Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 408

 

 

 

 

 

 

     2019        04           25                                    2019/ШЦТ/408

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

 

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: Т.Жавхлантөгс /томилолтоор/;

шүүгдэгч: Д.О, түүний өмгөөлөгч К.Манлай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Наран овогт Доржхоролын Д.Од холбогдох эрүүгийн 1909002060193 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны  өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ................хороо, Улиастайн А102 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, ........... регистрийн дугаартай, .................. Д.О.

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Д.О нь 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Дг урьд нь фэйсбүүкээр харилцаж байсан зурвасууд, Э.Дгээс илгээсэн зургуудыг өөрийн хуурамчаар нээсэн “Оргилмоо Г” нэртэй фэйсбүүкийн цагийн хүрдэнд нийтэлж, улмаар “Оргилмоо Г” болон “Анаа Ганаа” гэх хуурамч фэйсбүүк хаягнуудаас “өмнө нь бичиж байсан зүйлүүдийг олон нийтийн сүлжээнд тавина шүү, бөхчүүд рүү явуулна шүү 500.000 төгрөг хий. Тэгээд өөрийнхөө зураг бичлэг энэ тэрийг дахиад явуул, мөнгө хийвэл хоорондоо харилцаж байсан зураг, мессежийг устгая” гэж Э.Дгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, заналхийлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчтой эвлэрч уучлалт гуйсан. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд фэйсбүүк мессежний хуулбар /хх-ийн 7-15/, хохирогч Э.Д /хх-ийн 24-25, 26/ мэдүүлсэн мэдүүлэг, Д.Олон-Аягын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 28-29, 38/, Д.Олон-Аягын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 41-45/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Дг урьд нь фэйсбүүкээр харилцаж байсан зурвасууд, Э.Дгээс илгээсэн зургуудыг өөрийн хуурамчаар нээсэн “Оргилмоо Г” нэртэй фэйсбүүкийн цагийн хүрдэнд нийтэлж, улмаар “Оргилмоо Г” болон “Анаа Ганаа” гэх хуурамч фэйсбүүк хаягнуудаас “өмнө нь бичиж байсан зүйлүүдийг олон нийтийн сүлжээнд тавина шүү, бөхчүүд рүү явуулна шүү 500.000 төгрөг хий. Тэгээд өөрийнхөө зураг бичлэг энэ тэрийг дахиад явуул, мөнгө хийвэл хоорондоо харилцаж байсан зураг, мессежийг устгая” гэж Э.Дгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, заналхийлсэн болох нь:

 

хохирогч Э.Дгийн /хх-ийн 24-25/: “...Би 2015 оны намар фэйсбүүкээр Оргилмаа Г.Гэсэн нэртэй эмэгтэй найзлах хүсэлт илгээгээд танилцаад хоорондоо чаталдаг байсан. Тэгээд өөрийнхөө зураг болон бичлэгийг явуулдаг байсан... Тэгээд 2016 оны зунаас хойш харьцаагүй байж байгаад 2018 оны 12 сарын 25-ны өдөр миний зурагны доор доромжилсон утгатай юм бичсэн байсан. Тэгэхээр нь би хувийн чат руу нь “юу бичээд байгаа юм бэ?” гэхэд өөдөөс “өмнө нь бичиж байсан зүйлүүдийг олон нийтийн сүлжээнд тавина шүү, бөхчүүд рүү явуулна” шүү гэх мэтээр дарамталж эхэлсэн. “Би чамайг ямар зорилготой байгааг гадарлаж байна” гэхэд өөдөөс 5242024021 гэсэн данс явуулаад “500.000 төгрөг хий” гэсэн. Тэгээд “өөрийнхөө зураг бичлэг энэ тэрийг дахиад явуулаа, мөнгө хийвэл хоорондоо харилцаж байсан зураг мессежийг хоёулаа устгая” гэсэн. Тухайн үед би мөнгө хийгээгүй. 28-нд өөрийнхөө фэйсбүүкдээ харьцаж байсан зураг, мессежүүдийн зургийг аваад тавьсан байсан. Тэгээд 2019 оны 01 сарын 04-ний өдөр “Анаа Ганаа” гэх хаягнаас “чиний зургийг чинь Бөхийн өргөө орж өгнө, чамайг таньдаг бүхэн рүү чинь бүгдийг нь явуулна” гэж мессеж бичихээр нь би уг данс руу тэр өдөр 17 цаг 14 минутад 200.000 төгрөг шилжүүлсэн. “Бичсэн зүйлүүдээ устга, мөнгө хийсэн” гэхэд хариу өгөхгүй миний фэйсбүүкийг блоклоод өөрийн фэйсбүүк дээр тавьсан зүйлүүдийг устгаагүй байна...” гэх мэдүүлгээр,

 

               Д.оын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 38/: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа, ойлгож гэмшиж байна. Би хохирогчоос дансаар авсан 200.000 төгрөгөө 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр буцааж бэлнээр өгч хохиролгүй болгосон...”гэх мэдүүлэг, фэйсбүүкэд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Э.Дгээс 200 000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлэг, фэйсбүүкээр харьцсан баримт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хэрхэн хохирогчийн зургийг олж авсныг, шүүгдэгч нь хохирогчийн зургийг “интернет орчинд тавьж бусдад үзүүлнэ” хэмээн сүрдүүлж, 500.000 төгрөг өгөхийг шаардсан” зэрэг үйл баримтуудыг нотлож байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Хохирогчоос 500.000 төгрөг шилжүүлэн өгөхийг шаардаж, мөнгө өгөхгүй бол“ зургийг чинь интернетэд тавьж, олон нийтэд тараана” хэмээн хүний нэр төр, алдар хүндэд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээллийг тараахаар сүрдүүлсэн Д.Огын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Д.Ог “Бусдыг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Э.Дгийн “…хохирол 200.000 төгрөг авсан, шүүх хуралдаанд оролцохгүй…” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан нь шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэх үндэслэл болов.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх Д.Огын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 2 жилийн  хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Ог бусдын эд хөрөнгийг шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд  хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ