| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00351/и |
| Дугаар | 00450 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00450
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамжны 84-02-т байрлах, улсын бүртгэлийн 9011240077, регистрийн 5388961 дугаартай, “Бичил глобус групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 2-18 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ89040516, Тугтан овогтой Лхагвасүрэнгийн Батсайханд холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн үлдэгдэл 3.400.000 төгрөг, хүү 204.000 төгрөг, алданги 937.040 төгрөг, нийт 4.541.040 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваажаргал, хариуцагч Л.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Бичил глобус групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус компанийн Увс аймаг дахь салбарын захирал Б.Даваажаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Л.Батсайхны хүсэлтээр 2015 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 62-69 УВХ Toyoto Land Cruiser 80 маркийн автомашин барьцаалж сарын 6 хувийн хүүтэй 3.500.000 төгрөгийн зээл авах хүсэлтийн дагуу олгосон ба зээлийн гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчиж байнга утасдуулж байж төлөлтөө хийдэг байсан. 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн зээлийн үлдэгдэл 3.400.000 төгрөгийн сарын хүү болох 204.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй, хасалт хийлгээгүй болно. Манай байгууллагын зээлийн гэрээнд байгаа автомашиныг ахдаа өгсөн ба ахаасаа мөнгө аваад зээлээ төлнө гэх хариу өгсөн боловч өнөөдрийн хүртэл төлөлт хийгээгүй болно. Иймд нэхэмжлэгч “Бичил глобус групп” ХХК нь зээлдэгч Л.Батсайхны үндсэн зээлийн үлдэгдэл сарын хүүгийн хамтаар 3.604.000 төгрөг дээр алданги 3.604.000х0,5%=937.040 төгрөг, 3.604.000+937.040=4.541.040 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч Л.Батсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Л.Батсайхан нь “Бичил глобус групп” ХХК-иас 3.500.000 төгрөгийн зээл авсан бөгөөд уг мөнгөө хүнд зээлдүүлээд одоог хүртэл авч чадаагүй болно. Уг мөнгийг 2016 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд бүрэн төлж барагдуулах боломжтой байгаа. Миний бие танай байгууллагаас 3 машин худалдан авч үйл ажиллагаанд өөрийн сэтгэлээр туслалаа үзүүлж байсныг харгалзан үзэж алдангийг нь 0,3 хувиар тооцож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Бичил глобус групп” ХХК нь хариуцагч Л.Батсайханд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн үлдэгдэл 3.400.000 төгрөг, хүү 204.000 төгрөг, алданги 937.040 төгрөг, нийт 4.541.040 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэн Л.Батсайхан нь “Бичил глобус групп” ХХК-иас 2015 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр УУ-3451 тоот зээлийн гэрээ байгуулан, 3.500.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлж авсан байх ба зээлийн барьцаанд 62-69 УВХ улсын дугаартай, Тоёота Ланд круйзер 80 маркийн, 1994 онд үйлдвэрлэгдсэн, 2004 онд монголд орж ирсэн, аралын FZJ800078973 дугаартай, мөнгөлөг өнгийн суудлын автомашин барьцаалсан нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа дууссан байх боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч “Бичил глобус групп” ХХК нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
Харин хариуцагч “Алдангийг нь 0,3 хувиар тооцож өгнө үү” гэж хүсэлт гаргаж байгаа боловч гэрээний 1.6-д “Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа дууссанаас хойш зээлийн үлдэгдэл дүнгээс 1 хоногийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдэгч зээлдүүлэгчид үл маргах журмаар төлнө” гэж заасан байх ба нэхэмжлэгчийн 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал хугацаа буюу 52 хоногийн алданги 937.040 төгрөг нэмж нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Л.Батсайханаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3.400.000 төгрөг, хүү 204.000 төгрөг, алданги 937.040 төгрөг, нийт 4.541.040 төгрөгийг гаргуулж “Бичил глобус групп” ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Бичил глобус групп” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87.610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Батсайханаас 87.610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Тугтан овогтой Лхагвасүрэнгийн Батсайханаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3.400.000 төгрөг, хүү 204.000 төгрөг, алданги 937.040 төгрөг, нийт 4.541.040 /дөрвөн сая таван зуун дөчин нэгэн мянга дөч/ төгрөгийг гаргуулж “Бичил глобус групп” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Бичил глобус групп” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87.610 /наян долоон мянга зургаан зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Батсайханаас 87.610 /наян долоон мянга зургаан зуун арав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Бичил глобус групп” ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА