Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
Хэргийн индекс | 101/2023/00804/И |
Дугаар | 202/МА2024/00022 |
Огноо | 2024-07-24 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 202/МА2024/00022
2024 07 24 202/МА2024/00022
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 136/ШШ2024/00214 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, Я овогт Б.У ,
Хариуцагч: * гэх газарт оршин суух, Д овогт Н.Т холбогдох,
344,962,100 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Б.У холбогдох 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0540 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Н.Т сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
нэхэмжлэгч Б.У гомдлыг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т /зайнаас цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.У нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ... Б.У миний бие Н.Т итгэмжлэн хариуцуулсан байсан тээврийн хэрэгслээс 7 ширхэг чиргүүлийг бусдад зарж, хувьдаа завшиж хохирол учруулсан хэргээр Дорноговь аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Т бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 29,262,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж бусад хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.
Бид Давж заалдах шатны шүүх болон иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргалгүйгээр хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулах санал гаргасныг хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр харилцан тохиролцсон гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Энэхүү гэрээнд
1.Н.Т нь Б.У нийт 400,000,000 төгрөг төлөх
2.Энэ төлбөрийг нэг жилийн хугацаанд сар бүр тэнцүү хувааж төлөх
3.Төлбөрөөс өмнөх төлсөн мөнгийг хасах
4.Төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүн хоногт 0,5 хувь алданги тооцох
5.160,000,000 төгрөгөөс сард 1 хувь хүү тооцох заалтуудыг тусгаж Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан.
Н.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу 175,000,000 төгрөгийг барагдуулсан. Гэтэл Н.Т нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, цаашид гэрээний дагуу биелүүлэхгүй болсон нь түүний байдлаас тодорхой болсон. Иймээс түүнээс үндсэн мөнгө 400,000,000 төгрөгөөс түүний өмнө нь төлсөн 175,000,000 төгрөгийг хасч 225,000,000 төгрөг, үүн дээр 160,000,000 төгрөгийн хүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 4,5 сарын хүү нэг сард 1,600,000 төгрөг нийт 7,200,000 төгрөг, алданги 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 137 хоног, хоногт 0,5 хувийн алдангийг 225,000,000 төгрөгөөс тооцоход хоногт 1,125,000 төгрөгийг 137 хоногоор тооцоход 154,125,000 төгрөг болж байгаа бөгөөд Н.Т нь 2022 оны 12 дугаар 27-нд 5,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 14-нд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлбөрт төлсөн 4,750,000 төгрөгийг алдангаас хасч 144,375,000 төгрөг үлдэж байна. Ингээд ,
1.Үндсэн үлдэгдэл төлбөр болох 225,000,000 төгрөг,
2.160,000,000 төгрөгийн хүү 4,5 сарын хүү 7,200,000 төгрөг,
3.Гүйцэтгээгүй үүрэг буюу 225,000,000 төгрөгийн алданги 144,375,000 төгрөг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.. гэсэн заалтыг баримтлан 225,000,000 төгрөгийн 50 хувь болох 112,500,000 төгрөг нийт 344,700,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.
Миний хувьд Н.Т маш их боломжийг олгосон бөгөөд бодитоор төлбөл зохих 429,000,000 төгрөг төлөхөөс 29,000,000 төгрөгийг хасч 400,000,000 төгрөг болгосон, өөрийн амласан давж заалдахгүй байр сууриндаа хүрсэн. Анхан шатны шүүхийн төлбөрөө төлөөгүй этгээдэд ногдуулсан эрүүгийн хариуцлага хуульд нийцээгүй, хорих төрлийн хариуцлага оногдуулах талаар давж заалдаагүй. Гэрээний хугацаандаа төлбөрөө төлөхийг бүтэн сар хүлээсэн байтал Н.Т нь үүргээ биелүүлэхгүй байгаад гомдолтой байгаа учраас шүүхээр асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх болсон юм.
Мөн би шүүхэд ирж очих болон баримт хуулбарлан гаргуулахад 262,100 төгрөг гарсан. Үүнд:
1.Шүүхийн архиваас бичиг баримт авахаар 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сум руу ирж, очсон зардал болох бензиний мөнгө болон шуудангаар бичиг баримт илгээсэн, баримт хувилж авсан төлбөр болно. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: ...Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Н.Т 344,700,000 төгрөг, мөн шүүхэд ирж очих болон бичиг баримт хуулбарлан авсан зардал болох 262,100 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргасныг дараах байдлаар тодруулж байна.
Хариуцагч Н.Т нь өөрөө болон Баяр транс ХХК-ийн нэрийг ашиглан нэхэмжлэгч Б.У Хамтран ажиллах гэрээ байгуулж улмаар итгэмжлэн хариуцуулсан тээврийн хэрэгслүүд болон зөөврийн сууц, дугуйнуудыг бусдад зарж борлуулан хувьдаа завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан асуудлаар Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлж, иргэний нэхэмжлэлийн асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэсэн шийтгэх тогтоол гаргасан байдаг. Тиймээс хариуцагч Н.Т учирсан хохирлыг арилгуулахаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар шаардаж байна.
Хариуцагч Н.Т нь учирсан хохирол төлбөрийн асуудлаар тооцоо нийлж гэрээ байгуулах санал тавьсны дагуу 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1-т заасныг үндэслэн №0540 дугаартай гэрээг байгуулсан.
Тус гэрээгээр Б.У Хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш учирсан хохирол 400,000,000 төгрөг, үүнээс Н.Т эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа төлсөн 175,000,000 төгрөгийг хасч үлдэгдэл төлбөр 225,000,000 төгрөг болсон байна.
Үлдэгдэл 225,000,000 төгрөгийн 160,000,000 төгрөг нь Н.Т эзэмшилд байгаа 8 ширхэг тээврийн хэрэгслийн үнэ бөгөөд Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр тус бүр 20,000,000 төгрөгөөр тогтоосон ба гэрээ байгуулсан өдрөөс хойш нэг сарын хүүтэй байхаар, төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон.
Харин 225,000,000 төгрөгөөс 8 ширхэг тээврийн хэрэгслийн үнэ 160,000,000 төгрөг гэхээр 65,000,000 төгрөг нь Ханги мандлаас тээврийн хэрэгслүүдийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу зөөвөрлөхөд гарсан зардал болон дугуй обудны төлбөрүүдийн нийт дүнгээс хасаж тооцож тохиролцсон үнийн дүн юм.
Иймд 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасны дагуу төлбөр тооцоог харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу хариуцагч Н.Т үлдэгдэл төлбөр 225,000,000 төгрөг, үүнээс 8 тээврийн хэрэгслийн 160,000,000 төгрөгийн 4,5 сарын хүү 7,200,000 төгрөг, 225,000,000 төгрөгөөс гүйцэтгээгүйн хүүгийн алданги 112,500,000 төгрөг, учирсан хохирол 262,100 төгрөг нийлбэр дүн 344,962,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч Н.Т татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга: Н.Т би 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хохирогч Б.У нь давж заалдаж Н.Т хориулна, ял хөндөгдсөн гэсэн байдаг.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-т: ... их хэмжээний буюу 245,000,000 төгрөгийн хохирол учруулсан.. мөн тогтоолын 5-д: ...Н.Т Б.У 29,262,000 төгрөгийг олгож.. гэсэн шийтгэх тогтоол гарсан. Шийтгэх тогтоолд дурдсан хохирол төлбөрийг Н.Т нь төлж барагдуулсан ба энэ талаар нэхэмжлэгч Б.У мөн нэхэмжлэлдээ дурдсан байна. Н.Т нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг нэмж төлсөн байна.
Нэхэмжлэгч Б.У нь гэрээнд заасны дагуу гэсэн байгаагаас харахад: Нийслэлийн тойргийн нотариатч С.Г баталсан 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0540 дугаартай гэрээнд ...Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс бусад заалтад энэ гэрээ хамаарахгүй...гэрээний агуулга, хууль зүйн үр дагаврыг нотариатч зөвлөсөн болно...гэжээ. Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан 245,000,000 төгрөгийг Н.Т нь төлж барагдуулсан байхад Б.У нь хаанаас 400,000,000 төгрөг түүний үлдэгдэл болох 160,000,000 төгрөг гээд байгааг ойлгохгүй байна.
Эрүүгийн шүүх хуралдаан дээр үндэслэлгүй нэхэмжилсэн үнийн дүнг хэрэгсэхгүй болгож нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй орхиж шийдвэрлэсэн гэж ойлгож байна. Гэтэл ямар ч нотлох баримт байхгүйгээр Н.Т 160,000,000 төгрөгийг хүү, алданги тооцож авна гэж байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих бодит нөхцөл бий болж байна гэж үзэж байна.
Б.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ..бусад хохирлыг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар нэхэмжлэхийг тусгасан... 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр харилцан тохиролцож гэрээг нотариатаар гэрчлүүлж энэ гэрээнд:
1.Н.Т нь Б.У нийт 400,000,000 төгрөг төлөх
2.Энэ төлбөрийг 1 жилийн хугацаанд сар бүр тэнцүү хувааж төлөх
3.Төлбөрөөс өмнөх төлсөн мөнгийг хасах
4.Төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнд хоногт 0,5 хувь алданги тооцох
5.160,000,000 төгрөгөөс сард 1 хувь тооцох заалтуудыг тусгаж Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан.. гэжээ.
1.....Нотариат гэрээг байгуулахад 400,000,000 төгрөг авах нь юугаар нотлогдох юм. Чамаас 400,000,000 төгрөг Н.Т авсан гэсэн баримт байна уу гэхэд Б.У бид хоёр тохиролцсон юм аа, хамаагүй батлаад өгчих.. гэсэн байдаг.
Нотариат гэрээг батлахдаа Нотариатын тухай хууль, журам, дүрэмд нийцүүлэн баталдаг. Гэрээнээс харахад Б.У нь Н.Т 400,000,000 төгрөг өгсөн нь тодорхойгүй, ямар үндэслэлээр Н.Т 400,000,000 төгрөг нэхээд байгааг ойлгоогүй байх. Нотариат шүүхээс гарсан шийтгэх тогтоолыг ч үзээгүй гэдэг. Тийм ч учраас нотариат ...шүүхийн шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс бусад заалтад энэ гэрээ хамаарахгүй гэж өөрийгөө хамгаалж гэрээг баталсан байх.
Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь дурдсан. Гэтэл ямар ч нотлох баримт байхгүйгээр гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээр хүнээс их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэгт дурдагдсан тээврийн хэрэгслийг өөрийн компанийн нэр дээр шилжүүлж авсан ба одоо хоёр л тээврийн хэрэгсэл нь Н.Т байгаа болно.
Гэрээнд машин, чиргүүл, зөөврийн хөлс, дугуйн төлбөр гэсэн байгаа боловч гэрээнд хавсаргасан нотлох баримт байхгүй байна. Хууль зүйн үндэслэлийг Б.У нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учраас гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Гэрээг дагаад ямар нотлох баримтыг үндэслэн Н.Т үүрэг үүсгэсэн нь тодорхойгүй байна.
Б.У шүүхэд ирж очих болон баримт хуулбарлан гаргуулахад 262,100 төгрөг гарсан тул гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д нотлох баримтаа өөрөө гаргаж цуглуулах үүрэгтэй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул зөвшөөрөхгүй.
Тиймээс 344,962,100 төгрөг төлөх үүрэг Н.Т үүсээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
4.Хариуцагч Н.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нийслэлийн тойргийн нотариатч С.Г баталсан 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0540 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна. Учир нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад хохирогч Б.У нь давж заалдаж намайг хориулна ял хөнгөдсөн гэж байсан. Б.У намайг ийм гэрээ хийхгүй бол чамайг шоронд чинь хатаана гээд заналхийлгээд айлгаад байсан учир энэ гэрээг хийж давж заалдаагүйгээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон. Нотариат болохоор ямар учиртай юм, чи энэ хүнээс 400,000,000 төгрөг авчихсан юм уу гээд асуугаад байхад Б.У нь бид хоёр тохирчихсон юм хамаагүй гээд байсан. Би Цагдаа, Прокурор, Шүүхийн шатанд байхад л Б.У учраа хэлээд байхад ойлгоогүй. Б.У давж заалдаж миний торгуулийн ялыг хорих ялаар солиулна гэж айлгаж заналхийлж байж гэрээ байгуулсан нь гэрээн дээр бичээтэй байгаа ба гэрээнд ...шийтгэх тогтоолд давж заалдахгүй болно.. гэж оруулсан байгаа. Б.У нь давж заалдвал чиний торгуулийн ялыг чинь хорих ялаар солино гэж надад байнга хэлж би ч тэгээд хорих ялаар солигдоод шоронд орох юм байна гэж итгэсэн. Ингээд энэ гэрээг Б.У нь нотариатад хэлж бичүүлээд батлуулсан. Нотариат ...энэхүү гэрээнд оролцогч талуудад гэрээний агуулга, хууль зүйн үр дагаврыг нотариатч зөвлөсөн болно... гэжээ. Ямар ч зөвлөгөө өгөөгүй. Чи мөнгө авчихсан юм уу, ямар учиртай юм би ойлгохгүй байна гээд байсан. Уг нь ийм өртэй, тийм эд зүйлс авсан ч гэдэг юм уу бүх байдлыг бодитоор үзэж байж батлах ёстой байсан. Жуковын хажууд нэг нотариат дээр орсон чинь Би ийм гэрээг батлахгүй. Яагаад ийм агаарын юм яриад байгаа юм. Авсан өгсөн гэсэн ямар ч нотлох баримт байхгүй гээд баталж өгөөгүй. Тийм учраас Б.У хийсэн гэрээг Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. гэжээ.
5.Нэхэмжлэгч Б.У сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр энэ гэрээг хийхээс өмнө Тогтохбаярт би ямар ч санал тавиагүй. Надад маш их хэмжээний хохирол учирсан байсан болохоор би шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй давж заалдах гээд байж байсан. Тэгэхэд Тогтохбаяр надад хүсэлт тавьсан. Энэ мөнгийг чинь ингээд төлье гэсэн. Чи намайг давж заалдаад шоронд оруулбал мөнгөө авч чадахгүй шүү гэж байсан. Тийм учраас чи өөрт ашигтай зүйл хий гэж Тогтохбаяр өөрөө хэлсэн. Би энэ хүнийг дарамталж гэрээ байгуулаагүй.Тогтохбаяр торгуулийн ялаа төлсөн учраас хорих ял аваагүй. Тийм учраас би цаашид давж заалдах хүсэлтэй байсан. Энэ хүн амралтын өдөр тааруулаад намайг дуудсан. Тэгээд нотариат дээр очиж энэ хүн шүүхийн шийдвэрийг үзүүлээд, бид хоёр аман тохиролцоо хийж үүнийг батлаад өгөөч гэсэн зүйлийг яриагүй. Тогтохбаяр нь өөрөө нотариатчид хэлж тайлбарлаад батлуулж байсан. 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн яриад байгаа асуудал бүгд тодорхой тусгагдсан. Нэхэмжлэлийн шаардлага бол нотариатч Ганчимэгийн баталсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэсэн шаардлага гаргасан байна. Уянгатай холбогдуулан тайлбарлаагүй, нотариатын үйлдэлтэй холбогдуулан тайлбарлаж байна. Үүн дээр хариуцагчаа буруу тодорхойлсон байна гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг үндэслэл болгосон гэсэн. Энэ дээр тайлбараа хэлж чадаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т яг ямар үндэслэл байгаа эсэхийг тодорхой тайлбарлаж чадахгүй байна гэж миний зүгээс үзэж байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэг тодруулсан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:...тээврийн хэрэгслүүд болон зөөврийн сууц, дугуйнуудыг бусдад зарж борлуулан хувьдаа завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан асуудлаар гэжээ. Н.Т нь эрүүгийн журмаар 7 тооны чиргүүл зарж борлуулж завшсан хэргээр шийтгүүлсэн. Харин Б.У нь бусад хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдсэн.
Н.Т эзэмшилд байгаа 8 ширхэг толгой тээврийн хэрэгслийн үнэ 160,000,000 төгрөг гэжээ. 8 ширхэг толгой байхгүй, 3 ширхэг толгойг хүлээлгэж өгөөгүй байгаа талаар хариуцагч болон гэрчүүд Б.У өөрөө шүүхэд мэдүүлсэн тайлбарласан.
Нийслэлийн тойргийн нотариатч С.Г баталсан /2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 18 минут/ 0540 дугаартай гэрээнд 8 ширхэг тээврийн хэрэгслийн үнэ 160,000,000 төгрөг, тээврийн зардал 65,000,000 төгрөг гэсэн үг үсэг ороогүй байна. Нотариатч хоёр талын хүсэл зоригийг бүрэн сонсож нотлох баримтыг үндэслэн гэрээг байгуулах ёстой. Гэрээнд хавсаргасан 8 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг хавсаргаагүй байдаг. Мөн тээврийн зардалд хаанаас хаана хүргэх хэдэн км явах, шатахууны үнийн тооцоолол бас хавсаргаагүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр анхан шатны шүүхээр тухайн хэрэг орж шийдвэрлэгдсэн. Давж заалдах шатны шүүхээр хүчингүй болоод дахин хэлэлцэгдэж байгаа. Анхан шатын шүүхэд нэхэмжлэгч Б.У , хариуцагч Н.Т нар өөрсдөө орсон. Нэхэмжлэгчийн зүгээс өнөөдрийн шүүхэд гаргаж байгаа тайлбар мэдүүлгээс харахад тухайн шүүх хуралдаан дээр энэ нөхцөл байдал яригдаагүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг үндсэн дээрээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад ирсэн байсан. Гэрчээр тухайн гэрээг нотолсон нотариатч Ганчимэгийг шүүхэд оруулсан. Ингэхэд бид нар 8 ширхэг чирэгч толгойны үнэ 160,000,000 төгрөг, 8 чирэгч машиныг Хангийн боомтоос зөөвөрлөхөд зарцуулагдах зардал 65,000,000 төгрөг нийтдээ 225,000,000 төгрөг болсон. Үүний дагуу гэрээ байгуулаад, хэрвээ төлөхгүй бол хүү, алданги тооцно гэсэн тохиролцоонд хүрч энэ гэрээг байгуулсан гэдэг зүйл яриагүй. Мөн тухайн нотариатч ийм юм яриагүй. Өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад байгаа нөхцөл байдал үнэхээр байсан бол өмнөх шүүх хуралдаан дээр яагаад яригдаагүй юм бэ? Нэхэмжлэгч, хариуцагч 2 бие биеэ харж сууж байгаад тухайн нотариат дээр гэрээ хийхдээ А.Тамир итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар тооцоо нийлж гэрээ байгуулах санал тавьснаар уг гэрээг байгуулсан гэж байна. Нотариатч Н.Т чи 400,000,000 төгрөг авчихсан юм уу, ямар учиртай юм гээд асуугаад, эргэлзэж эргэлзэж байгаад Б.У хэлснээр бид нар учраа олчихсон юм аа, та зүгээр баталчих гэж байгаад батлуулчихсан гэдэг зүйлийг Н.Т ч ярьдаг, гэрч ч ярьдаг. Гэтэл өнөөдрийн шүүх хурал дээр ингэж ярьж байгаа нь хэн нь үнэн ярьж байгаа, хэн нь худлаа ярьж байгаа юм, үнэхээр ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Хэрвээ А.Тамир итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа шиг тайлбарыг хэлсэн байсан бол нотариатч энэ гэрээг батлахгүй байсан. Яагаад гэхээр тухайн нотариатч 8 ширхэг чирэгч толгойны улсын бүртгэлийн гэрчилгээг уг гэрээнд хавсаргах ёстой. Зүгээр сэтгэлийн хөөрлөөр нотариатч баталчихдаггүй. Хэрвээ баталбал өөрөө Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээдэг учраас нотариатч ийм үйлдэл хийхгүй. Тухайн 65,000,000 төгрөгийн зардал гарах юм байна гэдгийг тооцооллоор гаргаж ирүүлсэн байх ёстой байдаг. Тухайн 2 хүн хүсэл зоригоо илэрхийлээд бид хоёр 8 ширхэг чирэгч толгойг ийм үнэлгээний компани ингэж үнэлчихсэн юм гээд үнэлгээний компанийнхаа үнэлгээг үзүүлээд, энэ дээр 160,000,000 төгрөг болж байгаа, энийг тээвэрлэхэд километр нь тэд, 8 ширхэг чирэгч толгойд нийт тэдэн литр түлш, бензин орно, ингээд бодоход 65 сая төгрөг болж байна гээд тооцооллоо хийсний дараа гэрээний ард заавал нотлох баримт хавсрагдаж байж энэ гэрээ хүчин төгөлдөр болно. Гуйгаад байхаар нь хийчихсэн юм гэдэг зүйлийг тухайн нотариатч хэлдэг. Нотариатч энэ гэрээн дээр нотлох баримт байхгүй учраас талууд 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолд давж заалдахгүй болно гэдэг үгийг оруулсан байгаа. Тэгэхээр миний үйлчлүүлэгч хариуцагч Н.Т яриад байдаг хэрвээ энэ гэрээг хийвэл давж заалдахгүй, хийхгүй бол давж заалдаад чамайг хорих ялаар солиулна шүү гэж байгаад энэ гэрээг батлуулсан гэж байгаа. Арга ядахад таны яриад байгаа шиг тохиролцсон гэрээ нь хаана байгаа юм, гараараа биччихээд 8 ширхэг чирэгч толгойг бид нар ингэж үнэлээд гараараа бичээд энэ гэрээг батлуулах гэж байгаа юм гээд бариад очсон бол тухайн нотариатч бас тэрийг нь үндэслээд гэрээг нотлох байсан, тийм ч юм байхгүй байгаа. Тэгэхээр өнөөдрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа тайлбар мэдүүлэг худлаа байна гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд оруулж байгаа. Дээрээс нь шийтгэх тогтоолд заасан төлбөр гэж байгаа юм. Шийтгэх тогтоолын 9 дүгээр хуудсанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хэлэхдээ олон тооны тээврийн хэрэгсэл, дугуй, чиргүүлийг зарж борлуулж ашиг олсны улмаас залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэж байгаа. Шийтгэх тогтоолд 7 ширхэг чиргүүлийг зарж борлуулсны улмаас ийм, ийм хохирол учруулсан байна гэдэг байдлаар Н.Т эрүүгийн хариуцлага хүлээсэн. Шийтгэх тогтоолын 9 дүгээр хуудсанд байгаа хохирлын хувьд Б.У 7 ширхэг чиргүүл буюу 245,000,000 төгрөгийн хохирол учруулснаас 2 чиргүүлийн үнийг иргэний нэхэмжлэгч Энхбаяраас гаргуулсан тул 175,000,000 төгрөгийг Н.Т хариуцуулан төлөх үүрэгтэй гэж шийтгэх тогтоолд дурдсан байгаа. Үүнийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй. Мөн Б.У нь 429,000,000 төгрөгийн бодит хохирол гарсан гэж өөрөө тооцоолсон боловч нотлох баримтын шаардлага хангаагүй, энэ хэрэгт хамааралгүй байх тул иргэний журмаар нэхэмжлэх нь нээлттэй гэж орхисон. 429,000,000 төгрөгийн хохирол учирсан юм бол нотлох баримтаа гаргаж ирсний дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй байсан. Хүнийг айлгаж, дарамталж байж гэрээ байгуулчхаад гэрээний үнийн дүнг үүргийн гүйцэтгэлээ биелүүлэхгүй байна, дээрээс нь хүү, алдангиа төлөхгүй байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд оруулж байна. гэжээ.
7.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: ...7.1.Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь хэсэг, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасны тус тус баримтлан Н.Т 96,387,100 төгрөг гаргуулж Б.У олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 248,575,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Б.У , Н.Т нарын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0540 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооц,
7.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Б.У ас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,881,450+8513=1,889,963 төгрөгөөс 1,882,760 төгрөгийг, Н.Т улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200+2,157,950=2,228,150 төгрөгөөс 2,157,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж Н.Т 639,885 төгрөг гаргуулж Б.У д, Б.У ас 2,157,950 төгрөг гаргуулж Н.Т , улсын төсвийн данснаас илүү төлсөн 7,203 төгрөг гаргуулж Б.У д, 70,200 төгрөгийг гаргуулж Н.Т тус тус олгож,
7.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
8.Нэхэмжлэгч Б.У давж заалдсан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан "шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", "нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ", "шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй", "шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэсэн хуулийн шаардлагуудыг зөрчсөн, мөн Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэснээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан 0540 дугаартай "харилцан тохиролцооны гэрээ" болон талуудын хооронд болсон үйл явдал, нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т "нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй, 60.2-т "хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ гэж тодорхой заасан. Энэхүү хуулийн заалт нь хууль ёсонд харшаар хэлцэлд орогч нөгөө талаа хүчлэн дарамталж, нөлөөлөн хүч хэрэглэсэн субъектив болон объектив үндэслэлтэй тохиолдлыг хамааруулна гэж тайлбарладаг, өөрөөр хэлбэл дээрх нөхцөл байдал нь нотлох баримтаар тогтоогдсон байхыг шаарддаг буюу прокурор, шүүхийн шийдвэрээр тогтоосон байх ёстой. Гэтэл шүүх зөвхөн хариуцагч Н. Тогтохбаяр болон түүний өмгөөлөгчийн үндэслэлгүй, нотлох баримтгүй тайлбарыг хүлээн аваад, харин нэхэмжлэгч Б.У тайлбарын үнэн зөв байдалд бодитоор харьцуулсан дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, бодит байдал дээр Н.Т нь өөрийн санаачилга гуйлтаар Б.У тооцоо нийлж харилцан тохиролцооны гэрээг байгуулсан нь нотариатчийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 0540 дугаартай гэрээ болон Б.У тайлбараар тогтоогдож байгаа. Мөн эрүүгийн хэргийн шүүхээс Н.Т эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож торгуулийн ял оноосон байдалд давж заалдах шатны шүүхэд хэргийг хянасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуулийн зохицуулалт байдаггүй зэрэг байдлаас харвал Б.Уянгыг хүч хэрэглэж гэрээг хийсэн гэж үзэх ямар ч боломжгүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 136/ШШ2023/00214 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын:
тогтоох хэсгийн 1 дэх заалтын: "... нэхэмжлэлийн шаардлагаас 248.575.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Б.У болон Н.Т нарын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0540 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай..." гэснийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.У гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүхийн шийдвэр гаргахдаа зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцохдоо Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь буруу болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар 2017 оны 08 дугаар сарын 31-ны өдөр Б.У , Баяр транс ХХК нарын хооронд хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулж, Б.У 25 ширхэг чирэгч толгой, 20 ширхэг чиргүүл, контейнерэн сууц 5 ширхэг, мотор, дугуй гэх мэт сэлбэгийн хамт Баяр транс ХХК авч, нүүрс тээвэрлэх чиглэлээр хамтран ажиллах, гэрээний хугацааг дуусгавар болох үед Б.У хүлээн авсан эд хөрөнгүүдийг буцаан өгөхөөр тохирч бичгийн гэрээ байгуулж, хавсралт жагсаалт /1хх 80-85/-аар 45 тээврийн хэрэгсэл, эд зүйлүүдийг хүлээн авсан ба Баяр транс ХХК-ны захирал Д.Нарантуяагаас гэрээнд гарын үсэг зурах эрхийг Н.Т олгон /1хх 93/ хамтран ажилласан боловч 2018 оны 02 дугаар сарын 08-наас 07 дугаар сарын 03-ны хугацаанд Н.Т нь Б.У итгэмжлэн хариуцуулсан тээврийн хэрэгслүүдээс 7 ширхэг чиргүүлийг бусдад зарж хувьдаа завшсаны улмаас их хэмжээний буюу 245,000,000 төгрөгийн хохирол учруулсан тул Н.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны 2022/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолоор хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж шийдвэрлэгдсэн.
Үүний дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б.У , Н.Т нар нь хамтран ажиллах гэрээний улмаас учирсан хохирлыг ...400,000,000 төгрөг гэж тооцож, төлбөрийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулах, төлбөрийг сарын 05-ны өдөр хувааж төлөх, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иар алданги тооцох, 400,000,000 төгрөгөөс 160,000,000 төгрөгт сар бүр 1%-ийн хүү тооцох. Талууд 2022/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолд давж заалдахгүй болно. ...Шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс бусад заалтад энэ хамаарахгүй, шинээр үүссэн нөхцөл байдал илэрсний улмаас хянуулах үндэслэл болохгүй агуулга бүхий үндэслэлээр 0540 дугаартай гэрээ байгуулж, Нийслэлийн тойргийн нотариатч С.Г гэрчлүүлж баталгаажуулсан.
0540 дугаартай гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй үндэслэлээр хүү, алданги тооцож, 2023 оны 01 дүгээр сарын 19-нд нийт 74,511,067 төгрөгийг Н.Т гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж үндсэн үлдэгдэл 225,000,000 төгрөг, хүү 7,200,000 төгрөг, алданги 112,500,000 төгрөг, бүгд 344,700,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн,
Мөн нотлох баримт бүрдүүлсэн үндэслэлээр 262,100,0 төгрөгийн зардал гарсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
3.Хариуцагч Н.Т , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чимэгээс ... нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж хариу тайлбар гаргасан ба, ... шийтгэх тогтоолоор оногдуулсан ял хөнгөдсөн, давж заалдаж хориулна, ийм гэрээ хийхгүй бол чамайг шоронд чинь хатаанаа гэж заналхийлж айлгаж байгаад 0540 дугаартай гэрээг байгуулсан учир уг гэрээг Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн агуулга бүхий үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж /2хх 114-115/ маргасан.
4.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2, 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар хариуцагч Н.Т 96,387,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.У олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 248,575,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.У , хариуцагч Н.Т нарын хооронд байгуулагдсан 0540 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Б.У эс зөвшөөрч ...0540 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсоныг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд хянан хэлэлцээд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзсэн.
Учир нь:Энэ хэргийн маргааны зүйл нь 2017 оны 08 дугаар сард талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнээс үүдэлтэй байх ба Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны 2022/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолд заасан 7 чиргүүл буюу 245,000,000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Н.Т 175,000,000 төгрөгийг хариуцан төлөхөөс 145,738,000 төгрөгийг нь төлсөн тул 29,262,000 төгрөгийг төлөхөөр шийтгэх тогтоолд заасан боловч 2022 оны 11 дүгээр 11-ны өдөр төлбөрийг төлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол /2хх 149/-оор тогтоогдсон ба шийтгэх тогтоолд 283,488,800 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн асуудлаа жичдээ иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг дурьдаж өгсний дагуу уг 0540 дугаартай гэрээ хийгдсэн байна гэж үзэхээр байна.
Мөн шийтгэх тогтоолд дурьдсан шүүгдэгч Н.Т мэдүүлэг /1хх 03-08/, давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл /2хх 248-р тал/ зэрэгт хариуцагч Н.Т зүгээс ... 3 машин хүлээлгэж өгөөгүй, 86 ширхэг дугуйг хүлээлгэж өгөөгүй, засварын үнийг төлнө гэж мэдүүлсэн, гэрч Т.Б мэдүүлэг /2хх 146-151/-ээр ...3 машиныг БНХАУ-аас орж ирээгүй байсан учир хүлээлгэж өгөөгүй, үлдэх 5 машиныг Нацагаа гэх хуулийн хүн ирээд хүлээж аваад Монлаагын хашаанд аваачсан, Монлаа нүүсэн үед уг 5 машин эзгүй хээр үлдэж тоногдсон байсан талаар мэдүүлж байгаа нь хариуцагч Н.Т мэдүүлэгтэй тохирч байна.
Иймд анхан шатны шүүх эрүүгийн хэргээс хуулбарласан Ашид билгүүн үнэлгээний ХХК-ны үнэлгээгээр тогтоогдсон нэг бүр нь 20,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг чирэгч толгой, 86 ширхэг дугуй обудны үнэ 36,125,000 төгрөг, шүүхэд нотлох баримт цуглуулахад гарсан зардал 262,100 төгрөг бүгд 96,387,100 төгрөгийг хариуцагч Н.Т гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна гэж үзсэн.
6.Харин зохигчдын хооронд байгуулагдсан 0540 дугаартай 400,000,000 төгрөгийг гаргуулах тухай гэрээ нь анхнаасаа хууль зөрчиж байгуулагдсан хүчин төгөлдөр бус гэрээ гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
Учир нь: Хариуцагч Н.Т эрүүгийн хэргийн шүүхээр шийтгүүлж ял авсан хэргийн хохирогч нь нэхэмжлэгч Б.У ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй буюу хохирогчийн зүгээс давж заалдах гомдол гаргах эрх нээлттэй байх үед гэрээнд ... Талууд 2022/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолд давж заалдахгүй болно. ...Шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс бусад заалтад энэ хамаарахгүй, шинээр үүссэн нөхцөл байдал илэрсний улмаас хянуулах үндэслэл болохгүй гэсэн нөхцөлийг тусгасан байгаа нь анхнаасаа хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзнэ.
0540 дугаартай гэрээний стандартыг талууд гэрээндээ хэдий тохирч тусгасан байгаа ч энэ нөхцөл нь өөрөө стандарт бус буюу хүчин төгөлдөр бус нөхцөл болсон байна.
Өөрөөр хэлбэл:Шийтгэх тогтоолд зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу үүссэн хохирлыг 283.488,800 төгрөгийг жичдээ иргэний журмаар нэхэмжлэх эрхийг заасан байхад нэхэмжлэгч Б.У нь нотлох баримт, талуудын тооцоо нийлсэн баримтгүйгээр ...400,000,000 төгрөгийг хариуцагч Н.Т нэг жилийн хугацаанд гаргуулах, үүнээс 160,000,000 төгрөгийг сар бүр 1%-ийн хүү тооцох, үүрэг биелэгдээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар алданги тооцох, шийтгэх тогтоолд давж заалдахгүй гэх нөхцөл нь өөрөө нөгөө талдаа хохиролтой, хариуцагчийн эмзэг байдал буюу хохирогчийн хувиар Б.У зүгээс шүүгдэгч Н.Т эсрэг давж заалдах гомдол гаргах боломжтой, гомдол гаргах эрх нээлттэй энэ цаг хугацааг ашиглаж хийсэн байдал нь талуудын гэрээгээр тогтоосон стандарт нь анхнаасаа хүчин төгөлдөр бус юм.
Гэрээ байгуулагдахдаа нэхэмжлэгч Б.У хариуцагч Н.Т хүч хэрэглэсэн гэх нөхцөл байдал талуудын нэхэмжлэл, хариу тайлбаруудаар тогтоогдоогүй, нотариатчийн дэргэд харилцан тохиролцсон, зөвшөөрч гарын үсэг зурсан нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн нотариатч С.Г мэдүүлгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т зааснаар нэхэмжлэгч Б.У зүгээс гэрээг хүч хэрэглэж хийсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан 0540 дугаартай гэрээ нь анхнаасаа хууль зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.
7.Иймд энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн ба энэ нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.2-т заасанд хамаарч байна.
8.Эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн нэхэмжлэгч Б.У ас гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2024/00214 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.У давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар Б.У улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,047,913 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ
А.САЙНТӨГС