Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00052

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2024 01 03 210/МА2024/00052

 

 

 

 

Д.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2023/02982 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М ХХК-д холбогдох

2,248,000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, З.А, Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Д.Д нь М ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээлсэн. Мөн барьцааны гэрээ байгуулж, ****УНИ улсын дугаартай, кроун маркийн автомашиныг барьцаалуулсан.

1.2. Д.Д нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 19,618,000 төгрөгийг М ХХК-д төлж барагдуулсан, үүрэг дуусгавар болсон. Гэрээгээр 17,370,000 төгрөг төлөхөөс 2,248,000 төгрөгийг илүү төлсөн тул буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Д.Дтэй зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, авто зогсоолын төлбөрт 2,000 төгрөг, алданги 0,5 хувиар төлөхөөр тохиролцсон, мөн ****УНИ улсын дугаартай, кроун маркийн автомашиныг барьцаалсан.

2.2. Гэрээний 2.2-т зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, төлөгдөөгүй үлдсэн нийт зээлийн үлдэгдлээс алданги 0,5 хувиар үл маргах журмаар төлнө гэж заасны дагуу эргэн төлөлтийг тооцож авсан, ямар нэгэн илүү төлбөр аваагүй. Гэрээний 3.2.2-т зээлдэгчээс зээлийн төлбөрийг хэсэгчлэн төлөх бүрт зогсоолын төлбөр, алданги, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлнө гэж зааснаар харилцагч дутуу төлбөр хийсэн өдрөөр алдангийг зогсоож байсан. Д.Дд сар бүр гэрээний заалтуудыг сануулан түүний нягтланд 8************ дугаараар мэдэгдсэн.

2.3. Д.Д нь зээл хаах үед хуримтлагдсан алдангийг дутуу хийсэн тул үлдэгдэл 748,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Алданги гаргуулж байгаа нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлд заасан нэмэгдүүлсэн хүү төлөхтэй адил байхаар тохиролцсон гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас 2,248,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 50,918 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хугацаанаас өмнө нь зээлийн төлбөрөө бүрэн төлсөн тул хүүнээс чөлөөлөгдөх үндэслэлтэй байсан гэж маргажээ. Гэтэл Д.Д нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлт хийх графикийн дагуу зээл төлөх хугацаагаа эхний сараас эхлэн зөрчиж, зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулахгүй байсан тул М ХХК-ийн зүгээс зээлийн эргэн төлөлтийн зөрчлөө арилгаад цаашдаа хугацаанд нь төлөх талаар удаа дараа утсаар болон бичгээр мэдэгдэж байсан. Зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл бүрдээгүй. Гэтэл шүүгч хэт нэг талыг баримталж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүргээ биелүүлэхгүй, үйл ажиллагааны үндсэн чиглэлээ зөрчсөн мэтээр хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

4.2. Зээлийн гэрээгээр Д.Д нь зээлийн эргэн төлөлтөө сар бүрийн 18-ны өдөр хийх нөхцөлийг тохирсон. 2023 оны 03 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө графикийн дагуу төлөхгүй байсан тул М ХХК-аас Д.Д-д 8******* дугаар утсаар холбогдож, мессеж явуулж, гэрийн хаягаар мэдэгдэх хуудсыг сар бүр явуулж байсан. Зээлийн гэрээний 4.2.2-т зээлдэгч зээлийн төлбөрийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч нь зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй талаар талууд тохиролцсон. Зээлдэгч нь 2023 оны 03 дугаар сараас эхлэн зээлээ хугацаанд нь графикийн дагуу төлөөгүй нь эхний зөрчил, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төлөлт хийгээгүй нь 2 дахь зөрчил, мөн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр графикийн дагуу төлөөгүй нь 3 дахь зөрчил болж, 2 буюу түүнээс дээш зөрчилд тооцож, гэрээний 4.2-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөр, хүү, алдангийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нөхцөл бүрдсэн тул зээлийн гэрээг цуцлах мэдэгдлийг Д.Д-д өгсөн. Үүний дагуу нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 17,000,000 төгрөгийг төлж, барьцаа хөрөнгийг чөлөөлж авч, талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон.

4.3. Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасан үндэслэл бүрдсэн гэж дүгнэжээ. Нэхэмжпэгч нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээл, зээлийн хүү, алдангид 19,618,000 төгрөгийг төлж барагдуулсан. Зээл төлөх үедээ нэхэмжлэгч нь ямар хэмжээний өр төлбөр үлдсэнийг гэрээнд заасны дагуу тооцсон. Ямар нэгэн төөрөгдөлд орж, хариуцагчийн дарамт, шахалтын улмаас төлсөн гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийн үлдэгдэл төлбөрийг төлснөөр талуудын хоорондох харилцаа дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэж заасан үндэслэл нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлбөр төлсөн тохиолдолд бий болох байсан. Нэхэмжпэгч Д.Д-гийн хувьд М ХХК-д нэг ч төгрөг төлөөгүй. Тиймээс хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй.

4.4. Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзвэл, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн график, харилцагчийн дэлгэрэнгүй тооцоо зэргийг шүүгч шийдвэр гаргахдаа үнэлээгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасныг зөрчиж байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Алданги авч байгаа нь хуульд нийцэхгүй, тийм заалт байхгүй, өөрсдөө санаанаасаа гаргаж ирсэн. Би 15,000,000 төгрөг зээлчихээд өдрийн 75,000 төгрөгийн алданги төлнө гэж юу байх вэ. Банк бус санхүүгийн байгууллага гэж бодож зээл авч байгаа. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороонд ямар ч харьяалал байхгүй, дүрэм, журам байхгүй, санаанаасаа зохиогоод барьцаалан зээлдүүлэх газар бий болгочихсон, ийм байгууллагын үйл ажиллагааг хаах нь зүйтэй. Би мөнгөө буцааж авна, анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч М ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 2,248,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч М ХХК нь 15,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Д.Д нь эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. (хэргийн 9-11 дэх тал)

Хариуцагч М ХХК барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг болох нь хэргийн .... тал дахь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэжээ.

4. Гэрээний дагуу хариуцагчаас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөнгөн хөрөнгө болох 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

Мөн зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нэхэмжлэгч нь сар бүрийн 18-ны өдөр зээлийн хүү 525,000 төгрөг, хугацааны эцэст зээл 15,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн ба 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 656,000 төгрөг, 03 дугаар сарын 02-ны өдөр 150,000 төгрөг, 03 дугаар сарын 22-ны өдөр 812,000 төгрөг, 05 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг, 05 дугаар сарын 31-ний өдөр 17,000,000 төгрөг, нийт 19,618,000 төгрөгийг хариуцагчид төлсөн үйл баримтыг хэргийн баримтанд үндэслэн шүүх зөв тогтоожээ. (хэргийн 3, 5, 6, 7, 8 дахь тал)

5. Хариуцагчийн тайлбар болон тооцооллоос үзэхэд, нэхэмжлэгчийг 2023 оны 02-05 дугаар сарын төлбөрийн хуваарь зөрчсөн үндэслэлээр дээрх төлбөрөөс 1,690,000 төгрөгийг алдангид тооцжээ. (хэргийн 21 дэх тал)

5.1. Зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь буцаан төлөөгүй нөхцөлд үүргийг хангуулах журмыг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зохицуулсан ба барьцаалан зээлдэх газар нь барьцаа хөрөнгийг худалдан борлуулах талаар зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдах журамтай.

Талууд зээлийн гэрээг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай байгуулсан ба нэхэмжлэгч уг хугацаанаас өмнө буюу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул түүнийг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэж дүгнэх үндэслэлгүй.

5.2. Иймээс үүрэг гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч, хөрөнгө олж авсан этгээд буюу хариуцагч талуудын хооронд алдангийн талаар үүрэг үүсээгүй гэж үзэх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар алдангид тооцон авсан төлбөрийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн хэмжээг зөв тогтоогоогүй тул давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

6.1. Зээлийн гэрээний 1.2 дахь заалтад зээлийн хүүг сарын 3,5 хувиар тооцохоор заасан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт нийцсэн тул нэхэмжлэгч нь зээлийн хүүнд 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 4 сар 13 хоногийн хугацаанд нийт 2,327,500 төгрөг (15,000,000*3,5%=525,000*4сар, 525,000/30*13хоног) төлөх үүрэгтэй.

6.2. Мөн гэрээний 1.4 дэх заалтад барьцаа хөрөнгө болох автомашины зогсоолын төлбөрт 1 хоногийн 2,000 төгрөг төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийг зөрчөөгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь зээл 15,000,000 төгрөг, хүү 2,327,500 төгрөг, авто зогсоолын төлбөр 266,000 төгрөг, нийт 17,593,500 төгрөг төлөх үүрэгтэй боловч 19,618,000 төгрөг төлж 2,024,500 төгрөгийг хариуцагчид илүү төлсөн гэж дүгнэх үндэстэй.

7. Мөн шүүх хариуцагчийг хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд хийвэл зохих үйл ажиллагааг явуулаагүй, ... үүргээ гүйцэтгээгүй явдлыг шаардах эрхээ алдангийн хэмжээгээр ихэсгэж байгаа нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчсөн гэж үзэхээр байна гэж дүгнэж Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсгийг буруу тайлбарласныг дээр дурдсанаар зөвтгөн дүгнэх ба энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэстэй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 2,024,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 223,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2023/02982 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад ...2,248,000... гэснийг 2,024,500 гэж өөрчилж, ...олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс үлдэх 223,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтад ...56.1... гэснийг 56.2 гэж, ... 50,918... гэснийг 47,342 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЗОЛЗАЯА