| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00392/и |
| Дугаар | 00452 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 00452
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2-48 айлын орон сууцны 6 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй, ОЭ62100419 регистрийн дугаартай, Тайж овогтой Дэмчигийн Огноогийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Огноо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Огноо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1981 оноос 1984 оны хооронд цэргийн алба хааж ирээд 1984 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс Увс аймгийн Тээврийг удирдах газар, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Нефть баазын харьяа Шатахуун тээврийн бааз, 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс НИК “Тээвэр” ББХК-ны харьяа Шатахуун тээврийн баазад тус тус цистернийн жолоочоор 2004 оныг хүртэл ажилласан. Миний бие тэтгэвэрт гарах нас болж байгаа тул 1984 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оныг хүртэл хугацаанд Увс аймгийн Тээврийг удирдах газар, Нефть баазын харьяа Шатахуун тээврийн бааз, НИК “Тээвэр” ББХК харьяа Шатахуун тээврийн баазад тус тус цистернийн жолоочоор ажилласан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Огноо нь шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1984 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаар тушаалд: “Д.Огноог 7 дугаар сарын 10-ны өдрөөс жолоочоор авч ажиллуулсугай” гэжээ,
2. Увс аймгийн Нефть хангамжийн салбарын дарга Ю.Төгсжаргал, ахлах нягтлан бодогч Х.Батхүү нарын гаргаж ирүүлсэн цалингийн тодорхойлолтод: “Д.Огноогийн 1990 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг” түүвэрлэн ирүүлсэн,
3. 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулиас Д.Огноод олгосон хөдөлмөрийн дэвтэрт “1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуульд тэжээл бэлтгэлийн механикжуулагчийн ангид суралцсан тухай, 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Тээврийг удирдах газарт авто засварчнаар, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Нефть баазын харьяа Шатахуун тээврийн баазад жолоочоор, 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн НИК-ын “Тээвэр” ББХК-ийн харьяа Шатахуун тээврийн баазад жолоочоор” тус тус ажилласан тухай бичилтүүд хийгдсэн,
4. Нэхэмжлэгч Д.Огноогийн 1991 онд хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг, мөн 2001 онд унаж байсан цистерн машиныхаа хажууд авахуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд,
5. Гэрч Г.Басангийн шүүхэд өгсөн: “Би 1981 оноос Увс аймгийн Тээврийг удирдах газрын 9 дүгээр баазын 3 дугаар хэсэгт шатахууны жолоочоор ажиллаж байхад Д.Огноо нь 1984 онд манай байгуулагад жолоочоор ажилд орж 2002 он хүртэл ажилласан. Д.Огноо нь цэргээс халагдаж ирээд шатахууны жолоочоор ажилд орж ажиллаж эхэлсэн ба ажилдаа идэвхитэй сайн ажилчин байсан. Д.Огноо нь баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр шагнагдаж байсан. 1990 онд Увс аймгийн Тээврийг удирдах газрын 3-р хэсгийг Нефть баазын харьяа шатахуун тээврийн бааз гэх нэртэй болсон, 1994 онд Нефть импорт концерны харьяа Шатахуун тээврийн бааз болон өөрчлөгдсөн. Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргаар Д.Сүхбаатар, хэсгийн дарга Б.Нямаа гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
6. Гэрч Д.Дашнямын шүүхэд өгсөн: “Д.Огноо нь 1984 онд цэргээс халагдаж ирээд Увс аймгийн Тээврийг удирдах газрын харьяа 9-р баазын Шатахуун тээврийн баазад шатахууны жолоочоор 2002 оныг хүртэл ажилласан. Би 1986 оноос одоог хүртэл ажиллаж байгаа. Манай баазад нийт 120 гаруй цистернийн жолооч ажиллаж байсан. Манай жолооч нар баруун таван аймгийн бензин, шатахууныг зөөдөг байсан. Тэр үед Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын Нефть баазаас шатахуун бензинээ зөөдөг байсан. Д.Огноо нь төлөвлөгөө нормоо сайн биелүүлдэг сайн жолооч байсан, баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр шагнагдаж байсан. Д.Огноогийн аав Дэмчиг нь мөн манай байгууллагад жолоочоор ажиллаж байсан. 1990 онд Увс аймгийн Тээврийг удирдах газрын 3-р хэсгийг Нефть баазын харьяа Шатахуун тээврийн бааз гэх нэртэй болгосон, 1994 онд Нефть импорт концерны харьяа Шатахуун тээврийн бааз болон өөрчлөгдсөн. Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргаар Д.Сүхбаатар, хэсгийн дарга Б.Нямаа гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
7. Гэрч Г.Басан, Д.Дашням нарын ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 567 тоот, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 233 тоот шийдвэрийн хуулбар зэрэг баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-д заасны дагуу авагдсан, нотлох баримтын шаардлага хангасан байх тул хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт гэж үзэв.
Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэрт Д.Огноог 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Тээврийг удирдах газарт авто засварчнаар ажилласан тухай бичилт хийгдсэн байх боловч нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, мөн БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1984 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаар тушаалд Д.Огноо нь анхнаасаа тус байгууллагад жолоочоор буюу 2002 оныг хүртэл хугацаанд зөвхөн цистерн машины жолоочоор ажиллаж байсан болох нь нотлогдож, тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Огноогийн 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тээврийг удирдах газарт, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Нефть баазын харьяа Шатахуун тээврийн баазад, 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Нефть импорт концернийн харьяа “Тээвэр” ББХК-ийн Шатахуун тээврийн баазад тус тус цистернийн жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Д.Огноогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Тайж овогтой Дэмчигийн Огноогийн 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тээврийг удирдах газарт, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Нефть баазын харьяа Шатахуун тээврийн баазад, 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Нефть импорт концернийн харьяа “Тээвэр” ББХК-ийн Шатахуун тээврийн баазад тус тус цистернийн жолоочоор нийт 10 /арав/ жил 5 /тав/ сар 21 /хорин нэг/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Огноогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА