Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 101/2016/00789/и |
Дугаар | 001/ХТ2017/00789 |
Огноо | 2017-06-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2017/00789
Д.Цогнямын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00906 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2060 дугаар магадлал,
Нэхэмжлэгч : Д.Цогням,
Хариуцагч : Зам, тээврийн хөгжлийн яам,
Нэхэмжлэлийн шаардлага : Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
С.Мяндасмаа, Б.Билгүүн нарын гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Цогням, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батжаргал, Б.Билгүүн, С.Мяндасмаа, Ш.Сономдагва, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : 2010.12.03-наас Шинэ нисэх буудлын төслийн менежер, 2013 оны 5 дугаар сараас Аэродромын инженерээр байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан боловч уг хугацаа нь хуульд зааснаар сунгагдсан байгаа. Гэтэл Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015.10.08-ны өдрийн 385 тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Би ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлж байсан. Ямар үндэслэлээр намайг ажлаас халсаныг ойлгохгүй байна. Тушаал нь холбогдох хууль тогтоомжийн зүйл заалтыг үндэслэж гаргаагүй. Иймд Аэродромын инженерийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 34.598.880 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг төлүүлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2013-2015.5.12-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөлд аэродромын инженерээр ажиллаж байсан Энэ хугацаанд Сангийн сайдын 2011.4.14-ний өдрийн 86 дугаар тушаалаар баталсан “Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ын дагуу хөдөлмөрийн гэрээг жилийн хугацаатай байгуулсан. Инженерээр ажиллаж байсан хугацаанд төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа “Ориентал консалтинг” компани болон ерөнхий туслан гүйцэтгэгч БНСУ-ын “Самсунг си энд ти” компаниас нэхэмжлэгч эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгаа тухай удаа дараа мэдээлэл ирж байснаас гадна аэродромын инженерийн ур чадварт эргэлзэж буй талаар мэдэгдэж байсан. Ялангуяа гүйцэтгэгчээс мөнгө нэхсэн, хамаатан садангаа ажилд авахыг шаардаж оруулсанаас гадна түр ажилд авсан, өвлийн ажил зогссон үед түүнд нь сар бүр цалин олгохыг шаардсан. Өөрийн танил хувийн компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулах, эс биелүүлбэл ажил гүйцэтгэхэд хүнд байх болно гэж дарамталсан тухай мэдэгдэж байсан. Гадаадад албан томилолтоор ажиллахдаа өөрийн хамаатныг авч явсан нь Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг ноцтой зөрчсөн үйлдэл үүсч манай Засгийн газар, ЗТЯ-ын нэр хүндэд сөрөг нөлөөлөхөд хүргэж байсан. Дээрх байдлыг харгалзан ЗТЯ-ны ТНБД 2015.5.12-ны 171-р тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэвч сайдад гомдол гаргасанаар тухайн үед ЗТЯ-ны сайдын 2015.6.24-ний өдрийн 179 дугаар тушаалаар ТНБД-ын 171-р тушаалыг хүчингүй болгосон учир ажилд авч цалин хөлс зэргийг нь олгож хохиролгүй болгосон. Д.Цогням нь 2015.7.01-ний өдрөөс ажилдаа орсон ч харилцагч гадаадын байгууллагууд энэ хүнтэй ажиллах боломжгүй гэсэн албан бичиг ирүүлж, хамтран ажиллах боломжгүйгээ илэрхийлсэн.Мөн зөвхөн цагаа бүртгүүлдэг ба тодорхой ажил эрхэлээгүй байсан. Улаанбаатар хотын ОУ нисэх онгоцны шинэ буудал барих төслийн нэгжээс аэдром, зам гүүрийн ажил ид өрнөж байгаа үед ажлын шаардлага хангасан, багаар ажиллах чадвартай инженерийг томилон ажиллуулах талаар дэмжлэг хүсч 2015.8.4-ний өдөр 353 тоот албан бичиг яам руу явуулсан. “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журм”-ын 16.7-Д төслийн зохицуулагч зэрэг бусад ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээг 1 жилээс ихгүй хугацаагаар байгуулах, аливаа гэрээ тухайн жилийн эцсээр дуусгавар болно гэснийг үндэслэн төслийн ажилтнуудтай хөлсөөр ажиллах гэрээг шинэчлэх шаардлага гарсан. Энэ үед Д.Цогнямтай гэрээг байгуулахыг татгалзсан. Ийхүү татгалзахдаа гадаадын байгууллагуудын удаа дараа ирүүлсэн мэдэгдэл, удаан хугацаанд ажлын байрандаа тодорхой ажилгүй байсан, 2014- 2 дугаар сар, 2015- 3, 4 –р саруудад 5 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсаныг үндэслэсэн. ЗТЯ-ны ТНБД 2015 оны 385-р тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Эдгээр үйл ажиллагаа нь Д.Цогнямыг ЗТЯ-тай хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээний ямар нэг маргаан гомдолгүй болсон гэдгийг харуулна. Төслийн хүрээнд хэрэгжүүлэх аэродромын ажил дууссан тул аэродромын албан тушаалд эргүүлэн томилох боломжгүй, ажил гүйцэтгээгүй хүнд төсөв хөрөнгөнөөс мөнгө олгох нь зүйд нийцэхгүй. Иймд энэ нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ./хх 1-ийн 111-116, 2-ын -32-34/
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00906 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1,46 дугаар зүйлийн 46.1 -д заасныг баримтлан Д.Цогнямыг Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл хэрэгжүүлэх нэгжийн аэродромын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 34.598.880 төгрөг гаргуулан Д.Цогнямд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, Зам тээврийн яамнаас 330.944 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2060 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00906 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 171 дүгээр тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэргийн материалд авагдсан, шүүх хуралдаанд уг нотлох баримтын талаар тодорхой тайлбарласан боловч давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй, шийдвэрт огт дурдаагүй нь ИХШХШТХ-ийн 40.1-г зөрчсөн. Давж заалдах шатны шүүх маргааныг бүрэн ойлгоогүй, хэргийн үйл баримтыг баримтжуулсан нотлох баримтыг бүрэн судлаагүй байна. ЗТЯ-ны ТНБД 2015 оны 237 дугаар тушаалын 2-т хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг заасан бөгөөд уг тушаалын талаар Д.Цогням гомдол гаргаагүй, зөвшөөрөн цалингаа бүрэн авч ажиллаж байсан. Энэ нь ИХ 43.3-н “.. нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ.." гэж заасны дагуу үйлдлээр хөлсөөр ажиллах гэрээний хэлцэл хийгдсэн. Түүнчлэн шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэснийг зөрчсөн. Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Д.Цогням нь Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “ ...ажлаас буруу халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгуулах...” тухай шаардлага тавьсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангахдаа “....талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан... гэрээг нэг жилийн хугацаагаар сунгагдсанд тооцно... зөрчлийн талаар тушаалд заагаагүй... ажлын байр байхгүй гэх нөхцөл байдлыг нотлоогүй...” гэсэн үндэслэл заажээ. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Шийдвэр болон магадлалыг дараахи үндэслэлээр хүчингүй болгож, Д.Цогнямын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
1. Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 385 дугаар тушаал гаргаж, Д.Цогнямыг “...Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.6.9, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар баталсан “Засгийн газрын гадаад зээл, хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-н 10.1.10-д заасныг үндэслэн Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 353 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг харгалзан...” төслийн аэродромын инженерийн ажлаас чөлөөлснөөс маргаан үүссэн байна. /хх 1-ийн 9/
Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл хэрэгжүүлэх нэгжид ажил үүрэг гүйцэтгэж байсан талаар зохигчид маргаагүй ч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилласан гэдэг нь тогтоогдоогүй байхад хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчжээ.
Сангийн сайдын 2007 оны 120-р тушаалаар батлагдсан журам үйлчилж байх үед буюу Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны /тухайн үеийн нэрээр/ төрийн нарийн бичгийн дарга 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 282 дугаар тушаалаар Д.Цогнямыг Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерээр томилж, үүний дагуу Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс Д.Цогнямтай 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 07 дугаартай гэрээ байгуулж, гэрээг 1 жилийн хугацаагаар сунгаж байсан, 2013 оны 5 дугаар сараас хойш аэродромын инженерээр ажиллаж байсан талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг нотлогдсон гэж үзнэ.
Нэг талаас Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих Төсөл хэрэгжүүлэх нэгж, нөгөө талаас Д.Цогням нар байгуулсан 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр болон 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8/2014 дугаар /хх 1-ийн 118, хх 2-ын 35/ гэрээгээр нэхэмжлэгч ажил үүрэг гүйцэтгэж байсан нь зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал нь Засгийн газрын шугамаар түншлэгч орон, олон улсын хөгжлийн байгууллагаас авч буй зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжих төслийн хүрээнд баригдаж байгаа, төсөл хэрэгжүүлэх нэгжид хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажил үүргийг гүйцэтгэх талаар Сангийн сайдын 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 86 /хх 1-ийн 218-244/, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаар тушаалаар батлагдсан журам /хх1-ийн 137-160/-д заажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна.
2. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих Төсөл хэрэгжүүлэх нэгжид аэродромын инженерээр ажиллаж байхдаа 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8/2014 дугаар гэрээнд заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлж байсан нь тогтоогджээ.
Д.Цогням ажил үүргээ хангалтгүй биелүүлж байсан тухай Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2015 оны 4 дүгээр сарын 15, 17, 21-ний өдрийн, 2015 оны 7 дугаар сарын 08, 31- ний өдрийн, 2015 оны 8 дугаар сарын 04–ний өдрийн албан бичиг /хх 1-ийн 27-44/ зэргийг нэхэмжлэгч үндэслэл бүхий баримтаар үгүйсгэж чадаагүй байх тул хариуцагч 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр тушаал гаргах хэлбэрээр хөлсөөр ажиллах гэрээг цуцалсныг буруутгах үндэслэлгүй байна.
Талууд гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж байсан хэдий ч нэхэмжлэгчийн гүйцэтгэж буй ажил нь урт хугацаанд буюу Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих Төсөл хэрэгжүүлэх хугацаанд үргэлжлэх байсан нь Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл болон Н.Батзориг нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 141/1 дугаар гэрээгээр тогтоогдож байх тул хариуцагчаас Д.Цогнямтай байгуулсан гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-г зөрчөөгүй байна.
Ажиллуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээг цуцалсан бол ажиллагч ажлын хөлс шаардах эрхээ алдана. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00906 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2060 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 221 дүгээр зүйлийн 221.1-т заасныг баримтлан Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох “ажлаас буруу халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгуулах...” тухай Д.Цогнямын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 330.944 төгрөгийг Зам, тээврийн хөгжлийн яаманд буцааж олгох захирамж гаргасугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ