Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: Г.Ганбагана,

Нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,

            Шүүгдэгч М.Э /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр б.э холбогдох эрүүгийн 19090 0095 0044  дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугара хороо, Хувьсгалчдын Г-12 дугаар гудамж 157а тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч М.Э нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Микс” бааранд эхнэртэйгээ хардаж Д.Тэмүүжингийн нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, 1 удаа мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ: Дахиж ийм хэрэг хийхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Тэмүүжин /хх-ийн 12/, гэрч Э.Мөнхдэмбэрэл /хх-ийн 13/, яллагдагч М.Э /хх-ийн 3-4/ нарын өгсөн мэдүүлэгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 786 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16/, шүүгдэгч М.Эы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Э нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Микс” бааранд эхнэртэйгээ хардаж Д.Тэмүүжингийн нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, 1 удаа мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч М.Э нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч  Д.Тэмүүжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай байгууллагын шинэ жил болоод “Микс” шөнийн цэнгээний газарт ажлынхаа хүмүүстэй орж үйлчлүүлээд 0.75 гр архи авч ууж байгаад бүжгийн талбай дээр байж байтал нэг үл таних эмэгтэйтэй бүжиглэсэн. Гэтэл удалгүй үл таних залуу ирээд ямар ч үг хэлэлгүй мөргөж миний үүдэн 2 шүдийг унагасан. Тухайн үед тэр залууг цагдаа нарт хүлээлгэн өгсөн. Би мөргүүлчихээд ариун цэврийн өрөөнд байхад намайг мөргөсөн гэх залуугийн эхнэр найз нартайгаа орж ирээд манай нөхөр намайг чамтай хардаад мөргөчихлөө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,

 

Гэрч Э.Мөнхдэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 29-ний шөнө би найзуудынхаа хамт “Микс” бааранд орж ууж байгаад бүжгийн талбай дээр би бүжиглэж байтал 2 залуу хоорондоо маргалдаад тэгээд би салгасан. Одоо мэдсэнээр өргөдөл өгсөн залуу болох Д.Тэмүүжин гэх залууг зодсон хүнийг би салгаад хартал манай ширээ нь дээр сууж байсан. Тэгээд би хэсэг бүжиглэж байгаад ширээ нь дээрээ очтол Тэмүүжинг зодсон залуу байхгүй байсан ...”  гэх мэдүүлэг /хх-ийн 13х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12863 дугаар дүгнэлт: “...Д.Тэмүүжингийн биед дээд уруулын дотор салст хаван цус хуралттай, дээд үүдэн 2 шүд хугарсан гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

            Иймд шүүгдэгч М.Э нь  бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Э /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч М.Эы хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

           

            Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлагын хувьд 600 000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасан болно.

 

Шүүх энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс М.Эд торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгийн торгох ял оногдуулах нь түүний хувийн байдалд тохирно гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Эы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эыг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд оногдуулсан 600 000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Эд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ