Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00161

 

 

 2024 01 19 210/МА2024/00161

 

 

 

В.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/04052 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч В.Гын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Мд холбогдох

Эцгийн үүргээ хэрэгжүүлэх журам тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/01016 дугаар шийдвэрээр Б.М, В.Г нарын гэрлэлтийг цуцалсан.

1.2. Уг шийдвэрээр охин Г.Э, хүү Г.О, Г.Г нарыг эх Б.Мгийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн. Бид Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 10 дугаар зүйлд зааснаар хүүхдүүдийн өмнө адил үүрэг хүлээсэн. Гэтэл Б.М нь хүүхдүүдийг надтай уулзуулахаас татгалзаж, бидний уулзалтад байнга хориг тавьж, тусгаарлаж, харилцаа холбоо тогтоох боломжийг хязгаарлаж байгаа нь, миний хүүхдүүдтэйгээ уулзах, тэднийгээ хүмүүжүүлэх, хайр халамжаар дутаахгүй өсгөх, хуулиар хүлээсэн эцгийн үүргээ гүйцэтгэх боломжийг олгохгүй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт заасны дагуу хүүхдүүдтэй сард 2 удаа, тэмдэглэлт баяр ёслолоор уулзуулах, утсаар ярих болон мессеж бичих, цахим шуудан илгээх, хүлээн авах, сошиалаар харилцах, хүүхдүүдээ асран хамгаалах, хүмүүжилд нь анхаарал тавих, сургууль цэцэрлэг, хичээлээс гадуур секц дугуйланд хүргэж өгөх, авах, гэрийн даалгаврыг хийлгэх, амралт чөлөөт цагийг хамт өнгөрүүлэх, эмчилгээ сургалт, амралтын зардлыг хариуцах, мөнгөн тэтгэмж үзүүлэх боломж нөхцөлөөр хангахыг Б.Мд даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие гэрлэлтээ цуцлуулсны дараа Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасныг биелүүлж В.Гын хүүхдүүдтэйгээ уулзах, хүүхдүүдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрхэнд огт халдаж байгаагүй. Хүүхдүүдээ эцэгтэй нь уулзуулах, хоногоор явуулахад хүүхдүүд буцаж ирэхдээ сэтгэл санааны хямралд орсон, муухай үг сурсан байдалтай ирдэг ба ахин аавтай уулзмааргүй байна, уулзахаар өвөө, эмээ, эгч, ах нар таныг элдэв муухайгаар ярьдаг, таны юу хийж байгаа, хэнтэй уулзаж байгаа, жирэмсэн эсэх гэх зүйл асуудаг гэж гомдоллодог. Энэ бүх байдлаас болж хүүхдүүдийн хэн нь ч эцэгтэйгээ уулзахгүй гэдэг. Түүнээс би хүүхдүүдээ эцэгтэй нь уулзуулахаас хориглосон аливаа ямарваа нэгэн үйлдэл гаргаагүй.

2.2. Хүүхдүүдтэй уулзах журам тогтоож Баасан, Бямба гарагт уулзахад татгалзах зүйл байхгүй, баяр ёслол бүрээр уулзуулна гэвэл боломжгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Охин Г.Э 16 настай, хүү Г.О 12 настай, хүү Г.Г 6 настай ба хүүхдүүд маань ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа. Гэрлэлт цуцлуулах үед В.Гоос хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй нь үнэн. Гэр бүлийн тухай хуульд тэтгэлгийн талаар хуульчлагдсан.

Иймд хүүхдүүд өсөж том болохын хэрээр хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаа тул эцэг В.Гоос тэтгэлгийг холбогдох хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Хүүхдүүдэд зориулсан тэтгэлгийн мөнгийг нэхэмжлэгч Б.М, түүний хамтран амьдрагч Амарбаясгалан нар зориулалтаар хүүхдүүдэд минь захиран зарцуулна гэдэгт итгэхгүй байна. Өнөөдрийн байдлаар Б.М, түүний нөхөр ямар ажил хөдөлмөр эрхэлж, хэдий хэмжээний орлоготой байгаа, хүүхдүүдийн хэвийн орчинд амьдрах, суралцах нөхцөлийг тодорхойлсон орон байртай байгаа эсэх, Б.Мгийн нөхөр миний хүүхдүүдийн харилцаа, сэтгэл санааны байдал, гэр бүлийн уур амьсгал ямар байгаа нь маш тодорхойгүй байна.

4.2. Хүүхдүүдийн эрх, ашиг сонирхол, эцэг, эхийн эрх, үүрэг, хариуцлагыг тэргүүн ээлжинд анхаарч үзэх нь зүйтэй. Хүүхдийн тэтгэлгийг би төлөхгүй гээгүй, харин миний орлогыг харгалзан үзнэ үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч В.Г нь хүүхдүүд болох Г.Э, Г.О, Г.Г нарыг сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн оройноос Бямба гарагт асрамжиндаа байлгахаар нэхэмжлэгч, хариуцагч нар журам тогтоосныг баталж, үндсэн нэхэмжлэлээс тэмдэглэлт баяр ёслолоор уулзуулах, утсаар ярих болон мессеж бичих, цахим шуудан илгээх, хүлээн авах, сошиалаар харилцах, хүүхдүүдээ асран хамгаалах, хүмүүжилд нь анхаарал тавих, сургууль цэцэрлэг, хичээлээс гадуур секц дугуйланд хүргэж өгөх, авах, гэрийн даалгаврыг хийлгэх, амралт чөлөөт цагийг хамт өнгөрүүлэх, эмчилгээ сургалт, амралтын зардлыг хариуцах, мөнгөн тэтгэмж үзүүлэх боломж нөхцөлөөр хангахыг Б.Мд даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар В.Г, Б.М нар нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ насанд хүрээгүй охин Г.Э, хүү Г.О, Г.Г нарыг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгаж,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Г.Гыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, охин Г.Э, хүү Г.О, Г.Г нарыг 11-18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг В.Гоор тэжээн тэтгүүлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэсэн.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Шүүх нэхэмжлэгч В.Гын гаргасан үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгон гэж үндсэн нэхэмжлэлийн зарим хэсэг гэж юуг хэлээд байгаа болон заримыг хэрэгсэхгүй болгон гэсэн нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй, нэхэмжпэлийн шаардлага баримтаар тогтоогдоогүй үйл баримт байхгүй байхад үйл баримтаар тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдоогүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

6.2. Шүүхийн шийдвэрт хариуцагчийн гаргасан ...баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд уулзуулах тухайд тусгайлсан журам тогтоох боломжгүй гэх тайлбарыг зөвхөн хариуцагчийн баримт нотолгоогүй, хүүхдүүдийн өөрийн санал, хүсэлтийг асууж тогтоогоогүй байж зөвхөн хариуцагчийн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэрэгт ач холбогдолтой баримт гэж үзэж шийдвэрт тусгасан нь хууль бус бөгөөд шударга байдалд нийцэхгүй.

6.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д хийсэн дүгнэлтээ 10-д шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй үйл баримтаар дүгнэлт хийж нөхцөл байдлыг үнэлэхгүйгээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хүүхдүүдтэйгээ харилцах харилцааг адил түвшинд үнэлж дүгнэсэн.

6.4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргахдаа Төрсөн хүүхдүүдтэйгээ уулзах эрхийг хангасан шийдвэр гаргаж хүүхдүүдтэйгээ харилцах нөхцөл, журмыг тогтоож шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгах, хүүхдүүдийн эцэг тогтоолгох гэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч нь улирал бүрийн сүүлчийн 7 хоногийн Даваагаас Бямба гараг хүртэл 1 удаа, cap бүр Бямбаас Ням гарагт 2 удаа, сурагчдын зуны амралт, улирлын амралтын 50, 50 хувиар охин Г.Э, хүү Г.О, Г.Г нарыг өөрийн асрамжиндаа авч хүүхдийн сурч боловсрох, амралт чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, эрүүл мэндэд анхаарч, амарч сувилуулах буюу эрүүл чийрэг өсгөн бойжуулах эрхтэй байхыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд бичгээр гаргасан.

Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж шийдвэрлэхдээ охин Г.Э, хүү Г.О, Г.Г нарын эцэг тогтоолгох гэсэн шаардлагыг хууль зөрчиж үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1, 135 дугаар зүйлийн 135.2.7, 135.2.8-д тус тус заасныг зөрчиж нэхэмжлэгч, хариуцагч нарт ялгавартайгаар хандаж нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг буруу тайлбарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэл гаргаж хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан эсэх талаар шийдвэр гаргаагүй байх тул хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимтай нийцэж байна, хууль зөрчсөн зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудал байхгүй. Эцэг тогтоох шаардлагын хувьд дунд хүү Г.О хагалгаанд орохоор ерөнхий шинжилгээнүүд өгөхөд 2 дугаар бүлгийн цустай гэсэн. Би 2 дугаар бүлгийн цустай учраас хүү маань 2 дугаар бүлгийн цустай байх боломжтой гэдгийг эмчээс мэдсэн. Өөрсдөө хүүхэд нь биш юм шиг ярьчихаад би хүүхэд нь биш гэж хэлсэн юм шиг яриад байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагадаа миний төрсөн хүүхдүүдтэйгээ уулзах эрхийг хязгаарлаад байна, уулзуулахыг даалгаж өгөөч гэсэн байж өнөөдөр миний хүүхэд биш гэж байр суурь нь өөрчлөгдөөд байна, үүнийг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч В.Г нь хариуцагч Б.Мд холбогдуулан эцгийн үүргээ хэрэгжүүлэх журам тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3.1. Нэхэмжлэгчийн анх бичгээр гаргасан нэхэмжлэлд шаардлагаа хүүхдүүдтэй сард 2 удаа (амралтын өдрүүдээр), тэмдэглэлт баяр ёслол (төрсөн өдөр, шинэ жил, цагаан сар, хүүхдийн баяр, улсын баяр наадам)-оор уулзуулах, утсаар ярих болон мессеж бичих, цахим шуудан илгээх, хүлээн авах, сошиалаар харилцах, хүүхдүүдээ асран хамгаалах, хүмүүжилд нь анхаарал тавих, сургууль цэцэрлэг, хичээлээс гадуур секц дугуйланд хүргэж өгөх, авах, гэрийн даалгаврыг хийлгэх, амралт чөлөөт цагийг хамт өнгөрүүлэх, эмчилгээ сургалт, амралтын зардлыг хариуцах, мөнгөн тэтгэмж үзүүлэх боломж нөхцөлөөр хангахыг даалгуулах гэж тодорхойлжээ. (хэргийн 1-4 дэх тал)

3.2. Үүний дараа 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж төрсөн хүүхдүүдтэйгээ уулзах эрхийг хангасан шийдвэр гаргаж, Гэр бүлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль тус бүрийг биелүүлэх, миний хүүхдүүдтэйгээ харилцах нөхцөл, журмыг тогтоож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгах, хүүхдүүдийн эцэг мөн эсэхийг тогтоолгох гэж тодорхойлжээ. (хэргийн 154-157 тал)

3.3. 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хүүхдүүдээ сар бүрийн сүүлийн долоо хоногийн Даваагаас Ням гараг хүртэл нэг удаа, сурагчдын зуны болон өвлийн амралтаар 50 хувь, охин Г.Э, хүү Г.О, Г.Г нарыг өөрийн асрамжид авч хүүхдийн сурах амралт чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, эрүүл мэндээ анхаарч, амарч сувилах, өсөн бойжиход оролцох эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан талаар тэмдэглэгджээ. (хэргийн 159 дэх тал)

3.4. Шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШЗ2023/19374 дугаар захирамжаар хүүхдийн эцэг мөн эсэхийг тогтоолгох тухай шаардлагыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх үндэслэлээр нэхэмжлэгчийн тус шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргаж, нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурахаар зохицуулсан.

4.1. Дээр дурдсаныг харьцуулж үзэхэд, нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн эсэх, өөрчилсөн бол ямар байдлаар хэрхэн өөрчилсөн, эсхүл анхны шаардлагаа дэмжиж байгаа эсэх нь тодорхой бус байх ба анхан шатны шүүх энэ талаар нэхэмжлэгчээс тодруулаагүй атлаа анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

4.2. Үүний зэрэгцээ нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдүүдийн эцэг мөн эсэхийг тогтоолгох шаардлагыг нэмэгдүүлж гаргахдаа хариуцагчаар Б.Мг тодорхойлж маргасан ба онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэнэ. Иймээс анхан шатны шүүх уг шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь буруу байна.

4.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг буруу тайлбарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэл гаргаж хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх гомдол үндэслэлтэй.

 

5. Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхэд зөвтгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/04052 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ЗОЛЗАЯА