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Цэцэгмаа нь нэхэмжлэлийн шаардлагаас 50.000 /тавин мянга/ төгрөгийг хасч, хариуцагч Б.Эрдэнэцэцэг нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 100.000 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж 2.575 төгрөг, нийт 102.575 /нэг зуун хоёр мянга таван зуун далан тав/ төгрөгийг нэхэмжлэгч М.Цэцэгмаад төлж барагдуулан, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.150 төгрөгөөс 2.875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2.275 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч М.Цэцэгмаад олгосугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА