Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 01069

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 10 дугаар байрны 08 тоотод оршин суух, Боржигон овгийн Жадамбын Сайнбаярын /регистрийн дугаар ФМ65021005/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн 21 дүгээр гудамжны 09 тоотод оршин суух, Гөрөөчин овгийн Дуламын Отгонжаргалд /регистрийн дугаар ГЭ76031513/ холбогдох, 515,588 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Сайнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Отгонжаргал нь Ж.Сайнбаяр надаас итгэлцлээр мөнгө зээлдэг байсан ба 2015-12-06-ны өдөр зээлийн тооцоо хийж, үлдэгдэл 1,300,000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар зээлийн гэрээг сунгасан юм. Тэрээр зөвшөөрч, гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлж 2016-01-22-ны өдөр 16 хоногийн хүү 32,000 төгрөг, зээлээс 148,000 төгрөг бүгд 180,000 төгрөг, 2016-04-02-ны өдөр 56 хоногийн хүү 258,500 төгрөг, зээлээс 741,500 төгрөг бүгд 1,000,000 төгрөг төлсөн ба зээлийн төлбөр 410,500 төгрөг үлдээд байна. Өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр 410,500 төгрөг, хүү 64 хоног 105,088 төгрөг бүгд 515,588 төгөрг төдлөх тооцоо байна. Энэ төлбөрийг төлөхийг шаардахаар шалтаг тоочоод зээл, хүүг төлөхгүй байгаа учир шүүхэд хандан нэхэмжлэлийг шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Д.Отгонжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Отгонжаргал миний бие нь иргэн Ж.Сайнбаяраас сүүлийн 3 жил итгэцлийн журмаар  мөнгө авч хүү болон суурь мөнгийг цаг тухай бүрт нь төлж байсан. 2015 онд 2,450,000 төгрөг авсан. 2015 оны 10 дугаар сараас хойш тээвэр хийсэн цалингууд орж ирэхгүй удах болсон. Хүүхдийн хадгаламжаа барьцаалж 2,450,000 төгрөгнийхөө 1,500,000 төгрөгийг өгч, суурь мөнгөнөөс хасаарай одоо яг 1,000,000 төгрөг үлдлээ шүү гэж хэлсэн. Үүнээс хойш тээврийн хөлс орж ирэх болгонд 1,000,000 төгрөгний хүүнд 2015-12-08-ны өдөр 100,000 төгрөг, 2015-12-08 ны өдөр 56,000 төгрөг, 2015-01-06-ны өдөр 62,000 төгрөг, 2015-01-07-ны өдөр 99,000 төгрөг, 2015-01-16-ны өдөр 138,000 төгрөгийг өгсөн байна. Үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 2016-04-02-нд өгч, мөнгөө дуусгасан. Гэтэл надаас 410,000 төгрөг нэхсэн. Хүүнээс хүү бодсон юм болов уу гэж бодсон. Одоогоор хийсэн ажилгүй Хөхган ХХК-д нүүрс тээвэрлэсэн цалин ирэхгүй байгаа тул өгөх боломжгүй байна. Хүүг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: 1. Бид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэлээс 440,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсан учир уг гэрээг баталгаажуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Сайнбаяр нь хариуцагч Д.Отгонжаргалаас 515,588 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагч Д.Отгонжаргал нар нэхэмжлэлийн шаардлага болох 515,588 төгрөгнөөс 440,500 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид өгөхөөр зохигчид эвлэрсэн байна.

Талуудын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ж.Сайнбаярын нэхэмжлэлтэй Д.Отгонжаргалд холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д.Отгонжаргал нь 440,500 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Сайнбаярт төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,118 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас  8059 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сайнбаярт олгосугай.

3. Энэ  захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны  дагуу  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэгдэхийг заасугай.

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Б.БЯМБАСҮРЭН