Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00176

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2024 01 22 210/МА2024/00176

 

 

 

Ц.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/04731 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.М-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэл, нэмэлт зардал 3,717,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Бид 2016 онд танилцаж, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулсан бөгөөд бидний дундаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр охин Г.Б төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон.

1.2. Охин Г.Бийг эхийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг төлнө.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй, хуульд заасны дагуу охин Г.Бт эцгээс нь тэтгэлэг авна. Мөн хүүхдээ өөрийн асрамжинд авна.

2.2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг Ц.Гд даалгуулах хүсэлтэй байна гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар онцгой нөхцөл буюу анх удаагаа суурь боловсрол эзэмшихээр сургуульд орж байгаатай холбоотой зардлын 50 хувийг гаргуулна. Г.М нь гэрийнхээ хамгийн ойрхон сургуульд хүүхдээ өгч байж ажил хийж орлого олох, үр хүүхдээ тэжээх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг бий болгож байгаа юм.

3.2. Ц.Г нь улсын сургуульд сургах боломжтой гэж үзэж байсан бол энэ саналаа одоо биш хүүхдийн сургууль эхлэхээс өмнө хэлэх боломжтой байсан. Хүүхдийн сургуулийн талаар огт ярилцаж байгаагүй.

Иймд охин Г.Бийн сургалтын төлбөр, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны зардлын 50 хувь болох 3,717,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасанчлан нотлох баримтыг хариуцагч өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Тодруулбал хэрэгт авагдсан нотлох баримтад 2022-2023 оны хичээлийн жил, 2023-2024 он гэх байдлаар зөрүүтэй. 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 3,950,000 төгрөг төлөөгүй байгаа гэдэг тодорхойлолтоор тухайн сургуулийн сургалтын төлбөр гэдгийг нотолсон гэж үзэх боломжгүй.

Хүүхэд үнэхээр сургуульд сурч байгаа эсэхэд эргэлзэж байна. Биеийн тамир, дүрэмт хувцас, өдөр өнжүүлэхийн төлбөрүүдийг төлсөн эсэх нь ойлгомжгүй, цаашид өдөр өнжүүлэхэд явах эсэх нь тодорхойгүй байна.

4.2. Хүүхдээ тэжээн тэтгэхтэй холбоотойгоор хуульд заасан тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ц.Г-ын хувьд хүүхдийнхээ 4 улирлын хувцсыг бэлдэж өгдөг, аав ээж нь хүүхдийг нь 7 хоногийн 2 өдөр хардаг. Харин хүндэтгэн үзэх шалтгаантай буюу гадаад улсад суралцаж байгаа тул өөрийн биеэр хүүхэдтэйгээ уулзах боломжгүй байдаг.

Иймд нэхэмжилж байгаа 3,717,500 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Г, Г.Мнарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Г.Б-ийг эх Г.Мөнгөнзулын асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан охин Г.Бт 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ц.Г-р тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Г-с 1,975,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Ш.М-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,742,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 74,430 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М-с 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Ц.Г-ас 46,550 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэсэн.

 

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Шүүх хүүхдийн сургалтын зардлын тал хувийг нэхэмжлэгч талаас гаргуулахдаа үнийн дүнг буруу тооцсон. Өөрөөр хэлбэл, Оюуны нахиа сургуулийн тодорхойлолтод тусгасан сургалтын төлбөрийн үлдэгдэл 3,950,000 төгрөгийн тал хувиар гаргуулахаар шийдвэрлэсэн. Сургуулийн сургалтын нэг жилийн төлбөр нь нийт 4,950,000 төгрөг бөгөөд миний бие аль хэдийн 1,000,000 төгрөгийг төлчихсөн байсан. Сургуулийн тодорхойлолтод зөвхөн үлдэгдэл төлбөр 3,950,000 төгрөгийг тусгасан байсан бөгөөд шүүх үүний талыг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэнд маргахгүй.

6.2. Харин нийт сургалтын зайлшгүй зардлыг зөвхөн сургалтын төлбөрөөр хязгаарласан шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн агуулга нь хүүхэд сургуульд орох болсонтой холбогдон гарсан зардлын тухай бөгөөд энэ зардалд хүүхдийг сургуульд оруулахад зайлшгүй шаардлагатай бүхий л зардлууд багтана гэж тайлбарлах нь зүйтэй. Сургуулийн тодорхойлолтод Сургалтын төлбөрийн үлдэгдэл 3,950,000 төгрөг, англи хэлний хичээл 1,000,000 төгрөг, биеийн тамирын хувцас 100,000 төгрөг, дүрэмт хувцас 165,000 төгрөг, өдөр өнжүүлэхийн төлбөрийг 2,210,000 төгрөг гэсэн зардлуудыг тусгасан бөгөөд эдгээрээс англи хэлний хичээлийн төлбөр, биеийн тамирын болон дүрэмт хувцасны төлбөр нь зайлшгүй зардал юм.

6.3. Миний бие өрх толгойлсон эх бөгөөд хүүхдээ болон гэрийн аж ахуй, хүнсний зардлаа олохын тулд бүтэн цагийн ажил хийхээс өөр аргагүй байдаг. Хүүхдийн сургуулийн цаг 13:00-17:00 цаг байдаг. Миний бие хүүхдээ өөрийн биеэр харах, сургуульд хүргэж өгөх авахаар гэр бүлээ авч явах боломжгүй болно. Хэрэв хүүхдийн эцэг гэрлэлтээ цуцлуулаагүй байсан бол хүүхдээ ээлжилж харах эсхүл хамтдаа ажил хийж дундын орлогоосоо хүүхдийн өдөр өнжүүлэхийн төлбөрийг төлөх байсан. Гэтэл хүүхдийн эцэг гэрлэлтээ цуцлуулсан тул хүүхдийг өдөр өнжүүлэхэд өгөх зардлын 100 хувь зөвхөн надад оногдож байна.

Дээрх төлбөрүүдийг нийтэд нь зардал гэж тооцон, тал хувь болох 3,717,500 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан сургалтын төлбөр 3,950,000 төгрөгөөр тооцож, 50 хувийг нь нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Ц.Г Япон Улсад сурч, амьдарч байгаа боловч Г.Б амралтын өдрөөр Ц.Г-ын эцэг, эхтэй уулздаг. Ц.Г-ын эцэг, эх Г.Б-т хэрэгцээтэй зүйлс болон улирал бүрийн хувцсыг авч өгдөг. Анхан шатны шүүх сургалтын төлбөрт 1,950,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байна.

7.2. Англи хэлний хичээлийн төлбөр, биеийн тамирын болон дүрэмт хувцас, өдөр өнжүүлэхийн төлбөрийг хариуцагчаас гарсан зардал гэж тайлбарласан боловч нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргахдаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Г.М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй боловч хүүхдийн нэмэлт зардал 3,717,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж маргажээ.

3. Ц.Г, Г.Мнар 2016 онд танилцаж хамтран амьдарч, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, мөн тэдний дундаас 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр охин Г.Б төрсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Гэрлэгчид таарамжгүй харилцаатай болж, хэн аль нь цаашид хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй үндэслэлээр гэрлэлт цуцлуулах хүсэл зоригоо илэрхийлсэн ба шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг цуцалсан хууль зүйн үндэслэлтэй. Мөн гэрлэлт цуцалсны үр дагавар болох хүүхдийн асрамж болон тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар зөв шийдвэрлэжээ. Ийнхүү шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй болно.

 

5. Охин Г.Б ерөнхий боловсролын Оюуны нахиа сургуулийн 1б ангид суралцаж байгаа, сургалтын төлбөрийн үлдэгдэл 3,950,000 төгрөг, англи хэлний Грийпсийд гүнзгий хөтөлбөрийн сурах бичиг онлайн эрх үнэ 1,000,000 төгрөг, сургуулийн биеийн тамирын хувцас 110,000 төгрөг, сургуулийн дүрэмт хувцас 165,000 төгрөг, өдөр өнжих бүлгийн төлбөр 2,210,000 төгрөг, нийт зардал 7,435,000 төгрөг төлөх тухай ерөнхий боловсролын Оюуны нахиа сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 77 дугаар тодорхойлолт хэрэгт авагдсан.

Нэхэмжлэгч нь охин Г.Бийг ерөнхий боловсролын Оюуны нахиа сургуульд суралцаж байгаа үйл баримтыг няцаасан баримт шүүхэд гаргаагүй нөхцөлд дээрх бичгийн баримтад тусгагдсан сургалттай холбоотой зардлуудыг үгүйсгэх үндэслэлгүй байна. Учир нь, Бага, дунд боловсролын тухай хуулийн 14, 17 дугаар зүйлийн зохицуулалтаар ерөнхий боловсролын сургууль нь бүх нийтийн ерөнхий боловсролын стандартаас давсан агуулгаар гүнзгийрүүлсэн сургалт явуулж, сургалтын нэмэгдэл зардлыг эцэг, эхээс гаргуулна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн суралцагч нь заавал дүрэмт хувцастай байх зохицуулалттай. Түүнчлэн хариуцагч нь хүүхдээ өөрийн биеэр сургуульд хүргэх, авах боломжгүйгээс өдөр өнжүүлэх бүлэгт хамруулдаг гэж тайлбарласныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар бодит байдалд нийцээгүй тайлбар гэж дүгнэх боломжгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан ба эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.

Иймд хариуцагч нь охин Г.Бийн сургалттай холбоотой нэмэлт зардлын 50 хувь болох 3,717,500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан агуулга бүхий өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/04731 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

4 дэх заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Гас 3,717,500 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.М-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

5 дахь заалтын ...46,550... гэснийг 74,430 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Мөнгөнзулаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ЗОЛЗАЯА